| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2024/0054/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/56 |
| Огноо | 2024-03-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 04 өдөр
Дугаар 2024/ШЦТ/56
2024/ШЦТ/56
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: А.А
Шүүгдэгч: Б.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Туяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт Бгийн Эад холбогдох эрүүгийн 2412000000026 тоот хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1980 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Архангай аймгийн Өндөр-Улаан суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Архангай аймгийн .......... гэх газар оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Ш овогт Бгийн Э/РД:АД.........../
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Архангай аймгийн Өндөр-Улаан сумын ....... гэх газар иргэн Б.Н нь бусдад зодуулж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар
Шүүгдэгч Б.Э нь согтуурсан үедээ 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Архангай аймгийн Өндөр-Улаан сумын .......... гэх газар хохирогч Б.Нтэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэж нүүрэн хэсэгт цохиж, зодон биед нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруунд зулгаралт, зүүн нүдний алим, хоёр нүдний алим, хоёр нүдний зовхи, хамарт цус хуралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Б.Нийн “...Манайх Архангай аймгийн Өндөр-Улаан сумын ....... гэх газар байдаг. Би 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр машинаа зарахаар Бэлхи багийн төвд 11 цагийн үед ирээд 13 цагийн үед машинаа зарсан. Бэлхи багийн төвд манай саахалт нутагладаг С.Г гэх залуу машинаа янзлуулж байсан. С.Гтой цуг Б.Э халамцуу байсан. Би тэр хоёрт цуг яв нь шүү гэж хэлчхээд машинаа зарсан хүнтэй уулзаад 2 литрийн нэг пиво хувааж уучхаад машин авсан залуу жолоочтойгоо яваад, би С.Г руу яриад С.Г намайг ирж авсан. Тэгээд С.Г, Б.Э бид 3 явсан. Бид гурвыг явж байхад голын захад Чулуут сумын хэдэн хүмүүс архи уугаад байж байсан би тэр хүмүүстэй архи уусан тэндээс хөдлөөд голын цаана гараад Б.Э, бид 2 нэг шил архи хувааж уугаад тэрнээс хойш юу болсныг санахгүй байна нэг сэрхэд С.Гийн машинд цасанд суусан байсан. Тэгээд С.Г Б.Э бид гурав ахлаад Б.Эынд очиж хоносон. Тухайн үед миний зүү нүд хөхөрсөн байсан. Маргааш өглөө нь Б.Э чи бид хоёр маргалдаад би чамайг цохисон гэж байсан. Миний хамар л хөндүүрлээд байна. Өөр өвдсөн зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 5-6 дугаар тал/, гэрч С.Гийн ”...Манайх Архангай аймгийн Өндөр-Улаан сумын ...... газар байдаг. Би 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 13 цагийн үед машинаа янзлахаар Бэлхи багийн төвд ирсэн, тухайн үед Б.Э надтай хамт ирсэн. Намайг машинаа янзалж байх үед Б.Э байхгүй байж байгаад машин янзлаад дуусах алдад халамцуу ирсэн. Б.Э бид хоёр 18 цагийн үед миний машинтай Бэлхийн төвөөс Чулуут гол орох гээд явж байсан чинь Б.Н над руу утасдаад намайг Бэлхийн гүүрнээс ирээд авчих гэсэн. Би буцаад бэлхийн гүүр нь дээр ирэхэд Б.Н машинаа зарсан гээд нэлээн халамцуу байсан. Би Б.Нийг аваад Б.Н, С.Э бид 3 миний машинтай явсан. Би Чулуут гол гараад зогссон чинь Э өврөөсөө 0.5 литрийн хараа нэртэй архи гаргаж ирээд задлаад аягалаад тэр хоёр тэр архинаасаа нэг, нэг татаад надад өгөхөөр нь би машин барьж яваа гээд уугаагүй. Тэгээд бид 3 хөдлөөд явсан. Б.Э Б.Н хоёр миний машинд маргалдаад байхаар нь та хоёр юундаа маргалдаад байгаа нь нутгийн хүмүүс байж гэсэн чинь миний үгийг тоохгүй маргалдаад байсан. Би замдаа зогсоод бие засах гээд буусан чинь миний машин дотор зодолдоод эхэлсэн. Би машиныхаа хойд хаалгыг онгойлгоод Б.Нийг буулгасан чинь Б.Нийн хамраас цус гарсан нүднийхэн доод тал хөхөрсөн уруулан жаахан домбойсон байсан. Тэгсэн Б.Э машинаас бууж ирээд тэр хоёр барьцалдаж аваад байхаар нь би Б.Эын салгаад холдуулсан чинь Б.Н араас ирээд Б.Эын толгойн ар данз руу гараараа цохиод авсан. Би тэр хоёрыг маргалдаад бие биеэ түлхэлцээд байхаар нь салгаад машиндаа суулгаад авч яваад Б.Эынд очоод тэндээ бид 3 хоносон...” гэх мэдүүлэг/хх-ийн 10-11 дүгээр тал/, өөрийн гэм бурууг хүлээн мэдүүлсэн яллагдагч Б.Эын мэдүүлэг, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 55 дугаартай: “...Б.Нийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруунд зулгаралт, зүүн нүдний алим, хоёр нүдний алим, хоёр нүдний зовхи, хамарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт/хх-ийн 18-19 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Э нь хохирогч Б.Нийн хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруунд зулгаралт, зүүн нүдний алим, хоёр нүдний алим, хоёр нүдний зовхи, хамарт цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулахдаа гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзлээ.
Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Эын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Б.Э нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчийн хамт оролцсон, хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа болно.
Иймд шүүгдэгч Б.Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч Б.Нийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хохирогч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгөхдөө гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байна. Харин тухайн хэрэгт иргэний нэхэмжлэгчээр Архангай аймаг дахь Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн мэргэжилтэн Ч.Мягмарсүрэнг тогтоосон байх бөгөөд иргэний нэхэмжлэгч нь Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 218.500 төгрөгийг нэхэмжилж байгаа талаар мэдүүлж, холбогдох баримтыг ирүүлсэн байх тул шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд шүүгдэгч Б.Э нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын талаар хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн, шүүгдэгч Б.Э нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхээр хуульд заасан. Шүүгдэгчийн хувьд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн болон хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн торгох ял нь хуульд нийцсэн, шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлага, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсний хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул прокурорын саналын хүрээнд торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш овогт Бгийн Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эыг 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7 дахь хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч Б.Эаас 218.500/хоёр зуун арван найман мянга таван зуу/ төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Ч.М.ы/Архангай аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст/-д олгосугай.
6. Шүүгдэгч Б.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Эад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР