| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цолмонгийн Сайхантуяа |
| Хэргийн индекс | 128/2025/0103/З |
| Дугаар | 221/МА2026/0712 |
| Огноо | 2026-10-13 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 10 сарын 13 өдөр
Дугаар 221/МА2026/0712
Н.Г-ийн нэхэмжлэлтэй
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Д.Оюумаа
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Ц.Одмаа
Илтгэгч шүүгч Ц.Сайхантуяа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагч Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын өмгөөлөгч Б.М
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч Н.Г
Хариуцагч Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд
Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга
Нэхэмжлэлийн шаардлага: “Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн "Н.Г-ийг албан тушаал бууруулах тухай" Б/54 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Н.Г-ийг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргаар томилохыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад даалгах, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн " Н.Г-ийг албан тушаалд томилох тухай" Б/40, 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн "Н.Г-ийг албан тушаалаас нь халах тухай" Б/09 дүгээр тушаалуудыг тус тус хүчингүй болгуулах, Н.Г-ийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгож, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох бичилт хийхийг даалгах” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2026/0634 дүгээр шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Н.Г
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Х
Хариуцагчийн өмгөөлөгч Б.М
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр
Хэргийн индекс: 128/2025/0103/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Н.Г оос Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргад тус тус холбогдуулан “Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн "Н.Г ийг албан тушаал бууруулах тухай" Б/54 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргаар томилохыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад даалгах, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн "Н.Г ийг албан тушаалд томилох тухай" Б/40, 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн "Н.Г ийг албан тушаалаас нь халах тухай" Б/09 дүгээр тушаалуудыг тус тус хүчингүй болгуулах, Н.Г-ийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгож, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох бичилт хийхийг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2026/0634 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, 45 дугаар зүйлийн 45.1.1, Авлигын эсрэг хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д заасныг тус тус баримтлан Н.Г-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, уур амьсгал өөрчлөлтийн сайд, Богдхан уулын хамгаалалтын захиргааны даргад тус тус холбогдох хэргийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/54 дүгээр, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Б/40, 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Б/09 дүгээр тушаалуудыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч Н.Г ийг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын албан тушаалыг гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэлх хугацаагаар зохих журмын дагуу тооцон олгохыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад, эрүүл мэндийн даатгалын болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох бичилтийг хийхийг Богдхан уулын хамгаалалтын захиргаанд тус тус даалгаж шийдвэрлэсэн байна.
3. Давж заалдах гомдлын агуулга:
Хариуцагчийн өмгөөлөгч Б.М давж заалдах гомдолдоо:
“...Тус медиа компаниудтай гэрээг бүрэн дүгнээгүй ч төлбөрийг шилжүүлсэн, нийтэлсэн мэдээ бүрийн агуулгыг шалгаж үзвэл энэ нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-д “төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зохицуулах” 6.4.2-т "төрийн болон орон нутгийн чиг үүрэгт хамаарахгүй хөтөлбөр, арга хэмжээг санхүүжүүлэхгүй байх", 16 дугаар зүйлийн 16.5.5-д “Батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах", Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Төсвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдэд дараах зүйлсийг хориглоно", 15.1.4-д “Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Улсын Их Хурлаас баталсан хууль тогтоомж, Засгийн газрын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын шийдвэр, тэдгээрийн хэрэгжилт, цаг үеийн шинжтэй мэдээ, мэдээллийг олон нийтэд хүргэх, сурталчлан таниулахаас бусад зорилгоор байгууллага, хамт олныг сурталчлах, салбарын болон байгууллагын үйл ажиллагаатай холбоотой нэвтрүүлэг, контент, баримтат болон цуврал киноны уран бүтээл зэргийг санхүүжүүлэх" гэж заасныг тус тус зөрчсөн. Ач холбогдолгүй мэдээ, постуудад төлбөр төлж байсан нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна. Шүүх Төрийн хэмнэлтийн тухай хуулийг зөрчиж шийдвэр гаргалаа. Нөхөн сэргээлтийн төлбөрийг бэлэн мөнгөөр, кассаар авч байсан тухайд. Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2-т “...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим” гэж, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д “хуульд үндэслэх” нь захиргааны үйл ажиллагааны тусгай зарчим гэж тус тус хуульчилсан. Дархан цаазат газрын унаган төрийг хадгалах, хамгаалах, нөхөн сэргээх талаар авах арга хэмжээний төлбөрийг цуглуулах, хураан төвлөрүүлэх, захиран зарцуулах бүрэн эрхийг Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд аливаа хууль, тогтоомжоор олгоогүй. Түүнчлэн “нэг сая төгрөг” байхаар тариф, итгэлцүүр баталсан шийдвэр байдаггүй, мөн байгууллагын кассанд бэлнээр хураан авах нь хуульд нийцэхгүй. Хэдийгээр Н.Г нь надаас өмнө ч ийм байдлаар явсаар ирсэн, би жишгээ дагасан гэж тайлбарладаг нь энэ нь хуульд үндэслэх зарчмыг үгүйсгэх үндэслэл болохгүй...Төсвийн шууд захирагч Н.Г-ийн хууль бус үйл ажиллагааны улмаас Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4.5, 14.4.6-д заасан “бүх орлого, бүх зардал"-ыг заавал бүртгэнэ гэх заалтууд, Сангийн сайдын 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 276 дугаар тушаалаар батлагдсан Төсвийн байгууллагын мөнгөн кассын ажиллагааны журмын 2.6, 6.2 дахь заалтууд зөрчигджээ. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 2-т “Газар ашиглах тухай гэрээнд Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаас гадна дараахь зүйлийг тусгана", 2 дахь хэсэгт “газрын төлбөр төлөхтэй холбоотой үүрэг, төлбөрийн хэмжээ, төлбөр төлөх хугацаа" гэж заасан нь 1 сая төгрөгийг, Богдхан Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны кассанд бэлнээр хураах тухай зохицуулалт биш юм... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан шүүх нотлох зарчмыг зөрчсөн. Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй байтал “худалдан авсан байхыг үгүйсгэхгүй" гэж таамаглал, магадлалын хэмжээнд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн, нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх үүргээ зөрчсөн. Энэ тохиолдолд “...харьцуулсан судалгааг хийж хамгийн бага үнийг санал болгосон дэлгүүрээс худалдан аваагүй ч байж болохоор байна" гэх утгыг шүүхийн энэхүү дүгнэлт илэрхийлж байна... Хуульд нийцээгүй, хэм хэмжээний актаар тогтоогоогүй төлбөрийг кассаар авч, зарцуулсаар ирсэн юм байна, зөвхөн Н.Г хийгээд байгаа зөрчил биш гэж шүүх дүгнэснээрээ төрийн албаны үйл ажиллагааг хуулиар биш, тогтсон буруу жишиг практикаар зохицуулдаг болгож байна. Нөгөөтээгүүр шүүх зөрчлүүдийг бодитой гэж дүгнэж, тэгсэн атлаа нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй."... Н.Г ийг маш сайн 92.4 гэж үнэлж 100 хувийн урамшуулал олгосон болохыг дурдах нь зүйтэй байна” гэжээ. Зөрчлийг илрүүлэхээс өмнө төрийн албан хаагчийг сайн гэж үнэлсэн үнэлгээ нь төрийн албан хаагчийн зөрчлийг үгүйсгэх үндэслэл биш. Энэ тохиолдолд Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам /2019/-ын 1.4.1-д заасан хариуцлага гарцаагүй байх зарчим зөрчигдөж байна... Авлигын эсрэг хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 33.1.2-т зааснаар албан тушаал буруулах хариуцлага хүлээлгэх эрх бүхий албан тушаалтан нь Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд мөн. Авлигын эсрэг хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д заасан "эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол” гэх гипотез нь тухайн зөрчил нь гэмт хэрэг биш байх тохиолдлыг тодорхойлсон. Нэгэнт гэмт хэрэг биш тохиолдолд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахгүй, заавал Авлигатай тэмцэх газар зөрчлийг тогтоохыг шаардахгүй юм. Иймд Авлигын эсрэг хуулийг хэрэглэж, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд хариуцлага хүлээлгэсэн нь хуульд нийцэж байна. Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ шаардлагын хүрээнээс хэтэрсэн, хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж шийдвэр гаргасан. Нэхэмжлэгч Н.Г Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/54 дүгээр, Богдхан-Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Б/40, 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Б/09 дугаар тушаалуудтай маргаж, нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон. Гэтэл шүүх Үндэсний аудитын газрын 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 844/А0170467 дугаар албан шаардлага, 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 845/40170467 дугаар албан шаардлагуудыг үгүйсгэж, төрийн эрх бүхий байгууллагын хүчин төгөлдөр эрх зүйн актуудад дүгнэлт өгч шийдвэрлэсэн. Үүгээрээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг зөрчсөн. Дээрх албан шаардлагуудаар зөрчлүүд тогтоогдож, зөрчил гаргасан болохоо нэхэмжлэгч зөвшөөрч, зөрчил арилгасан тухай мэдэгдлийг аудитын байгууллагад хүргүүлж байснаас дүгнэхэд зөрчил нь бодитой, Сайдын 2024 оны Б/54 дүгээр тушаал үндэслэлтэй байна. Нэхэмжлэгч Н.Г Богдхан Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргад холбогдох шаардлагаа 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр шүүхэд гаргасан. Хамгаалалтын захиргааны даргын 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Б/40, 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Б/09 дугаар тушаалуудтай маргахдаа урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмыг биелүүлээгүй. Эхний Б/40 тушаал гарснаас хойш 6 сар, 2 дахь Б/09 тушаал гарснаас хойш 2 сар гаруй хугацааны дараа нэхэмжлэлээ гаргасан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3, 54.1.8, 109 дүгээр зүйлийн 109.2-т зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, манай байгууллагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх ёстой байсан. Хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс энэ тухай тайлбарлаж, маргасан боловч шүүх дүгнэлт огт хийсэнгүй. Шүүх Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд холбогдох 2 тушаалыг хүчингүй болгох үндэслэлээ "Б/54 тушаалтай холбогдуулж маргасан, уг тушаалыг шүүх хүчингүй болгож шийдвэрлэсэн тул дээрх (Б/40, Б/09) тушаалууд ч мөн хүчингүй болох учиртай" гэжээ. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д зааснаар маргаан бүхий актыг хүчингүй болгож шийдвэрлэсэн мөчөөс тухайн акт эрх зүйн үйлчлэлгүй болдог. Б/54 дүгээр тушаалыг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлээгүй тохиолдолд Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын Б/40, Б/09 тушаалуудыг шууд эрх зүйн үйлчлэлгүй, анхнаасаа гарах учиргүй байсан гэж дүгнэх боломжгүй. "...анх албан тушаал бууруулсан тушаалтайгаа маргаж буй нь энэ тохиолдолд түүнийг даган гарсан бусад тушаалууд ч хүлээн зөвшөөрөөгүй гэж ойлгох бөгөөд тухайн ажилд очих, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг хэрэгжүүлэх үүрэггүй" гэж дүгнэхдээ эрх зүйн үндэслэлийг тайлбарлаагүй. Албан тушаал бууруулсныг зөвшөөрөхгүй тохиолдолд ажилдаа очихгүй байх эрхийг ямар нэг хуулиар зохицуулаагүй. Улмаар төрийн албанд энэ зөрчлийг хүлээн зөвшөөрч, буруу жишиг тогтоосон шийдвэр боллоо. Зүй нь нэхэмжлэгч Н.Г нь томилогдсон албан тушаалаа эрхлэн, цалин хөлсөө авах үүрэгтэй бөгөөд албан тушаал буруулсан тушаал хүчингүй болсон тохиолдолд цалингийн зөрүүг нь олгох хэмжээнд шүүх нэхэмжлэлийг шийдвэрлэх ёстой байжээ. Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.1, 106.3.4 дэх заалтуудыг хэрэглээгүй. Шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний, техникийн ноцтой алдаа гаргасан байна. Иймд шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэл бүхий биш тул хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэв.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Н.Г оос гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
2. Шүүх дараах үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.
2.1. Нэхэмжлэгч Н.Г оос Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргад тус тус холбогдуулан “Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн “Н.Г ийг албан тушаал бууруулах тухай” Б/54 дүгээр тушаалыг[1] хүчингүй болгож, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргаар томилохыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад даалгах, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн "Н.Г ийг албан тушаалд томилох тухай"[2] Б/40, 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн "Н.Г ийг албан тушаалаас нь халах тухай" Б/09 дүгээр тушаалуудыг[3] тус тус хүчингүй болгуулах, Н.Г-ийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгож, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох бичилт хийхийг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2.2. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/54 дүгээр тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Н.Г ийг хууль тогтоомж болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нь Үндэсний аудитын газрын 2024 оны 844/A0170467, 845/A0170467 дугаартай албан шаардлага[4] болон дотоод хяналт шалгалтаар тогтоогдсон гэх үндэслэлээр 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн захиргааны санаачилгаар албан тушаал бууруулж, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны мэдэлд шилжүүлжээ.
2.3. Үндэсний аудитын газраас Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитаар илэрсэн “Тайлант онд албан хэрэгцээнд 9,179,800.00 /есөн сая нэг зуун далан есөн мянга найман зуун/ төгрөгийн компьютер, принтерийг цахим дэлгүүрээс худалдан аваагүй бусад этгээдээс худалдан авсан” гэх зөрчилд 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 844/A0170467 дугаар албан шаардлага, “Тайлант онд нэр бүхий 14 хэвлэл, мэдээллийн байгууллагатай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, нийт 68,770,000 /жаран найман сая долоон зуун далан мянган/ төгрөгийн санхүүжилтийг олгож, төсвийг үрэлгэн зарцуулсан” гэх зөрчилд 845/A0170467 дугаар албан шаардлагыг хүргүүлсэн байх ба тус албан шаардлагуудаар зөрчлийг арилгаж биелэлтийг ирүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажиллахыг даалгасан.
2.4. “Э” ХХК-иас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд ирүүлсэн “2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн хуулийн этгээдийн газар ашиглах эрхийг цуцалсан болон байгаль хамгаалах, нөхөн сэргээх зардал болох 2,000,000 (хоёр сая) төгрөгийг тус хамгаалалтын захиргааны кассад бэлнээр төлсөн" гэх гомдлын[5] дагуу хийсэн хяналт шалгалтын ажлын танилцуулгын цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналын хэсэгт “Бэлэн мөнгө болон нэмэлт санхүүжилтийн дансаар "байгалийн унаган төрхийг хадгалах, хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээ"-нд[6] жил бүр 1 сая төгрөгийг хамгаалалтын захиргаанд төвлөрүүлэхээр гэрээнд зааж хууль бус орлого төвлөрүүлэхийг шаардаж байгааr таслан зогсоохыг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Н.Г , нягтлан бодогч С.О нарт үүрэг болгож, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Н.Г нь хууль тогтоомжтой нийцэхгүй дээрх үйлдлийг таслан зогсоох талаар ямар нэгэн арга хэмжээ авч ажиллаагүй нь Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.1 дэх “хууль тогтоомж болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг, зорилго зорилтоо хангалтгүй биелүүлсэн" нь тогтоогдсон болно.” гэжээ.
2.5. Үндэсний аудитын газрын 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 844/A0170467 дугаар албан шаардлагад дурдсан “Тайлант онд албан хэрэгцээнд 9,179,800.00 /есөн сая нэг зуун далан есөн мянга найман зуун/ төгрөгийн компьютер, принтерийг цахим дэлгүүрээс худалдан аваагүй бусад этгээдээс худалдан авсан” гэх зөрчлийн тухайд,
Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны өмч хамгаалах байнгын зөвлөлийн 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 06 дугаар хурлаар[7] “захиргааны албан хаагчдын сандал 10 ширхэг, ком компьютер 1, дэлгэц 2 ширхэг”-ийг худалдан авахаар шийдвэрлэж, төрийн үйл ажиллагааг тасралтгүй явуулах, албан хаагчдын ажиллах нөхцөлийг хангах үүднээс “харьцуулсан судалгаа хийж хамгийн бага үнийг санал болгосон дэлгүүрээс худалдан авсан” гэж тайлбарлаж байгааг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.
