| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бухарзадагийн Володя |
| Хэргийн индекс | 172/2024/0023/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/27 |
| Огноо | 2024-03-01 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Б.Мөнхдөл |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 01 өдөр
Дугаар 2024/ШЦТ/27
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,
Улсын яллагч Б.Мөнхдөл,
Шүүгдэгч О.Н,
Өмгөөлөгч Б.Балжидмаа,
Нарийн бичгийн дарга А.Золзаяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Өмнөговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овгийн О-ын Н-д холбогдох 2428000000006 тоот эрүүгийн хэргийг 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч О.Н нь 2023 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 10 дугаар багт байрлах Гурвансайхан нисэх буудлын хяналтын өрөөнд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан 43,2 грамм цэвэр жинтэй дельта-9 тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydrocannabinol/-ын агууламжтай “Өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ болон гар тээшиндээ хадгалсан, олж авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч О.Н-г яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч О.Н шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг тайлбараа өгсөн байгаа. Нэмж хэлэх зүйл байхгүй гэв.
Гэрч Б.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Н-тай утсаар ярьж байхад Н өөрөө надад мансууруулах, сэтгэцэд нөлөөт ургамал биедээ авч явж байгаад баригдсан гэж хэлсэн... Н гэх найз маань одоо Оюу толгойд хамт ажиллаж байгаа, Өмнөговь аймагт нэг үед сурч байсан гэх дээр дурдагдсан О.Н гэх залуу байгаа юм. Бид хоёр одоо харилцаа холбоо багатай хаад энэ тэнд таардаг.” /хавтаст хэргийн 48-51 дэх тал/
Гэрч Б.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Өмнөговь аймгийн Даланзадгад сумын ... дугаар сургуулийг төгсөөд Хүмүүнлэгийн ухааны сургуульд сурч төгссөн. Их сургуулиа төгсөөд миний хүү аялал жуулчлалын компанид ажиллаж байгаад Өмнөговь аймагт ирсэн. Өмнөговь аймагт ирээд Оюу толгойд ажилд орсон. Миний хүү тусархуу, төлөв даруу, зөөлөн сэтгэлтэй хүүхэд. Сэтгэлзүйн хувьд бол ширүүн түргэн ааш байхгүй, аливаа юманд хүлээцтэй зантай.” /хавтаст хэргийн 46-47 дахь тал/
Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтэд: “...О.Н-тай харилцахад чөлөөтэй ярьж байх бөгөөд ...20 төгрөгийн дэвсгэртийг хуульсан байдалтай байх ба цааш үргэлжлүүлэн үзлэгийг хийхэд ...captian black гэх бичиглэлтэй улаан өнгийн дугтуйтай тамхи мэт өвс /14,06 грамм/ гарч ирэн эд зүйлсийг гэрэл зургаар бэхжүүлэн авав...” /хавтаст хэргийн 12-16 дахь тал/
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтэд: “...Үзлэгээр хар өнгийн оймсон дотроос гарч ирсэн цэнхэр өнгийн гялгар ууттай Өвс мэт ургамал /24.86 грамм/, цагаан өнгийн оймс дотроос гарч ирсэн цэнхэр өнгийн гялгар ууттай өвс мэт ургамал /23.66 грамм/, өнгөгүй гялгар ууттай өвс мэт ургамал /19.49 грамм/, өнгөгүй гялгар ууттай цагаан өнгийн цаасанд боосон бор шаргал өнгийн нунтаг бодис /7.11 грамм/, cernilton гэх бичиглэлтэй цагаан өнгийн савтай ногоон өнгийн шахмал бодис 33 ширхэг /31.16 грамм/, цагаан зандан утлага гэх бичиглэлтэй нунтаг бодис /4.81 грамм/-г хураан авч гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав...” /хавтаст хэргийн 17-23 дахь тал/
Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтэд: “...О.Н фейсбүүк хаягийн чат мессеж цэс рүү ороход ямар нэгэн паспорт нэхэлгүй шууд нэвтэрч байв. О.Н Фейсбүүк хаягийн чат мессеж хаяг руу орж үзлэг хийхэд И.Х, Н.М, Н.Ам, Б.Н, Tso Beats, Э.Б гэсэн хаягаас бацаан, могой, бор юм, атаман, төмсөг, цай, гого, жижи гэх нэршилтэй эд зүйлсийн талаар асуусан зурвасууд бичигдсэн байв. Уг бичигдсэн зурвасуудыг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авч тэмдэглэлд хавсаргав...” /хавтаст хэргийн 24-28 дахь тал/
