| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хүрэлчөдөрийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 153/2020/00843/И |
| Дугаар | 153/ШШ2021/00023 |
| Огноо | 2021-01-12 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 153/ШШ2021/00023
| 2021 оны 01 сарын 12 өдөр | Дугаар 153/ШШ2021/00023 | Жаргалант сум |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал, нэхэмжлэгч Капитал банк ******* дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй, Б.Д*******ид холбогдох 6,088,432.37 /зургаан сая наян найман мянга дөрвөн зуун гучин хоёр төгрөг гучин долоон мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 153/2020/00843/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Капитал банк ******* дахь банкны эрх хүлээн авагч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.Д******* нь Капитал банктай 2014 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр №391 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 8,000,000.00 /Найман сая/ төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэйгээр, 2017 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл хугацаатайгаар цалингийн зээл авсан. Капитал банк 2014 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Б.Д*******ийн ******* дугаартай харилцах данс руу 8,000,000.00 төгрөгийг шилжүүлж, зээлийн гэрээний үүргээ биелүүлсэн. Барьцаа хөрөнгө нь цалингийн орлого юм.
Зээлдэгч нь гэрээний хугацаанд үндсэн зээлээс 6,506,464.10 төгрөг, зээлийн хүүнд 2,130,548.91 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 10,676.11 төгрөг, нийт 8,647,689.12 төгрөгийг төлсөн.
Зээлдэгч Б.Д******* нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тул Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалт, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дугаар зүйлд Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж заасныг үндэслэн Монгол банкнаас батлагдсан Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам-ын дагуу гэрээний хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцоолон бодож, дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Зээлийн №391 тоот гэрээний дагуу 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаар төлөгдөөгүй үнийн дүн үндсэн зээлийн үлдэгдэл 1,493,535.90 төгрөг, үндсэн хүүний үлдэгдэл 3,912,991.65 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 651,904.82 төгрөг, нотариатын хөлс 30,000.00 төгрөг, нийт зээлийн гэрээний үүрэгт 6,088,432.37 (Зургаан сая наян найман мянга дөрвөн зуун гучин хоёр төгрөг 37 мөнгө) төгрөгийг Баянбүргээгийн Д*******оос гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Д******* нь тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Миний бие нь 2014 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр ЗГ№391 зээлийн гэрээ байгуулж 8 сая төгрөгийн цалингийн зээл авсан. 2017 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр зээлийн гэрээ дуусч байсан. ...Капитал банк ******* дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжилсэн 6,088,432.37 төгрөгийг бүрэн төлж барагдуулна.... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Капитал банк ******* дахь банкны эрх хүлээн авагч нь Б.Д*******ид холбогдуулан 6,088,432.37 /зургаан сая наян найман мянга дөрвөн зуун гучин хоёр төгрөг гучин долоон мянга/ төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Д******* нь нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээлийн үлдэгдэл 1,493,535.90 төгрөг, үндсэн хүүний үлдэгдэл 3,912,991.65 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 651,904.82 төгрөг, нотариатын хөлс 30,000.00 төгрөг, нийт зээлийн гэрээний үүрэгт 6,088,432.37 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч Б.Д*******оос 6,088,432.37 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 112,365 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар тогтов.
Хариуцагч Б.Д******* нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Капитал банк ******* дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй, Б.Д*******ид холбогдох 6,088,432.37 /зургаан сая наян найман мянга дөрвөн зуун гучин хоёр төгрөг гучин долоон мянга/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч Б.Д*******оос улсын тэмдэгтийн хураамж 112,365 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б.Д******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