2.6. Үндэсний аудитын газрын 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 845/A0170467 дугаар албан шаардлагад дурдсан “Тайлант онд нэр бүхий 14 хэвлэл, мэдээллийн байгууллагатай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, нийт 68,770,000 /жаран найман сая долоон зуун далан мянган/ төгрөгийн санхүүжилтийг олгож, төсвийг үрэлгэн зарцуулсан” гэх зөрчлийн тухайд,
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн А/167 дугаар тушаалаар[8] “Монголд зочлох жил 2023"-ийн төлөвлөгөөт ажлын хүрээнд "Аялал жуулчлалын салбарын бодлого, Засгийн газраас хэрэгжүүлж буй үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах" ажлын хүрээнд олон нийтэд чиглэсэн цаг үе, үйл явдлын мэдээ, мэдээллийг түгээх ажилд шаардагдах 70,000,000 (Далан сая) төгрөгийг "Аялал жуулчлалын хөтөлбөрийн зардал"-ын 71 дэх зардлаас гаргаж санхүүжүүлэхийг зөвшөөрсөн.
Үүнийг үндэслэж нэхэмжлэгч Н.Г 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр А/17 дугаар “Хөрөнгө зарцуулах, гэрээ байгуулах” тухай тушаалыг[9] гаргаж, хэвлэл мэдээллийн байгууллагуудтай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсныг буруутгах үндэслэлгүй ба өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар олгосон эрх болон “Монголд зочлох жил 2023"-ийн төлөвлөгөөт ажлын хүрээнд хэвлэл, мэдээллийн байгууллагатай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, гэрээг дүгнэн, санхүүжилтийг олгосон байна.
2.7. Хяналт шалгалтаар илрүүлсэн гэх "байгалийн унаган төрхийг хадгалах, хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээ"-нд жил бүр 1 сая төгрөгийг хамгаалалтын захиргаанд төвлөрүүлэхээр гэрээнд зааж хууль бус орлого төвлөрүүлэхийг шаарддаг” зөрчлийн тухайд
Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, нэгдүгээрт “Тусгай хамгаалалттай газрын нутагт газар ашиглах гэрээ”-г Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого хэрэгжилтийн газрын дарга баталдаг, хоёрдугаарт, тус заалт нь нэхэмжлэгч Н.Г-ийн зөвхөн албан үүргээ гүйцэтгэж байх үед биш, 2018, 2019, 2020, 2021, 2022 онуудын гэрээнүүдэд[10] тусгагдсан, одоо ч тус төлбөрийг авч байгаа нь тогтоогдож[11] байгаа эдгээр тохиолдолд нэхэмжлэгчийг ноцтой зөрчил гаргасан гэж үзэхээргүй байна.
2.8. Нөгөөтээгүүр, Авлигын эсрэг хууль тогтоомжийг зөрчсөнийг эрх бүхий байгууллага болох Авлигатай тэмцэх газраас шалган тогтоогоогүй, тус байгууллагаас ямар нэгэн шийдвэр гараагүй байхад Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/54 дүгээр тушаалаар Авлигын эсрэг хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Авлигын эсрэг хууль тогтоомжийг зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол эрх бүхий байгууллага, албан тушаалтан дараах хариуцлага хүлээлгэнэ”, 33.1.2-т “энэ хуулийн 8.1-д заасан мэдээлэх үүргээ удаа дараа биелүүлээгүй, эсхүл энэ хуулийн 7.1-д заасныг зөрчсөн этгээдэд албан тушаал бууруулах, хэрэв албан тушаалыг нь бууруулах боломжгүй албан тушаал бол албан тушаалын цалингийн хэмжээг гурван сар хүртэл хугацаагаар 30 хувиар бууруулах, авлигын зөрчилтэй нөхцөлд гарсан шийдвэр байгаа бол түүнийг хүчингүй болгох” гэх заалтыг үндэслэж нэхэмжлэгчийг албан тушаал бууруулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.
