Шүүх | Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Надмидын Мөнхжаргал |
Хэргийн индекс | 152/2018/00397/и |
Дугаар | 16 |
Огноо | 2018-08-30 |
Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 08 сарын 30 өдөр
Дугаар 16
Увс аймаг худалдаа үйлчилгээний
“Шинэ Улаангом” Орон нутгийн өмчит аж ахуйн
тооцоотой үйлдвэрийн газрын
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, шүүгч Н.Мөнхжаргал /илтгэгч/ нарын бүрэлдэхүүнтэй хийж, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 436 дугаар шийдвэртэй.
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, Барилгын биржийн хашаанд байрлах, улсын бүртгэлийн 1514001005, регистрийн 4013646 дугаартай, Увс аймаг худалдаа үйлчилгээний “Шинэ-Улаангом” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр баг, 5-22 тоотод оршин суух, 1973 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОЮ73071601, Юүдэн овогтой Ивановын Алтанцэцэгт холбогдох, иргэний хэргийг нэхэмлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөлчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Дуламжав, хариуцагч И.Алтанцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Түрээсийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 819.200 төгрөг гаргуулах тухай.
Нэхэмжлэлийн агуулга: Нэхэмжлэгч Увс аймаг худалдаа үйлчилгээний “Шинэ-Улаангом” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын гүйцэтгэх захирал А.Сумъяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Манай байгууллагын D-124 тоот талбайг түрээслэгч Иванов овогтой Алтанцэцэг нь 2015 оны 8 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацааны түрээс төлсөн. Тооцоог нэг бүрчлэн нийлж үзэхэд 819.200 төгрөгийн өртэй байгааг төлүүлж өгнө үү” гэжээ.
Хариуцагч И.Алтанцэцэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “ Миний бие 2015 оны 1 дүгээр сараас 8 дугаар сар хүртэл зах дээр үйл ажиллагаа явуулаагүй. Тухайн үед зогсож байсан түрээсээ бага багаар хийж байсан. Миний бие өвдөж, ходоод шархтай, гэртээ нилээд хэвтсэн. Хотод шинжилгээнд ороод өвчин сэдрээд зах дээр бараг зогсоогүй учир би түрээсийн мөнгийг төлж барагдуулж чадахгүй. Би одоо ажилгүй гэртээ өвчтэй байгаа. Банкны хугацаа хэтэрсэн зээлтэй, нөхөр ажилгүй” гэжээ.
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 13-ны 436 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.3-т заасныг баримтлан хариуцагч И.Алтанцэцэгт холбогдох түрээсийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 819.200 төгрөг гаргуулах тухай “Шинэ-Улаангом” Орон нутгийн өмчит аж ахуйт тооцоотой үйлдвэрийн газрын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч “Шинэ-Улаангом” Орон нутгийн өмчит аж ахуйт тооцоотой үйлдвэрийн газраас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24.211 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж тус тус шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга: “Нэхэмжлэгч би Увс аймаг дахь Сум дунльгн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 436 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.
Шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлан хэрэглэж шийдвэрлэсэн.
Шүүх шийдвэртээ "Хариуцагч И.Алтанцэцэг нь нэхэмжлэгч “Шинэ-Улаангом” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газартай түрээсийн гэрээ байгуулулсан гэдгээ хүлээн зөвшөөрч, 2015 оны 4.5.6.7 дугаар саруудад түрээсийн төлбөр төлсөн гэх тайлбарыг шүүх хуралдаанд гаргаад байхад хэрэгт бичгээр байгуулсан гэрээ авагдаагүй хэмээн тайлбарлаж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
............ Хэдийгээр нэхэмжлэгч талаас бичгээр байгуулсан түрээсийн гэрээг нотлох баримтаар өгч чадаагүй ч хариуцагч И.Алтанцэцэг нь Шинэ Улаангом Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн гаүзартай түрээсийн гэрээг бичгээр байгуулсан эсэх дээр ямар нэгэн маргаан үүсгээгүй, хүлээн зөвшөөрч байгаа. Мөн бидний зүгээс "И.Алтанцэцэг нь 8.1 м/кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай талбайг 1 м/кв-ыг нь 12.000 төгрөгөөр тооцож, сарын 97.200 төгрөг төлөхөөр гэрээ байгуулсан" гэж түрээсийн гэрээний агуулгыг тодорхойлж, түрээсийн төлбөрийн үлдэгдэл 819.000 төгрөг нэхэмжилсэн.
