| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2020/01012/И |
| Дугаар | 142/ШШ2020/01099 |
| Огноо | 2020-09-09 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 142/ШШ2020/01099
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.М нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д.О холбогдох,
4 320 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Х, гэрч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Б.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Д.Отай харилцан тохиролцосны үндсэн дээр 1 680 000 төгрөгний зээлийн гэрээ байгуулж, 1 сарын 10 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн. Мөн дахин Д.О нь 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр гэртээ тавилга авах хэрэгтэй байна 1 500 000 зээлээч 1 сарын хугацаанд эргүүлж төлнө гэсний дагуу тус өдөр зээлийн гэрээ бичгээр байгуулж, 1 500 000 төгрөгийг зээлдүүлсэн. Тус зээлийн мөнгийг зээлийн гэрээ байгуулсан өдөр тухай бүрт нь түүний Хаан банкны 5090365888 дугаартай дансанд шилжүүлсэн болно. Зээлдэгч Д.О нь зээлийн гэрээний дагуу зээлийн хүүг шаардуулсаар байж хугацаа хэтрүүлэн төлсөн. Одоо зээлийн гэрээнд заасны дагуу алданги бодогдоод явж байна. Зээлийг төлөхийг шаардаж утсаар холбогдоход төлөхгүй байгаа ба сүүлдээ утсаа ч авахаа болилоо. Түүнийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т ажилладаг болохоор нь төлчих байх гэж бодоод итгээд өгсөн боловч одоо өгөхгүй байгаад гомдолтой байна. Иймээс 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 1 680 000 төгрөг, түүнээс бодогдсон алданги 630 000 төгрөг /1 өдрийн 8400* 75 хугацаа хэтэрсэн хоног/, 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 1 500 000 төгрөг, алданги 510 000 төгрөг /1 хоногийн 7500*68 хугацаа хэтэрсэн хоног/ нийт 4 320 000 төгрөгийг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Дэмбэрэлдаш овогтой Отгонбаатар нь иргэн Мөнгөншагайгаас 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр ам хэлэлцээгээр 1 500 000 төгрөгийг 10 хувийн хүүтэйгээр 1 сарын хугацаатай зээлсэн болно. Тухайн сардаа төлж чадахгүй хүүг нь өгч сунгуулж явсаар байгаад хоорондоо зохицоод яваад байсан нь үнэн. Сар болгон 1 500 000 төгрөгийн хүү 150 000 төгрөгийг хувь хүний дансанд хийж байсан ба 2020 оны 03 дугаар сард 1 500 000 төгрөг зээлж авсан. Тэгээд нийлээд 3 000 000 төгрөгийг харилцан зохицож 10 хувийн хүүтэй зээлсэн. Сард хүү болох 300 000 төгрөг тогтмол хийж байгаад сүүлийн 2 сар хүү төлж чадаагүй нь үнэн боловч нийлээд бүх хүүнд 2 000 000 гаруй төгрөг төлсөн байгаа. Уг нь хоорондоо зохицоод ямар ч байсан төлнө гэсэн боловч уг хүн маань зөвшөөрөөгүй тул 4 000 000 төгрөг нэхэмжилснийг зөвшөөрөхгүй байна. Энэ хүнд өгсөн мөнгийг дансны хуулга авч харуулж болно гэжээ.
Хариуцагч Д.О шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр иргэн Б.М нь 14.00 цагийн орчим манай гэрт ирээд эхнэр Д.Баасанболор бид хоёроос зээлийн гэрээний эх бэлтгэхийн тулд Д.Оын иргэний үнэмлэх, ХААН банкны 5090365888 тоот данстай виза картыг би авч явах хэрэгтэй байна гэхэд бид хоёр итгээд өгөөд явуулсан. Тэр өдрийнхөө орой 18.00 цагийн орчим намайг гэртээ байхад надад гар дээр бэлэн мөнгө өгөлгүйгээр гэрээний загвар бэлтгэж ирээд гэрээнд гарын үсэг зуруулаад, миний иргэний үнэмлэх, ХААН банкны 5090365888 тоот данстай виза картыг өгчихөөд явсан. Дараа нь Б.М нь миний ХААН банкны 5090365888 тоот данснаас 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 14.27 цагт үйлчилгээний төвийн 1249 тоот АТМ-д миний зөвшөөрөлгүйгээр ашиглан 1 680 000 төгрөгийн орлого хийж, тэр даруй тус бүр 3 удаа дур мэдэж зарлагын гүйлгээ /800 000 төгрөг, 800 000 төгрөг, 80 000 төгрөг/ хийж, өөрөө авсан байсныг би сүүлд нь мэдлээ. Иймд Д.О миний бие иргэн Б. Мөнгөншагайд итгэж өөрийн иргэний үнэмлэх, ХААН банкны 5090365888 тоот данстай виза картыг өгч явуулахад, бодит байдлыг нуун дарагдуулж намайг үр дагаврыг ойлгуулалгүйгээр төөрөгдүүлэн, хуурч гэрээ гэх цаасан дээр гарын үсэг зуруулсан учир 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн энэхүү гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож шийдвэрлэж өгнө үү, Б.Мд дансаар 2 727 000 төгрөг төлсөн гэв.
Нэхэмжлэгч Б.М шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Б.М нь Д.От 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр дансаар 1 000 000 төгрөг шилжүүлсэн. 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр нэмж дансаар 500 000 төгрөг шилжүүлсэн. Газрын гэрчилгээ өгч хүү төлж явсан нь үнэн болно. Мөн 2019 оны 07 дугаар сарын 06-ны өдөр эхнэрийнх нь 5091076839 дансанд 300 000 төгрөг шилжүүлсэн. Хүү өгөөгүй 2,3 сар болсон тул гэрт нь очиж ярилцаж байгаад дансанд нь мөнгө хийж гэрээ хийе гэж тохиролцсон. 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, Д.О нь виза карт иргэний үнэмлэхээ өгч пин кодоо өөрөө хэлж өгсөн “78 88” гэж. Тэгээд дансанд нь мөнгө шилжүүлж өөрийн биеэр буцааж авсан нь үнэн. Мөн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр дахиж гэрээ хийгээд 1 500 000 төгрөг зээлж авъя гэсний дагуу дахин зээлийн гэрээ хийж 1 500 000 төгрөг шилжүүлсэн нь үнэн, 2 727 000 төгрөгийг хүүний төлбөрт авсан тул одоо үндсэн төлбөр 1 680 000 төгрөг болон 2020 оны 03 дугаар сарын 23-ны гэрээний дагуу мөнгөө гаргуулах хүсэлтэй, 1 680 000 төгрөгийн алдангиас татгалзаж байна гэв.
Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.М нь хариуцагч Д.От холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл нийт 4 320 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэлийн шаардлагаа бууруулж нийт 3 690 000 төгрөг гаргуулна гэж тайлбарлаж байна.
Хариуцагч Д.О түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Х 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан гэрээгээр нэхэмжилсэн мөнгийг эс зөвшөөрч, уг гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчилэн хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэв.
Зохигчдын хооронд 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 1 680 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 0.5 хувийн хүүтэй байх нөхцөлтэй, 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 1 500 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 0.5 хувийн хүүтэй байх нөхцөлтэй зээлийн гэрээ байгуулагдсан байна.
Нэхэмжлэгч Б.М нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Д.О нь 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 1 000 000 төгрөг, 5 дугаар сарын 31-ний өдөр 500 000 төгрөг, 2019 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 300 000 төгрөгийг дансаар авсан. Хүүг нь өгч байгаад дахин мөнгө зээллэхээр санал тавихад зээлийн гэрээг байгуулсан. Түүний өгсөн мөнгө хүүний төлбөрт тооцогдох тул үндсэн төлбөр 1 680 000 төгрөг дээр 2020 оны 03 дугаар сарын 23-ны гэрээний үүргийн гүйцэтгэлийг нэмж 3 690 000 төгрөг гаргуулна гэж тайлбарлаж байна.
Хариуцагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байгаа үндэслэлээ: 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр зээлийн гэрээний дагуу мөнгө аваагүй, харин ч Д.Оын данснаас энэ мөнгийг гаргуулан өөрт нь зээл өгсөн мэт харагдуулахаар хууран мэхэлж гэрээ байгуулсан тул хүчин төгөлдөр бус гэрээ юм. Иймд энэ гэрээний дагуу төлөх төлбөргүй бөгөөд дансаар 2 727 000 төгрөг төлсөн байгаа. Харин 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн гэрээний дагуу авсан 1 500 000 төгрөгийг зөвшөөрч байна. Иймд 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох ёстой гэж тайлбарлаж байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан тул нэхэмжлэгч Б.М шаардах эрхтэй.
Мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасан тул нэхэмжлэгч Б.М нь 2019 оны 05 дугаар сарын 28, 31-ний өдөр болон 7 дугаар сарын 6-ны өдөр зээлдүүлсэн нийт 1 800 000 төгрөгт хүүний төлбөр шаардах эрхгүй байна. Учир нь талуудын хооронд бичгийн гэрээ байгуулагдаагүй байна.
Хэдийгээр талууд хүү төлөх талаар амаар тохиролцож хүүний төлбөрт гэж Д.Оаас мөнгө шилжүүлж байсан боловч хуульд заасан шаардлагыг хангаагүй байх тул хариуцагчийн төлсөн 2 727 000 төгрөгийг хүүний төлбөрт тооцох үндэслэлгүй байна.
Харин зохигчдын хооронд байгуулагдсан 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 1 500 000 төгрөгийн зээлийн гэрээ, 2019 оны 05 дугаар сарын 28, 31-ний өдөр болон 7 дугаар сарын 6-ны өдөр шилжүүлсэн нийт 1 800 000 төгрөг, хариуцагчийн төлсөн 2 727 000 төгрөгийг тооцож, хариуцагч Д.Оаас 1 233 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Мд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 457 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Тодруулбал: 1 800 000 төгрөг /3 удаа шилжүүлсэн/+1 500 000 /гэрээгээр шилжүүлсэн/+150 000 /хүүний төлбөр/+510 000 төгрөг /алдангийн төлбөр/-2 727 000 /хариуцагчаас өгсөн/=1 233 000 төгрөгийг хариуцагч буцаан төлөх үүрэгтэй.
Хариуцагч Д.Оын Хаан банкны 5090365888 тоот дансанд 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 14:27 минутад “Шагайгаас зээлдүүлэв” гэсэн гүйлгээний утга бүхий орлого 1 680 000 төгрөг орж, мөн өдөр 14:27 минутад 800 000 төгрөг, 14:28 минутад 800 000 төгрөг, 14:28 минутад 80 000 төгрөгийн зарлага 3 удаагийн гүйлгээгээр нийт 1 680 000 төгрөг гарсан байх ба уг гүйлгээнүүдийг нэхэмжлэгч Б.М өөрөө хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т дүр үзүүлэн хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцохоор хуульчилсан байх тул зохигчдын хооронд байгуулагдсан 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 1 680 000 төгрөгийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.
Улсын тэмдэгтийн хураамжинд зохигчдын урьдчилан төлсөн 84 070 төгрөг, 41 830 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Оаас 34 142 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Мд олгож, нэхэмжлэгч Б.Мгаас 41 830 төгрөг гаргуулан хариуцагч Д.От олгохоор заалаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасныг баримтлан хариуцагч Д.Оаас 1 233 000 /нэг сая хоёр зуун гучин гурван мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Мд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 457 000 /хоёр сая дөрвөн зуун тавин долоон мянган/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.М, хариуцагч Д.О нарын хооронд байгуулагдсан 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 1 680 000 төгрөгийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар зохигчдын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 84 070 төгрөг, 41 830 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Оаас 34 142 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Мд олгож, нэхэмжлэгч Б.Мгаас 41 830 төгрөг гаргуулан хариуцагч Д.От олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