Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 142/ШШ2020/00893

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

           Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Б.Н

            Хариуцагч: Д.Б

            10 400 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Одончимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 2013 оноос эхлэн Д.Бийг таньдаг болж тэрээр надаас хэрэгтэй үедээ мөнгө зээлэн буцаагаад өгдөг байсан. Хамгийн сүүлд 2016 оны сүүлээр цувуулан 10 000 000 төгрөг авч зарим хэсгийг нь өгөөд үлдэгдэл 8 000 000 төгрөгийг надад өгөөгүй юм. Би түүнээс олон удаа өгөхийг шаардсан боловч өгнө гэдэг байсан боловч өгөөгүй. Хамгийн сүүлд 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр надтай ирж уулзаад “удахгүй 8 000 000 төгрөгийг чинь өгнө. Миний хийсэн ажил бүтэж байгаа” гээд зээлийн гэрээг нөхөн хийж гарын үсэг зураад явсан юм. Би түүнээс хүү болон алданги тооцохгүйгээр уг гэрээг хийсэн юм. Мөн 2018 оны наадмаар буюу 07 дугаар сарын 11-ний өдөр надтай утсаар яриад “Нэргүй эгчээ нөгөө ажил минь яг бүтэх гэсэн чинь мөнгө дутаад байна. 10 000 000 төгрөг хэрэгтэй байна. Та олоод өг” гэхээр нь би хотод байдаг дүү Эрдэнэцэцэг рүү залгаад байрны урьдчилгаанд хадгалж байсан мөнгөнөөс 10 000 000 төгрөгийг түүнд өгсөн. Гэтэл тэрээр 07 дугаар сарын 20-ны өдөр дээрх 8 000 000 төгрөг болон бүгдийг нь өгнө гэсэн боловч 6 сарын хугацаанд хүү ч төлөлгүй алга болсон. Би тухайн үед дүүтэйгээ түүний өмнөөс зээлийн гэрээ хийн 6 сарын хугацаанд 2 400 000 / хоёр сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг төлсөн. Сүүлд нь нэхсээр байж 6 сарын дараа буюу 2019 оны 01 дүгээр сарын дундуур үндсэн 10 000 000 төгрөгийн авч дүүдээ эргүүлэн өгсөн юм. Түүний өмнөөс би гэрээний дагуу 2 400 000 төгрөгийг төлсөн. Нэгэнт олон удаа гуйсан боловч өгөхгүй байгаа тул миний хувьд эвлэрүүлэн зуучлах албаар орох шаардлагагүй гэж үзэж байгаа. Иймд Д.Бээс миний өөрийн 8 000 000 төгрөг болон 10 000 000 төгрөгийн 6 сарын хүү болох 2 400 000 төгрөг, нийт 10 400 000 төгрөгийг гаргуулан өгч намайг хохиролгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбараа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Б.Нн нэхэмжлэлтэй, Д.Бт холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн төлөөлөгчөөр оролцож байгаа бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Хариуцагч Д.Б нь нэхэмжлэгчээс зээлсэн зээлийг бүрэн төлж барагдуулсан бөгөөд энэ нь түүний дансны хуулгаар нотлогдоно. 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр зээлийн гэрээ байгуулаагүй бөгөөд гарын үсэг нь минийх биш. Энэ өдөр Б.Нгээс мөнгө аваагүй. Харин 10 000 000 төгрөг олж өгөөч гэж гуйсны дагуу түүний дүү Эрдэнэцэцэгээс мөнгө орж ирсэн буцаагаад төлчихсөн байгаа. Хэдийгээр Эрдэнэцэцэгт хүүний төлбөр төлөх үүрэг үүсээгүй ч /бичгээр байгуулсан гэрээгүй/ Б.Нн төлсөн гэх 2 400 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэв.

Шүүх зохигчдын тайлбар хэрэгт ирүүлсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Н нь хариуцагч Д.Бт холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 8 000 000 төгрөг, дүү Эрдэнэцэцэгт төлсөн хүүний төлбөр 2 400 000 төгрөг нийт 10 400 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын 2 400 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 8 000 000 төгрөгийг эс зөвшөөрч мэтгэлцэж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчилэн хангаж шийдвэрлэв.