Гэтэл хариуцагч И.Алтанцэцэг нь түрээсийн гэрээний хэлбэр болон гол агуулгын хувьд /м/кв-ын хэмжээ 1 м/кв-ын үнэ, гэрээний хугацаанд маргаагүй бөгөөд тэрээр шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд: "Би тухайн зах дээр уйл ажиллагаа явуулж байсан үеийнхээ түрээсийг бага багаар хийж байсан. ..." гэх тайлбарыг өгсөн байдаг
.............Иргэний хуулийн 318 дугаар зуйлийн 318.3.4 дэх заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Дээрх хуулийн заалтууд нь гэрээг бичгээр байгуулах хуулийн шаардлага бөгөөд гэрээг бичгээр байгуулахгүй байх, эсхүл бичгээр байгуулсан гэрээг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөөгүй байх гэдэг нь 2 өөр ойлголт гэж үзэж байна. Нотлох баримтаар гаргаж өгөөгүй ч түрээсийн гэрээг бичгээр байгуулсан нь нотлогдож байгаа тохиолдолд Иргэний хуулийн 318.3,4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан үзэж байна.
Иймд Увс аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 436 дугаар бүхий шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан байна.
Нэхэмжлэгч Увс аймаг худалдаа үйлчилгээний “Шинэ-Улаангом” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар нь хариуцагч И.Алтанцэцэгээс түрээсийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 819.200 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Анхан шатны шүүх “нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотолсон нотлох баримтаа ирүүлээгүй, өөрийн шаардах эрхийн үндэслэлээ нотлоогүй” гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. Учир нь:
Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан “ нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татаглазах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” үүргээ биелүүлээгүй байна.
Нэхэмжлэгч байгууллага нь хариуцагч И.Алтанцэцэгтэй байгуулсан түрээсийн гэрээ, тооцоо нийлсэн баримт зэрэг нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүйгээс гэрээг хэн, хэзээ, хэрхэн байгуулсан, талууд ямар талбай түрээслэхээр тохиролцсон, сарын төлбөр хэд байсан, хэдэн оны хэдэн сарын төлбөр төлөөгүй, талууд ямар эрх эдэлж, үүрэг хүлээхээр тохиролцсон талаар шүүх дүгнэх боломжгүй байна.
Нэхэмжлэгч Увс аймаг худалдаа үйлчилгээний “Шинэ-Улаангом” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар нь “ Хариуцагч И.Алтанцэцэгтэй түрээсийн гэрээг бичгээр байгуулсан эсэх дээр маргаан үүсгээгүй, хариуцагч түрээсийн гэрээ байгуулагдсан гэдгийг хүлээн зөвшөөрч байхад түрээсийн гэрээ хэрэгт авагдаагүй гэж дүгнэж хуулийг буруу хэрэглэсэн ” гэх агуулгаар давж заалдах гомдлыг гаргасан боловч И.Алтанцэцэг түрээсийн төлбөрийг хэзээ хэрхэн төлсөн, одоо хэдэн оны хэдэн сарын төлбөр дутуу зэрэг нь нотлогдоогүй тул хариуцагчийн “би тухайн зах дээр үйл ажиллагаа явуулж байсан үеийнхээ түрээсийн төлбөрийг төлж байсан, өвчиний улмаас зогсоогүй үеийн түрээсийг төлөх боломжгүй“ гэх тайлбарыг няцаах, шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангуулах талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангагаагүй тул түүний давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 24.211 /хорин нэгэн мянга хоёр зуун арван нэг/ төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:
1. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 436 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24.211 /хорин нэгэн мянга хоёр зуун арван нэг/ төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны “ шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” үндэслэлүүдээр зохигч,гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ТУЯА
ШҮҮГЧИД М.НЯМБАЯР
Н.МӨНХЖАРГАЛ