Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 2024/ШЦТ/161

 

 

 

 

  2024        02          26                                  2024/ШЦТ/161

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд,  

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гүндалай, улсын яллагч А.Дэлгэрмөнх, шүүгдэгч Ц.Н, түүний өмгөөлөгч П.Дэлгэр, хохирогч Т.Б нарыг оролцуулан  тус шүүхийн шүүх  хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Нд холбогдох эрүүгийн “2311 00807 1395” дугаартай, 186/2024/0043/Э индекстэй хэргийг 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хянан хэлэлцэв.                                                                                                          

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, хххх  тоотод оршин суудаг гэх, урьд ял шийтгэлгүй, Ц.Н,

          Холбогдсон хэргийн талаар:

           Шүүгдэгч Ц.Н нь 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 хороо, “Алтжин” бөмбөгөрийн урд  талын зам дээр  зам хөндлөн гарч явсан Т.Бтэй  маргалдаж улмаар түүний биед нь халдан  “хүзүүнд  нь цус хуралт, зурагдсан зулгарал, дээд үүдэн баруун нэгдүгээр шүд хөдөлгөөн орсон” бүхий эрүүл  мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

           Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс  мэдүүлсэн мэдүүлэг:

           1.1. Шүүгдэгч Ц.Н нь  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... өмнөх хурал дээр, мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлгээ үнэн зөв мэдүүлсэн тул мэдүүлэг өгөхгүй гэв.

           1.2. Хохирогч Т.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...би эмчилгээгээ хийлгэж чадаагүй байгаа тул нэхэмжлэх зүйл санал, гомдол байхгүй гэв.

           Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

          2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Т.Бийн:..би 24 дүгээр сургуульд тогоочийн ажил хийдэг, 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 15 цагийн үед “Алтжин” бөмбөгөрийн урд талд байдаг хогийн цэг дээр хог асгачихаад буцаад зам хөндлөн гарч байсан чинь саарал өнгийн “Subaru маркийн машин ирээд чагнаалдаад байхаар нь чи яагаад чагнаалдаад байгаа юм бэ гэхэд, өөдөөс газрын гай минь чи зайлаач гэхээр нь уур хүрээд нөгөө хүний машины жолооч талын хаалга хэсэгт өшиглөчихөөд явах гэсэн чинь араас ирээд барьж аваад яахаараа хүний машин өшиглөдөг юм гээд зуураад байхаар нь очоод үзтэл хаалга нь дээр нь пүүзний мөр гарцан байхаар нь арчиж өгчөөд зам гараад явсан. Тухайн эмэгтэй араас дахиж ирээд миний машиныг цөмөлсөн байна гээд байхаар нь очоод үзтэл карлоны хэсгийг харуулаад байхаар нь би энд өшиглөөгүй хаалга хэсэгт нь өшиглөсөн  арчиж өгсөн биз дээ гэсэн чинь хүзүү амнаас  татаад хоолой боогоод урсан, гарыг нь тавиулах гэтэл гараа тавихгүй байсан. Тэгээд ажлын хувцас хунар урсан гараа тавихдаа шуу хэсгээрээ  миний үүдэн шүдрүү цохихоор нь чи намайг цохиод хоолоо, ам урчихлаа гэхэд хохино  эмэгтэй хүнд дээрэлхүүлж  байгаа бол гэхээр нь зугтаад цагдаа дээр ирсэн. Намуун гэх хүнийг танихгүй, урьд өмнө уулзаж байгаагүй, зам гарч байсан чинь сигнаалдаад тэгээд хэрүүл маргаан эхэлсэн. Миний хоолойг боож, хумсаараа урсан, шуу  хэсгээрээ  миний үүдэн  шүдрүү цохиж гэмтэл учруулсан. Би энэ хүнээр шүд болон хүзүүн дээр урсан соривоо арилгуулж хохирлоо барагдуулж авмаар байна. Шүүх хурал дээр нь оролцож, шүүх дээр нь хохирлоо нэхэмжилнэ гэх мэдүүлэг. /хх-ийн 37-40 дүгээр тал/,

            2.2. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 4855 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

          1.Ц.Ны биед баруун гарын ядам хурууны хумсны доод хэсэгт цус хуралт, зүүн ядам хуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

           2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байна.

           3.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

           4.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

           5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэх дүгнэлт. /хх-ийн 22-23 дугаар тал/,

           2.3. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 4844 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

           1.Т.Б-д хүзүүнд цус хуралт, зурагдсан зулгаралт, дээд үүдэн баруун 1-р шүд хөдөлгөөнд орсон гэмтэл тогтоогдов.

          2.Дээрх гэмтэлүүд нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна.

          3.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

           4.Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэх дүгнэлт. /хх-ийн 28-29 дүгээр тал/,

         2.4. Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл. /хх-ийн 18 дугаар тал/,

         2.5. Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл. /хх-ийн 74-75 дугаар тал/,

         Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

           3.1. Улсын яллагч хавтас хэргээс: хохирогч Т.Бийн мэдүүлэг /хавтаст хэргийн 38-40 дүгээр тал, 71 дүгээр тал/, шинжээч Т.Ариунзулын мэдүүлэг /хавтаст хэргийн 60-61 дүгээр тал/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Б.Ариунзулын 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн дүгнэлт /хавтаст хэргийн 26-29 дүгээр тал/, Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 74-75 дугаар тал/, Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 18 дүгээр тал/зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав. 

          3.2. Шүүгдэгчийн өмгөөлөгч хавтас хэргээс: Шүүхийн хэлэлцүүлгээс нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийсэн бөгөөд тус мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд ирүүлсэн 1 ширхэг сиди, камерын бичлэгт үзлэг хийсэн талаарх мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 50 дугаар тал/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав. 

           3.3. Шүүгдэгч болон хохирогч  нар хавтас хэргээс:  тусгайлан шинжлэн судлуулах зүйл байхгүй гэв.

           Гэм буруугийн талаар:

           Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй, Эрүүгийн  хуулийг буруу  хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны  журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн  хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн  хүрээнд  явуулсан болно.

Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.

           Шүүгдэгч Ц.Н нь 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 хороо, “Алтжин” бөмбөгөрийн урд  талын зам дээр  зам хөндлөн гарч явсан Т.Бтэй  маргалдаж улмаар түүний биед нь халдан  “хүзүүнд  нь цус хуралт, зурагдсан зулгарал, дээд үүдэн баруун нэгдүгээр шүд хөдөлгөөн орсон” бүхий эрүүл  мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

          - хохирогч Т.Бийн:..2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 15 цагийн үед “Алтжин” бөмбөгөрийн урд талд байдаг хогийн цэг дээр хог асгачихаад буцаад зам хөндлөн гарч байсан чинь саарал өнгийн Subaru маркийн машин ирээд сигналдаад байхаар нь чи яагаад сигнаалдаад байгаа юм бэ гэхэд, өөдөөс газрын гай минь чи зайлаач гэхээр нь уур хүрээд нөгөө хүний машины жолооч талын хаалга хэсэгт өшиглөчихөөд явах гэсэн чинь араас ирээд барьж аваад яахаараа хүний машин өшиглөдөг юм гээд зуураад байхаар нь очоод үзтэл хаалга нь дээр нь пүүзний мөр гарцан байхаар нь арчиж өгчихөөд зам гараад явсан. Тухайн эмэгтэй араас дахиж ирээд миний машиныг цөмөлсөн байна гээд байхаар нь очоод үзтэл карлоны хэсгийг харуулаад байхаар нь би энд өшиглөөгүй хаалга хэсэгт нь өшиглөсөн  арчиж өгсөн биздээ гэсэн чинь хүзүү амнаас  татаад хоолой боогоод урсан, гарыг нь тавиулах гэтэл гараа тавихгүй байсан. Тэгээд ажлын хувцас хунар урсан гараа тавихдаа шуу хэсгээрээ  миний үүдэн шүдрүү цохихоор нь чи намайг цохиод хоолоо, ам урчихлаа гэхэд хохино  эмэгтэй хүнд дээрэлхүүлж  байгаа бол гэхээр нь зугтаад цагдаа дээр ирсэн. Намуун гэх хүнийг танихгүй, урьд өмнө уулзаж байгаагүй, зам гарч байсан чинь сигнаалдаад тэгээд хэрүүл маргаан эхэлсэн. Миний хоолойг боож, хумсаараа урсан, шуу  хэсгээрээ  миний үүдэн  шүдрүү цохиж гэмтэл учруулсан....гэх мэдүүлэг. /хх-ийн 37-40 дүгээр тал/,

           - Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 4844 дугаартай шинжээчийн дүгнэлт, камерийн бичлэг болон бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь  “машин өшиглөлөө” гэх шалтгааны улмаас хохирогчтой маргалдаж улмаар муудалцан биед нь халдаж түүний  эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж байгаа нь гэм буруугийн  санаатай  үйлдэл  байна.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн хохирол хор уршигт зориуд хүргэсэн болох нь хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, камерын бичлэг зэргээр хангалттай нотлогдож байх тул Ц.Ны гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

           Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Ц.Ныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан  эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

           Хохирол, хор уршигийн талаар:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг  шинжлэн судалж  хохирогч Т.Б нь шүүгдэгч Ц.Наас нэхэмжлэх зүйл санал гомдол байхгүй гэсэн тул шүүгдэгчийг  бусдад төлөх төлбөхгүй байна гэж  үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.

Хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг чанд баримтлан хэрэгжүүлэхдээ, үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн цогц нэгдлийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр оногдуулж буй ял нь шударга ёсны зарчмын агуулга, Эрүүгийн хуулийн зорилгод нийцэх  ёстой. 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэж  ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,  торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

           Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Н нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрөв/ сарын дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж байна.

Шүүгдэгч нь цагдан  хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцогдсон 1 ширхэг СД-ийг хэрэгт хавсаргах, хохирогч Т.Б нь нэхэмжлэх зүйл санал гомдолгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус  дурдаж  шийдвэрлэлээ. 

           Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

 1. Шүүгдэгч Ц.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Шүүгдэгч Ц.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 / дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр  торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Нд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Н нь торгох ялыг шүүхээс тогтоосон 4 /дөрөв/ сарын хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай

            5. Шүүгдэгч Ц.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй хэрэгт битүүмжлэгдсэн  эд хөрөнгөгүй  болохыг тус тус дурдсугай.

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон 1 ширхэг СД-ийг хэрэгт хавсаргасугай.

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           С.БАТЖАРГАЛ