Хүний биеэс биологийн дээж авч мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашиглах тухай 2023 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтэд: “Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг тестээр шалгах ажиллагаагаар оролцогч О.Н-д тестийн хугацаа нь дууссан эсэх, сав, баглаа, боодлын бүрэн бүтэн байдлыг харуулан шалгах үйл явцыг гэрэл зургаар бэхжүүлэн шалгах тестийн талаар тайлбарлан тестийн саванд шээлгэхэд үр дүн нь “ТНС” төрлийн мансууруулах бодис хэрэглэсэн байх бөгөөд "С" тэмдэглэгээний дагуу 1 зураас тодорсон. Харин бусад төрлийн бодис хэрэглээгүй байх ба гэрэл зургийн аргаар бэхжүүлэн тэмдэглэлд хавсаргав.” /хавтаст хэргийн 32-34 дэх тал/
Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 229 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “1. Шинжилгээнд ирүүлсэн “Өмнөговь аймгийн Цогтцэций дугаар 005015” гэж хаягласан саарал өнгийн гялгар уутанд 1 гэж дугаарласан гялгар ууттай ургамал мэт зүйл, 2 гэж дугаарласан гялгар ууттай ургамал мэт зүйл, 3 гэж дугаарласан гялгар ууттай ургамал мэт зүйл, 4 гэж дугаарласан бор шаргал өнгийн нунтаг зүйл, 5 гэж дугаарласан хуванцар савтай ногоон өнгийн эм мэт зүйлс, 6 гэж дугаарласан гялгар ууттай шаргал өнгийн нунтаг зүйл, 7 гэж дугаарласан гялгар ууттай бор өнгийн эм мэт зүйл, 8 гэж дугаарласан гялгар ууттай бор өнгийн нунтаг зүйл, 9 гэж дугаарласан гялгар ууттай 20 төгрөгийн мөнгөн дэвсгэрт нь шинжилгээнд тэнцэнэ. 2. “1” гэж дугаарласан ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 31,2 грамм, цэвэр жин нь 22,0 грамм болов. “2” гэж дугаарласан ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 29,4 грамм, цэвэр жин нь 21,2 грамм болов. “3” гэж дугаарласан ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 25,6 грамм, цэвэр жин нь 18,4 грамм болов. “4” гэж дугаарласан бор шаргал өнгийн нунтаг зүйлийн гялгар ууттай жин нь 12,6 грамм, цэвэр жин нь 1,1 грамм болов. “5” гэж дугаарласан ногоон өнгийн эм мэт зүйлийн хуванцар савтай жин нь 32,4 грамм, цэвэр жин нь 10,5 грамм болов. “6” гэж дугаарласан шаргал өнгийн нунтаг зүйлийн гялгар ууттай жин нь 9,7 грамм, цэвэр жин нь 1,2 грамм болов. “7” гэж дугаарласан бор өнгийн эм мэт зүйлийн гялгар ууттай жин нь 12,6 грамм, цэвэр жин нь 9,6 грамм болов. “8” гэж дугаарласан бор өнгийн нунтаг зүйлийн гялгар ууттай жин нь 17,5 грамм, цэвэр жин нь 4,7 грамм болов. 3.4. Шинжилгээнд 1 гэж дугаарласан ургамал мэт зүйл, 2 гэж дугаарласан ургамал мэт зүйл, 9 гэж дугаарласан AN4613619 гэсэн дугаартай 20 төгрөгийн мөнгөн дэвсгэрт тус бүрээс дельта-9 тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydrocannabinol/ илэрч байна. З гэж дугаарласан ургамал мэт зүйл, 4 гэж дугаарласан бор шаргал өнгийн нунтаг зүйл, 5 гэж дугаарласан ногоон өнгийн эм мэт зүйлс, 6 гэж дугаарласан шаргал өнгийн нунтаг зүйл, 7 гэж дугаарласан бор өнгийн эм мэт зүйл, 8 гэж дугаарласан бор өнгийн нунтаг зүйл тус бүрээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй. Дельта-9 тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтдаг болно.” /хавтаст хэргийн 69-75 дахь тал/
Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 228 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Шинжилгээнд ирүүлсэн “О.Н 2023.12.10” гэж хаягласан шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “О.Н 2023.12.10” гэж хаягласан шээсний дээжээс Тетрагидроканнабинол /Tetrahydrocannabinol/ илэрсэн. Тетрагидроканнабинол /Tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодис”-ын тухай конвенцийн II жагсаалтад хамаарна.” /хавтаст хэргийн 61-63 дахь тал/
