| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2020/00867/И |
| Дугаар | 142/ШШ2020/01023 |
| Огноо | 2020-08-25 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 08 сарын 25 өдөр
Дугаар 142/ШШ2020/01023
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Бямбасүрэн, шүүгч Р.Үүрийнтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б.Ш
Хариуцагч: М.Б
Гэм хорын хохирол гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Ш, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Э, иргэдийн төлөөлөгч Э.Гантулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Одончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Б.Ш шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Б.Ш нь 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Орхон аймаг, Баян-Өндөр сумын Баянбулаг багийн нутаг дэвсгэрт байрлах “ГОК гарден” хотхоны урд талын авто зам дээр согтуугаар 70-33 ОРО улсын дугаартай КИА-5 маркийн авто машиныг жолоодон явсан жолооч М.Б нь эсрэг урсгал сөрж зам чөлөөлж зогссон 36-50 ОРХ дугаартай ачааны машинаас бууж байсан намайг мөргөж баруун шилбэний шаант ясны дээд хэсгийн үен доторх далд хугарал, баруун тахилзуур ясны толгой хэсгийн хугарал, өвдөгний үений гадна хажуугийн холбоос болон булчингийн урагдал, үе дотор цус хуралт, баруун шилбэнд язарсан шарх, зүүн өвдөгний гадна тал 2 тооны зулгаралт, дух нуруунд зөөлөн эдэд 3 тооны цус хуралт зэрэг гэмтэл учруулсан. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 295 дугаартай шийтгэх тогтоолоор ажилгүй байсан хугацааны цалин гэж 999 000 төгрөг төлсөн. Листний мөнгийг хасаад цалингийн зөрүү болох мөнгийг төлсөн байгаа. Эрүүгийн хэргийн шүүх хэргийг хэлэлцэхэд эмчилгээний баримтаа гаргаж өгөөгүй учраас иргэний шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээсэн. 2018 оны 06 дугаар сараас одоо хүртэл эмнэлэгт үзүүлэн ажлаа хийлгүй тасралтгүй эм тариа авч эмчилгээ хийлгэж байгаа болно. Орхон аймгийн БОЭТ-ийн гэмтлийн эмч Хэнбэ, Энхбат нарын хяналтанд үзүүлэн эм тариа авч хэрэглэдэг. Эмч Улаанбаатар хот руу явж “Гэмтэл согог судлалын үндэсний төв” эмнэлэгт очиж уулз гэсний дагуу 2019 оны 06 дугаар сарын 19-нд Улаанбаатар хот руу явж 2019 оны 06 дугаар сарын 21-нд буцаж ирсэн. “Гэмтэл согог судлалын үндэсний төв'' эмнэлэгт үзүүлэхэд намайг заавал өвдөгний зөөлөн эдний хагалгаанд орох шаардлагатай, хагалгааны төлбөр 3 000 000 төгрөг гэсэн. Би 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр “УБ СОНГДО” эмнэлэгт үзүүлэн MRI зураг авахуулахад өвдөгний зөөлөн эдийн хагалгаанд орох шаардлагатай 3 000 000-5 000 000 төгрөгийн хооронд байдаг гэсэн бичилтийг хийж өгч байсан. Би осолд орохоосоо өмнө нийгмийн даатгал төлдөг байсан учраас НД-аас хөнгөлттэйгээр хагалгаанд орох гэж хэрэндээ хөөцөлдсөн боловч хөнгөлөгдөх хагалгаа биш гэж гэсэн. Санхүүгийн боломжгүй байдлаасаа болоод өнеөдрийг хүртэл хагалгаанд орж чадаагүй. Би осолд орох үед цалингийн зээл авчихсан байсан. Одоо болтол нэхэгддэг. М.Бийг сайн дураар эмчилгээний зардал эм тарианы мөнгийг өгчих байх гэж хүлээсэн. Санхүүгийн боломжгүй байдлаа хариуцагчид хэлээд хагалгааны төлбөрийг төлөөд хагалгаанд оруулаад өгөөч би зүгээр болоод ажлаа хиймээр байна гэхээр уурладаг. Би 2019 оны 01 дүгээр сарын 15-нд М.Боос эмчилгээ, эм тариа, хагалгааны зардлыг урьдчилан нэхэмжилсэн иргэний хэрэг өнөөдрийг хүртэл шийдвэрлэгдээгүй. Хариуцагч шийдвэр, магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй Улсын дээд шүүхэд гомдол гаргасан. Улсын дээд шүүх иргэний хэргийг хүлээн аваад 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хэлэлцээд шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Хөлний МRI зураг авахуулж ир гэсний дагуу 2019 оны 10 дугаар сарын 06-нд Улаанбаатар хот руу явж Luxmed эмнэлэгт үзүүлэн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр ирсэн. Замын зардалд 34 800 төгрөг, эмнэлэгт үзүүлсэн эм тарианд 458 476 төгрөг. Баримтаар ийм зардал гарсан гэж байгаа боловч баримтгүй маш их зардал гардаг. Улаанбаатар хотод эмнэлэгт үзүүлэхдээ 1, 2 өдөр болдог. Улаанбаатар хот дотор нааш цаашаа автобусаар явна. Өдөржин, шөнөжин юм идэхгүй явна гэж байхгүй хоол унд, ус, оо орох гэх мэт зардлууд гардаг. Эдгээрт баримт өгдөггүй. Би гэртээ ганцаараа ажил хийдэг байсан. Бага насны 3 хүүхэдтэй. Эхнэр группэд байдаг. Цалингийн зээлтэй хүнд байнга эмчилгээний зардал гарч байгаа нь манай гэрийн санхүүд маш хүндээр тус байна. 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр шүүх хуралдаан товлогдсон бөгөөд шүүх хуралдаандаа оролцонгоо “Гэмтэл согог судлалын үндэсний төв” дээр очиж үзүүсэн. Эмч картыг минь үзээд МRI зураг авахуул, хурдан хагалгаандаа ор гэсэн. Надад мөнгө байхгүй учраас зөвлөгөө аваад буцаж ирсэн байгаа. “Орхон АЗЗА” ХХК-д замчнаар 650 000 төгрөгийн цалин авдаг байсан. Би 2019.04.02-ноос 2019.10.02-ныг хүртэл групптэй байсан. 2019 оны 10 сард группэд орох заалтгүй гээд хасагдсан байгаа. Группын мөнгө сард 310 000 төгрөг авдаг байсан. Ажилгүй байсан хугацааны цалин 2019 оны 04 дүгээр сараас 2019 оны 09 дүгээр сар хүртэл 6 сарын цалингийн зөрүү 6*340 000=2 040 000 төгрөг, 2019 оны 10, 11, 12, 2020 оны 01, 02, 03, 04, 05, 06 дугаар сар 9*650 000=5 850 000 нийт 7 890 000 төгрөг, замын зардалд 53 400 төгрөг, эмнэлэгт үзүүлсэн эм тарианд 584 976 төгрөг, эрүүгийн хэргийн төв архив үйлчилгээний хөлс зардал 3 000 төгрөг, нотариатын зардал 700 төгрөг, нийт 8 532 076 төгрөгийг М.Боос гаргуулан миний хохирлыг барагдуулж өгнө үү. Эрүүл саруул ажил төрлөө хийгээд явж байсан бол банкны зээлээ дараад гэр бүлийнхэн минь хүртэл санхүүгийн асуудалгүй байх байсан. М.Бийн буруутай үйлдлээс болоод би эрүүл мэндээрээ хохироод дээрээс нь гэр бүлийнхнийгээ хүнд байдалд оруулчихсан. Сэтгэл санааны хувьд маш хэцүү байна. Хурдан эрүүл саруул болчих юм бол ажил төрлөө хиймээр байна гэжээ.
