Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 142/ШШ2020/01141

 

                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С.Э-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.Э-д холбогдох

            Хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 5 435 000 төгрөгийн эд зүйлийг хүүхдийн тэтгэлэгт тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.           

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Э, хариуцагч Д.Э, хариуцагчийн өмгөөлөгч Д.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие С.Э нь Д.Этай 2011 онд танилцаж, 2015 оноос эхлэн нэг гэрт хамт амьдарсан. 2013 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүү Э.Отөрсөн. Бид гэрлэлтээ батлуулаагүй учраас Одгэрэлийг өөрөө овоглосон. Д.Эы том ахтай нэг хашаанд хоёр гэр бариад хамт амьдардаг байсан. Том бэртэй огт таарахгүй. Гэр орондоо байхад хэцүү хадам талаас байнга дарамталдаг. Энэ байдлыг нөхөртөө хэлэхэд огт тоодоггүй. Гэрийнхнийхээ талд ордог. Надад энэ нь их хэцүү байдаг байсан. Бид хоёр хоорондоо таарч тохироод амьдрахаар хадам эгч янз бүрээр хэлж хоёр удаа намайг зодсон. Д.Э бид хоёр 2019 оны 11 дүгээр сараас эхлэн тусдаа амьдарч байна. Цаашид хамтран амьдрах боломжгүй, гэрлэлтийн батлахгүй учраас Д.Эыг Э.Оийн эцгээр тогтоож 2013 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүү Э.Оийг өөрийн асрамжинд авч, эцэг Д.Эаас хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэжээ.

Хариуцагч Д.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие С.Этай 2011 онд танилцаж, бидний дундаас хүү Одгэрэл нь 2013 оны 12 дугаар сарын 21-ний өдөр төрсөн. Би хүүдээ эцэг хүний үүргээ биелүүлж тэтгэлэг төлөхийг зөвшөөрнө. Манай бэр эгчтэй таарч тохирохгүйгээс болж муудалцсан асуудал гарсан байсан. Манай ээж, аав биднээс тусдаа амьдардаг учраас бидний амьдралд оролцож дарамталж байгаагүй. Иймд хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. С.Э нь надаас салаад явсны дараа 2020 оны 5 дугаар сард уулзаад одоо цаашдаа амьдрахгүй учраас хүүхдийн тэтгэвэр нэхэх болно. Хэрвээ хүү бид хоёрт гэр орноо бүх юмтай нь өгвөл хүүхдийн тэтгэлэг авахгүй, шүүхэд өгөхгүй гэхээр нь би тэгье гээд бид хоёр ярилцаад 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 6 ханатай гэр 1 500 000 төгрөг, гэрийн доторхи тавилга эд хогшил 85 000 төгрөг, гэрийн хөшгин хивс 800 000 төгрөг, хөргөгч 800 000 төгрөг, угаалгын машин 250 000 төгрөг, зурагт 500 000 төгрөг, нийт 5 435 000 төгрөгний эд зүйл С.Эд биетээр хүлээлгэн өгсөн. Гэтэл гэр эд зүйлийг авангуутаа намайг шүүхэд өгч худал ярьж хуурсан тул дээрх зүйлсийн үнэ болох 5 435 000 төгрөгийг хүүхдийн тэтгэлэгээс хасч тооцуулах саналтай байна. Ээж, аав маань намайг сайхан амьдраг гэж бүх эд зүйлийг цоо шинээр нь худалдан өгч байсан. Одоо би өөрөө гэр оронгүй юу ч үгүй үлдсэн байгаа гэжээ.

Хариуцагч Д.Э шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие С.Этай 2011 онд танилцаж, бидний дундаас хүү Э.Онь 2013 оны 12 дугаар сарын 21-ний өдөр төрсөн. Бид 2 таарч тохирохгүйн улмаас 2019 онд салж тус тусдаа амьдарч байна. С.Э нь надаас салаад явсны дараа 2020 оны 5 дугаар сард уулзаад одоо цаашдаа амьдрахгүй учраас хүүхдийн тэтгэвэр нэхэх болно, хэрвээ хүү бид хоёрт гэр орноо бүх юмтай нь өгвөл хүүхдийн тэтгэлэг авахгүй, шүүхэд өгөхгүй гэхээр нь би тэгье гээд бид 2 ярилцаад 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 6 ханатай гэр 1 500 000 төгрөг, гэрийн доторхи тавилга эд хогшил 1 585 000 төгрөг, гэрийн хөшгин хивс 800 000 төгрөг, хөргөгч 800 000 төгрөг, угаалгын машин 250 000 төгрөг, зурагт 500 000 төгрөг, нийт 5 435 000 төгрөгний эд зүйл С.Эд биетээр хүлээлгэн өгсөн. Гэтэл гэр эд зүйлийг авангуутаа намайг шүүхэд өгч худал ярьж хуурсан тул дээрх зүйлсийн үнэ болох 5 435 000 төгрөгийг С.Эгаас гаргуулж өгнө үү. Намайг 5 дугаар сард шүүхээс дуудаагүй ба шүүхээс захирамж гарсныг мэдээгүй гэв.