2.9. Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр захиргааны санаачилгаар албан тушаал бууруулж болно”, 45.1.1-д “хууль тогтоомж болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг, зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн” гэж заасан. Гэтэл дээрх үйл баримтууд илэрсний дараа Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн А/880 дугаар[12] тушаалаар 2023 оны төсвийн гүйцэтгэл, санхүүжилтийг хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлэн тайлагнаж, жилийн эцсийн санхүүгийн тайланд хийгдсэн аудитын дүгнэлтээр өөрчлөлтгүй дүгнэгдсэн гэж үзэж нэхэмжлэгчид мөнгөн урамшуулал олгож байсан бөгөөд Үндэсний аудитын газраас ирүүлсэн албан шаардлагатай холбоотой сануулах зэргээр төрийн жинхэнэ албан хаагчийг тогтвор суурьшилтай, үр дүнтэй ажиллах нөхцөлөөр хангаагүй, шууд албан тушаал бууруулж шийдвэрлэсэн нь төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх зарчимд нийцээгүй байна.
2.10. Нэгтгэн дүгнэвэл, Авлигын эсрэг хууль тогтоомжийг зөрчсөнийг эрх бүхий байгууллага болох Авлигатай тэмцэх газраас шалган тогтоогоогүй, тус байгууллагаас ямар нэгэн шийдвэр гараагүй байхад Авлигын эсрэг хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтыг үндэслэсэн, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн А/167 дугаар тушаалаар олгосон “Монголд зочлох жил 2023"-ийн төлөвлөгөөт ажлын хүрээнд "Аялал жуулчлалын салбарын бодлого, Засгийн газраас хэрэгжүүлж буй үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах" үүргийн дагуу хэвлэл мэдээллийн байгууллагатай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан хамтран ажилласан, мөн хяналт шалгалтаар илэрсэн гэх “Тусгай хамгаалалттай газрын нутагт газар ашиглах гэрээ”-ний уг заалт нь нэхэмжлэгчийг тус албан тушаалд томилогдохоос өмнөх онуудад ч тусгагдан ашиглаж байсан зэргээс үзвэл Н.Г ийг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын албан тушаалаас бууруулж шийдвэрлэсэн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/54 дүгээр тушаал хууль зүйн үндэслэлгүй.
2.11. Нэгэнт анх нэхэмжлэгч Н.Г ийг албан тушаал бууруулсан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/54 дүгээр тушаал хууль бус болох нь тогтоогдож байх энэ тохиолдолд түүний дараа гарсан Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн "Н.Г ийг албан тушаалд томилох тухай" Б/40, 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн "Н.Г ийг албан тушаалаас нь халах тухай" Б/09 дүгээр тушаалууд тус тус хууль бус байна.
2.12. Түүнчлэн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдаас давж заалдах гомдол гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Иймд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэн зөв, эргэлзээгүй, ач холбогдолтой талаас нь үнэлж, хэргийн үйл баримт, бодит нөхцөл байдлыг зөв тодорхойлсон, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2026/0634 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын өмгөөлөгч Б.М-оос гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ Ц.ОДМАА
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
[1] 1 хавтаст хэргийн 73 дахь тал
[2] 1 хавтаст хэргийн 196 дахь тал
[3] 1 хавтаст хэргийн 197 дахь тал
[4] 1 хавтаст хэргийн 130-131 хуудас
[5] 1 хавтаст хэргийн 135 дахь тал
[6] 1 хавтаст хэргийн 138-141 хуудас
[7] 3 хавтаст хэргийн 187-188 хуудас
[8] 1 хавтаст хэргийн 134 дэх тал
[9] 3 хавтаст хэргийн 3 дахь тал
[10] 1 хавтаст хэргийн 47-66 хуудас
[11] 4 хавтаст хэргийн 211 дэх тал
[12] 1 хавтаст хэргийн 237-240 хуудас