| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 166/2024/0061/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/0067 |
| Огноо | 2024-02-19 |
| Зүйл хэсэг | 10.6.1., |
| Улсын яллагч | Ч.Мядагбадам |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 2024/ШЦТ/0067
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2024/0061/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Балжинням,
Улсын яллагч Ч.Мядагбадам,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Золзаяа,
Шүүгдэгч Б.Даваацогт нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Боржигон овогт Баярцэцэгийн Даваацогтод холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2318003110028 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, , 1990 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хот Баянгол дүүрэгт төрсөн, 34 настай, эрэгтэй, боловсрол, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг /гутал засварчин, барилгын ажил хийдэг/, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар баг, Малчины 43 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ***** /РД:/,
Холбогдсон хэргийн талаар:
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Б.Даваацогтод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Даваацогт нь 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 13 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар баг, Малчины 43 тоотод буюу гэртээ том охин Б.Мөнхшүртэй маргалдаж улмаар савтай бензин гэрийн үүд хэсэг рүүгээ шидсэний улмаас Б.Мөнхжаргалын биед бензин цацагдаж, улмаар гал авалцаж биеийн 45-50 хувь нь түлэгдэж, эмнэлэгт эмчлэгдэж байгаад амь нас нь хохирсон болох нь:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Бат-Аюушийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Тухайн өдөр Даваацогт, том охин Мөнхшүр, нас барсан хүүхэд Мөнхжаргал болон миний бие гэртээ байж байхад 13 цаг өнгөрөөд охин хичээлдээ явах гэж байхад Даваацогт нь өнөөдөр гэрээ янзална, өвлийн бэлтгэл хийх ёстой, битгий яв, маргааш яв, ажилд туслах хэрэгтэй байна гэж хэлэхэд Мөнхшүр нь явна гээд тэр хоёр бага зэрэг муудалцсан ба Даваацогт нь уурлаад гэрийн баруун талд байх орны ойр орчмоос нэг савтай зүйлийг аваад гэрийн үүд рүү шидэхэд тухайн савнаас шингэн зүйл асгараад гэрийн үүд хэсгээр цацагдсан. Ингээд зуухны ойр тоглож байсан Мөнхжаргалын биен дээр туссан юм шиг байсан ба гэнэт гал гараад Мөнхжаргалын толгой хэсгээс шатахаар нь би курткаараа дараад унтраасан юм. Ингээд эмнэлэг дуудаад Мөнхжаргал бид хоёрыг аваад явсан. Манай гэр бүл 12, 04 насны хоёр эрэгтэй хүүхэдтэй ба талийгаачтай нийлээд 3 эрэгтэй хүүхэдтэй байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13-18/,
Насанд хүрээгүй гэрч Б.Мөнхшүрийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Тухайн өдөр би аавтай хамт гэрээ янзлаад байж байгаад хичээлдээ явах гээд 12 цаг өнгөрч байхад би хувцсаа солиод гэрээсээ гарах гэж байсан юм. Энэ үед аав “өнөөдөр хичээлээсээ чөлөө авчих, гэрт хийх юм их байна” гэхээр нь би “хичээлдээ явна” гэхэд аав явуулахгүй гээд бид хоёр бага зэрэг маргалдсан ба би гэрт байх хөргөгчийн ойр зогсож байхад аав орон дээр сууж байгаад орны тэнд байх савтай зүйлийг хөргөгч рүү шидэхэд гэнэт гал гарсан, мөн манай дүүгийн толгой хэсэг шатаж байхыг би харсан ба аав савтай ус цацаад галыг унтраасан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22/,
Гэрч Ч.Даваадоржийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Бат-Аюушийн Мөнхжаргал нь 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 15 цаг 30 минутын орчим яаралтай түргэн тусламжаар түлэгдсэн байдалтай ирсэн. Уг хүүхэд нүүр, цээж 2 гарын сарвуу, шуу, бугалга, шилэн хүзүүндээ түлэгдсэн ирсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36/,
Гэрч Ц.Бямбадоржийн мөрдөн шалгах ажииллагааны явцад өгсөн: “...Өнөөдөр манай эгч Лхагвасүрэн над руу залгаад Давкагийн гэр нь шатчихсан юм биш үү, чи нэг очоод шалгаадахдаа гэж хэлсний дагуу би 14 цаг өнгөрч байхад гэрийнх нь гадаа очиход хүүхдүүд нь гэрийнхээ гадаа байж байхаар нь би хүүхдүүдээс нь асуухад том охин нь аав гэрээ янзална, намайг гэрээс гаргахгүй гээд уурлаж байгаад савтай шингэн зүйлийг авч хаях гээд үүд рүү шидэхэд гэрийн үүд хэсэг болон Мөнхжаргалын бие дээр шингэн зүйл цацагдаад гал авчихлаа гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 3068 дугаартай: “... Талийгаачийн цогцост нүүр, толгойн оройн хэсгийн хуйх, зүүн бугалга, шуу, сарвуу, цээжний зүүн хэсэг, баруун бугуйн үе, сарвуу хэсгээр тармал түлэгдсэн шарх, биеийн нийт гадаргын 45-50 хувийг хамарсан III А, Б зэргийн түлэгдэлт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь өндөр хэмийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Талийгаач нь АВ /IV/ дүгээр бүлгийн цустай байна. Талийгаачийн цусанд спиртийн агууламж илрээгүй байна. Талийгаач нь нүүр, толгойн орой хэсгийн хуйх, зүүн бугалга, шуу, сарвуу, цээжний зүүн хэсэг, баруун бугуйн үе, сарвуу хэсгээр тармал түлэгдсэн шарх, биеийн нийт гадаргын 45-50 хувийг хамарсан III А, Б зэргийн түлэгдэлтээр нас баржээ” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 49-60/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 04-12/,
Яллагдагч Б.Даваацогтын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Тухайн өдөр би гэрээ янзлаад өвлийн бэлтгэлээ хийгээд байж байсан ба гэрт хийх юм их байсан учир том охин Мөнхшүрийг туслахыг гуйхад Мөнхшүр нь сургууль руугаа явна гэхээр нь би түүнд хандаад чи ямар хүүхдүүдтэй найзлаад яваад байгаа юм бэ гээд бид хоёр муудалцсан ба би орон дээр сууж байхдаа орны хажуу талд байх хуванцар савтай зүйлийг Мөнхшүрийн зогсож байсан хэсэг болох хөргөгч хэсэг рүү шидсэн. Ингээд гэнэт гал гарсан ба би савтай ус цацаад унтраасан. Ингээд манай бага хүүхэд болох Мөнхжаргалын толгой, нүүр, гар хэсэг түлэгдсэн байсан ба түргэн тусламж дуудаад эмнэлэг явсан. Үүний дараа цагдаа нар ирсэн. Би зун болохоор өвс хаддаг ба бензинийг өвсний хадууртаа хийж ажиллуулдаг. Тухайн бензинийг зориулалтын саванд гуйж байгаад бензин колонкоос авсан байсан. Анх үүдний амбаарт байсан ба 250 орчим миллиграммтай байсан. Гэр болон үүдний амбаар хэсгийг янзалж байхдаа оруулаад тавьсан юм байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39-40, 68/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалтай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно.
Шүүгдэгч Б.Даваацогт нь шидэж буй зүйл нь бензин, бензин шидсэний улмаас гал түймэр гарч болохыг мэдэх боломжтой атлаа хэт хайхрамжгүй хандсаны улмаас хүний амь нас хохирсон болох нь хангалттай нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч Б.Даваадоржийн үйлдэл хүнийг санаатай алах гэмт хэргийн шинжгүй байна.
Иймд шүүгдэгч Б.Даваацогтыг болгоомжгүй үйлдлийн улмаас хүний амь насыг хохироосон; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч нь “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” хөнгөрүүлэх нөхцөл байдал, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, шүүгдэгч нь энэ хэргийн улмаас өөрөө ч нөхөж баршгүй хохирол хүлээсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5, 3.3 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож хорих ял оногдуулахыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Бат-Аюуш нь шүүх хуарлдаанд “нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй” гэж мэдүүлсэн, нэхэмжлэл гаргаагүй тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, иргэний нэхэмжлэл гаргаагүй, шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Даваацогтод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Боржигон овогт Баярцэцэгийн Даваацогтыг болгооомжгүй үйлдлийн улмаас хүний амь насыг хохироосон; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан, Б.Даваацогтод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хорих заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5, 3.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Даваацогтод тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг сануулж, шийтгэх тогтоол биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4.Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, иргэний нэхэмжлэл гаргаагүй, шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Даваацогтод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД