Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 81

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа,

Улсын яллагч Л.Цэндсүрэн,

Шүүгдэгч Д.Алтанцэцэг, түүний өмгөөлөгч О.Сайнгэрэл /ҮД-0039/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Боржигон овогт Дагвасүрэнгийн Алтанцэцэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201526031009 дугаартай хэргийг 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1990 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн Өлзийт суманд төрсөн, 26 настай, эмэгтэй, дээд боловсролтой, үйлдвэрийн механик инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 17 дугаар хороо, Элеганьс тауны 44в-27 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Боржигон овогт Дагвасүрэнгийн Алтанцэцэг /РД: ЙК90051909/.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Д.Алтанцэцэг нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “МЧБС” ХХК-ийн “Соёл Велнесс” төвд ресепшнээр буюу тус байгууллагын өмчийг итгэмжлэгдэн хариуцан ажиллаж байхдаа 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх хугацаанд байгууллагад тушаавал зохих таксын орлогоос 23,115,000 төгрөгийг хувьдаа завшиж тус байгууллагад үлэмж хэмжээний хохирол учруулсан,

Мөн 2015 оны 11 дүгээр  сарын 10-ны өдөр бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээтэй байхдаа зөрчиж 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл хугацаанд мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориудаар зайлсхийсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:

 

Шүүгдэгч Д.Алтанцэцэг: “2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр “Соёл Велнэсс” төвд угтагчаар ажилд орсон, тэгээд 7 сард манай нөхөр хөлөө гэмтээгээд ажилгүй гэртээ байсан. Байрны төлбөр болон хоол хүнсний зүйлийн мөнгөгүй болсон, би ганцаараа ажил хийгээд авч байгаа цалин хаанаа ч хүрэхгүй, тэгээд ажлаа хийгээд буухад ямар нэг байдлаар заавал дутагдал гардаг байсан. Цалингаасаа хасуулдаг байсан, цалин хаана ч хүрэгүй байсан учир аргагүй эрхэнд орлогын мөнгөнөөс өөртөө авсан. Эхлээд хоёр хүний мөнгө, дараа нь гурваас дөрвөн хүн гээд тэгээд арав хүртэл хүний мөнгийг авч байсан. Энэ хэрэгт холбогдоод АНУ-ын визэнд 2016 оны 03 дугаар сарын 05-ны өдөр орсон, виз гарсан, тэгэхээр нь 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Монголын улсын хилээр гарч АНУ руу явсан, ажил хийгээд хохирлоо барагдуулья гэж бодож АНУ явсан, тухайн үед өмгөөлөгчтэй байсан ч надад явж болохгүй гэж хэлээгүй учир би явж болохгүй гэдгийг мэдээгүй. Зориудаар зайлсхийсэн зүйл байхгүй, энэ үйлдлээ зөвшөөрч байгаа, ийм зүйл болдог гэж мэдээгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хохирлыг манай ар гэрийхэн барагдуулсан. Би дөрвөн настай охинтой, охинтойгоо хамт баймаар байна, надад нэг удаа боломж олгож хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү, дахиж ийм хэрэг хийхгүй...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч “МЧБС” ХХК-ийн төлөөлөгч Г.Төгсмандах мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Алтанцэцэгийг манай байгууллага 2015 оны 02 дугаар сард ресепшнээр ажилд авч байсан. ...Манай байгууллага 7 дугаар сарын орлогын тооцоогоо гаргатал бэлэн мөнгөний орлого багассан байсан. ...10 дугаар сарын дундуур бид нар хяналтын камерын бичлэг шүүж ...бэлэн мөнгөөр үйлчлүүлж байгаа иргэдийн тоог гаргаж дансаа тулгаж үзтэл кассчин Алтанцэцэг тэмдэглэгээг буруу хийн хувьдаа мөнгө ашигладаг байсан болох нь тогтоогдсон. ...Манай сауны касс 24 цаг гараад 48 цаг амардаг, 3 ээлжээр ажилладаг байсан. ...Аудитын шалгалтыг хийлгэх гэж 2,400,000 төгрөгийн зардал гаргасан.  Энэ мөнгийг нэмж нэхэмжилнэ. ...Д.Алтанцэцэгээс манай Соёл Вэйлнесс төвд учруулсан 24,075,000 төгрөгөөс  2016.09.23-ны өдөр 5,000,000 төгрөг, 2016.10.03-ны өдөр 1,075,000 төгрөг буюу нийт 6,075,000 төгрөгийг бэлнээр өгч барагдуулсан. Харин үлдэгдэл 18,000,000 төгрөгөнд тооцон манай байгууллага Д.Алтанцэцэгийн эгч Байгалмаагийн нэр дээр байдаг Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо 1 дүгээр хороолол, Барилгачдын гудамж 41Б-28 тоот хаягт байрлах 18 мкв талбайтай автомашины зогсоолыг худалдаж авахаар тохиролцоод “үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” байгуулан үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг нь би өөрийнхөө нэр дээр шилжүүлэн авахаар болсон байгаа. Одоо манай байгууллагад ямар нэгэн санал гомдол байхгүй болно. ...Ресепшн нь үйлчлүүлэгч нараас орж ирсэн мөнгийг хураан авч тухайн үйлчлүүлэгчид хувийн дугаар олгож бугуйвч өгнө. Тухайн үйлчлүүлэгчийн хураалгасан мөнгийг тэр даруй кассанд тушаах ёстой. Кассанд тушаасан мөнгөний баримтыг маргааш өглөө нь санхүүнд тушаах ёстой. Ресепшн нь давхар кассаа барьдаг юм. ...Байнгын үйлчлүүлэгчийн эрхийн карт нь төлбөрөө төлсөн бол жилд хэдэн удаа орж болох юм. Д.Алтанцэцэг нь тухайн байнгын эрхтэй хүмүүсийн эрх дээр нээчихдэг учраас программаас харах боломжгүй юм. Мөн Д.Алтанцэцэг нь дээрх эрхтэй үйлчлүүлэгч нар дээр үүссэн тооцооны тодорхой хувийг дундаас нь завшдаг байсан. Мөн хэрвээ үйлчлүүлэгч бага насны хүүхэдтэй орж ирсэн тохиолдолд тус бүрт нь түлхүүр олгох ёстой байтал дунд нь 1 түлхүүр олгож 1 үйлчлүүлэгчийн мөнгөөр тооцоо хийж үлдсэн 1 хүний тооцоог бэлнээр авч завшдаг байсан. ...Манай байгууллагын санхүүгийн албаны дарга Мөнхтөр шалгаад уг баримт нь үндэслэлтэй баримтан дээрх дурдсан 960,000 төгрөгийг Алтанцэцэг нь аваагүй гэдэг нь тогтоогдсон. Тухайн хэрэг нь шүүх дээр байсан учраас гүйцэтгэх захирал Тулга нь албан тоотоор дээрх мөнгийг аваагүй гэдгийг нь нотолж шүүхэд хүргүүлсэн. Уг асуудал дээр манай байгууллагын буруу юм. Бид нар баримтаа дутуу шүүсний улмаас аудитын дүгнэлт гаргасан. Нийслэл аудит ХХК дүгнэлт гаргахад уг баримтуудыг манай байгууллагаас гаргаж өгөөгүй юм. ...Д.Алтанцэцэгийн 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн орлого болох 1,110,000 төгрөгөөс 150,000 төгрөг тушаагдсан байсан. Манай компанийн зүгээс тухайн өдрийн орлогоны үлдэгдэл 960,000 төгрөгийг Д.Алтанцэцэг нь хувьдаа завшсан гэж ойлгож байсан боловч үлдэгдэл 960,000 төгрөгийг Д.Алтанцэцэгтэй сөөлжиж ээлжинд гардаг ресепшн Нандин-Эрдэнийн нэр дээр 960,000 төгрөг тушаагдсан гэж санхүүгийн албанаас мэдэгдсэн. Иймээс Д.Алтанцэцэгийн хувьдаа завшсан гэх 24,075,000 төгрөгөөс 960,000 төгрөгийг хасч тооцох нь зөв. Д.Алтанцэцэгийн дутаасан, хувьдаа завшсан мөнгө нь 23,115,000 төгрөг юм... ” /1-р хх-ийн 107, 2-р хх-ийн 1, 52, 53, 62/ гэсэн,

 

Гэрч С.Навчаа мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Д.Алтанцэцэгийг хувьдаа мөнгө завшиж үрэгдүүлж байсан талаар би мэддэггүй байсан. Д.Алтанцэцэг ажлаас гарахдаа надад би мөнгө идсэн, ...дахиж битгий утасдаарай гэж хэлчихээд түлхүүрээ аваад гараад явсан. ...Д.Алтанцэцэг ээлж аваад буух хүртлээ бүх бүртгэлийг хөтөлж өглөө нь санхүүд тооцоогоо нийлээд буудаг байсан. ...Алтанцэцэгийг эзгүй үед хүмүүсийн төлбөрийг хамгаалагч юм уу эсвэл би тусад нь цаасан дээр бичиж үлдээгээд Алтанцэцэгийг ирэх үед нь өгдөг байсан. Алтанцэцэг тухайн цаасан дээр тэмдэглэснийг кассын дэвтэр дээр хуулж бичдэг байсан. Хамгаалагч бид хоёр кассын дэвтэр дээр тэмдэглэгээ хийдэггүй байсан...” /1-р хх-ийн 113-114/ гэсэн,

 

Гэрч Б.Мөнхтөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Манай байгууллагын үүдний ресепшны хэсэг нь харилцагч нарын онцлогоос болоод баримт гаргах боломжгүй байдаг. ...Алтанцэцэг өөрөө өглөө нь ажлаасаа буугаад кассын бүртгэлийн дэвтрээ оруулж ирээд бичсэн бичилттэй нь тулгалт хийгээд буудаг байсан. Би Алтанцэцэгийг хувьдаа мөнгө авч ашиглаж байсан гэдгийг мэдэхгүй байна. ...2015 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Д.Алтанцэцэгийн 1,110,000 төгрөгийн орлогыг 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр буюу Даваа гаригт кассанд тушаах ёстой байсан. Уг тушаалт нь буруу тушаагдсаны улмаас 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Д.Алтанцэцэг нь хяналтын камерын бичлэгээр 960,000 төгрөгийг хувьдаа завшсан гэж харагдаж байгаа юм...” /1-р хх-ийн 115, 2хх-ийн 65/ гэсэн,

 

Гэрч Б.Байгалмаа мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Надад Алтанцэцэг нэг удаа цагдаа дээр жоохон асуудалд орсон байгаа гэхээр нь яасан юм бэ зүгээр үү гэсэн чинь зүгээр зүгээр гэсэн. Тэгсэнээ нэг өдөр АНУ-ын визэнд орсон чинь виз гарсан, энд  ажил олдохгүй байна, тэнд очиж ажил хийнэ гэж байсан юм. 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдөр АНУ руу явсан юм. Тэгээд 2016 оны 09 дүгээр сарын 09-ны өдөр Монголд ирсэн...” /1-р хх-ийн 224/ гэсэн,

 

Гэрч Б.Дагвасүрэн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Манай охин Алтанцэцэг 2016 оны 03 дугаар сарын дундуур АНУ руу явсан. 3 сар ажил хийж байгаад 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр ирсэн...” /1-р хх-ийн 225/ гэсэн,

 

Гэрч С.Энхбаатар мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Алтанцэцэгээс нөгөө хэрэг юу болж байгаа талаар асуухад гайгүй болж байгаа байх гээд өөр нэг их юм ярихгүй байсан. Бид хоёр АНУ-ын визэнд хамт ороод 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдөр АНУ руу 3 сарын хугацаатай явсан. ...2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 00 цаг өнгөрч байхад Монголд ирсэн. Хил дээр манай эхнэрийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс дээр асуудалтай байна гээд саатуулсан...” /1-р хх-ийн 227/ гэсэн,

 

Гэрч Г.Тулга мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 16-107 тоот албан бичгээр өмнө нь аудитын дүгнэлтэд ороогүй бичгийг шүүхийн шатанд хүргүүлсэн. ...Баримтын хувьд ямар нэгэн хуурамч асуудал байхгүй...” /2-р хх-ийн 64/ гэсэн,

 

Шүүгдэгч Д.Алтанцэцэг мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би анх 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн тус саунаар үйлчлүүлж байгаа иргэдийн төлж ордог такснаас бичилтийг нь буруу хийж зөрүү мөнгийг авч ашигладаг болсон. Жишээлбэл 3 хүн орж ирээд саунд орох юм бол 2 хүн орсон гэж бичээд нэг хүний мөнгө болох 45,000, 60,000 төгрөгийг хувьдаа ашигладаг байсан. ...Завшсан мөнгөөрөө гэртээ хүнсний эд зүйл болон гоо сайхны хэрэгсэл, будаг, өмд, цамц авахдаа ашигласан. Өөр ямар нэгэн том зүйлд зарцуулж байгаагүй. Нэг ээлжинд гарахдаа 2-3, 5, 10 хүн гэх мэт янз бүр байдаг байсан. 10 хүний мөнгө хувьдаа авлаа гэхэд 450,000 орчим төгрөг болдог байсан. Тухайн өдрөө хэр зэрэг хүн орж байгаагаас шалтгаалж авдаг байсан. Өглөө 10 цагаас ирээд маргааш нь 12-13 цагийг үед буудаг байсан. 24 цаг үүрэг гүйцэтгээд 48 цаг амардаг. ...Би ээлжинд гарах болгондоо бүртгэлийн дэвтэр дээр өөрийнхөө гараар он, сар, нэрээ бичдэг. Ресепшнээр өөр хүн авсан ч гэсэн бичилтийг нь дараад өөрийнхөө гараар бичилт хийдэг. ...2015 оны 10 дугаар сарын 11-ний өдөр  өглөө ажлаасаа буух гэтэл нягтлан бодогч Бүжинлхам ирээгүй юм. Уг нь буухдаа нягтлан бодогч Бүжинлхамд тухайн өдрийн орлого хийсэн бүх баримтаа өгөх ёстой юм. Тэгээд нягтлан ирээгүй болохоор тэр өдрийн менежерт бүх баримтуудыг үлдээсэн. Тэгж үлдээхдээ би 2,353,200 төгрөгийн бэлэн мөнгөний баримтын зургийг утсан дээрээ авсан. МЧБС ХХК нь миний гаргасан хүсэлтийн дагуу шүүхэд хүсэлт өгсөн. Уг баримт нь өмнөх аудитын дүгнэлтэд ороогүй 960,000 төгрөгийг намайг хувьдаа завшсан мэтээр аудитын дүгнэлт гарсан байсан. ...Би 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хооронд Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “МЧБС” ХХК-ийн “Соёл Велнесс” төвд ресепшнээр буюу тус байгууллагын өмчийг итгэмжлэгдэн хариуцан ажиллаж байхдаа байгууллагад тушаах ёстой кассын орлогоос  23,115,000 төгрөгийг хувьдаа завшиж үрэгдүүлсэн нь үнэн. Мөн бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг зөрчиж 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар-Сөүл чиглэлийн КЛ-868 дугаар аялалын онгоцоор улсын хилээр гарч мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэх хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Би цаашид дахин ийм хэрэг хийхгүй. Учруулсан хохирлоо нөхөн төлсөн. Гэмт хэрэг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна...” /1-р хх-ийн 173, 175, 2-р хх-ийн 54, 79/ гэсэн мэдүүлгүүд,

 

- “Нийслэл-Аудит” ХХК-ийн 2015 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Хараат бус аудиторын тайлан /1-р хх-ийн 41-61/,

- Хяналтын камерийн дүрс бичлэг болон кассын дэвтрийг тулган үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 63-81, 82-100/,

- Эд зүйл хураан авсан тэмдэглэл /1-р хх-ийн 101, 102, 103/,

- Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /1-р хх-ийн 104/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 619 тоот дүгнэлтэд “...Дүгнэлт 1. 1-р “Кассын дэвтэр”-ийн 2015.08.14-ний өдрийн бүртгэл 67-70-р хуудас, 2015.09.07-ны өдрийн бүртгэл 75-79-р хуудас, 2015.09.16-ны өдрийн бүртгэл 80-85-р хуудас, 2-р “Кассын дэвтэр”-ийн 2015.09.02-ны өдрийн бүртгэл 30-33-р хуудас, 2015.10.16-ны өдрийн бүртгэл 51-54-р хуудас, 3-р “Агуулахын бүртгэл”-ийн 2015.08.11-ний өдрийн бүртгэл 21-27-р хуудас, 2015.08.23-ны өдрийн бүртгэл 61-68-р хуудас, 2015.08.26-ны өдрийн бүртгэл 69-75-р хуудас, 2015.09.22-ны өдрийн бүртгэл 76-80-р хуудас, 2015.09.28-ны өдрийн бүртгэл 81-84-р хуудас, 4-р “Кассын дэвтэр”-ийн 2015.08.17-ны өдрийн бүртгэл 26-29-р хуудас, 2015.08.20-ны өдрийн 30-35-р хуудас, 2015.08.29-ний өдрийн бүртгэл 46-49-р хуудас, 2015.09.04-ний өдрийн бүртгэл 56-59-р хуудас, 2015.09.05-ны өдрийн бүртгэл 60-64-р хуудас, 2015.09.13-ний өдрийн 75-79-р хуудас, 5-р “Кассын дэвтэр”-ийн 2015.09.01-ний өдрийн бүртгэл 7-10-р хуудас, 2015.09.10-ны өдрийн бүртгэл 13-16-р хуудас, 6-р “Кассын дэвтэр”-ийн 2015.09.10-ны өдрийн бүртгэл 13-16-р хуудас, 2015.09.19-ний өдрийн бүртгэл 23-27-р хуудас, 2015.10.01-ний өдрийн бүртгэл 55-59-р хуудас, 2015.10.04-ний өдрийн бүртгэл 67-71-р хуудас, 2015.10.10-ны өдрийн бүртгэл 80-84-р хуудаснуудад гараар бичсэн бичвэрүүд нь Д.Алтанцэцэгийн гар бичвэр мөн байна...” /1-р хх-ийн 124-166/ гэсэн дүгнэлт,

- Батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авах тогтоол /1-р хх-ийн 167-170/,

- Шүүгдэгч Д.Алтанцэцэгийн иргэний үнэмлэхийн лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 176, 178/,

- Шүүгдэгч Д.Алтанцэцэгийн хувийн байдалтай холбоотой “Ажилд томилох тушаал” /1-р хх-ийн 192/, ажлын байрны тодорхойлолт /1-р хх-ийн 193-195/, хөдөлмөрийн гэрээ /1-р хх-ийн 195-196/, болон бусад баримтууд /1-р хх-ийн 197-204/,

- Мөрдөн байцаалтыг түдгэлзүүлэх тухай прокурорын тогтоол /1-р хх-ийн 214/,

- Яллагдагчийг эрэн сурвалжлах ажлыг гүйцэтгүүлэх тухай прокурорын тогтоол /1-р хх-ийн 215/,

- Түдгэлзүүлсэн хэргийг сэргээж, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах хугацаа тогтоох тухай прокурорын тогтоол /1-р хх-ийн 222/,

- Гадаадын иргэн, харьяатын газрын лавлагааны хариу /1-р хх-ийн 235/,

- Шийтгэвэр /1-р хх-ийн 237-238/,

- Хохирлын мөнгө хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хх-ийн 249, 250/,

- “МЧБС” ХХК-ийн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 16-098 дугаар албан тоот /2-р хх-ийн 31/,

- “МЧБС” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 16-107 дугаартай тайлбар /2-р хх-ийн 32-36/,

- “Нийслэл Аудит” ХХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 17/05 дугаар албан бичиг /2-р хх-ийн 67/ зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

 

Шүүгдэгч Д.Алтанцэцэг нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “МЧБС” ХХК-ийн “Соёл Велнесс” төвд угтагчаар ажиллаж байхдаа буюу тус байгууллагын өмчийг итгэмжлэгдэн хариуцан ажиллаж байхдаа 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх хугацаанд байгууллагад тушаавал зохих орлогоос 23,115,000 төгрөгийг хувьдаа завшиж тус байгууллагад үлэмж хэмжээний хохирол учруулсан,

Мөн 2015 оны 11 дүгээр  сарын 10-ны өдөр бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа зөрчиж 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл хугацаанд мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориудаар зайлсхийсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хохирогч “МЧБС” ХХК-ийн төлөөлөгч Г.Төгсмандах, гэрч С.Навчаа, Б.Мөнхтөр, Б.Байгалмаа, Б.Дагвасүрэн, С.Энхбаатар, Г.Тулга нарын мэдүүлгүүд,  “Нийслэл-Аудит” ХХК-ийн 2015 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн хараат бус аудиторын тайлан, хяналтын камерийн дүрс бичлэг болон кассын дэвтрийг тулган үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 619 тоот дүгнэлт, батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авах тогтоол, мөрдөн байцаалтыг түдгэлзүүлэх тухай прокурорын тогтоол, яллагдагчийг эрэн сурвалжлах ажлыг гүйцэтгүүлэх тухай прокурорын тогтоол, түдгэлзүүлсэн хэргийг сэргээж, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах хугацаа тогтоох тухай прокурорын тогтоол, гадаадын иргэн, харьяатын газрын лавлагааны хариу, шийтгэвэр, “МЧБС” ХХК-ийн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 16-098 дугаар албан тоот, ”МЧБС” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 16-107 дугаартай тайлбар, шүүгдэгч Д.Алтанцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Д.Алтанцэцэг нь “МЧБС” ХХК-ийн “Соёл Велнесс” төвд угтагчаар буюу тус байгууллагын өмчийг итгэмжлэгдэн хариуцан ажиллаж байхдаа 2015 оны 08 дугаар 11-ний өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх хугацаанд байгууллагад тушаавал зохих таксын орлогоос 23,115,000 төгрөгийг хувьдаа завшиж үйлдлийн тухайд Д.Алтанцэцэг нь нэг обьектэд удаа дараагийн үйлдлээр нэг санаа зорилготойгоор халдсан байх тул түүнийг үргэжилсэн үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.Алтанцэцэгийг аж ахуйн нэгж, байгууллагын өмчийг завшиж үлэмж хэмжээний хохирол учруулсан, бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан үедээ мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Хавтаст хэрэгт авагдсан “Нийслэл-Аудит” ХХК-ийн 2015 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн хараат бус аудиторын тайланд “...24,075,000 төгрөгийн дутагдуулсан...” гэжээ.

Хохирлын зөрүүтэй холбоотойгоор хохирогчийн төлөөлөгч Г.Төгсмандах “...Манай компанийн зүгээс тухайн өдрийн орлогоны үлдэгдэл 960,000 төгрөгийг Д.Алтанцэцэг нь хувьдаа завшсан гэж ойлгож байсан боловч үлдэгдэл 960,000 төгрөгийг Д.Алтанцэцэгтэй сөөлжиж ээлжинд гардаг угтагч ажилтай Нандин-Эрдэнийн нэрээр 960,000 төгрөг тушаагдсан гэж санхүүгийн албанаас мэдэгдсэн. Иймээс Д.Алтанцэцэгийн хувьдаа завшсан гэх 24,075,000 төгрөгөөс 960,000 төгрөгийг хасч тооцох нь зөв. Д.Алтанцэцэгийн дутаасан, хувьдаа авсан мөнгө нь 23,115,000 төгрөг юм...” гэсэн,

Гэрч Б.Мөнхтөр “...2015 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Д.Алтанцэцэгийн 1,110,000 төгрөгийн орлогыг 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр буюу даваа гаригт кассанд тушаах ёстой байсан. Уг тушаалт нь буруу тушаагдсаны улмаас 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Д.Алтанцэцэг нь хяналтын камерын бичлэгээр 960,000 төгрөгийг хувьдаа завшсан гэж харагдаж байгаа юм...” гэсэн,

Гэрч Г.Тулга “...Би 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 16-107 тоот албан бичгээр өмнө нь аудитын дүгнэлтэд ороогүй бичгийг шүүхийн шатанд хүргүүлсэн. ...Баримтын хувьд ямар нэгэн хуурамч асуудал байхгүй...” гэсэн мэдүүлгүүд өгсөн.

Мөн хавтаст хэрэгт “МЧБС” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 16-107 дугаартай “...Манай компаний зүгээс санхүүгийн баримтуудыг Д.Алтанцэцэгийн хүсэлтээр дахин шалгаж үзэхэд баримтын дагуу 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн төлбөрийн мөнгүүдийг манай зүгээс хүлээн авсаныг орхигдуулж буруу тооцоолсон байгааг үүгээр мэдэгдэж байна. Үүнд:

2015 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн орлого хүлээлцэх хуудасны карт такс 1,725,000, бэлэн такс буюу бэлэн мөнгө 1,080,000 төгрөг Д.Алтанцэцэгээс хүлээн авсан байсныг 1,110,000 төгрөг орж ирсэнээс 150,000 төгрөг тушааж 960,000 төгрөг өөртөө аваад үлдсэн гэж зөрүүтэй буруу бодсон байгааг залруулж байгаа болно. Өөрөөр хэлбэр 960,000 төгрөг илүү авсан гэж бичигдсэн байна. Гэтэл Д.Алтанцэцэгийн өдөр тутмын орлогын дэвтэр дээр гараар бичсэн баримтаар дээрх 1,080,000 төгрөг хүлээн авсан мөнгөний тооцоо тодорхой харагдаж байх тул шүүхээс хэргийг шийдэхдээ хохирлын тооцооноос 960,000 төгрөгийг хасаж бодож өгнө үү...” гэсэн тайлбар /2-р хх-ийн 32/, 