Нэхэмжлэгч С.Э шүүхэд ирүүлсэн сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие С.Э нь Д.Этай 2011 онд танилцаж, 2015 оноос эхлэн нэг гэрт хамт амьдарсан. 2013 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүү Э.Отөрсөн. Бид гэрлэлтээ батлуулаагүй учраас Э.Оийг өөрөөрөө овоглосон. Ингээд амьдралын шаардлагаар тусдаа амьдарч байгаад салсан байгаа. Шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Д.Эаас дундын өмч 4 000 000 төгрөг нэхэмжилсэн. Тэгэхэд бид хоёр тохиролцож, гэрийг хүү бид хоёрт өгөхөөр болсон болохоор үүнийг шүүхэд мэдэгдэж уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Энэ нь зөвхөн эд хөрөнгийн асуудлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Харин одоо би Э.Оийг өөрийн асрамжинд авах, эцэг Д.Эаас хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжпэлийг гаргасан болно. Эд хөрөнгийн асуудал нэгэнт дуусчихсан учраас сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Э нь хариуцагч Д.Эд холбогдуулан хүүхдийн эцэг тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч Д.Э хүү Э.Оийн төрсөн эцэг мөн эсэх талаар маргаагүй бөгөөд хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 5 435 000 төгрөгийн эд зүйлийг хүүхдийн тэтгэлэгт тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж мэтгэлцэж байна.

Нэг: Хүүхдийн эцэг болохыг тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай үндэсэн шаардлагын тухайд.

            Зохигчид 2011 онд танилцан хамтран амьдарсан ба тэдний дундаас хүү Э.О2013 оны 12 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, одоо эрүүл өсөж бойжиж байгаа болох нь “Нийцэл” өрхийн эрүүл мэндийн эмч н.Цэрэнхандын тодорхойлолт, Э.Оийн Г-2250 дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Булаг багийн Засаг даргын тодорхойлолт болон зохигчдын тайлбараар тус тус нотлогдож байна.

2013 оны 12 дугаар сарын 21-ний өдөр төрсөн хүү Э.Оийн төрсөн эцэг нь хариуцагч Д.Э мөн болох нь түүний шүүхэд ирүүлсэн тайлбараар болон шүүх хуралдаанд хүлээн зөвшөөрч байгаа мэдүүлгээр нотлогдож байх бөгөөд хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байх тул эцэг мөн эсэх талаар маргаангүй гэж шүүх дүгнэв.

            Талууд цаашид хамт амьдрахгүй гэсэн тайлбар, хариуцагчийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа тайлбар, бага насны хүүхдэд тавих эхийн анхаарал халамж, асаргаа зэрэг бусад нөхцөл байдлыг харгалзан эх С.Эгийн асрамжинд хүү Э.Оийг үлдээж шийдвэрлэв.

            Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д “Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй. Эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг шүүхийн шийдвэрт дурдах нь зүйтэй.

            Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй.

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасны дагуу эцэг Д.Эаас тэтгэлэг гаргуулан сар бүр хүү Э.Оийг тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

Хоёр: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд.

Хариуцагч Д.Э хүүхдийн тэтгэлэг төлөх төлбөрт тооцуулж хамтран амьдарч байсан 6 ханатай гэр, гэрийн дотрохи эд хогшилоо нэхэмжлэгч С.Э, хүү Э.Онарт өгсөн тул 5 435 000 төгрөгийн үнэлгээ бүхий эд зүйлийг хүүхдийн тэтгэлэгт тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч С.Э 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, дундын эд хөрөнгөөс оногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан ба хоорондоо тохиролцсон гэсэн шалтгаанаар нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Эд хөрөнгийн хувьд бид тохиролцсон тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч С.Э нь хариуцагч Д.Эд холбогдуулан 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр тус шүүхэд хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, дундын эд хөрөнгөөс 4 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд Д.Этай харилцан тохиролцож ойлголцсон тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан тухай хүсэлтийг гаргасан байна.

