Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 142/шш2020/00783

 

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн хаалттай шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.У

Хариуцагч: Б.Х

            Гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.           

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Д, хариуцагч Б.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Одончимэг нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.У шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Б.У би Б.Хтэй 2003 онд танилцаж, 2003 онд тэрээр цэрэгт явж, 2004 онд ирээд манайхаар ирж, очсоор бид дотно харилцаатай болж, 2004 оны 06 дугаар сараас манайд хамтдаа амьдрах болсон.Том охин Х.А 2005 оны 05 дугаар сарын 18-ны өдөр, бага охин Х.А2009 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр тус тус Орхон аймгийн төрөх тасагт төрсөн. Бид гэр бүлийн маргаанаас болж 2012 оноос тусдаа амьдрах болсон. 2016 онд охидуудтайгаа сайхан амьдарна гээд ирэхээр нь 2 охиноо бодож, хамт байсан боловч архи ууж, агсам согтуу тавьж, охидууддаа муу зуршил үзүүлж, намайг зодсон ба удаагүй явсан. Энэ үеэс хойш охидуудтайгаа ч уулзаагүй. 2019 оны 06 дугаар сард эвлэрүүлэн зуучлалд хандахад ухаан орсон юм шиг 08 дугаар сард нь охидууддаа хичээлийн хэрэглэл бэлдэж өгөөрэй гэж 500 000 /таван зуун мянга/ төгрөг шилжүүлсэн. Цаашид Б.Хтэй хамт амьдрахгүй учраас гэрлэлтээ цуцлуулах, 2005 оны 05 дугаар сарын 18-ны өдөр төрсөн том охин Х.А, 2009 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн бага охин Х.Анарыг өөрийн асрамжинд үлдээж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор эвлэрүүлэн зуучлалд дахин хандаад Б.Х нь “... Гэр бүл цуцлахыг хүлээн зөвшөөрч байна...” гэсэн тул гэрлэлтээ цуцлуулж, хүүхдүүдийн асрамж, тэтгэлгийг асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэхээр тус шүүхэд хандаж байна. Шүүхэд дараах шаардлагыг гаргаж байна Үүнд:

 1.Бид цаашдаа хамт амьдрахгүй. Тусдаа бараг 8 жил гаруй хугацаанд амьдарч байна. Эвлэрүүлэн зуучлалаар орж, Б.Х нь гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрсөн учир Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасны дагуу гэрлэлтээ цуцлуулах,

2.Тусдаа амьдарсан 2012 оноос л охид минь миний асрамжинд байгаа. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүээр зүйлийн 14.6-д заасны дагуу охидыг минь эх Б.У миний асрамжинд үлдээж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар эцэг Б.Хгээс хүүхдийн тэтгэлэг гаргуулах, бидний дунд гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгө гэж байхгүй, энэ талаар маргаангүй гэв.

Хариуцагч Б.Х шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Бадарч овогтой Хишигсүрэн миний бие нь гэр бүлийн маргаанаас болж тусдаа амьдарч байхад эхнэрийн төрсөн ах болох Атараа нь удаа дараа ирж агсам, согтуу тавьж, намайг зодож цохин доромжлохоор нь харилцан зодолдож ах Атараа тархиндаа гэмтэл авч тэрний улмаас би 3 жил 6 сараар шоронд ял эдлэхээр болж явахад эхнэр бид хоёрт байсан хөрөнгө 0.7 га газар буюу хашаа 9х8 харьцаатай дутуу барьсан блокон байшин мөн тэр хашаанд 5 ханатай гэр, 1 суудлын жижиг тэрэг, 0.7 га газар буюу хашаа дотор Дамба-Очирын байшинтай үлдээгээд хорих ял эдлээд 3 жил 6 сарын дараа гарч ирэхэд эхнэр хүүхдүүдтэйгээ амьдрахаар очтол орох оронгүй болсон тул би ажил хийж дахин 8 ханатай гэр авч хашаандаа барьж амьдралаа эхлүүлсэн. Төд удалгүй хадмынхан удаа дараа ирж агсам согтуу тавьж, хэл амаар доромжилж хамт амьдрахын эцэсгүй болсон учраас бид хоёр салахад хүрсэн. Хэдий би салсан ч 2 охиндоо урьд хичээл эхлэхэд сургуулийн хэрэгслийг нь бэлдэж, тэмдэглэлт баяр, төрсөн өдрөөр нь боломж бололцоогоороо мөнгө болон утас авч өгч байсан. Заримдаа мөнгөө дансаар явуулдаг байсан. Гүйлгээний утган дээр нь ааваас нь гэж  хийдэг байсан. Голдуу бэлнээр нь аваачиж өгдөг байсан. Миний бие ял эдэлсний улмаас болж ажил олддоггүй хэцүү байдаг. Энд тэнд олдсон хар ажил хийж олсон мөнгөө боломжоороо 2 охиндоо явуулдаг байсан. Одоо ч боломжоороо тэтгэмж өгөх болно гэв.

Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.У нь хариуцагч Б.Хд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдүүдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч Б.Х нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч байх тул шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

            Зохигчид 2003 онд танилцаж, хамтран амьдарч 2005 оны 06 дугаар сарын 14-ний өдөр гэрлэлтээ эрх бүхий байгууллагад бүртгүүлэн 261 дугаартай гэрчилгээ авсан бөгөөд гэрлэгсдийн дундаас охин Хишигсүрэнгийн Анужин нь 2005 оны 05 дугаар сарын 18-ний өдөр, охин Хишигсүрэнгийн Ану-Үжин 2009 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн болох нь зохигчдын тайлбар мэдүүлэг, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн Засаг даргын тодорхойлолт, хүүхдүүд эрүүл бойжиж байгаа талаар Учралт баяр өрхийн эрүүл мэндийн төвийн эмч Б.Мөнхцэцэгийн тодорхойлолт, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Ерөнхий боловсролын 14 дүгээр сургуулийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Х.А, Х.Анарын суралцаж байгаа талаарх тус сургуулийн сургалтын менежер С.Эрдэнэтогтохын тодорхойлолт, гэрлэгсдийн Г-261 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, охин Х.Агийн 268 дугаартай төрсний гэрчилгээ, Х.Ану-Үжингийн Г-1750 дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тус тус нотлогдож байна.

            Гэрлэгчид хамтран амьдрах хугацаандаа хоорондын үл ойлголцлоос маргаантай амьдарч байсан бөгөөд тэд тусдаа амьдраад 8 жил болсон, хэн аль нь гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй, шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмын дагуу тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаас хуулийн дагуу зохих ажиллагаа явагдсан боловч амжилтгүй болсон зэргийг харгалзан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, эвлэрүүлэх хугацаа олголгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж дүгнэв.

            Охид Х.А, Х.Анар нь төрсөн цагаасаа эхийн хамт амьдарч байсан бөгөөд бага насны хүүхдэд тавих анхаарал халамж, хүүхдийн шүүхэд гаргасан санал, хүүхдийн асрамж дээр талууд маргахгүй байгаа байдал зэргийг харгалзан охин Х.А, Х.Анарыг эх Б.Угийн асрамжинд үлдээхээр шийдвэрлэв.

            Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д “Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй. Эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг зохигчдод даалгаж, гэрлэгчид эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг шүүхийн шийдвэрт дурдав.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж заасан байх бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасны дагуу эцэг Б.Хгээс хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан охид Х.А, Х.Анарыг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд заасны дагуу нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 74 750 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Хгээс 74 750 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Уд, тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлгээс нэг жилийн хугацаанд төлөх хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг тооцон нэхэмжлэгчид олгосон 4 550 төгрөгийг хасч, 84 166 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулахаар заалаа

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Б.У, Б.Х нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2005 оны 05 дугаар сарын 18-ны өдөр төрсөн охин Х.А, 2009 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн охин Х.А нарыг эх Б.Угийн асрамжинд үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар охин Х.А, Х.Анарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар,11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээ /100 хувь/-гээр сар бүр эцэг Б.Хгээс тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч эцэг, эх үр хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдлэж, адил үүрэг хүлээхийг, энэ үүргээ биелүүлэхэд нь бие биедээ саад учруулахгүй байхыг зохигчидод даалгасугай.

5. Гэрлэгчид эд хөрөнгийн маргаангүй гэсэн болохыг шүүхийн шийдвэрт дурдсугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болмогц шийдвэрийн хувийг Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Ж.Халиунаад даалгасугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 74 750  төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Хгээс 74 750 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Уд, 84 166 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулсугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

           

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Л.АРИУНЦЭЦЭГ