Өмнөговь аймгийн Бүсийн эрүүл мэндийн төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 2/24 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “О.Н нь сэтгэл, мэдрэл, Эрүүл мэндийн хувьд эрүүл болно. О.Н нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. О.Н нь сэтгэцийн хувьд эрүүл тул цаашид ямар нэг эмчилгээнд хамрагдах шаардлагагүй. О.Н сэтгэл зүйн хувьд одоогоор тогтвортой байна. Сэтгэл зүйн хохирлыг одоогоор тогтоох шаардлагагүй байгаа бөгөөд сэтгэл зүйн хохирол учирсан бол эмчилгээ, үйлчилгээ шаардлагатай байдаг. Сэтгэл зүйн эмчилгээ одоогийн байдлаар шаардлагагүй байна. О.Н-д мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис донтсон шинж тэмдэг одоогоор илрээгүй байна.” /хавтаст хэргийн 81-83 дахь тал/
Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 32, 33 дугаартай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 35-40 дэх тал/
Сэжигтнийг баривчилсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 30-31 дэх тал/
Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 107-110 дахь тал/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 117 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд О.Н-д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
Гэм буруугийн талаар.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч О.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, олж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай, шүүгдэгчийн өмгөөлөгч нь хэргийн зүйлчлэлтэй маргахгүй, гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учраас гэм буруугийн дүгнэлттэй холбоотой тайлбар байхгүй гэх дүгнэлтийг тус тус гаргасан ба шүүгдэгчийн хувьд тухайн хэрэгт өөрийн хөнгөн хуумгай, сониуч зангаасаа болж холбогдсон, шалгагдаж эхэлсэн цагаасаа маш их зүйлийг ойлгож ухаарсан, гэм буруугийн талаар маргахгүй, өөрийн дотнын хүмүүсээ маш их гомдоосон, дахин ийм төрлийн гэмт хэрэгт холбогдохгүй гэдгээ амлаж байна гэх тайлбарыг тус тус гаргав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын гаргасан дүгнэлт, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч О.Н нь 2023 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 10 дугаар багт байрлах Гурвансайхан нисэх буудлын хяналтын өрөөнд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан 43,2 грамм цэвэр жинтэй дельта-9 тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydrocannabinol/-ын агууламжтай “Өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ болон гар тээшиндээ хадгалсан, олж авсан нөхцөл байдал тогтоогдож байна.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж үзэхэд шүүхийн хэлэлцүүлэгт дурдагдсан дээрх үйл баримт нь гэрч Б.Н-гийн мэдүүлэг /хавтаст хэргийн 48-51 дэх тал/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 12-16 дахь тал/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 17-23 дахь тал/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 24-28 дахь тал/, хүний биеэс биологийн дээж авч мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашиглах тухай 2023 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 32-34 дэх тал/, Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 229 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 69-75 дахь тал/, Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 228 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 61-63 дахь тал/, Өмнөговь аймгийн Бүсийн эрүүл мэндийн төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 2/24 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 81-83 дахь тал/, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 32, 33 дугаартай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 35-40 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар, гэрчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэлээ.
