Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Очирбатын Номуулин |
Хэргийн индекс | 128/2016/0436/з |
Дугаар | 221/МА2016/0689 |
Огноо | 2016-10-26 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 10 сарын 26 өдөр
Дугаар 221/МА2016/0689
О.*******гийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч Д.Баатархүү, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Болормаа, нэхэмжлэгч О.*******, түүний өмгөөлөгч З.Нандинцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.*******-Эрдэнэ нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 576 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, О.*******гийн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулингийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 576 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 27 дугаар зүйлийн 27.1, 33 дугаар зүйлийн 33.1.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч О.*******гийн гаргасан “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн А/429 дүгээр захирамжийн өөрт холбогдох хэсгийг, газрын ******* дүгээр гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад О.******* миний нөхөр болох П.******* нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө “Би Монгол Улсын иргэн болсон цагаасаа эхлэн газар эзэмших байтугай газрын албаар ч очиж байгаагүй, ....энэ газар эзэмших хүсэлтэд байгаа гарын үсэг минийх биш” гэх тайлбарыг өгсөн, мөн нэхэмжлэгч талаас Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн А/429 дүгээр захирамж болоод ******* дугаартай гэрчилгээг авахад гарган өгсөн О.*******гийн нэртэй хүсэлтэд зурагдсан гарын үсэг нь О.*******гийн гарын үсэг мөн эсэхийг мэргэжлийн шинжээчээр судлуулан дүгнэлт гаргуулах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх ханган шийдвэрлээгүй атлаа шийдвэрийнхээ үндэслэх хэсэгтээ "газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах хүсэлтийг П.******* Баянзүрх дүүргийн газрын албанд 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдөр гаргасны дагуу ...гэрчилгээг хүчингүй болгосон байна. Нэхэмжлэгч О.******* 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн өмч газрын харилцааны албанд газар эзэмших хүсэлт гаргаснаар ...гэрчилгээ олгожээ, .....хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга нь бүрэн эрхийнхээ хүрээнд газрыг О.*******д эзэмшүүлжээ” хэмээн тогтоогоод баталсан мэтээр тайлбарлан дүгнэлтийнхээ үндэслэл болгож байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн А/429 дүгээр захирамж, түүний үндсэн дээр олгогдсон ******* дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ нь анхнаасаа хууль бус гэрчилгээ юм. Учир нь хүсэлт гаргаагүй хүний нэр дээр гаргасан хэмээн маргаж байхад анхан шатны шүүх “...газар хашаа нь 8 сая төгрөгийн үнэд хүрэхгүй, хохиролтой байгаа тул газар эзэмшүүлсэн захирамжийг хүчингүй болгох, гэрчилгээ засвартай тул хууль бус хэмээн маргаж байгааг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна” гэж нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан “....тухайн газар надад таалагдаагүй учир нь 8 сая төгрөгийн үнэ хүрэхгүй, мөн эрхийн маргаантай байсан тул авахгүй гэдгээ Э.Энхцэрэнд нэн тэргүүнд хэлсэн боловч гэрчилгээг хэдийн гаргуулчихсан надад өгч, та түр авч бай би дараа нь зараад өгнө гэсэн үгэнд нь итгээд хүлээсэн” гэх тайлбарыг гуйвуулан “маргаж байгааг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна" хэмээн үзсэн нь үндэслэлгүй, хэт нэг талыг баримталсан хэмээн үзэж байна. Нэхэмжлэгч талаас хариуцагчийг Э.Энхцэрэнгийн газар эзэмших хүсэлт болоод бүрдүүлэн өгсөн холбогдох баримтуудыг, мөн хүсэлт гаргаж буй этгээдийг өөрийг нь эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгч мөн эсэхийг нягтлан шалгалгүй бусдын нэр дээр газар эзэмших эрхийн гэрчилгээг гаргасан хайхрамжгүй үйлдэл нь Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.2, 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтууд, 2008 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 83 дугаар тушаалын “Газар эзэмших ашиглах гэрчилгээ олгох журам”-ын 3.1.1, 3.2, 3.4.1, 4.2, 4.3, 5.2, 10.2, 16.1 зэрэг заалтуудад тусгасан хуулиар үүрэг болгосон заалтуудыг зөрчиж, хуурамч бичиг баримтад тулгуурлан, эзэмших эрх авах хүсэлт гаргаагүй хүний нэр дээр эзэмших эрхийн гэрчилгээг гаргасан хэмээн буруутгаж байхад анхан шатны шүүх уг асуудлыг огт шалгаагүй, дүгнэлт хийгээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хангалтгүй хийсэн хэмээн үзэж байна. Иймд захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүх рүү буцааж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.
