Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 97

 

 

 

 

 

 

 

                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Х.Түмэнчимэг,

Улсын яллагч Б.Дэлгэрмаа,

Шүүгдэгч Д.Гантулга, түүний өмгөөлөгч Б.Өлзийбаяр /ҮД: 1165/, Б.Зулбаяр /ҮД: 1979/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар Боржигон овгийн Даваасүрэнгийн Гантулгад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201624001041 дугаартай хэргийг 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, яллагдагчийг 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд шилжүүлсэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1975 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Булган аймагт төрсөн, эрэгтэй, 42 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, 100 айлд хувиараа барилгын материал зардаг, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүрэг 19 дүгээр хороо Тахилтын-2 гудамжны 179 а тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Боржигон овгийн Даваасүрэнгийн Гантулга, /РД:ГН75021013/

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичсэнээр/

 Шүүгдэгч Д.Гантулга нь 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 18 цаг 10 минутын орчим Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, Өсөх дэлгүүрийн баруун талын замд " Ниссан Навара" маркийн 72-10 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.5-д заасан "Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх, в/зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх" гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Д.Батжаргал дайрагдсан зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Гантулга нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: "..Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэв.

            Шүүгдэгч Д.Гантулга нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2016 оны 12 дугаар сарын 01 -ний өдөр би 100-н айлын иргэний бүртгэлийн төвөөс баруун тийш төвд 72-10 УНР улсын дугаартай Ниссан Навара маркийн автомашинаа жолоодоод 18 цагийн үед охиноо цэцэрлэгээс нь авах гээд зорчих хэсгийн 2 дугаар эгнээгээр явж байгаад "Зөгийн Үүр" дэлгүүрийн гэр хорооллын гудамж руу ертөнцийн зүгээр урагшаа эргэсэн. Гудамж руу дөнгөж эргэж оронгуут жолоочийн эсрэг талын дугуйнд нэг юм торсон. Тэгээд уг зүйл дээгүүр дугуйгаараа гараад жаахан явтал нэг эрэгтэй хүн хойноос машины цонх цохиод хүний дээгүүр гарчихлаа ш дээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би зогсоод машинаасаа буугаад нөгөө хүндээ цагдаа дуудаад өгөөчээ гэж хэлсэн. Тэгтэл нөгөө хүн цаашаа эргээд утасгүй байна аа би цагдаа эмнэлэг дуудаадхий гэж хэлсэн. Тэр хүн цагдаа руу утсаар ярьж дуудлага өгөх шиг болсон. Тэгээд би эргээд машиндаа сууж гэр рүүгээ буюу 7 буудал руу явсан. Би машиныхаа гэрлийг асаасан байсан. Осол 18 цаг дөнгөж өнгөрч байхад болсон. Би ослын талаар цагдаагийн байгууллагад хэлээгүй. Хохирогчид анхны тусламж үзүүлээгүй. Би тухайн үед согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Би машин жолоодох эрхийн үнэмлэхтэй. Харанхуй байснаас болж осол гарсан гэж бодож байна. Миний авто машинд надаас өөр хүн байгаагүй. Намайг хүн дайрчихлаа гэж орилсон хүнийг би огт танихгүй тэр хүн дээгүүрээ бараан өнгийн цамцтай куртикгүй байсан..." гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 102-107 дугаар хуудас/,

 

