| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чинзоригтын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 164/2024/0034/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/31 |
| Огноо | 2024-03-05 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Ө.Манзушир |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 2024/ШЦТ/31
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Баасанцэрэн
Улсын яллагч Ө.Манзушир
Хохирогч Б.М
Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Бд холбогдох 2416000000027 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ...-ны өдөр төрсөн, ... настай, дээд боловсролтой, малын бага эмч мэргэжилтэй, Говь-Алтай аймгийн ... ажилтай, ам бүл 4, 3 хүүхдийн хамт амьдардаг, Говь-Алтай аймгийн ... суух хаягтай, ... регистрийн дугаартай, А овгийн Б.Б.
Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр **** дугаартай утсаар Б.Мтай холбогдож өмнө нь танаас дээлийн өнгө авч байсан, одоо танаас 50 ширхэг дээлийн өнгө авъя. Ахынхаа авгайг гуйх гээд чухал хэрэг гарсан гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах замаар хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 308 метр торго, 8 метр дээлийн дотор бүхий торго даавууг шилжүүлэн авч, хохирогч Б.Мт 2.544.000 /хоёр сая таван зуун дөчин дөрвөн мянган/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна:
Хохирогч Б.М, гэрч Н.Н, Б.С, Г.Д, Г.Э, Ч.Ц нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг,
2024 оны 02 сарын 08-ны өдрийн “Ашид билгүүн” ХХК-ны ТХҮ-921/27 дугаартай “дээлийн торго 308 метр, дээлийн дотор 8 метр, нийт 2,544,000 төгрөг” гэх үнэлгээ /хх-ийн 48-50-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд улсын яллагчийн хүсэлтээр шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Б.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч нь шүүх хуралдаанд “...Би Б.М гэдэг хүнээс 01 дүгээр сарын 08-нд торго авсан. 308 метр торго авсан. Надад тэр хүн 8,000 төгрөгөөр бодож өгсөн. Би тэрийг нь 10,000 төгрөгөөр заръя гээд 1,560,000 төгрөгийн торго зараад 01 дүгээр сарын 16-аас хойш 02 дугаар сарын 05-ыг хүртэл 1,560,000 төгрөгийг нь 300,000 төгрөгөөр 4 удаа, 100,000 төгрөг, 50,000 төгрөгөөр хийгээд хамгийн сүүлд 02 дугаар сарын 05-нд 210,000 төгрөг хийсэн юм. Тэгээд үлдэгдэл торгыг нь би өөрийн биеэр тэр хүнд 123 метрийг 22 ширхэг торго авч очин өгөөд Б.Мыг хохиролгүй болгосон...” гэж мэдүүлж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг бүрэн төлсөн, бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хохирсон ДЗ79040701 регистрийн дугаартай Б овогтой Мн сэтгэцэд учирсан хор уршгийн 1 дүгээр зэрэглэлийг тогтоож хүснэгтээр тогтоосон сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг хүлээн зөвшөөрсөн...” гэх агуулга бүхий Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн баримт /хавтаст хэргийн 08 дугаар хуудас/ авагдсан байна.
Улсын дээд шүүхээс баталсан Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын 3.8 дугаар зүйлд шүүх нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо уг журмаар баталсан хор уршгийн зэрэглэл, тухайлсан гэмт хэргийн хамаарах хүснэгт, шинжээчийн дүгнэлтийг үндэслэн хохирлын хэмжээнд нөлөөлж болох дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан үзээд дээд болон доод хэмжээний дотор нөхөн төлбөрийг олгох эсэхийг шийдвэрлэхээр, мөн журмын 4 дүгээр зүйлд заасан нөхөн төлбөр тооцох жишиг аргачлалын хүснэгтээр 1 дүгээр зэрэглэлд хамаарч байгаа тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хэмжээний дүнгээр тооцон гаргуулахаар зохицуулжээ.
Иймд Хөдөлмөр Нийгмийн түншлэлийн 3 талт үндэсний хорооны 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 12 дугаартай тогтоолоор тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660,000 (зургаан зуун жаран мянга) төгрөгийг 2 (хоёр) дахин нэмэгдүүлж хохирогч Б.Мын сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийн хэмжээг 1,320,000 (нэг сая гурван зуун хорин мянга) төгрөгөөр тогтоож, шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгохоор шийдвэрлэлээ.
2. Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Быг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж уг торгуулийн ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А ургийн овогт Б.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Бд мэдэгдсүгэй.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шүүгдэгч Б.Баас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн төлбөрт 1,320,000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Мт олгосугай.
7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсгүүдэд зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан эсвэл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд бусад тохиолдолд гомдол эсэргүүцэл гаргахгүй болохыг тайлбарласугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.МӨНХТУЯА