Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 2020/ДШМ/05

 

М.Б-д холбогдох 

эрүүгийн хэргийн талаар

 

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч О.Баатарсүх  даргалж, шүүгч С.Оюунтунгалаг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийв.

 

Шүүх хуралдаанд:

        прокурор Э.Хосбаяр

        шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгч Т.Хүдэр

        нарийн бичгийн дарга Ц.Алтансүх нар оролцов.                       

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 55 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэрийн давж заалдах гомдлоор тус аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч М.Б-д холбогдох эрүүгийн 1930004790303 дугаартай хэргийг давж заалдах шатны шүүх 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр шүүгч О.Баатарсүхийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Дарьганга суманд 19.. онд төрсөн, .. настай, эрэгтэй, боловсролгүй, малчин, ам бүл .., эхнэр, хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 2 дугаар баг “Д” гэх газар оршин суух,  улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, М.Б /РД:............/.

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч М.Б нь өөрийн эзэмшлийн Даюунг маркийн мотоциклийг ашиглан Дарьганга сумын нутгаас 2019 оны 01 дүгээр сарын эхээр иргэн Ч.Т-ын гүүг хулгайлж 1200000 төгрөгийн, 2019 оны 06 дугаар сард иргэн Б.Х-ын үрээг хулгайлж 800000 төгрөгийн,  иргэн С.Б-н соёолон азаргыг хулгайлж 5000000 төгрөгийн, иргэн У.Г-ийн 4 адууг хулгайлж 4800000 төгрөгийн тус тус хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугар нь шүүгдэгч М.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Тус аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 55 дугаар шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч М.Б-г мал хулгайлах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-г 1 /нэг/ жил 3/ гурван/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.Б-д оногдуулсан нэг жил гурван сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-гээс гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан түүний эзэмшлийн 800.000 төгрөгийн үнэтэй, улсын дугааргүй Даюун загварын улаан өнгийн мотоциклийг хурааж улсын орлогод оруулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-гээс 3.800.000 төгрөг гаргуулж энэ хэргийн хохирогч Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 2 дугаар багийн иргэн С.Б-д олгож, шүүгдэгч М.Б-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, шүүгдэгч М.Б энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд хөрөнгөгүй, иргэний хувийн бичиг баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй бөгөөд хохирогч Ч.Т-ын 1.200.000 төгрөг, У.Г-ийн 4.800.000 төгрөгийн, С.Б-н 1.200.000 төгрөгийн хохирол тус тус нөхөн төлөгдсөн,  хохирогч Б.Х, У.Г нар нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б-н өмгөөлөгч Т.Хүдэр давж заалдах гомдолдоо: М.Б нь мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн шатанд 7 тооны адууг хууль бусаар авч, мал хулгайлах гэмт хэрэг үйлдэн зарж борлуулсан гэдгээ тодорхой мэдүүлж, хохирогч Ч.Т, Б.Х, У.Г нарын хохирлыг нөхөн төлж, хохирогч Б-н нэг адууны үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй маргадаг боловч, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа ойлгож шүүх хуралдааны явцад шүүхээс тогтоосон хохирогчийн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байдаг. М.Б-гийн үйлдсэн хэрэг нь гэмт хэргийн ангиллын хувьд хөнгөн гэмт хэрэг юм. Анхан шатны шүүхээс М.Б-г Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцон ял оногдуулахдаа хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн. Түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулийн зохицуулалтыг хэрэглэх бүрэн боломжтой байсан гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Анх удаа гэмт хэрэгт холбогдож байгаа, хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж болно гэж заасан байдаг. Энэ хэрэгт холбогдсоноос хойш өөртөө дүгнэлт хийж байгаа, анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, гэм буруудаа маш их гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэжээ.

 

Прокурор дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Тус шүүхийн эрх хэмжээний хүрээнд шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэрийн давж заалдах гомдлоор шүүгдэгч М.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй гарсан эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан тогтоохын зэрэгцээ түүнд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

          Шүүгдэгч М.Б нь өөрийн эзэмшлийн улсын дугааргүй “Даюунг” маркийн улаан өнгийн мотоциклыг ашиглан Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутгаас 2019 оны 01 дүгээр сарын эхээр иргэн Ч.Т-ын гүүг хулгайлж 1200000 төгрөгийн, 2019 оны 06 дугаар сард иргэн Б.Х-ын үрээг хулгайлж 800000 төгрөгийн,  иргэн С.Б-н соёолон азаргыг хулгайлж 5000000 төгрөгийн, иргэн У.Г-ийн 4 адууг хулгайлж 4800000 төгрөгийн тус тус хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Ч.Т, Б.Х, С.Б, У.Г, гэрч Ч.М, Б.Э, Х.Г, Э.З, Г.С, Э.Г, Ц.Б, Ч.Т нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

          Шүүгдэгч М.Б-гийн 3 удаагийн үйлдэлд хууль зүйн дүгнэлт хийхэд шунахайн сэдэлтээр,  бусдын бэлчээрт байсан малыг машин механизм ашиглан,  хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, бүр мөсөн үнэ төлбөргүй, хууль бусаар авч, өөрийн захиран зарцуулах өмчийн адил бусдад зарж борлуулсан шууд санаатай үйлдэл байна.

          Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчсөн буюу хууль бусаар хязгаарласан ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Тус аймгийн прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч М.Б-гийн гэм бурууг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн мал хулгайлах гэмт хэргийн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан, шүүхээс түүнд оногдуулсан хорих ял нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

 

Шүүгдэгч М.Б нь хөнгөн гэмт хэрэг үйлдэж, гэм буруугаа  хүлээн зөвшөөрсөн хэдий ч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  “гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн төлөх эсхүл түүнийг бодит байдлаар нөхөн төлөхөө илэрхийлэх”  шаардлагыг хангаагүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэрийн “хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж өгөх”-ийг хүссэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад шүүгдэгчийн эцгийг “М” гэж ташаарч бичсэнийг зөвтгөхөөр тогтов.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:  

Нэг. Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэрийн давж заалдах гомдлыг  хэрэгсэхгүй болгож, Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 55 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “шүүгдэгч М.Б-г” гэснийг  “шүүгдэгч М.Б-г” гэж өөрчилсүгэй.

 

Хоёр: Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

Гурав. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.Б-гийн шийтгэх тогтоол гарснаас хойшхи цагдан хоригдсон 62 /жаран хоёр/  хоногийг хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

Дөрөв. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч,  тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          О.БААТАРСҮХ

 

                            ШҮҮГЧИД                                С.ОЮУНТУНГАЛАГ   

 

                                                                                    Д.БАЙГАЛМАА