Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 282

 

Б.От-, Д.Пү-, А.Мө- нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын ахлах прокурор Ш.Эрдэнэбилэг, шүүгдэгч Б.От-ы өмгөөлөгч Б.Энхтүвшин, шүүгдэгч Д.Пү-ийн өмгөөлөгч Б.Тэнгис, шүүгдэгч А.Мө-ын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 20 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 339 дүгээр магадлалтай 2014260005328 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.От-, түүний өмгөөлөгч Н.Цэрэндулам, шүүгдэгч Д.Пү-ийн өмгөөлөгч Б.Тэнгис нарын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1988 онд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай Б.От-,

2. Монгол Улсын иргэн, 1984 онд төрсөн, 34 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, 2004 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сар хорих ял шийтгүүлж, Өршөөл үзүүлэх комиссын 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 2568 дугаар тогтоолоор эдлээгүй үлдсэн 3 жил 27 хоногийн хорих ялаас 3 жилийн хорих ялыг өршөөн хасаж, 2006 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хорих ялын хугацаа дуусаж суллагдсан, хэрэг хариуцах чадвартай Д.Пү-,

3. Монгол Улсын иргэн, 1980 онд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ял шийтгүүлж байгаагүй А.Мө-.

Шүүгдэгч Б.От-, Д.Пү- нар бүлэглэж 2014 оны 10 дугаар сарын 29-өөс 30-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Ба-тай маргалдаж улмаар хохирогчийн нүүр, толгойн тус газар нь гараараа цохиж тархины зөөлөн бүрхүүлийн тархмал цус харвалт, тархины эдийн няцрал бүхий гэмтэл учруулж хүнийг алсан, мөн Б.От-, Д.Пү-, А.Мө- нар  нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж Б.Ба-ын нүүр, толгойн тус газар нь гараараа цохиж хүч хэрэглэж түүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.От-, Д.Пү- нарт холбогдох Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч А.Мө-ад холбогдох эрүүгийн хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж, шүүгдэгч Б.От-, Д.Пү- нарыг хүнийг алах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн, А.Мө-ыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар шүүгдэгч А.Мө-ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.11-д зааснаар Б.От-, Д.Пү- нарт 13 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийтгэж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Лх- нь өөрт учирсан хохирол, хор уршгийн зардлыг нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтыг “2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад зааснаар Б.От-, Д.Пү- тус бүрийг 13 жил хорих ял шийтгэсүгэй” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Лх-, шүүгдэгч Б.От-, түүний өмгөөлөгч Н.Цэрэндулам, шүүгдэгч Д.Пү-ийн өмгөөлөгч Б.Тэнгис нарын гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.От- гаргасан гомдолдоо “Миний бие талийгаач Б.Ба-тай үл ойлголцсоноос болж цохилцоод өнгөрсөн. Талийгаачтай Д.Пү- маргалдан хэсэг хугацааны дараа А.Мө- нь хамгийн сүүлд цээжин тус газар нь өшиглөсөн. Талийгаач түүнээс хойш босоогүй. Иймд А.Мө-ыг дахин шалгуулах, дахин шинжээчийн дүгнэлт гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.От-ы өмгөөлөгч Н.Цэрэндулам гаргасан гомдолдоо “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3-т тус тус зааснаар шүүх буруу дүгнэлт хийсэн үндэслэлээр гомдол гаргаж байна. Хэний цохилтын улмаас Баттулгын амь нас хохирсныг хууль зүйн хувьд бүрэн тогтоож чадаагүй. Б.От- нь талийгаачийн нүүр уруул орчимд 2-3 удаа цохисон болохыг өөрөө болон гэрчүүд хэлдэг. Б.От-ы дээрх үйлдлээс хойш 1-2 цагийн турш талийгаач бусадтай маргалдаж, хэрүүл маргаан хийж явсан байдаг. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 03-р сарын 23-ны өдрийн 392 дугаартай дүгнэлтээр талийгаачид учирсан тархины зөөлөн бүрхүүл доорх тархмал цус харвалт, тархины эдийн няцрал гэмтлийн үед идэвхтэй үйлдэл хийх боломжгүй, уг гэмтлийг авсан даруйдаа үхэлд хүргэнэ. Дээрх гэмтлийг толгойн хэсэгт цохих, доргилтын улмаас үүснэ гэсэн дүгнэлтийг гаргасан байдаг.

Талийгаачийг хамгийн сүүлд өшиглөсөн хүний үйлдлийн улмаас амь хохирогч нь орны урд тал руу нүүр толгойн хэсгээрээ унаад хурхирч эхэлсэн гэх мэдүүлгийг гэрч Д.Од-, Б.О-, Б.Ши- нар хэлдэг. Шинжээч эмч М.Энхбаярын “цээжинд өшиглөх үед тархинд доргилт үүсэх боломжтой” гэсэн мэдүүлгээр тархины зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалт, тархины эдийн няцрал гэмтэл нь цохилт доргилтын улмаас үүснэ гэдгийг шүүх эмнэлгийн шинжээчийн удаа дараагийн дүгнэлтүүдээр тогтоогдсон байдаг. Тухайн хэрэг маргаан гарах үед байсан гэрч Б.О-, Б.Ши-, нарын мэдүүлгийг шүүх нотлох баримтын хэмжээнд бүрэн үнэлээгүй. Шүүх шинжилгээний байгууллагын шинжээч нарын дүгнэлт хэд хэдэн удаа гарсан ба дүгнэлтүүд өөр хоорондоо зөрүүтэй байдаг. Шүүх эмнэлгийн шинжээчийн удаа дараагийн дүгнэлтийг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн байдаг ч хэргийн бодит байдалд үнэн зөв дүгнэлт хийж чадаагүй. Иймд Б.От-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Д.Пү-ийн өмгөөлөгч Б.Тэнгис гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Магадлалд амь хохирогч Б.Ба-ыг үхэлд хүргэсэн тархины зөөлөн бүрхүүлийн тархмал цус харвалт, тархины эдийн няцрал гэмтэл нь А.Мө-ын “цээжин тус газарт нь өшиглөсөн” үйлдлийн улмаас үүссэн гэх үндэслэл тогтоогдоогүй ба харин Б.От-, Д.Пү- нарын “толгойн тус газарт нь цохисон” үйлдлийн улмаас үүссэн гэж дүгнэсэн нь гэрч Б.О-, Д.Од-, Б.Ши- нарын мэдүүлгээр үгүйсгэгддэг бөгөөд шүүх энэ үйл баримтын талаар хэрхэн яаж үгүйсгэсэн талаар үндэслэлээ огт заагаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.3-т заасныг зөрчсөн байна.

Анхан шатны шүүхээс Б.От-, Д.Пү- нар талийгаачийг зодсны улмаас үхэлд хүрэх гэмтэл авсан болохыг шинжээчийн 2043, 1156, 392 дугаар дүгнэлтээр нотлогдсон гэж үзсэн нь шинжээч эмч Т.Номинцэцэг, Б.Ариунзул, М.Энхбаяр нарын мэдүүлэг болон уг дүгнэлтүүдийн зарим заалтаас үзэхэд Б.От-, Д.Пү- нар талийгаачийг зодсоны улмаас үхэлд хүрсэн гэж дүгнэлт хийсэн шүүх хэт нэг талыг барьж хэргийн бодит байдалтай нийцээгүй эргэлзээ бүхий шийдвэр гаргасан. Анхан болон давж заалдах шатны шүүхээс Б.От-, Д.Пү- нарын олон удаагийн цохих үйлдлийн улмаас үүссэн болох нь тогтоогдож байх тул тэднийг бүлэглэн үйлдсэн гэж үзнэ гэж дүгнэсэн нь дараах нотлох баримтуудаар үгүйсгэгдэж, бүлэглэж үйлдсэн гэдэг нь тогтоогдохгүй байна. Гэрч Д.Од-, Б.О- нарыг нүүрэлдүүлэн байцаасан мэдүүлэг, гэрч Д.Од-, Б.Ши- нарыг нүүрэлдүүлэн байцаасан мэдүүлэг байхад шүүх анхаарч үзэлгүй орхигдуулан хуулийн зүйл, хэсэг заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Хохирогчийг үхэлд хүргэсэн гэмтэл Б.От-, Д.Пү-, А.Мө- нарын хэнийх нь үйлдлийн улмаас үүссэн гэдгийг нарийвчлан тогтоолгүй Б.От-, Д.Пү- нарыг гэм буруутай гэж хэт нэг талыг барьж ял шийтгэл оногдуулж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байна. Иймд шүүхийн шийдвэрийг өөрчилж, зүйлчлэлийг зөвтгөн хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Б.От-ы өмгөөлөгч Б.Энхтүвшин хэлсэн саналдаа “...Б.От- нь хэргийн үйл баримтын тухайд маргахгүй байгаа. Д.Пү-, А.Мө- нарын үйлдлийн хоорондын цаг хугацааны давтамж нь Б.От-ыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэж тооцох хууль зүйн үндэслэл болж байна уу гэдэг нь эргэлзээтэй байна. Б.От-ы үйлдлийн дараа талийгаач идэвхтэй хөдөлгөөн хийсэн байдаг. Тодорхой цаг хугацааны дараа Д.Пү- болон А.Мө- нар талийгаачид халдсан үйл баримт тогтоогдсон. А.Мө- талийгаачид халдсаны дараа тэрээр урагшаа унаад идэвхтэй үйлдэл хийгээгүй гэдэг нь нотлогдож байна. Шинжээч “талийгаачид учирсан гэмтэл нь цохилт болон доргилтоос аль алинаас нь үүсэх боломжтой” гэж дүгнэсэн. Цаг хугацаа болон үйлдэл холбогдлын хоорондын уялдаа холбоо, шалтгаант холбоо юунд оршиж байна гэхээр талийгаач хамгийн сүүлийн цохилтын улмаас нас барсан байдаг. Талийгаачийг Б.От- цохисны дараа өөр өөр давтамжтай, сэдэлттэй халдлагын асуудалд шинжээч цээж, гарыг нь цохисон гэж дүгнэсэн байхад бүлэглэн үйлдсэн гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд Б.От-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд А.Мө-ын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт хэлсэн саналдаа “...Шийтгэх тогтоол, магадлал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Шүүгдэгч А.Мө-ын гэм буруутай үйлдэл буюу амь хохирогчийн цээжинд өшиглөсөн үйлдэл нь гавал тархины гэмтэлтэй шалтгаант холбоогүй гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан. Шинжээчийн хэд хэдэн дүгнэлт гарсан ч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд үндэслэлтэй шийдвэр гаргасан. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Прокурор Ш.Эрдэнэбилэг хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “...Б.От-, Д.Пү-, А.Мө- нар нь 2014 оны 10 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө бусадтай нийлж архидан согтуурч, маргалдан улмаар талийгаачийг ээлжлэн зодож, тархины эдийн няцрал, цус хуралт гэх мэт гэмтлийг учруулсан. Талийгаач нь дээрх гэмтлийн улмаас нас барсан болох нь тогтоогдсон. Шүүгдэгчийн үйлдсэн хэрэг мөрдөн байцаалтын шатанд хангалттай шалгагдаж, тогтоогдсон. Шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хууль ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.От-, Д.Пү- нар нь бүлэглэн 2014 оны 10 дугаар сарын 29-өөс 30-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Баянголын задгайд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Ба-тай маргалдахдаа түүний нүүр, толгой руу нь цохиж тархины зөөлөн бүрхүүлийн тархмал цус харвалт, тархины эдийн няцрал бүхий гэмтэл учруулж алсан,

Шүүгдэгч А.Мө- нь тухайн үед Б.Ба-ын цээж рүү нь өшиглөн хүч хэрэглэн халдаж хөнгөн хохирол /гэмтэл/ учруулсан болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Анхан шатны шүүх дээрх хэргүүдийг зөв зүйлчилж шүүгдэгч Б.От-, Д.Пү- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.11-д зааснаар 13 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийтгэсэн нь шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хор уршиг болон хувийн байдалд тохирсон гэж үзнэ.

Мөн шүүгдэгч А.Мө-ыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан бөгөөд мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан судалж, харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох гэрчүүдийн мэдүүлгүүд, мөн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан удаа дараагийн дүгнэлтүүдээ шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбарласан шинжээчийн мэдүүлгүүдийг эрх зүйн ухамсар, логик эргэцүүлэлд түшиглэн, хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлж дүгнэсний үндсэн дээр шүүгдэгч Б.От-, Д.Пү- нар нь Б.Ба-ыг зодож тархины зөөлөн бүрхүүлийн тархмал цус харвалт, тархины эдийн няцрал бүхий гэмтэл учруулж алсан гэж хэргийн үйл баримтыг сэргээн тогтоосон нь хэргийн жинхэнэ байдалд бүрэн нийцсэн гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.От-, түүний өмгөөлөгч Н.Цэрэндулам, шүүгдэгч Д.Пү-ийн өмгөөлөгч Б.Тэнгис нарын гаргасан “хэргийг дахин шалгуулах, дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах болон хэргийг хэрэгсэхгүй болгуулах тухай” гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 20 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 339 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Б.От-, түүний өмгөөлөгч Н.Цэрэндулам, шүүгдэгч Д.Пү-ийн өмгөөлөгч Б.Тэнгис нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                          ДАРГАЛАГЧ                                             Б.ЦОГТ

                                          ШҮҮГЧ                                                      Б.БАТЦЭРЭН

                                                                                                            Д.ГАНЗОРИГ

                                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН