| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Александрын Сарангэрэл |
| Хэргийн индекс | 128/2026/0325/3 |
| Дугаар | 221/МА2026/0679 |
| Огноо | 2026-09-23 |
| Маргааны төрөл | Татвар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 221/МА2026/0679
“Хэб” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч Б.Тунгалагсайхан
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч З.Ганзориг
Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Бт
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч: “Хэб” ХХК
Хариуцагч: Нийслэлийн татварын газрын Хяналт, шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч А.Б, Г.Им
Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн татварын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн НА-2224*****10 дугаар актын зарим хэсгийг хүчингүй болгох тухай”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 23-ний өдрийн 621 дүгээр шийдвэр,
Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, өмгөөлөгч Б.Бт, хариуцагч А.Б, хариуцагч Г.Им, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Тс
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: И.Өсөхбаяр
Хэргийн индекс: 128/2026/0325/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 23-ний өдрийн 621 дүгээр шийдвэрээр:
“Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, Ашигт малтмалын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.6, 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.11, 47.13-д заасныг тус тус баримтлан “Хэб” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн татварын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч А.Б, Г.Им нарт холбогдох Нийслэлийн татварын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч А.Б, Г.Им нарын 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн НА-2224*****10 дугаартай актын 4 дэх хэсгийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2.Давж заалдах гомдлын агуулга:
2.1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хоёрт тусгасан хасагдах зардалтай холбоотой үндэслэлийг шийдвэр гаргахдаа бүрэн дүгнэж, шийдвэрлээгүй. Өөрөөр хэлбэл, татварын байцаагч нөхөн ногдуулалтын тооцооллыг хийхдээ татвар төлөгчийн татварын суурийг нэмэгдүүлэх нөхцөл байдлыг дангаар нь харгалзан үзэж, түүнтэй холбоотойгоор татвар ногдох орлогыг бууруулах хуульд нийцсэн зардлыг хүлээн зөвшөөрөөгүй талаарх бидний нэхэмжлэхийн шаардлагад дурдсан үндэслэлийг няцаагаагүй байна.
2.2."Хэб" ХХК нь "Вм" ХХК-тай 2021 онд "Алтны шороон ордыг хамтран ашиглах гэрээ" байгуулж, уг гэрээгээр уулын ажлыг "Вм" ХХК-аар гүйцэтгүүлэх, олборлосон металлыг гэрээнд заасан нөхцөлийн дагуу талууд хуваан авахаар харилцан тохиролцсон. "Хэб" ХХК-ийн тусгай зөвшөөрөл бүхий MV-016**** орд газраас "Үнэт металл олборлолтын жилийн тайлан"-гаар 2021 онд гулдмайн №80-128 дараалсан дугаар бүхий нийт цэвэр жингээр 211,475.21 грамм алт олборлосон бөгөөд гулдмайн № 87-102, 111-117, 120-123 дугаар бүхий гулдмайнууд буюу нийт 118,295.73 гр алтыг "Вм" ХХК гэрээний дагуу авсан.
2.3.Улмаар "Вм" ХХК гэрээний дагуу хүлээн авсан уг алтыг 2021 онд Голомт банктай "Алт, Үнэт металын арилжааны хэлцэл"-үүд байгуулж, нийт 20,066,666,432.35 төгрөгөөр борлуулсан ба мөнгийг өөрийн дансанд шууд авсан. Харин АМНАТ-ыг Хэб ХХК-ийн нэр дээр төлсөн.
2.4.Гэтэл татварын байцаагчид дээрх 20,066,666,432.35 төгрөгийн алтны борлуулалтын орлогыг "Хэб" ХХК 2021 онд өөрийн орлогоор тайлагнаж, ААНОАТ төлөх байсан гэж үзэж татварын акт үйлдсэн.
2.5.Үүний зэрэгцээ "Вм" ХХК нь дээрх алтны борлуулалтын орлогоос 12,655,122,804.51 төгрөгийн дүнгээр Татварын албаны e-invoice.ebarimt.mn цахим системээр эцсийн хэрэглэгчид буюу 1*****0 гэсэн регистрийн дугаарт төлбөрийн баримт үйлдэн, уг борлуулалтыг өөрийн орлогод тайлагнаж, холбогдох ААНОАТ-ыг төлсөн нь нотлогдож байгаа. Тодруулбал, "Вм" ХХК нь 2021 онд нийт 30.5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого тайлагнаж, ногдуулсан ААНОАТ-ыг 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр бүрэн төлсөн.
2.6.Гэтэл анхан шатны шүүх татварын улсын байцаагчийн "Вм" ХХК-ийн хамтран ажиллах гэрээний дагуу хүлээн авч борлуулсан алтны 20,066,666,432.35 төгрөгийн борлуулалтын орлогыг "Хэб" ХХК-ийн борлуулалтын орлого гэж давхардуулан тооцож, татвар ногдуулсан нь үндэслэлтэй гэж дүгнэсэн.
2.7.Гэвч уг орлогыг "Хэб" ХХК-ийн орлого гэж үзэн татвар ногдуулж байгаа тохиолдолд нөгөө талд нь тухайн орлоготой холбоотой, "Вм" ХХК-аас тайлагнаж, төлбөрийн баримтаар нотлогдсон 12,655,122,804.51 төгрөгийн дүнг "Хэб" ХХК- ийн хувьд татвар ногдох орлогоос хасагдах зардал гэж үзэж, татварын нөхөн ногдуулалтын тооцоололд тусган актын дүнг бууруулах ёстой гэж бидний гаргасан үндэслэлийг шүүх анхаарч үзээгүй, дүгнэж шийдвэрлээгүй байна.
2.8.Өөрөөр хэлбэл, шүүх нэг талаас "Вм" ХХК-ийн гэрээний дагуу хүлээн авч борлуулсан 20,066,666,432.35 төгрөгийн орлогыг "Хэб" ХХК-ийн борлуулалтын орлого гэж үзэн татвар ногдуулахыг үндэслэлтэй гэж үзсэн атлаа, нөгөө талаас уг орлогын тодорхой хэсгийг "Вм" ХХК өөрийн борлуулалтын орлогоор тайлагнаж, хуульд нийцсэн төлбөрийн баримт үйлдэн, түүнд ногдох ААНОАТ-ыг төлсөн бөгөөд уг дүн нь "Хэб" ХХК-ийн хувьд хасагдах зардал болох нөхцөл байдлыг шийдвэр гаргалтандаа харгалзаагүй байна.
2.9.Маргаан таслах зөвлөлийн тогтоолын үндэслэх хэсгийн 2 дахь хэсэгт дурдсан Вм ХХК-ийн 2021 онд 30,549,217,417.00 төгрөгийн борлуулалттай бөгөөд 6192939 тоот регистрийн дугаартай "Бм" ХХК-д 17,894,094,613.00 төгрөгийг, үлдсэн төлбөрийг эцсийн хэрэглэгчид буюу 1,000,000 регистрийн дугаараар олгосон нь татварыг бүртгэл мэдээллийн нэгдсэн сан дах оффис и-баримтын мэдээлэлд бүртгэгджээ..." гэж дурдсан.
2.10.Дээрх 1*****0 регистрийн дугаартай 12,655,122,804.51 (30,549,217,417.00- 17,894,094,613.00) төгрөгийн борлуулалтын төлбөрийн баримт нь "Вм" ХХК Голомт банктай хийсэн дараах алтны арилжааны хэлцлүүдийн дагуу авсан орлого гэдэг нь нотлогддог.
| Хэлцэл хийсэн огноо | Алтны борлуулалт |
| 2021.05.17 | 3,040,888,287,.32 |
| 2021.05.19 | 1,561,081,462.61 |
| 2021.05.28 | 748,979,494.04 |
| 2021.06.02 | 1,298,069,110.87 |
| 2021.06.04 | 1,535,600,750,.85 |
| 2021.06.04 | 1,886,736,259.97 |
| 2021.06.10 | 1,476,824,510.86 |
| 2021.07.07 | 1,106,942,927.99 |
| Нийт | 12,655,122,804.51 |
2.11.Татварын улсын байцаагчид дээрх "Вм" ХХК-ийн тайлагнасан 12,655,122,804.51 төгрөгийн борлуулалтын орлого буюу "Хэб” ХХК-ийн хувьд 13.1.4-д заасан дахин давтагдашгүй хасагдах зардлыг "ААНОАТ-ийн тухай хуулийн дугаар бүхий төлбөрийн баримт... шалгуурыг хангаагүй тооцоололд зардлаар оруулж тооцоогүй.
2.12.Татварын зорилгоор хасагдах зардлын шалгууруудын нэг нь "дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримттай байх", НӨАТ-ын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.14 "төлбөрийн баримт" гэж тухайн тооцоо хийгдсэнийг нотлох он сар өдөр, татвар суутган төлөгч буюу худалдаа эрхлэлтийг таних тэмдэг бүхий нэр, хаяг, татвар төлбөр тооцооны болон татварын дүн зэрэг мэдээллийг агуулсан зориулалтын тоног төхөөрөмжөөс гаргасан цаасан болон цахим баримтыг ..." гэж заасан байдаг.
2.13.Уг төлбөрийн баримтад тухайн төлбөр тооцоо хийгдсэн он, сар, өдөр, татвар суутган төлөгч буюу худалдаа эрхлэгчийг таних тэмдэг бүхий нэр, хаяг, төлбөр тооцоо болон татварын дүн зэрэг тухайн гүйлгээг нотлох үндсэн мэдээллүүд бүгд агуулагдсан бөгөөд хуульд заасан дээрх төлбөрийн баримтын тодорхойлолтыг бүрэн хангаж байгаа.
2.14.Гэтэл татварын улсын байцаагчийн "Хэб" ХХК-ын 12,655,122,804.51 төгрөгийн зардлыг татварын актын тооцоололд зардлаар оруулж тооцоогүй бодит шалтгаан нь "Вм" ХХК төлбөрийн баримтыг үйлдээгүйд бус, харин төлбөрийн баримтад худалдан авагчийн регистрийн дугаарыг "Хэб" ХХК-ийн 5*****2 гэсэн регистрийн дугаараар бус 1*****0 гэж бүртгэсэнтэй холбоотой байна (7 оронтой тооны зөрүү).
2.15.НӨАТ-ын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.14-т заасан "төлбөрийн баримт"-ын тодорхойлолт болон татварын зорилгоор зардлыг хасаж тооцохтой холбоотой хуульд заасан шаардлагыг агуулгаар нь авч үзвэл төлбөрийн баримтыг зөвхөн худалдан авагчийн регистрийн дугаарыг техникийн байдлаар буруу/өөрөөр бүртгэсэн гэх үндэслэлээр бодитой хийгдсэн, банкны хэлцэл болон бусад баримтаар нотлогдсон гүйлгээг бүхэлд нь үгүйсгэх нь татварын ногдлыг бодитой тогтоох зорилгод нийцэхгүй байна.
2.16.Ялангуяа "Вм" ХХК уг 12,655,122,804.51 төгрөгийн борлуулалтыг өөрийн орлогод бүртгэж, татварын тайлангаар тайлагнан, түүнд ногдох ААНОАТ-ыг төлсөн нь тогтоогдож байхад уг гүйлгээний нөгөө талд "Хэб" ХХК-ийн хувьд үүссэн зардлыг зөвхөн төлбөрийн баримтын регистрийн дугаартай холбоотой техникийн зөрчлөөр бүхэлд нь авч үзэхгүй байх нь татварын давхар ногдуулалт бий болгож байна.
2.17.Гэтэл анхан шатны шүүх дээрх үндэслэл, шаардлагыг шийдвэр гаргахдаа бодитойгоор авч үзээгүй бөгөөд уг зардлыг хасаж тооцох эсэх талаар эрх зүйн болон нотлох баримтын үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.
2.18.Хууль төсөөтэй хэрэглэж, ААНОАТ-ыг давхардуулж ногдуулсан тухай
Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох Ашигт малтмалын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.6 гэсэн хуульд байхгүй заалтыг баримталсан байна.
Анхан шатны шүүхийн Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч буюу "Хэб" ХХК-ийн нэр дээр 20,066,666,432.35 төгрөгийн орлогоос Голомт банк суутган авч төсөвт төлсөн гэсэн үйл баримтыг үнэлсэнтэй санал нийлэхгүй байна.
Эдгээр зохицуулалт нь ашигт малтмалын нөөц ашигласаны төлбөрийг төлж, тайлагнах зохицуулалт бөгөөд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн үйлчлэлд хамаарахгүй юм.
2.19.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д заасан "бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын орлого" гэсэн ерөнхий зохицуулалт бөгөөд "Хэб" ХХК тухайн орлогыг давхар тайлагнах үндэслэл болохгүй байна.
2.20.Шударга байх зарчим зөрчсөн тухай
"Хэб" ХХК-ийн гэрээний дагуу өөрийн эзэмшил, өмчлөлд байхгүй алтны орлого буюу "Вм" ХХК-ийн "Хэб" ХХК-тай хийсэн хамтран ажиллах гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж, өөрийн Голомт банкны дансанд хүлээн авсан 20,066,666,432.35 төгрөгийн орлогыг "Хэб" ХХК-д давхардуулан орлого гэж тооцон акт тависан хирнээ энэ нөхцөлд нөгөө талаас "Хэб" ХХК-аас "Вм" ХХК-д олгосон, хуульд заасан шаардлагыг бүрэн хангасан төлбөрийн баримтаар нотлогдож буй тухайн орлоготой холбоотой зардлыг "Хэб" ХХК-ийн хувьд татвар ногдох орлогоос хасагдах зардалд тооцож, нөхөн ногдуулсан татварын тооцоололд тусган татварын дүнг бууруулаагүй татвар төлөгчийн эрх ашгийг илтэд зөрчиж, татвар төлөгчийн эрх ашгийг тэнцвэртэйгээр харгалзан үзээгүй, илт шударга бус үр дагаварт хүргэсэн байна. Энэ нь Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд заасан татварын үйл ажиллагааны "шударга байх" зарчимд нийцэхгүй бөгөөд татварын ногдлыг бодитой, үндэслэлтэй тогтоох шаардлагыг зөрчсөн гэж үзэхээр байна.
2.21.Иймд дээр дурдсан үндэслэлээр "Вм" ХХК-ийн гэрээний дагуу хүлээн авч, борлуулсан нь холбогдох баримтаар нотлогдож буй алтны орлогыг "Хэб ХХК- ийн хувьд давхар борлуулалт гэж үзэн орлогод тооцож, татвар ногдуулах нь үндэслэлтэй гэж үзэж байгаа тохиолдолд уг орлоготой шууд холбоотой "Хэб" ХХК-ийн хувьд хасагдах зардал болох 12,655,122,804.5 төгрөгийг мөн адил тус компанид холбогдох татварын актын тооцоололд тусган, татвар ногдох орлогоос хасаж тооцон, актын дүнг нөхөн татвар 338,867,565 төгрөг, торгууль 135,547,026 төгрөг, алданги 94,577,937 төгрөг, нийт 568,992,529 төгрөг болгон өөрчлөлт оруулан шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
1.Нэхэмжлэлийн шаардлага, маргаан бүхий актын үндэслэлийн тухайд:
1.1.Нэхэмжлэгч “Хэб” ХХК-иас Нийслэлийн татварын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн НА-2224*****10 дугаар актын зарим хэсгийг хүчингүй болгох тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.
1.2.Хариуцагч татварын улсын байцаагчид нэхэмжлэгчийн 2018–2021 оны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, 2021 онд олборлож, борлуулсан алт, мөнгөний 20,066,666,432.35 төгрөгийн орлогыг аж ахуйн нэгжийн орлогын албан татвар /цаашид “ААНОАТ” гэх/-ын тайланд тусгаагүй, холбогдох татварыг ногдуулж төлөөгүй гэж үзэн маргаан бүхий нөхөн ногдуулалтын актыг гаргажээ.
1.3.Хариуцагчаас уг зөрчлийг тогтоохдоо нэхэмжлэгчийн ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайгаас олборлосон бүтээгдэхүүний жилийн тайлан, алт тушаалтын бүртгэл, Монголбанкнаас татварын байгууллагад хүргүүлсэн мэдээлэл, алт, үнэт металлын арилжааны хэлцэл, татварын тооцооны мэдэгдэл болон нэхэмжлэгчийн 2021 оны ААНОАТ-ын тайланг үндэслэсэн байна.
Тодруулбал, нэхэмжлэгчийн нэр дээр бүртгэгдсэн алтны борлуулалтын 20,066,666,432.35 төгрөгийн орлогоос анхан шатны баримтаар нотлогдсон 3,927,051,428.29 төгрөгийн зардлыг хасаж, тайлагнасан 95,816,548.18 төгрөгийн алдагдлыг харгалзан татвар ногдуулах орлогыг тодорхойлж, уг орлогыг тайлагнаагүй зөрчилд нөхөн татвар, торгууль, алданги ногдуулжээ.