Шинжээчийн дүгнэлтүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, шүүгдэгч О.Н-гийн биед болон гар тээшинд үзлэг хийх явцад хураагдсан эд зүйлүүдээс “1”, “2” гэж дугаарласан ургамал мэт зүйл, “9” гэж дугаарласан AN4613619 дугаартай 20 төгрөгийн мөнгөн дэвсгэрт тус бүрээс дельта-9 тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydrocannabinol/ илэрсэн болохыг шинжээч тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд тал бүрээс нь бүрэн, бодитой тогтоосон байх тул шүүх уг дүгнэлтүүдийг үнэн зөвд тооцож, шийдвэрийн үндэслэл болголоо.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг нь нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг ихтэй, энэ төрлийн бодис нь олон нийтийн эрүүл мэндэд болон нийгэмд хортой үр дагавартай учир тухайн төрлийн бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, худалдах, бусдад өгөх, түгээх, тарьж ургуулах, боловсруулж бэлтгэхэд чиглэсэн аливаа үйл ажиллагаа, уг төрлийн бодисын үндэстэн дамнасан хууль бус аливаа эргэлтийг хориглож, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн төрөлд хамааруулж үндэсний хууль тогтоомж болон Олон улсын гэрээ, конвенцэд заасан.
“Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис” гэж донтуулах болон сэтгэцэд бусад хүчтэй нөлөөлөл үзүүлдэг, Мансууруулах эмийн тухай 1961 оны НҮБ-ын конвенц, Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай 1971 оны НҮБ-ын конвенцийн жагсаалтад заасан, хууль тогтоомжийн дагуу Монгол Улсад хяналтад байлгавал зохих эм, байгалийн болон нийлэгжүүлсэн бэлдмэлийг ойлгохоор байна.
Иймээс энэ төрлийн эм, бэлдмэл, бодисыг хууль ёсны буюу зөвхөн зохих байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр нийлүүлэх, онцгой тохиолдолд хувь хүмүүст эмнэлгийн зорилгоор хэрэглэхэд зориулж эмчийн жороор, эрүүл мэндийг хариуцдаг эрх бүхий байгууллагаас томилсон тусгай зөвшөөрөл бүхий зөвхөн эмийн сан, эмнэлгийн байгууллагаар дамжуулан олж авахаас бусад хууль бус аргаар өөрийн эзэмшилд авсныг “хууль бусаар олж авсан” гэж,
Түүнчлэн сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон бөгөөд зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур санаатайгаар орон байраас эхлэн тусгай зориулалтын байр, агуулах сав, өөрийн бие, эд зүйл, цүнх сав, тээврийн хэрэгсэл, тусгай бэлтгэсэн нуувч зэрэгт сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис байлгахыг “хууль бусаар хадгалсан” гэж тус тус үзнэ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, олж авсан” гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Шүүгдэгч О.Н нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан, уг бодисыг илрүүлэх хүртэл хууль бусаар хадгалсан өөрийн үйлдлийг хүсэж үйлдсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч О.Н-г хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, олж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлжээ.
Шүүгдэгч О.Н-г хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, олж авсан гэмт хэрэг нь бодит хохирол учирсан байхыг шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй бөгөөд хавтаст хэрэгт мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх болон мөнгөн дүнгээр орлуулах хохирол учраагүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч О.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулах тухай, шүүгдэгчийн өмгөөлөгч хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээг давхар хэрэглэж өгнө үү гэх агуулга бүхий дүгнэлтийг, шүүгдэгчийн хувьд маш их харамсаж тухайн үйлдлийнхээ хор уршгийг бодолгүй хийсэн, шалгагдаж байхдаа их зүйлийг ухаарсан, нэг удаа боломж олговол би алдахгүй хичээнэ, өмгөөлөгчийнхөө саналыг дэмжиж байна гэх тайлбарыг тус тус гаргав.
Шүүгдэгч О.Н нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар цагдаагийн байгууллагын санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож шийдвэрлэлээ. Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгч О.Н-г хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, олж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, өмнө эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодист донтсон шинж тэмдэг илрээгүй гэх шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хувийн байдал, эд мөрийн баримтаар хураагдсан сэтгэцэд нөлөөт бодисын хэр хэмжээ болон гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэхээс гадна нийгэмшүүлэх тухай эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн хоёр төрлийн ялаас зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгож, улмаар түүнд 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв. Иймд улсын яллагчаас шүүгдэгч О.Н-д хорих ял оногдуулахаар гаргасан саналыг шүүх хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.
Шүүгдэгч О.Н нь гэмт хэрэгт холбогдох үед “Оюу толгой” ХХК-д угаагчаар ажиллаж байсан ба уг ажилд үргэлжлүүлэн ажиллах боломжтой гэх түүний тайлбарыг үндэслэн зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрээр тогтоож, уг нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, энэхүү ялын биелэлтэд хяналт тавихыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар, зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор, хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна.” гэж заасны дагуу шүүгдэгч О.Н-гийн сэжигтнээр 2023 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс баривчлагдсан 2 /хоёр/ хоногийг шүүгдэгчийн зорчих эрхийг хязгаарлах ялын хоёр хоногоор тооцож, эдлэх ялаас хасаж тооцох нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Н нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.
Бусад асуудлаар.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цэнхэр өнгийн гялгар ууттай өвс мэт ургамал /24,86 грамм/, цэнхэр өнгийн гялгар ууттай өвс мэт ургамал /23,66 грамм/, өнгөгүй гялгар ууттай өвс мэт ургамал /19,49 грамм/, өнгөгүй гялгар ууттай цагаан өнгийн цаасанд боосон бор шаргал өнгийн нунтаг бодис /7,11 грамм/, Cernilton гэх бичиглэлтэй цагаан өнгийн савтай ногоон өнгийн шахмал бодис 33 ширхэг, /31,16 грамм/, цагаан зандан утлага гэх бичиглэлтэй нунтаг бодис /4,81 грамм/, гялгар ууттай “Вит д” гэх нэршилтэй шахмал бодис 20 ширхэг, /9,24 грамм/, “Captain black” гэх бичиглэлтэй улаан өнгийн дугтуйтай тамхи мэт өвс /14,06 грамм/, 20 төгрөгийн хуульсан байдалтай дэвсгэрт 1 ширхэг зэрэг нь эрүүгийн хэргийн хамт шүүхэд шилжиж ирээгүй, Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа талаар прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад тэмдэглэгдсэн болно.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж буй, дээрх эд зүйлсийг зохих журмын дагуу устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч О.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овгийн О-ын Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, олж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Н-д 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч О.Н-д зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсэнтэй холбогдуулан түүнийг Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, уг ялын биелэлтэд хяналт тавихыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Н-гийн баривчлагдсан 2 /хоёр/ хоногийг шүүгдэгчийн зорчих эрхийг хязгаарлах ялын хоёр хоногоор тооцож, эдлэх ялаас хасаж тооцсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Н нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа цэнхэр өнгийн гялгар ууттай өвс мэт ургамал /24,86 грамм/, цэнхэр өнгийн гялгар ууттай өвс мэт ургамал /23,66 грамм/, өнгөгүй гялгар ууттай өвс мэт ургамал /19,49 грамм/, өнгөгүй гялгар ууттай цагаан өнгийн цаасанд боосон бор шаргал өнгийн нунтаг бодис /7,11 грамм/, Cernilton гэх бичиглэлтэй цагаан өнгийн савтай ногоон өнгийн шахмал бодис 33 ширхэг, /31,16 грамм/, цагаан зандан утлага гэх бичиглэлтэй нунтаг бодис /4,81 грамм/, гялгар ууттай “Вит д” гэх нэршилтэй шахмал бодис 20 ширхэг, /9,24 грамм/, “Captain black” гэх бичиглэлтэй улаан өнгийн дугтуйтай тамхи мэт өвс /14,06 грамм/, 20 төгрөгийн хуульсан байдалтай дэвсгэрт 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгасугай.
7. Шүүгдэгч О.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч О.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ВОЛОДЯ