              Хохирогч Д.Батбаяр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "…Би Д.Батжаргалын төрсөн дүү. Миний ах Дэмбэрэлийн Батжаргал нь 1961 оны 3 сарын 25-ны өдөр Баянхонгор аймгийн төв Баянхонгор хотод төрсөн. Ах маань эхээс дөрвүүлээ айлын 2 дахь хүүхэд байгаа юм. Манай ах Д.Батжаргал нь 1969-1977 он хүртэл Баянхонгор аймгийн 1 дүгээр 10-н жилийн сургуулийг төгсөөд БНАГерман улсын геологийн техник мэргэжлийн сургуульд сурч өрмийн мастер мэргэжил эзэмшин 1980 онд эх орондоо ирж, 1982 он хүртэл Шархадны 161 дүгээр холбооны ангид алба хаагаад 1982 оноос 4 жилийн хугацаатай Узбекстан улс руу нисэхийн механикийн ангид суралцаж төгсөн, эх орондоо ирсэн. Тэгээд Зэвсэгт хүчний Налайхын цэргийн ангид насаараа ажиллаж 1996 онд хугацааны тэтгэвэр тогтоолгож амралтаа авсан. 1995 оноос эхлэн өнөөг хүртэл хувиараа наймаа хийж байгаад сүүлийн 3 жилийн хугацаанд надтай цуг ээжийг асарч амьдарч байгаад нас барсан. Ах маань зан чанарын хувьд дөлгөөн даруу, томоотой хүн байсан ба хааяа хааяа архи уучихдаг зантай хүн байсан. Надад ослын талаар мэдэх зүйл байхгүй…" гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 38-39 дүгээр хуудас/

 

     Гэрч Д.Даваажав мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "…2016 оны 12 дугаар сарын 1-ний өдөр би өөрийн эзэмшлийн 13-61 УБЕ улсын дугаартай Портер маркийн автомашинаа жолоодоод 100-н айлын иргэний бүртгэлийн төвийн хойно 18 цаг болж байхад машинаа байрлуулаад Өсөх дэлгүүрийн зүүн талын дэлгүүр рүү орж тамхи авчихаад, гараад тамхиа асаагаад явж байтал Өсөх дэлгүүрийн баруун талд гудамж руу дөнгөж эргэнгүүт дээгүүрээ хар бараан өнгийн хувцастай эрэгтэй хүн толгойгоо баруун урагш чиглэлтэй, доош харсан байрлалтай хэвтэж байх шиг байсан гэтэл ертөнцийн зүгээр зүүн талын төв замаас хар өнгийн Ниссан Навара маркийн 72-10 улсын /үсгийг нь харж амжаагүй гэх/ дугаартай автомашин дохио өгөөд гудамж руу эргэсэн. Тэгээд уг газар хэвтэж байсан хүний дээгүүр нь дайраад гараад цааш явсан. Тэгэхээр нь би араас нь гүйж очоод уг автомашины жолооч талын цонхыг нь цохиод чи хүн дайрчихлаа ш дээ гэж хэлсэн. Тэгтэл дотроос нь жолооч нь болох 40 гаруй насны махлаг эрэгтэй хүн гарч ирээд л сандарч гүйгээд, яанаа би хараагүй ш дээ гээд намайг утсаараа цагдаа руу залгаад өг гэхээр нь би утсаа машинд орхичихсон байсан болохоор хажуугаар явж байсан 10-12 насны орчим 3 хүүхдэд цагдаа дуудаад өгөөч гэж хэлсэн. Нөгөө 3 хүүхэд Өсөх дэлгүүр рүү гүйж ороод дэлгүүрийн хүнээр дуудлага өгүүлчихлээ гэж хэлсэн. Тэгээд л би хэргийн газраас яваад өгсөн. Жолооч хүн дайрснаа мэдээгүй байсан. Хохирогч бараандуу л хувцастай байсан. Жолооч хохирогчийг хараагүй байх аа"… гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 51-52 дугаар хуудас/,

 

               Гэрч М.Хүрэлчулуун мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "…Би 2016 оны 12 сарын 01-ний өдрийн 18 цагийн орчим 100 айлын "Зөгийний Үүр" дэлгүүр дээрээс ээжийгээ авах гээд машинтайгаа очсон. Машинаасаа буугаад тамхи татаад зогсож байтал "Зөгийний үүр" рүү эргэж ордог хэсэг дээр 50 орчим насны эрэгтэй хүн амнаас нь уур гараад толгойноос нь цус гоожсон байдалтай байсан. Хажуугаар нь 3 жаахан хүүхэд явж байсан. Мөн нэг 40 орчим насны эрэгтэй хүн 102 дуудаач гэж орилолдоод байхаар нь би өөрийнхөө утаснаас 102 дугаар руу залгаж машинд дайруулсан юм шиг байна гэж дуудлага өгсөн. Намайг дуудахаас өмнө тэр хажуу талын Өсөх гэж дэлгүүрийн хүн дуудлага өгсөн боловч ирээгүй гэж байсан. Би цагдааг ирэх хүртэл тэр хүний хажууд зогсоод дахиад дээгүүр нь машин гар хөлийг нь дайрчихвий гээд зогссон. Учир нь харанхуй гудамжинд тэр хүн газар хэвтэж байгаа нь харагдахгүй байсан. Тэгээд би цагдаа, эмнэлэг ирэх хүртэл байсан ба уг хүнийг дайрсан жолооч тухайн үед хэргийн газар байгаагүй ээ. Хохирогчийг анх харахад "Өсөх" дэлгүүрээс ертөнцийн зүгээр баруун тийш 4 метр орчим зайд доошоогоо харсан байрлалтай толгой нь ертөнцийн зүгээр урагш чиглэлтэй байсан. Хохирогчийг би болон өөр хүн байрлалаас нь хөдөлгөөгүй ээ. Би түргэн тусламж, цагдаа ирэх хүртэл хэргийн газар байсан. Түргэний машин ирээд, түргэний эмч хохирогчийг байрлалаас нь ертөнцийн зүгээр зүүн тийш дэлгүүр рүү жаахан дөхүүлж хөдөлгөөд цээжин дээр нь дараад хиймэл амьсгаа хийсэн. Яг хэдэн метр зайд хөдөлгөснийг мэдэхгүй байна. Зүүн тийш дэлгүүр тал руу хөдөлгөсөн. Угаасаа цогцосны цус толгой хэсэг нь газар наалдсан байсан учраас жаахан зүүн тийш татаж чирч, дээш харуулж байгаад цээжин дээр нь дарж хиймэл амьсгаа хийн анхны тусламж үзүүлсэн. Эмчээс өөр хүн хохирогчид хүрээгүй ээ..." гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 54-55 дугаар хуудас/

 

               Гэрч А.Цэндсүрэн мөрдөн байцалтанд мэдүүлэхдээ: "…Би 2016 оны 12 сарын 01-ний өдөр Замын цагдаагийн албаны жижүүрийн ахлах мөрдөн байцаагчаар үүрэг гүйцэтгэсэн. Ингээд 2016 оны 12 сарын 01 -ны өдөр 18 цаг 00 минутанд Сүхбаатар дүүргийн 11-р хороо "Зөгийний Үүр" дэлгүүрийн баруун замд гарсан хэргийн газар очиход осол үйлдсэн жолооч болон автомашин хэргийн газарт байгаагүй ээ. Жолооч үүргээ биелүүлж манай бүрэлдэхүүнтэй огт уулзаагүй. Машин нь ч байгаагүй..." гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 56 дугаар хуудас/

 

               Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн ¹2205 дугаартай дүгнэлт:

               “...1. Талийгаачид хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гавлын орой суурь ясны далд хугарал, их бага тархины зөөлөн бүрхүүл доорхи голомтлог цус харвалт, зүүн талын хацар, хоншоор, эрүү ясны далд хугарал. Баруун талын 2,3,4, 5-р хавирга суганы урд шугамаар, зүүн талын 2,3,4,5-р хавирга суганы дунд шугамаарх шууд бус хугарал. Элэгний хальсан доорхи цус хуралт. Дээд зүүн 1-р шүдний эмтрэлт, дээд уруулд шарх, баруун зүүн хацар, хамрын нуруу, зүүн шанаа, эрүү, зүүн чихний урд, зүүн эгэм, зүүн гарын бугуй, сарвуунд зулгаралт. Баруун чихний дэлбэн, баруун гуя, баруун суганд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 3. Талийгаач нь дээрх гэмтлийн улмаас нас баржээ. 4. Талийгаачид хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 5. Талийгаачийн цусанд 4.0 промилли, ходоодны шингэнд 6.2 промилли, шээсэнд 4.6 промилли спиртийн агууламж илэрсэн байна. Талийгаачийн шээсэнд мансууруулах бодис илрээгүй байна. Цусанд 4.0 промилли спиртийн зүйл илэрч байгаа нь согтолтын хүнд зэрэгт хамаарна. 5.Талийгаач нь биологийн шинжилгээгээр ВЗ-р бүлгийн харьяалалтай байна. 7.Талийгаач нь 161см урт, 70 кг жинтэй байна…" гэжээ /хавтаст хэргийн 61-62 дугаар хуудас/

 

Баянзүрх дүүргийн техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн ¹17/55899 дугаартай дүгнэлт:

“...Тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавигдах N54598:2011 стандартын шаардлагыг хангаж байна. Уг автомашин нь тоормосны АВЗ системтэй бөгөөд, тоормосны системийн ажиллагаа хэвийн ажиллаж байна. БЗД-ийн 8-р хороо Хилчиний гудамж өөрийн байранд байрлах Нийслэлийн Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвд 72-1ОУНР улсын дугаартай "Ниссан Навара" маркийн автомашинд шинжээчийн дүгнэлт хийв. Даваасүрэн овогтой Гантулгын эзэмшлийн " Ниссан Навара " маркийн, хар өнгөтэй, Япон улсад үйлдвэрлэсэн, 72-1ОУНР улсын, ЛЧ1СР1Ю22110777902 арлын дугаартай автомашиныг 2017 оны 01 дүгээр сарын 04-ны өдрийн 1245цагаас 1318цаг хүртэл ММ54598:2011 "Автотээврийн хэрэгсэлд тавигдах ерөнхий шаардлага" стандартыг шалгуур болгон М1Ч55011:2003 "Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг хийх заавар" стандартыг мөрдлөг болгон техникийн хяналтын үзлэгийн инженерийн ур чадварт тулгуурлан техникийн хяналтын үзлэгийн тоног төхөөрөмжөөр шалгаж үзэхэд: Урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ -4,2мм/м(стандартаар<±5), урд тэнхлэгийн дугуйн тоормосны хүч зүүн талдаа 2,6кН, баруун талдаа 2,2кН, тоормосны хүчний зөрүү нь 15,38% (стандартаар <20%) хойд тэнхлэгийн дугуйн тоормосны хүч зүүн талдаа 1,9кН, баруун талдаа 2кН, тоормосны хүчний зөрүү нь 5% (стандартаар <30%), Зүүн талын гэрлийн тусгалын эрчим ЗООООсс), баруун талын гэрлийн тусгалын эрчим 31300сс1 (стандартаар 10000-225000сс1) байна. Дугуйны хээний гүн 4-5мм (стандартаар >1,6 мм) байна. Техникийн хяналтын үзлэгийн тоног төхөөрөмж дээр инженерийн ур чадварт тулгуурлан шалгасан үзүүлэлтүүд нь тухайн осол хэрэгт нөлөөлөхгүй гэж үзэж байна...” гэжээ /хавтаст хэргийн 84-85 дугаар хуудас/

 

              Техникийн шинжээчийн ¹53 дугаартай дүгнэлт:

              “...72-10 УНР улсын дугаартай "Ниссан Навара" маркийн тээврийн хэрэгслийн жолооч Д.Гантулга МУ-ын ЗХД-ийн 2.5-д заасан "Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх" гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Явган зорчигч Д.Батжаргал нь МУ-ын ЗХД-н 3.9. "Явган зорчигчид дор дурдсан зүйлийг хориглоно: б/ аюулгүй байдпыг хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр зогсох, саатах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийх; г/ өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явах гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Тоормосны мөр байхгүй тул хурдыг тодорхойлох боломжгүй..." гэжээ /хавтаст хэргийн 92-93 дугаар хуудас/

 

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 2-3/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 4-19, 29-37/, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх 21/, гэрч Ц.Баяржаргалын мэдүүлэг /хх 47-48/, гэрч Д.Отгосүрэнгийн мэдүүлэг /хх 49/, гэрч Б.Сонягийн мэдүүлэг /хх 50/, гэрч Г.Батжавхлангийн мэдүүлэг /хх 53/, гэрч Г.Баатархүүгийн мэдүүлэг /хх 57/, гэрч Д.Амаржаргалын мэдүүлэг /хх 58/, шинжээчийн ¹10377 дүгнэлт /хх 63/, шинжээчийн дүгнэлт ¹10378 /хх 64/, шинжээч Т.Чимэд-Очирийн мэдүүлэг /хх 69-70/, шинжээчийн ¹10440 дүгнэлт /хх 72/, шинжээчийн ¹7123 дүгнэлт /хх 75-76/, шинжээчийн ¹7124 дүгнэлт /хх 88/, шинжээч Б.Батзоригийн мэдүүлэг /хх 94/, шүүгдэгч Д.Гантулгын оршин суугаа газрын тодорхойлолт /хх 109/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх 110/, ял шийтгэл шалгасан хуудас /хх 111/, хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 114-115/, бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 117/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Д.Гантулга нь 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 18 цаг 10 минутын орчим Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Өсөх” дэлгүүрийн баруун талын замд "Ниссан Навара" маркийн 72-10 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.5-д заасан "Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх, в/зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягыг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх" гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Д.Батжаргал дайрагдсан зам тээврийн осол гарсан хэргийн газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан хохирогч Д.Батбаяр, гэрч Д.Даваажав,  М.Хүрэлчулуун, А.Цэндсүрэн нарын мэдүүлэг, техникийн шинжээчийн №17/55899, ШШҮХ-ийн ¹2205 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд шүүгдэгч Д.Гантулгын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар түүний гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Д.Гантулгыг зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулж эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүх шүүгдэгч Д.Гантулгад ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1 дэх хэсэгт зааснаар анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, 55.1.9 дахь хэсэгт зааснаар үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзав.

Хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлж буй шүүгдэгч Д.Гантулгын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогч гомдол саналгүй зэргийг харгалзан үзэж шүүхээс оногдуулсан хорих ялыг биечилэн эдлүүлэхгүйгээр тэнсэж хянан харгалзах боломжтой гэж үзэв.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Д.Гантулга нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдлаа.

Шүүгдэгч Д.Гантулгын ¹380279 дугаартай жолооны үнэмлэх, ¹01202082 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэргийг буцаан олгох нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                       ТОГТООХ нь: 

1. Шүүгдэгч Боржигон овгийн Даваасүрэнгийн Гантулгыг жолооч үүргээ биелүүлэхгүй зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.    

 

2. Шүүгдэгч Д.Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 06 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гантулгад оногдуулсан 1 /нэг/ жил 06 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Д.Гантулга нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шүүгдэгч Д.Гантулгын ¹380279 дугаартай жолооны үнэмлэх, ¹01202082 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэргийг хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгосугай.

 

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гантулгын оногдуулсан 1 /нэг/ жил 06 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж 1 /нэг/ жил 06 /зургаан/ сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзан, тэнсэгдсэн ялтан Д.Гантулгын засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст даалгасугай.

 

            7. Шийтгэх тогтоолыг танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт тус тус зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай. 

8. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Гантулгад авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.ДУЛАМСҮРЭН