1.4.Маргаан нөхөн ногдуулалтын акт гаргасан үндэслэл нь нэхэмжлэгчийг ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр /цаашид “АМНАТ” гэх/ төлөөгүй гэж үзсэнтэй холбоогүй, харин түүний нэр дээр бүртгэгдсэн алтны борлуулалтын орлогыг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 8 дугаар зүйлийн 8.1.1-д заасан татвар ногдох орлогод хамааруулж, уг орлогыг тайлагнаагүй, татвар ногдуулж төлөөгүй гэж үзсэнтэй холбоотой байна.
2.Борлуулалтын орлогыг давхардуулан тооцсон, хууль төсөөтэй хэрэглэсэн гэх давж заалдах гомдлын тухайд:
2.1.Нэхэмжлэгчээс “Вм” ХХК нь хамтран ажиллах гэрээний дагуу олборлосон алтны тодорхой хэсгийг хүлээн авч, өөрийн нэрээр борлуулан, орлогыг өөрийн дансанд хүлээн авч, холбогдох татварыг төлсөн байхад уг орлогыг нэхэмжлэгчийн орлогод давхардуулан тооцсон, мөн АМНАТ-ын харилцааг зохицуулсан хуулийн заалтыг ААНОАТ ногдуулахад төсөөтэй хэрэглэсэн нь хууль бус гэж маргажээ.
2.2.Нэхэмжлэгч нь Ашигт малтмал, Газрын тосны газрын 2011 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн МҮ-01**** дугаартай, 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн МҮ-02**** дугаартай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй бөгөөд “Вм” ХХК-тай 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр “Алтны шороон ордыг хамтран ашиглах гэрээ” байгуулж, олборлолтын ажлыг хамтран гүйцэтгэх, олборлосон бүтээгдэхүүнийг гэрээнд заасан журмаар хуваарилан авахаар тохиролцсон байна.
2.3.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 8 дугаар зүйлийн 8.1.1-д зааснаар татвар төлөгчийн үйл ажиллагааны үр дүнд олсон бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын орлогод албан татвар ногдуулах бөгөөд тухайн орлого аль татвар төлөгчид хамаарахыг бодит үйл ажиллагаа, гэрээний харилцаа, санхүүгийн болон татварын бүртгэл, холбогдох нотлох баримтад үндэслэн тогтооно.
2.4.Харин Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлд заасан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх үүрэг нь аж ахуйн нэгжийн орлогын албан татвар төлөх үүргээс ялгаатай тул зөвхөн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч гэсэн үндэслэлээр бүтээгдэхүүний борлуулалтын орлогыг бүхэлд нь тухайн этгээдийн ААНОАТ орлогод тооцохгүй.
2.5.Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайгаас 2021 онд нийт 211,475.21 грамм алт олборлож, 80–128 дугаартай гулдмайгаар бүртгэсэн бөгөөд талуудын 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн “Алтны шороон ордыг хамтран ашиглах гэрээ”-ний 3.2-т олборлосон бүтээгдэхүүнийг гэрээний дагуу хуваарилан авч, алт тушаалтын баримтыг нэхэмжлэгчийн нэрээр бүрдүүлж, борлуулалтын мөнгөн хөрөнгийг тус тусын дансанд шилжүүлэн авахаар тохиролцсон байна.
2.6.Монголбанкны 2026 оны Н/55 дугаар албан бичигт нэхэмжлэгчийн нэр дээр алт тушаасан мэдээлэл бүртгэгдсэн, харин хамтран ажиллагч компанийн нэрээр алт тушаасан мэдээлэл бүртгэгдээгүй талаар дурджээ. Хэдийгээр “Вм” ХХК нь Голомт банктай алт, үнэт металлын арилжааны хэлцэл байгуулж, борлуулалтын мөнгөн хөрөнгийг өөрийн дансанд хүлээн авсан баримт хэрэгт авагдсан боловч энэ нөхцөлөөр уг орлогыг нэхэмжлэгчийн татвар ногдох орлогод хамаарахгүй гэж үзэх үндэслэлгүй.
Учир нь талуудын гэрээгээр олборлосон бүтээгдэхүүнийг хуваарилан авахын зэрэгцээ алт тушаалтын баримтыг нэхэмжлэгчийн нэрээр бүрдүүлэхээр тохиролцсон, мөн холбогдох олборлолт, алт тушаалтын тайлан, мэдээлэл нэхэмжлэгчийн нэр дээр бүртгэгдсэн байна.
2.7.Иймд талуудын гэрээний агуулга, бүтээгдэхүүний олборлолт, алт тушаалт, борлуулалтын бүртгэл болон татварын тайланг харьцуулан үнэлэхэд маргаан бүхий борлуулалтын орлогыг нэхэмжлэгчийн ААНОАТ ногдох орлогод хамааруулан тооцсон хариуцагчийн шийдвэрийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
2.8.Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.6, 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.11, 47.13-д заасан зохицуулалт нь олборлосон алтны тушаалт, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч болон холбогдох тайлан, мэдээллийг татварын байгууллагад хүргүүлэх үүргийг тодорхойлсон бөгөөд маргаан бүхий алтны олборлолт, тушаалт, бүртгэл нэхэмжлэгчийн нэр дээр хийгдсэн үйл баримтыг үнэлэхэд ач холбогдолтой юм.
2.9.Эдгээр зохицуулалтыг ААНОАТ ногдуулах шууд үндэслэл гэж үзэхгүй боловч тухайн орлогын гарал үүсэл, олборлолт, борлуулалтын бүртгэлийг тогтооход ашигласан нь хуулийг төсөөтэй хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болохгүй тул энэ талаарх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.
3.Хасагдах зардлыг тооцоогүй гэх давж заалдах гомдлын тухайд:
3.1.Нэхэмжлэгчээс “Вм” ХХК-ийн борлуулалтын орлогоор тайлагнасан 12,655,122,804.51 төгрөг нь нэхэмжлэгчийн хувьд орлого олох үйл ажиллагаатай холбоотой хасагдах зардал бөгөөд цахим төлбөрийн баримтад худалдан авагчийн регистрийн дугаарыг буруу бүртгэсэн техникийн алдаанаас шалтгаалан уг зардлыг хүлээн зөвшөөрөөгүй нь үндэслэлгүй гэсэн гомдол гаргажээ.
3.2.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1–13.1.4-т зааснаар татвар ногдох орлогоос хасагдах зардал нь тухайн тайлант хугацаанд хамаарсан, орлого олох үйл ажиллагаатай шууд холбоотой, бодитоор гарсан, холбогдох анхан шатны болон төлбөрийн баримтаар баталгаажсан байх шаардлагыг нэгэн зэрэг хангасан байх шаардлагатай. Мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1-д эдгээр шаардлагыг хангаагүй зардлыг татвар ногдох орлогоос хасахгүй байхаар зохицуулжээ.
3.3.Хэрэгт авагдсан татварын бүртгэл, цахим төлбөрийн баримтын мэдээллээр “Вм” ХХК нь 2021 онд нийт 30,549,217,417 төгрөгийн борлуулалт тайлагнаж, үүнээс 17,894,094,613 төгрөгийн төлбөрийн баримтыг өөр хуулийн этгээдэд, үлдэх 12,655,122,804 төгрөгийн төлбөрийн баримтыг эцсийн хэрэглэгчийн 1,000,000 гэсэн бүртгэлээр үйлдсэн байна.
3.4.Энэ нь тухайн мөнгөн дүн “Вм” ХХК-ийн борлуулалтын орлогоор бүртгэгдсэнийг нотлох боловч нэхэмжлэгч уг хэмжээний ажил, үйлчилгээ хүлээн авч, төлбөр төлсөн буюу өөрийн орлого олох үйл ажиллагаатай холбоотой бодит зардал гаргасныг нотлохгүй байна.
3.5.Төлбөрийн баримтад худалдан авагчийн регистрийн дугаарыг буруу бүртгэсэн нь зардлыг хасах эсэхийг шийдвэрлэхэд ач холбогдолтой боловч зөвхөн уг алдааг үндэслэн бодитоор гарсан зардлыг үгүйсгэх үндэслэлгүй. Харин тухайн зардал бодитоор гарсан эсэх, нэхэмжлэгчийн үйл ажиллагаатай шууд холбоотой эсэх, гэрээний дагуу ажил, үйлчилгээ хүлээн авч, төлбөр тооцоо хийсэн эсэхийг бусад анхан шатны баримтаар тогтоох шаардлагатай юм.
3.6.Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгчийн хасуулахыг хүссэн 12,655,122,804.51 төгрөг нь түүний хувьд бодитоор гарсан зардал болох, тухайлбал уг хэмжээний ажил, үйлчилгээ хүлээн авч, төлбөр төлсөн болох нь хуульд заасан шаардлага хангасан анхан шатны баримтаар нотлогдоогүй байна.
3.7.Өөрөөр хэлбэл, хамтран ажиллагч компани тухайн мөнгөн дүнг өөрийн борлуулалтын орлогоор тайлагнаж, татвар төлсөн нь нэхэмжлэгчийн хувьд мөн хэмжээний хасагдах зардал үүссэнийг шууд нотлохгүй.
3.8.Түүнчлэн татварын улсын байцаагчид 20,066,666,432.35 төгрөгийн борлуулалтын орлогоос анхан шатны баримтаар нотлогдсон 3,927,051,428.29 төгрөгийн зардлыг хасаж, тайлагнасан алдагдлыг харгалзан татвар ногдуулах орлогыг тодорхойлсон нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-т заасан зохицуулалтад нийцсэн байна.
3.9.Иймд хариуцагчийг зөвхөн татвар ногдох орлогыг нэмэгдүүлж, холбогдох зардлыг огт тооцоогүй гэж үзэхгүй бөгөөд нэхэмжлэгчийн нэмж хасуулахыг хүссэн зардал хуульд заасан шаардлагыг хангаагүй тул энэ талаарх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.
4.Татварыг давхардуулан ногдуулсан, шударга байх зарчмыг зөрчсөн гэх давж заалдах гомдлын тухайд:
4.1.Нэхэмжлэгчээс хамтран ажиллагч компани алтны борлуулалтын орлогыг өөрийн тайланд тусгаж, холбогдох ААНОАТ-ыг төлсөн байхад уг орлогыг нэхэмжлэгчийн орлогод дахин тооцсон нь татварыг давхардуулан ногдуулж, Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд заасан шударга байх зарчмыг зөрчсөн гэж маргажээ.
4.2.ААНОАТ нь татвар төлөгч тус бүрийн татвар ногдох орлого, хуульд заасан хасагдах зардалд үндэслэн тодорхойлогддог тул нэг бүтээгдэхүүний олборлолт, борлуулалттай холбоотой мөнгөн хөрөнгө хоёр хуулийн этгээдийн санхүүгийн болон татварын тайланд тусгагдсан нь дангаараа хууль бус давхар татвар ногдуулсныг тогтоохгүй.
4.3.Энэ тохиолдолд маргаан бүхий борлуулалтын орлогыг нэхэмжлэгчийн татварын бүртгэлд хамааруулсан үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, харин хамтран ажиллагч компанийн тайлагнасан борлуулалтын орлого нь нэхэмжлэгчийн хувьд мөн хэмжээний хасагдах зардал болох нь нотлогдоогүй байна.
4.4.Иймд “Вм” ХХК өөрийн борлуулалтын орлогод татвар төлсөн гэх нөхцөлөөр нэхэмжлэгчийн татвар төлөх үүрэг дуусгавар болсон, эсхүл хариуцагч татварыг хууль бусаар давхардуулан ногдуулж, татварын үйл ажиллагааны шударга байх зарчмыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм.
5.Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн үндэслэлийн тухайд:
5.1.Анхан шатны шүүх Ашигт малтмалын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.6, 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.11, 47.13-д заасан зохицуулалтыг баримтлан нэхэмжлэгчийн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайгаас олборлосон алтны тушаалт, борлуулалт, холбогдох бүртгэл, тайлагналын үйл баримтыг үнэлж, маргаан бүхий нөхөн ногдуулалтын актыг хуульд нийцсэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.
Тодруулбал, хариуцагчаас нэхэмжлэгчийн ААНОАТ-ын тайланд тусгаагүй борлуулалтын орлогыг холбогдох баримтад үндэслэн тогтоож, уг орлогоос хуульд заасан шаардлага хангасан зардлыг хасаж татвар ногдуулах орлогыг тодорхойлсон байх бөгөөд нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлүүдээр нөхөн ногдуулалтын актыг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
5.2.Иймд анхан шатны шүүх маргааны үйл баримтыг хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн зөв тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 621 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Бтын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу нэхэмжлэгч талын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