Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 2024/ШЦТ/38

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа даргалж

         Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Баасанцэрэн

         Улсын яллагч Б.Түвшинтөр

         Шүүгдэгч М.Ж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч М.Жд холбогдох 2416000250049 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ...-ны өдөр төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ... галч ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Говь-Алтай аймгийн ... оршин суух хаягтай, ... регистрийн дугаартай, З овогт  М.Ж.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч М.Ж шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхийг зөвшөөрч мэдүүлэхдээ: Миний бие М овогтой Ж ам бүл тавуулаа ... сумд амьдардаг. Миний бие өөрийн гаргасан зөрчлөө /согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон/ хүлээн зөвшөөрч байна. Энэ байдлыг харгалзан үзнэ үү гэж гуйж байна. 2022 оны намар эрхээ хасуулж байсан гэв.

 

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: ...Эрүүгийн хууль өөрөө 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсгийг тайлбарласан байдаг. Үүн дээр юу гэж тайлбарласан бэ гэхээр эрхээ хасуулсан хүн гэдгийг л тайлбарлаж өгсөн. Энэ хугацаа зааж тайлбарлаагүй. Эрхээ хасуулсан хүн гэдгийг нэг жилийн хугацаагаар эрхээ хасуулаад эрх нь дууссан байгаа хүнийг эрхээ хасуулсан хүнд оруулан тооцохгүй гэсэн тайлбар байхгүй. Тийм болохоор улсын яллагчийн зүгээс энэ бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзээд эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн гэсэн үндэслэлээр шүүхэд яллах дүгнэлт үйлдэж оруулж ирсэн байгаа юм гээд шүүгдэгч М.Ж нь 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан гэдгээ мэдсээр байж согтуурсан үедээ 2024 оны 01 дүгээр сарын  14-өөс 15-нд шилжих шөнө 03 цаг 45 минутад Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төвд **-** ГАО улсын дугаартай приус-11 загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна. Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дах хэсэгт аутитик байдлаар өөрөө өөрийгөө тайлбарласан бөгөөд уг тайлбарт нь эрхээ хасуулсан хүн гэдэг ойлголтыг тусгасан. Энэ ойлголтыг юу гэж ойлгож байгаа вэ гэхээр М.Ж нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг албан ёсоор авсан бөгөөд уг эрхээ зөрчил гаргасны үндсэн дээр 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хасуулсан байна гэж үзэж байгаа. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээд гэдэг ойлголтод анхнаасаа тээврийн хэрэгсэл жолоодох эрх аваагүй этгээдийг ойлгоно гэсэн дүгнэлтийг хийсэн. Шүүгдэгч нь Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг нь хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх дүгнэлтийг гаргаж байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиггүй тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүйд тооцуулах, хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан болон битүүмжилсэн хөрөнгө байхгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүгдэгчээс гаргуулах зардалгүй. Шүүгдэгч М.Жд 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд уг таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх дүгнэлтийг гаргаж байна гэв.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Говь-Алтай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч М.Жыг 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан гэдгээ мэдсээр байж согтуурсан үедээ 2024 оны 01 дүгээр сарын 14-15-нд шилжих шөнө 03 цаг 45 минутад Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төвд **-** ГАО улсын дугаартай приус-11 загварын тээврийн жолоодон замын хөдөлгөөнд оролцсон хэмээн үзэж Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж хуульчилж, “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан  хүнийг ойлгоно гэж тайлбарлажээ.

Хавтаст хэргийн 14, 27 дугаар хуудаст авагдсан баримтаар эрх бүхий албан тушаалтан Ш.Батсүх нь шүүгдэгч М.Жыг эрхийг 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүртэл 1 жилийн хугацаагаар хассан байна. Шүүгдэгч нь 2023 оны 10 сарын 22-ны өдрөөс тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ сэргээлгэх эрхтэй боловч сэргээлгээгүй байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч М.Ж нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн гэх ойлголтод хамрагдахгүй бөгөөд харин тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээд байна.

 

Энэ тохиолдолд шүүгдэгч М.Жын үйлдлийг Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2-т зааснаар шийтгэл оногдуулах үндэслэлтэй байсан байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр  зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэргийг хэргийг хэрэгсэхгүй болгож шүүгдэгч М.Жыг цагаатгаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

          Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцүүлсэн нотлох баримтууд шүүх хуралдааны тэмдэглэлд бүрэн тусгагдсан болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.9, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч З овогт М.Жд холбогдох 2416000250049  дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч М.Жыг цагаатгасугай.

2. Шүүгдэгч М.Жд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

         4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн 2416000250049 дугаартай хэргийг хэрэг бүртгэлтэд буцаасугай.

 5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар цагаатгах тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.  

 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсгүүдэд зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан эсвэл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд бусад тохиолдолд гомдол эсэргүүцэл гаргахгүй болохыг тайлбарласугай.

 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар цагаатгах тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд цагаатгах тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.  

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ч.МӨНХТУЯА