“Нийслэл Аудит” ХХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 17/05 дугаар “...Танай байгууллага Д.Алтанцэцэгийн 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр орлогод тушаасан 960,000 төгрөгийг орхигдуулан бидэнд дутуу материал өгсөн байна гэж ойлголоо. Иймд Д.Алтанцэцэгийн дутагдуулсан 24,075,000 төгрөгөөс 960,000 төгрөгийг хасаж тооцох үндэслэлтэй...” гэсэн албан тоот /2-р хх-ийн 67/ зэрэг баримтууд авагджээ. Дээрх бичгийн нотлох баримтуудаас дүгнэхэд гэмт хэргийн улмаас “МЧБС” ХХК-нд 23,115,000 төгрөгийн хохирол учирсан гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн болох нь хохирогч “МЧБС” ХХК-ийн төлөөлөгч Г.Төгсмандахын “...Одоо манай байгууллагад ямар нэгэн санал гомдол байхгүй болно...” гэсэн мэдүүлэг, “МЧБС” ХХК-ийн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 16-098 дугаар албан тоот /2-р хх-ийн 31/, хохирлын мөнгө хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хх-ийн 249, 250/ зэргээр тогтоогдож байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй болно.

 

Шүүгдэгч Д.Алтанцэцэг урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь 1 дүгээр хавтаст хэргийн 178 дугаар талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

Шүүхээс шүүгдэгч Д.Алтанцэцэгт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, бага насны хүүхэдтэй эмэгтэй гэмт хэрэг үйлдсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Д.Алтанцэцэг нь 2016 оны 09 дүгээр 12-ны өдрөөс эхлэн цагдан хоригдож /1хх-ийн 231, 2хх-ийн 3/, 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр суллагдсан /2хх-ийн 13/ байх тул түүний цагдан хоригдсон 18 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй.

 

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүй тэнсэж, хянан харгалзах боломжтой гэж үзэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “МЧБС” ХХК-ийн кассын бүртгэлийн дэвтэр 6 ширхэг, хяналтын камерийн бичлэг бүхий хард диск 3 ширхэг,  “МЧБС” ХХК-ийн санхүүгийн тооцооны баримт 46 ширхэг зэргийг хохирогч “МЧБС” ХХК /төлөөлөгч Г.Төгсмандах/-нд буцаан олгож, Д.Алтанцэцэгээс “МЧБС” ХХК-нд тушаасан тооцооны баримт 16 ширхгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, Эрүүгийн 201526031009 тоот хэрэг битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 295, 296 дугаар зүйл, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Дагвасүрэнгийн Алтанцэцэгийг аж ахуйн нэгж, байгууллагын өмчийг завшиж үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг,

- бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан үедээ мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Д.Алтанцэцэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт зааснаар тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасахгүйгээр 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 01 /нэг/  жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Алтанцэцэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар  зүйлийн 150.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасахгүйгээр 01 жил 06 сарын хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 жил 01 сарын хугацаагаар хорих ялыг багтааж, түүний биечлэн эдлэх ялыг тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасахгүйгээр 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Алтанцэцэгт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Алтанцэцэгийн цагдан хоригдсон 18 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулж тооцсугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “МЧБС” ХХК-ийн кассын бүртгэлийн дэвтэр 6 ширхэг, хяналтын камерийн бичлэг бүхий хард диск 3 ширхэг,  “МЧБС” ХХК-ийн санхүүгийн тооцооны баримт 46 ширхэг зэргийг хохирогч “МЧБС” ХХК /төлөөлөгч Г.Төгсмандах/-нд буцаан олгож, Д.Алтанцэцэгээс “МЧБС” ХХК-нд тушаасан тооцооны баримт 16 ширхгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

 

7. Эрүүгийн 201526031009 тоот хэрэг битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Алтанцэцэгт оногдуулсан тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасахгүйгээр 01 /нэг/ жил 06 /зургаа/ сар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, тэнсэгдсэн ялтан Д.Алтанцэцэгт хяналт тавьж ажиллахыг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.

 

9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Алтанцэцэгт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

11. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Алтанцэцэгт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                          Д.АЛТАНЖИГҮҮР