Зохигчид 2013 оноос эхлэн зээлийн үйл ажиллагаагаар холбогдож мөнгө зээлдүүлж, авч өгдөг харилцаатай байсан бөгөөд 2016 оны сүүлч гэхэд 8 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр үлдэгдэл төлбөр дээрээ нөхөн гэрээ байгуулж, хүү алданги тохирохгүйгээр төлөхөөр болсон. Д.Бийн гуйлтын дагуу 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдөр дүү Эрдэнэцэцэгээс 10 000 000 төгрөгийг зээлдүүлсэн. Би дүүгийнхээ байр авах гээд цуглуулж байсан мөнгөнөөс авч өгсөн болохоор дүүдээ сар бүр хүүний төлбөрийг Д.Бийн өмнөөс төлсөн. Иймд 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн гэрээний дагуу 8 000 000 төгрөг, дүүдээ төлсөн хүүний төлбөр 2 400 000 төгрөг нийт 10 400 000 төгрөг гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч Б.Н тайлбарлаж байна.

Хариуцагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: Бид зээлийн үйл ажиллагаагаар холбогдож байсан нь үнэн. Б.Нгээс авсан мөнгөө буцаагаад төлсөн тул 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн зээлийн гэрээг хүлээн зөвшөөрөхгүй. Энэ өдөр ямар ч мөнгө аваагүй ба гэрээнд гарын үсэг зураагүй гэсэн миний тайлбар гарын үсгийн шинжээчийн дүгнэлтүүдээр давхар нотлогдоно. Эрдэнэцэцэгээс 10 000 000 төгрөг авсан түүнийгээ буцаагаад 2019 оны 1 дүгээр сард төлөөд дууссан. Эрдэнэцэцэгтэй зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй, түүнд хүү төлөх үүрэггүй ч миний өмнөөс гээд Б.Нн төлсөн 2 400 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэж тайлбарлаж байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байна.

Нэхэмжлэгч Б.Н 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээг үндэслэн 8 000 000 төгрөгийг нэхэмжилж байгаа боловч энэ өдөр 8 000 000 төгрөгийг хариуцагч Д.Бт өгөөгүй болох нь зохигчдын тайлбараар, уг зээлийн гэрээний зээлдэгч, мөнгө хүлээж авсан гэсэн хэсэгт зурсан гарын үсэг нь хариуцагч Д.Бийн гарын үсэг биш болох нь Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 73 дугаартай шинжээч Ч.Ганзоригийн дүгнэлтээр, мөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 2508 дугаартай шинжээч Х.Баярмаа, М.Эрдэнэжаргал, Г.Хулан нарын дүгнэлтээр тус тус нотлогдож байна.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4.-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан тул нэхэмжлэгчийн 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн зээлийн гэрээний дагуу шаардаж буй 8 000 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1.-д Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно, мөн хуулийн 282.3.Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасан байдаг.

Хэдийгээр хариуцагч Д.Б нь Б.Нтэй 10 000 000 төгрөгийн /Б.Нн дүү Эрдэнэцэцэгтэй мөн адил/ зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй, хүү төлөх хууль зүйн үндэслэлгүй байгаа боловч нэхэмжлэгч Б.Нн хүүний төлбөрт төлсөн 2 400 000 төгрөгийг хариуцан төлөхийг хүлээн зөвшөөрч байх тул хариуцагч Д.Бээс 2 400 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Нд олгохоор шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 182 950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Бээс 53 350 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Нд олгохоор заалаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.4-т заасныг баримтлан хариуцагч Д.Бээс 2 400 000 /хоёр сая дөрвөн зуун мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8 000 000 /найман сая/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 182 950 /нэг зуун наян хоёр мянга есөн зуун тавь/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Бээс 53 350 /тавин гурван мянга гурван зуун тавь/ төгрөг гаргуулан  нэхэмжлэгч Б.Нд  олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Л.АРИУНЦЭЦЭГ