Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 142/ШШ2020/00899

 

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн хаалттай шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Э.О

Хариуцагч: Л.Б

            Гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.           

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчЭ.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Одончимэг нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:

НэхэмжлэгчЭ.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Л.Бтэй 2006 онд танилцаж, хамтран амьдарч 2013 онд албан ёсоор гэр бүл болж гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2011 онд том охин Сансармаа, 2014 онд бага охин Санчирмаа тус тус төрсөн. Сүүлийн жилүүдэд бид хоорондоо таарч тохирохгүй байнгын хэрүүл, зодоонтой амьдарч байгаад 2019 оны 06 дугаар сараас хойш тусдаа амьдарч байна. Анх танилцаж байх үеэс том охиноо 3 нас хүртэл Л.Б маш их архи ууж олон хоногоор алга болдог байсан. Согтуу ирсэн үедээ намайг ганц хоёр цохиод авдаг байсан. Эрүүл болохоор нь хэлэхээр согтуу санахгүй байна гэдэг байсан. 3 жилийн өмнө цагаан сарын битүүний өдөр намайг нилээн их зодож хутгалж, ална гээд гаражаар нүцгэн 2 охинтой минь хөөж зодсон. Мөн 2 жилийн өмнө зун хөдөө зодоод нугасаар минь газар шидэх гээд чадаагүй. Бас л ална тална гэсэн. Тэрнээс хойш жаахан л юм болоход үргэлж гар далайж айлгадаг болсон. Өнгөрсөн хугацаанд миний бие хэд хэдэн удаа сэтгэл санааны гүн хямралд орж амиа хорлох тухай бодож байсан. Иймээс бид цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул гэрлэлтээ цуцлуулж охин Сансармаа, Санчирмаа нарыг өөрийн асрамжинд авч хүүхдүүддээ ааваас нь тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

Хариуцагч Л.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Лхагвадорж овогтой Батцэнгэл миний бие Энхбаяр овогтой Оюундэлгэртэй амьдраад 12 жил болсон байна. Энэ хугацаанд 2 охин төрүүлж өсгөсөн. Сүүлийн жилүүдэд үзэл бодол нийлэхээ больж байнга хэрүүлтэй байх болсон. Бид хоёр салж амьдраад 1 жил болж байна. Иймд нэхэмжлэл гаргасанЭ.Оийн гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох шаардлагыг зөвшөөрч байна. Эд хөрөнгийн маргаан байхгүй гэжээ.

Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

НэхэмжлэгчЭ.О нь хариуцагч Л.Бд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдүүдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч Л.Б нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч байх тул шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

            Зохигчид 2006 онд танилцаж, хамт амьдран 2013 оны 08 дугаар сарын 05-ны өдөр гэрлэлтээ эрх бүхий байгууллагад 222 дугаарт бүртгүүлэн гэрлэлтийн гэрчилгээ авсан бөгөөд гэрлэгсдийн дундаас охин Батцэнгэлийн Сансармаа 2011 оны 02 дугаар сарын 18-ны өдөр, охин Батцэнгэлийн Санчирмаа 2014 оны 08 дугаар сарын 10-ны өдөр тус тус төрсөн болох нь зохигчдын тайлбар мэдүүлэг, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн Засаг даргын тодорхойлолт, хүүхдүүд эрүүл бойжиж байгаа талаар Мэндцэцэн өрхийн эрүүл мэндийн төвийн эмчийн тодорхойлолт, гэрлэгсдийн 0168825 /Г-222/ дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, охин Б.Сгийн 0462261 /Г-0470/ дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, охин Б.Санчирмаагийн 6101001501 дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тус тус нотлогдож байна.

            Гэрлэгчид хамтран амьдрах хугацаандаа хоорондын үл ойлголцолоос хэрүүл маргаантай амьдарч байсан бөгөөд тэд тусдаа амьдраад нэг жил болсон, хэн аль нь гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй, шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмын дагуу тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаас хуулийн дагуу зохих ажиллагаа явагдсан боловч амжилтгүй болсон зэргийг харгалзан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, эвлэрүүлэх хугацаа олголгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж дүгнэв.

            Б.С, Б.Снар нь төрсөн цагаасаа эхийн хамт амьдарч байгаа бөгөөд бага насны хүүхдэд тавих анхаарал халамж, хүүхдийн шүүхэд гаргасан санал, хүүхдийн асрамж дээр талууд маргахгүй байгаа байдал зэргийг харгалзан охин Б.С, Б.Снарыг эхЭ.Оийн асрамжинд үлдээхээр шийдвэрлэв.

            Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д “Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй. Эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг зохигчдод даалгаж, гэрлэгчид эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг шүүхийн шийдвэрт дурдав.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж заасан байх бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасны дагуу эцэг Л.Бээс хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан охин Б.С, Б.Снарыг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

Хариуцагч Л.Б шүүх хуралдааны товыг авсан боловч өөрийн эзгүйд хурлыг хийлгэх тухай хүсэлтээ бичгээр гаргасан, нэхэмжлэгчЭ.О хариуцагчийн эзгүйд шүүх хурлыг үргэлжлүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3.-т заасныг баримтлан хариуцагч Л.Бийн эзгүйд нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно. 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд заасны дагуу нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Бээс 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчЭ.От, тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлэгээс нэг жилийн хугацаанд төлөх хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг тооцон 68 428 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулахаар заалаа

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Э.О Л.Б нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2011 оны 02 дугаар сарын 18-ны өдөр төрсөн охин Б.С2014 оны 08 дугаар сарын 10-ны өдөр төрсөн охин Б.Снарыг эхЭ.Оийн асрамжинд үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар охин Б.С, Б.Снарыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээ /100 хувь/-гээр сар бүр эцэг Л.Бээс тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч эцэг, эх үр хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдлэж, адил үүрэг хүлээхийг, энэ үүргээ биелүүлэхэд нь бие биедээ саад учруулахгүй байхыг зохигчидод даалгасугай.

5. Гэрлэгчид эд хөрөнгийн маргаангүй гэсэн болохыг шүүхийн шийдвэрт дурдсугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болмогц шийдвэрийн хувийг Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Ж.Халиунаад даалгасугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Бээс 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчЭ.От, 68 428 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулсугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

           

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Л.АРИУНЦЭЦЭГ