Нэхэмжлэгч О.******* нь “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн А/429 дүгээр захирамжийн өөрт холбогдох хэсэг, газар эзэмших эрхийн ******* тоот гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “хариуцагч нь хуурамч хүсэлт, дагалдах бичиг баримтаар эзэмших хүсэлт гаргаагүй хүний нэр дээр газар эзэмших эрх олгосон, энэ үйлдэл нь Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.2, 34 дүгээр зүйлийн 34.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтуудыг зөрчсөн” гэж маргажээ.
Нэхэмжлэгч О.******* нь иргэн Э.Энхцэрэнтэй 2014 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж “Төгс” нэртэй хүнсний дэлгүүрийг 15 сая төгрөгөөр худалдсан байх ба гэрээний үнэ 7 сая төгрөгийг бэлнээр хүлээн авч, 8 сая төгрөгт нь эзэмших эрх бүхий бичиг баримттай газар авахаар тохиролцсон, дээрх гэрээ нь хуульд заасан шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл болох нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 8515 дугаар шийдвэрээр нотлогдсон байна.
Захиргааны хэргийн шүүх О.*******гийн захиргааны байгууллага, албан тушаалтанд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлага бүхий хэргийг шийдвэрлэхдээ тухайн захиргааны байгууллага, албан тушаалтны буруутай, хууль зөрчсөн ажиллагаа байгаа эсэх, уг ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхийг тогтоох үүрэгтэй.
Гэтэл анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хувийн эрх зүйн харилцаанд хамаарах гэрээ байгуулагч талуудын хүсэл зориг, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн эсэхэд дүгнэлт өгч нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн... асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасантай нийцэхгүй байна. Тодруулбал,
Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Газар эзэмших хүсэлт гаргагч нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага байна”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана”, 32.2-т “Иргэн энэ хуулийн 32.1-д заасан хүсэлтэд дараахь зүйлийг тусгана: 32.2.1. овог, нэр, байнга оршин суугаа хаяг, иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаар; 32.2.2. эзэмших газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, хэмжээ, зааг, байршил, нэгж талбарыг харуулсан тойм зураг; 32.2.3. газар эзэмших зориулалт, хугацаа” гэж тус тус зааснаас үзвэл газар эзэмших хүсэлтийг тухайн иргэн өөрөө гаргах үүрэгтэй бөгөөд үүнийг эрх бүхий байгууллага нягтлан үзсэний үндсэн дээр шийдвэрлэх учиртай.
Гэтэл газар эзэмших тухай хүсэлтийг өөрөө гаргаагүй, хүсэлтэд гарын үсгээ зураагүй иргэн О.*******гийн нэр дээр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, ЖУӨ 4-2196а тоотод байрлах 371 м.кв газрыг ахуйн зориулалтаар, 5 жилийн хугацаатай эзэмших эрх олгосон нь Газрын тухай хуулиар зохицуулсан газар эзэмших эрх олгох процесс ажиллагаа зөрчигдсөн гэж үзэх үндэслэл болно.
Түүнчлэн, Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 2-т “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн”, Газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн өмч мөн” гэж тодорхойлсон атал газар өмчлөх эрхгүй хэн нэгэн этгээд бусдын нэрийн өмнөөс хүсэлт гарган нэхэмжлэгч О.*******гийн нөхөр П.*******ын нэр дээр газар эзэмших эрх олгосон захирамж гаргуулах, түүнийг хүчингүй болгуулах, дахин О.*******гийн нэр дээр газар эзэмших эрх олгосон захирамж гаргуулах зэргээр төрийн өмчийн газрыг өөрийн өмч мэтээр төлбөрийн хэрэгсэл болгон ашиглах боломж олгосон маргаан бүхий захиргааны акт Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т заасан “газар төрийн хяналт, хамгаалалтад байх” зарчмыг зөрчсөн байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3-т зааснаар Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх эрхтэй бөгөөд хэдийгээр газар эзэмших эрх нэхэмжлэгч О.*******д олгогдсон ч энэхүү эрх үүссэн үндэслэл нь хууль бус, өөрийн хүсэл зоригоос гадуур түүнд газар эзэмших эрх үүссэнээр нэхэмжлэгчийн хүссэн байршилдаа, хүссэн хэмжээгээр газар эзэмших хүсэлтээ гарган шийдвэрлүүлэх эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл бодитой.
Иймд нэхэмжлэгчийн гомдлыг хангаж маргаан бүхий Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн А/429 дүгээр захирамжийн О.*******д холбогдох хэсэг, уг захирамжийг үндэслэн олгосон газар эзэмших эрхийн ******* тоот гэрчилгээг тус тус хүчингүй болгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 576 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 31 дүгээр зүйлийн 31.1, 32 дугаар зүйлийн 32.1, 32.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан О.*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн А/429 дүгээр захирамжийн нэхэмжлэгч О.*******д холбогдох хэсэг, газар эзэмших эрхийн ******* тоот гэрчилгээг тус тус хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1, 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт заасныг баримтлан О.*******гаас нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг, давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвөөс тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Ц.ЦОГТ
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ О.НОМУУЛИН