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 142/ШЗ2020/00686 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч С.Э нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Хариуцагч Д.Э шүүхэд намайг өмнө нь дуудаагүй, С.Э хамт амьдрахгүй болсон тул хүүхдийн тэтгэлэг гаргуулна, харин гэр эд хогшилоо өгвөл хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй гэсэн тул би бүх юмаа өгөөд явуулсан. Гэтэл одоо тэтгэлэг нэхэж байгаа тул өгч явуулсан эд зүйлээ үнэлэж хүүхдийн тэтгэлэгт тооцуулах хүсэлтэй гэж тайлбарладаг.

  Тус шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 142/ШЗ2020/00686 дугаартай шүүгчийн захирамжаар талууд тохиролцсон үнэдэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх бөгөөд талууд хэрхэн яаж тохирсон талаарх эвлэрлийн гэрээ байхгүй, хариуцагчийн тайлбар шүүхэд ирээгүй, нэхэмжлэлийн бүх шаардлагын хүрээнд тохирсон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т нэхэмжлэгч хариуцагчийн зөвшөөрөлгүй нэхэмжлэлээ татан авч болох талаар заасан байдаг бөгөөд дээрхи захирамжийн агуулга нь хуулийн энэхүү заалттай нийцэж байна гэж шүүх дүгнэв.

Хариуцагч үндсэн нэхэмжлэлийн хамтаар шийдвэрлүүлэхээр сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй бөгөөд 6 ханатай гэр 1 500 000 төгрөг, гэрийн доторхи тавилга эд хогшил 1 585 000 төгрөг, гэрийн хөшгин хивс 800 000 төгрөг, хөргөгч 800 000 төгрөг, угаалгын машин 250 000 төгрөг, зурагт 500 000 төгрөг нийт 5 435 000 төгрөгнийн эд зүйл нь зохигчдыг гэр бүл болоход зориулж ах дүү, хамаатан садангаас бэлэг болгон өгсөн хөрөнгө бөгөөд хамтран амьдрах хугацаанд бий болгосон хөрөнгө тул гэр бүлийн бүх гишүүдийн өмч хөрөнгө гэж үзнэ.

Дээрхи үнэ бүхий эд хөрөнгийг С.Э өөрийн эзэмшилд байлгаж байгаа талаар маргаагүй түүнд шилжүүлэн өгсөн болох нь гэрэл зургаар давхар нотлогдож байх тул хариуцагч Д.Эд ногдох 1 811 666 төгрөгийг /5 435 000/3=1 811 666 төгрөг/ С.Эгаас гаргуулж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 3 623 334 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрийг хойшлуулах хүсэлтийг шүүгчийн захирамжаар хангаж шийдвэрлэсэн болохыг дурдаж, хариуцагчийн урьдчилан төлсөн 102 000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Эаас тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлэгээс нэг жилийн хугацаанд төлөх хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг тооцон 104 414 төгрөг /70 200+34 214/ гаргуулан төрийн сангийн орлогод оруулж, нэхэмжлэгч С.Эгаас 43 936.66 төгрөг гаргуулан хариуцагч Д.Эд олгохоор заалаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар 2013 оны 12 дугаар сарын 21-ний өдөр төрсөн хүү Э.Оийн эцэг нь Д.Э мөн болохыг тогтоосугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар хүү Э.Оийг эх С.Эгийн асрамжинд үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүү Э.О/РД: ФА13322135/-ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээ /100 хувь/-гээр сар бүр эцэг Д.Эаас тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

            4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6 дахь хэсэгт зааснаар  эцэг, эх үр хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдлэж, адил үүрэг хүлээхийг, энэ үүргээ биелүүлэхэд нь бие биедээ саад учруулахгүй байхыг зохигчидод даалгасугай.

5. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д зааснаар нэхэмжлэгч С.Эгаас 1 811 666 төгрөг /нэг сая найман зуун арван нэгэн мянга зургаан зуун жаран зургаа/ гаргуулан хариуцагч Д.Эд олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 3 623 334 /гурван сая зургаан зуун хорин гурван мянга гурван зуун гучин дөрөв/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.4, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар урьдчилан төлөх улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрөөс нэхэмжлэгчийг шүүгчийн захирамжаар хойшлуулсан болохыг дурдаж, хариуцагч Д.Эаас 104 414 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод, нэхэмжлэгч С.Эгаас 43 936.66 төгрөг гаргуулан хариуцагч Д.Эд олгосугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

           

           

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Л.АРИУНЦЭЦЭГ