Нэхэмжлэгч Б.Ш шүүхэд ирүүлсэн нэмэлт тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд М.Бид холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлд 2018 оны 09 дүгээр сараас 2019 оны 02 дугаар сар хүртэлх 7 сарын группын зөрүү болон эм тариа зайлшгүй хийх хагалгааны төлбөрийг нэхэмжилсэн. Нэхэмжлэлийн үнийг дүнгээс 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр шилжүүлсэн 500 000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр шилжүүлсэн 300 000 төгрөгийг нийт 800 000 төгрөгийг авсан тухайгаа хэлж нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасч үлдсэн мөнгийг нэхэмжилсэн бөгөөд 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 333 дугаартай шийдвэрээр М.Боос 6 109 853 төгрөг гаргуулан надад олгохоор шийдвэрлэсэн. Уг шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Э, өмгөөлөгчийн хамт эс зөвшөөрч давж заалдах болон Улсын дээд шүүхэд хяналтын гомдол гаргасны дагуу 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Улсын дээд шүүхээр уг нэхэмжлэлийг хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Энэ хугацаанд би хариуцагч М.Боос эрүүгийн шүүх хуралдаанаас 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс 265 000 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 1 000 000 төгрөг нийт 1 265 000 төгрөг, иргэний хэргээс 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 500 000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 300 000 төгрөгийг нэхэмжлэлээс хасуулан 6 109 853 төгрөгөөс 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 1 000 000 төгрөг, 2019 оны 07 дугаар сарын 04-ны өдөр 1 000 000 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 1 000 000 төгрөг 3 000 000 төгрөгийг авч 3 109 853 төгрөг үлдсэн. Энэ хугацаанд М.Боос эм тарианы зардал, лист болон группын зөрүүнд нийт 5 065 000 төгрөгийг дансаар авсан. М.Боос бэлнээр мөнгө авч үзээгүй. Мөнгийг бөөн өгдөггүй цувуулан өгдөг учраас өнөөдрийг хүртэл хагалгаандаа орж чадаагүй юм. Өмнөх шүүхийн шийдвэр болон бусад мөнгийг хасаад иргэний хэргийн шүүхийн шийдвэрээс 3 109 853 төгрөг үлдсэн байгаа болно. 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр группээс хасагдсан бөгөөд гэр бүлийн хэрэгцээ, өвчин намдаах эм, цалингийн зээл гэх мэт хэрэгцээнээс болж 2019 оны 11 дүгээр сард “Орхон АЗЗА ТӨХК-аас гарах хүсэлтээ өгч, ажлаасаа чөлөөлөгдөн “Эрдэнэт хивс” ХХК-нд очоос цэвэрлэгчээр ажилд орсон. Нэхэмжлэлийн шаардлагаас 2019 оны 11, 12, 2020 оны 04, 05 сарын цалинг хасч ажилгүй байсан хугацааны цалин 4 сар 650 000 төгрөг болох 2 600 000 төгрөгийг хасч, ажилгүй байсан хугацааны цалин 5 290 000 төгрөг замын зардал 53 400 төгрөг, эмнэлэгт үзүүлсэн эм тарианд 584 976 төгрөг. эрүүгийн хэргийн төв архив үйлчилгээний хөлс зардал 3 000 төгрөг, нотариатын зардал 700 төгрөг нийт 5 932 076 төгрөгийг нэхэмжилж байна. Би 2019 оны 11 дүгээр сард “Орхон АЗЗА” ТӨХК-аас өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан. Мөн одоо “Эрдэнэт хивс” ХХК-нд очоос цэвэрлэгчээр түр гэрээ байгуулан ажиллаж байгаа тул хүсэлтийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Б.Шын нэхэмжлэлтэй, С.Бямбадоржид холбогдох 8 532 076 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа бөгөөд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь Б.Шт бид эм тариа хэрэгцээтэй зүйлсийг цаг тухайд нь авч өгч байсан бөгөөд эмнэлэгт хүртэл хүргэж өгдөг байсан. Эрүүгийн шүүх хурал болоход 1 156 446 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 1 000 000 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 500 000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 300 000 төгрөг, нийт 2 956 446 төгрөг төлсөн бөгөөд мөн Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 142/ШШ2019/00333 дугаартай шүүхийн шийдвэрээр эмчилгээний болон унааны зардал 960 920 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин группийн зөрүү 2 648 933 төгрөг, эмчилгээ хийлгэх зардал 3 000 000 төгрөг, нийт 6 109 853 төгрөгийг М.Боос гаргуулан Б.Шт олгож шийдвэрлэсэн бөгөөд хариуцагч М.Б нь нийтдээ 9 066 299 төгрөгийг Б.Шт төлсөн байна. Мөн нэхэмжлэгч Б.Ш нь 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацаа тогтоосон акттай байсан бөгөөд энэ хугацаандаа болон тэрнээс хойш “Орхон АЗЗА” ХХК-д ажил албан тушаал нь хэвээр хадгалагдаж байсан эсэх нь тодорхойгүй бөгөөд гадуур хүнээс сураглахад Эрдэнэт хивсэнд ажиллаж байгаа гэдэг сургийг сонссон. Хэрвээ Б.Ш нь “Орхон АЗЗА” ХХК-д ажиллахгүй ажлаасаа гарсан бол ажилгүй байсан хугацааны цалин, группийн зөрүүг нэхэмжлэх эрхгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Ш нь хариуцагч М.Бид холбогдуулан гэм хорын хохиролд 8 532 076 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа бууруулж 5 932 076 төгрөг болгосон.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч талууд мэтгэлцэж байна.
Шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчилэн хангаж шийдвэрлэв.
2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянбулаг багийн нутаг дэвсгэрт байрлах ГОК гарден хотхоны урд талын авто зам дээр 70-33 ОРО улсын дугаартай КИА-5 маркийн авто машиныг жолоодон явсан М.Б нь эсрэг урсгал сөрж, зам чөлөөлж зогссон 36-50 ОРХ улсын дугаартай ачааны авто машинаас бууж явсан зорчигч Б.Шыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь зохигчдын тайлбар, Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 295 дугаартай шийтгэх тогтоолоор нотлогдож байна.
Хэргийн үйл баримт болон Б.Шын биед гэмтэл учруулсан, уг үйлдэлд хариуцагч М.Б гэм буруутай талаар талууд маргадаггүй.
Нэхэмжлэгч Б.Ш нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Эмнэлэгт үзүүлсэн болон эм тарианы зардал, цалингийн зөрүү, архив нотариатын зардалд нийт 8 532 076 төгрөг гэж тодорхойлсон боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Улаанбаатар хот руу эмнэлэгт үзүүлэхээр явсан замын зардалд 53 400 төгрөг, эмнэлэгт үзүүлсэн эм тарианд 584 976 төгрөг, архив, нотариатын зардалд 3 700 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин 5 290 000 төгрөг нийт 5 932 076 төгрөг болгон бууруулсан. Эрүүл мэндээрээ хохирсноос болж хуучин ажлаа хийх боломжгүй болсон гэр бүлийн хүн группт байдаг, банкны зээлийн дарамтаас шалтгаалж суугаа ажил хөдөлмөр эрхлэхээр Эрдэнэт хивс ХХК-д очоос түүгчээр 11 сард ажилд орсон. Хийснээр цалинждаг учраас тогтмол орлогогүй гэж тайлбарлаж байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: Нэхэмжлэгчид байнга мөнгө өгдөг би өөрөө тэтгэвэрээ авахгүй 2 жил болж байна. Жолооны эрх хассан учир хүүхэд ажил хийхгүй байгаа. Өөр ажилд орчихсон байж хуучин ажлын цалингаар зөрүү нэхээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байна.
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 295 дугаартай шийтгэх тогтоолоор Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч М.Боос 990 000 төгрөг гаргуулан хохирогч Б.Шт олгож, хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсан байна.
Хариуцагч М.Боос гэм хорын хохиролд тодорхой хэмжээний мөнгийг шилжүүлсэн талаар талууд маргаагүй бөгөөд уг хэргийн улмаас нэхэмжлэгч Б.Ш ажилгүй байсан хугацааны цалинд 5 290 000 төгрөг нэхэмжилсэн шаардлагаас зарим хэсгийг хасч тооцох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Нэхэмжлэгч Б.Ш нь осолд орох үедээ “Орхон АЗЗА” ТӨХК-д замчинаар ажиллаж байсан бөгөөд сарын үндсэн цалин 650 000 төгрөг, тэрээр 2019 оны 10 дугаар сар хүртэл тахир дутуугийн группийн тэтгэмжид сард 310 000 төгрөг авдаг байсан болох нь 0317893 дугаартай тэтгэвэр тэтгэмжийн дэвтрээр нотлогдож байна. Мөн Б.Ш нь 2019 оны 11 дүгээр сард Эрдэнэт хивс ХХК-д ажилд орсон болох нь Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор нотлогдож байх тул 2019 оны 04 дүгээр сараас 2019 оны 10 дугаар сар хүртэлх хугацааны буюу 6 сарын /өмнөх шүүхийн шийдвэрээс хойшхи хугацааны/ группын зөрүү 2 040 000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын цалин 650 000 төгрөг нийт 2 690 000 төгрөгийг ажилгүй байсан хугацааны цалин буюу группын мөнгөний зөрүүнд олгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Б.Шын хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн замын зардлын баримт болон эм тарианы төлбөрт төлсөн баримт, архив, нотариатын төлбөрт төлсөн баримтууд нотлох баримтын шаардлага хангасан баримт байх тул 640 757.82 төгрөгийн төлбөрийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.
Иймд хариуцагч М.Боос нийт 3 330 757.82 /2 040 000+650 000+640 757.82/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Шт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 601 318.18 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрөөс нэхэмжлэгч нь хуульд заасны дагуу чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч М.Боос 68 242 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулах нь зүйтэй байна.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хариуцагч М.Боос 3 330 758 /гурван сая гурван зуун гучин мянга долоон зуун тавин найм/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Шт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 601 318 /хоёр сая зургаан зуун нэг мянга гурван зуун арван найм/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрөөс хуульд зааснаар чөлөөлөгдөх бөгөөд хариуцагч М.Боос 68 242 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Б.БЯМБАСҮРЭН
Р.ҮҮРИЙНТУЯА