| Шүүх | Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэнгэдоржийн Оюунтунгалаг |
| Хэргийн индекс | 174/2020/0037/э |
| Дугаар | 2020/ДШМ/06 |
| Огноо | 2020-04-13 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Э.Хосбаяр |
Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 04 сарын 13 өдөр
Дугаар 2020/ДШМ/06
Б.Б-д холбогдох
эрүүгийн хэргийн талаар
Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунтунгалаг даргалж, шүүгч О.Баатарсүх, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийв.
Шүүх хуралдаанд:
прокурор Э.Хосбаяр,
нарийн бичгийн дарга Ц.Алтансүх нар оролцов.
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 38 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурор Э.Хосбаярын эсэргүүцлээр тус аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Б-д холбогдох эрүүгийн 2030000000034 дугаартай хэргийг давж заалдах шатны шүүх 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19.. онд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Б” гэх газарт оршин суух, ял шийтгэлгүй, Б.Б /РД:....... /.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 06 дугаар сард өөрийн адуунд нийлсэн нэг адууг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж, өөрийн адууны тамгыг дарж завшиж хохирогч Н.Э-т 600000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаяр нь шүүгдэгч Б.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 38 дугаар цагаатгах тогтоолоор: Сүхбаатар аймгийн Прокуророос газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгон, шүүгдэгч Б.Б-ийг цагаатгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Б-д холбогдох 2030000000034 дугаартай эрүүгийн хэргийг тус аймгийн Прокурорын газарт буцааж, шүүхийн шатанд шүүгдэгчид таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдаж, шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт ирээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь өөрт учирсан хохирол, гэм хорын асуудлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гомдол гаргаж шийдвэрлүүлэх эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Хяналтын прокурор Э.Хосбаяр бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбар, саналдаа: Прокуророос Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт буруутгаж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгасан нь үндэслэлгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.” гэж хуульчилсан. “Алдуул мал завших” гэмт хэрэг нь гэм буруутай этгээдийн ямар нэг оролцоогүйгээр өөрийн жинхэнэ өмчлөгчийн хүсэл зоригоос гадуур сүргээсээ тасарч салсан малыг олж аван завшиж буй шууд санаатай үйлдлээр илэрдэг. Шүүгдэгч Б.Б нь 2019.06.10-ны орчим өөрийнх нь адуунд нийлсэн нар сар дөл тамгатай хээр байдсанд өөрийн “М” үсгэн тамгыг дарж, өмчлөл, эзэмшилдээ хууль бусаар авч байгаа үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байгаа. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон Хууль зүй, дотоод хэргийн сайд, Хүнс хөдөө аж ахуйн сайдын хамтарсан тушаал нь хүчингүй болсон. Цагаатгах тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэж, эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 38 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичсэн гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр шүүгдэгч Б.Б-д холбогдох эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б-ийг цагаатгасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүгдэгчийн холбогдсон үйлдэл, эс үйлдэхүй нь гэмт хэргийн шинжгүй, эсхүл шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй бол шүүх цагаатгах тогтоол гаргана.” гэж заасантай нийцэхгүй байна. Тодруулбал:
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хохирогч Н.Э-ын “Би 2019.06.10-ны өдөр Эрдэнэцагаан сумын “Бг” гэх газраас хээр зүстэй байдсан гүүгээ хулгайд алдсан юм. Манай сумын малчин Б-гийн адуунаас өөрийнхөө хээр байдсыг олж авахад тамган дээр нь тамгаа дарж, өөрийн эзэмшилд авах санаатай байсан. Би өөрийнхөө байдсыг барьж аваад адуундаа тавьсан. Хэд хоногийн дараа дахин байдсан гүү маань алга болж, эрээд олоогүй. Миний гүүг Б тамгалсан болохоор түүнийг хулгайлсан гэж үзэж байна. Б миний хээр зүсмийн байдсан гүүний оронд 500000 төгрөг өгсөн. Өөр нэхэмжлэх зүйлгүй.” гэх /хх 5-7/,
-гэрч Г.Б-ийн “2019.06.10-ны орчим манай ах Э-ын адуунаас нар, сар, дөл тамгатай хээр байдас алга болсон. Би 2019.06.21-ний өдөр адуугаа хураах гээд явж байхад хээр байдас ганцаараа явж байсан. Манай адуу мөн эсэхийг харахад нар, сар, дөл тамга дээр онги дотор М үсгэн тамга давхарлаад дарсан байсан. Тухайн үед ахдаа хэлсэн. Б-д: -Чи манай байдсанд тамга дарсан байна гэж хэлэхэд тэр мэдэн будлиад байсан.” гэх /хх 8/,
-яллагдагч Б.Б-ийн “Би Эрдэнэцагаан сумын “Бг” гэх газарт мал маллан амьдардаг. 2019.06.10-ны орчим адуугаа хураахад нар, сар, дөл тамгатай хээр байдас нийлсэн байсан. Тухайн байдас манай адуунд 4-5 хоносон. Э-ынх тухайн үед манайхаас 2-3 км газарт байсан. Тэгээд 2019 оны 6 дугаар сарын дундуур би тухайн хээр байдасны сартай дөл тамган дээр өөрийн М тамгыг дарж, цоохор азаргандаа тавьсан. 2019.06.20-ны үед тэнгэр муухайрч, манайх адуугаа уруудуулж, “ДБ” гэх газраас олоход миний тамгалсан хээр байдас байхгүй байсан. Э өөрөө байдасаа олж авсан. Э нь малаа хайхрахгүй байсан учир авах санаатай байсан нь үнэн. Би хохирогч Н.Эт 500000 төгрөг өгсөн. Одоо ямар нэгэн гомдол санал байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү.” гэх /хх 17-18, 58-59/ мэдүүлгүүд,
-хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай шүүгдэгч, хохирогч нарын хүсэлт /хх 18, 38, 43/,
-хохирлын үнэлгээний баримтуудаас /хх 25, 27/ үзэхэд шүүгдэгч, хохирогч нар нь 2-3 км-ын зайтай, айл саахалт ойрхон нутагладаг, алдагдсан гэх хээр байдсан гүүний эзэн нь Н.Э болохыг шүүгдэгч мэдэж байсан атлаа өөрийн эзэмшилдээ авахыг хүсэж, түүний тамга дээр өөрийн тамгаа давхарлан дарж, цоохор азаргандаа хураалгасан төдийгүй уг байдсан гүүг алга болсны улмаас Н.Э-т учирсан 500000 төгрөгийн хохирлыг барагдуулж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргажээ. Түүнчлэн “алдуул мал” гэдгийг өмчлөгчийн хүсэл зоригоос гадуур, ижил сүргээсээ тасран, байнга идээшдэг нутаг бэлчээрээс холдож, хариулгагүй, эзэнгүй яваа малыг хэлэх бөгөөд хээр байдасны хувьд өөрийн бэлчээр, нутгаас холдоогүй байсан.
Шүүгдэгчийн дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан өөр гэмт хэргийн буюу энэ хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан “мал хулгайлах” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж байж болзошгүй байх тул шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөрдөн шалгах нэмэлт ажиллагааг хийлгэхээр хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
Нэг. Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 38 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Б-д холбогдох, 2030000000034 дугаартай эрүүгийн хэргийг Сүхбаатар аймгийн прокурорын газарт буцаасугай.
Хоёр. Давж заалдах шатны шүүх эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч Улсын дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД О.БААТАРСҮХ
Д.БАЙГАЛМАА