| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цолмонгийн Сайхантуяа |
| Хэргийн индекс | 128/2023/0925/З |
| Дугаар | 221/МА2026/0713 |
| Огноо | 2026-10-13 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 10 сарын 13 өдөр
Дугаар 221/МА2026/0713
Ж.М-ийн нэхэмжлэлтэй
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Ц.Одмаа
Бүрэлдэхүүнд оролцсон Ерөнхий шүүгч Э.Лхагвасүрэн
Илтгэгч шүүгч Ц.Сайхантуяа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, гуравдагч этгээд “Д” ТӨХК гүйцэтгэх захирал Ц.М
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч Ж.М
Хариуцагч Нийслэлийн Засаг дарга
Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба
Гуравдагч этгээд “Д” ТӨХК
Нэхэмжлэлийн шаардлага: “Нэхэмжлэгч Ж.М-ийн газар эзэмших эрхийн хугацааг сунгуулахаар 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн гаргасан хүсэлтийг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба болон нийслэлийн Засаг дарга нар нь хуульд заасан журмаар шийдвэрлээгүй буюу захиргааны акт гаргахаас татгалзсан шийдвэр нь хууль бус болохыг тогтоолгож, газар эзэмших эрхийн хугацааг сунгуулах хүсэлтийг шийдвэрлэх буюу холбогдох захиргааны акт гаргахыг нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд тус тус даалгах” тухай
Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн А/111 дугаартай захирамжийн Ж.М т холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын, газрын мэдээллийн санд бүртгэгдсэн нийслэлийн Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн А/111 дүгээр захирамжаар Ж.М т холбогдох газрын мэдээлэл, кадастрын бүртгэл нь илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2026/0583 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Ж.М
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г, Л.С
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Н
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.О
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр
Хэргийн индекс: 128/2023/0925/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ж.М ээс нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдуулан “Нэхэмжлэгч Ж.М-ийн газар эзэмших эрхийн хугацааг сунгуулахаар 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн гаргасан хүсэлтийг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба болон нийслэлийн Засаг дарга нар нь хуульд заасан журмаар шийдвэрлээгүй буюу захиргааны акт гаргахаас татгалзсан шийдвэр нь хууль бус болохыг тогтоолгож, газар эзэмших эрхийн хугацааг сунгуулах хүсэлтийг шийдвэрлэх буюу холбогдох захиргааны акт гаргахыг нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд тус тус даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Гуравдагч этгээд “Д” ТӨХК -иас “Нийслэлийн Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн А/111 дугаартай захирамжийн Ж.М т холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын “газрын мэдээллийн санд” бүртгэгдсэн нийслэлийн Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн А/111 дүгээр захирамжаар Ж.М т холбогдох газрын мэдээлэл, кадастрын бүртгэл нь илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” тухай бие даасан шаардлага гаргажээ.
3. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2026/0583 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж.М-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж нэхэмжлэгч Ж.М-ийн газар эзэмших эрхийн хугацааг сунгуулахаар 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн гаргасан хүсэлтийг шийдвэрлэлгүй орхигдуулсан хариуцагч нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны үйлдэл хууль бус болохыг тогтоож, хүсэлтийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэж, холбогдох захиргааны акт гаргахыг хариуцагч нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд тус тус даалгаж,
Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д заасныг тус тус баримтлан гуравдагч этгээд "Д" ТӨХК-ийн "Нийслэлийн Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн А/111 дугаартай захирамжийн Ж.М т холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын “газрын мэдээллийн санд” бүртгэгдсэн нийслэлийн Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн А/111 дүгээр захирамжаар Ж.М т холбогдох газрын мэдээлэл, кадастрын бүртгэл нь илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох" тухай бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
3. Давж заалдах гомдлын агуулга:
Хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б давж заалдах гомдолдоо:
“... Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангахдаа "газрын мэдээллийн санд кадастрын солбицол давхцаагүй" гэх цахим систем дэх бичиглэлд зөвхөн үндэслэн шийдвэрлэсэн нь хууль зүйн болон бодит байдлын хувьд үндэслэлгүй байна. Хэрэгт авагдсан үзлэгийн тэмдэглэл болон холбогдох баримтуудаар маргаан бүхий 272 м.кв газар нь "Д " ТӨХК-ийн эзэмшил бүхий хамгаалалтын хашаан дотор, бодит байдлаар тус станцын ашиглалтад оршин байрладаг болох нь нэгэнт тогтоогдсон. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг зөрчсөн байдал: Тус заалтад "бусдын эзэмшил, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байх” шаардлагыг хуульчилсан. Цахим санд кадастрын зөрүү эсхүл бичиглэлийн алдаа байхаас үл хамааран, газрыг бодитоор бусад этгээдийн (улсын онц чухал объект) хашаанд ашиглаж байгаа газар нь эзэмших эрхийг сунгах боломжгүй бодит нөхцөлийг бүрдүүлдэг. Газрын мэдээллийн сан нь бүртгэл мэдээллийн шинжтэй, бодит байдалд онцгой чухал объектын хашаан дотор орсон газрыг иргэнд эзэмшүүлэхээр албадан сунгах нь нийтийн ашиг сонирхолд шууд хохирол учруулна. Эрчим хүчний тухай хууль болон улсын онц чухал объектын аюулгүй байдлын тухай тусгай зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн тухайд: Шүүх салбарын тусгай хуулиудын хориглосон заалтуудыг захиргааны байгууллага дагаж мөрдөх үүргийг орхигдуулсан гэж үзэж байна. Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 33.4 дэх хэсэг: Эрчим хүчний шугам сүлжээ, үйлдвэрлэлийн эх үүсвэр нь аюулгүй байдлын хамгаалалтын зурвастай байна. Хуульд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр хамгаалалтын зурваст үйл ажиллагаа явуулах, газар эзэмшүүлэх, барилга байгууламж барихыг шууд хориглодог... Хэрэгт авагдсан "Д " ТӨХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 1-1/351 дугаар албан бичгээр уг газар нь улсын онц чухал объектын орчин, эрчим хүчний аюулгүй байдлын бүсэд хамаарч байх тул газар эзэмших эрхийг сунгахад зөвшөөрөл өгөх боломжгүйг тодорхой мэдэгдсэн. Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт Засаг дарга газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахдаа тухайн иргэн, хуулийн этгээд нь "эзэмших нөхцөлийг хангасан эсэх" -ийг хянахаар заасан. Аюулгүй байдлын хамгаалалтын зурвастай давхацсан, тусгай хуулиар хориглосон бүсэд хамаарсан нь эрхийн гэрчилгээг сунгахгүй байх хууль зүйн болон бодит боломжгүй нөхцөл байдлыг үүсгэсэн байна... Хариуцагч Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба нь 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 01-08/5318 дугаар албан бичгээр нэхэмжлэгчийн хүсэлтэд маргаан бүхий газрын байршлын онцлог, онцгой объектын хамгаалалтын бүсэд орсон болон хууль зүй, бодит байдлын хувьд боломжгүй талаарх үндэслэл бүхий хариуг өгч шийдвэрлэсэн. Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа болон шийдвэрлэх ажиллагаа хийгдсэн бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтийг хангах боломжгүйг мэдэгдсэнийг "эс үйлдэхүй" гэж харах боломжгүй. Шүүх захиргааны байгууллагаас тусгай хуулиудын дагуу нийтийн ашиг сонирхол, аюулгүй байдлыг хамгаалж гаргасан үндэслэл бүхий шийдвэрийг үгүйсгэж, захиргааны байгууллагад хууль бус шийдвэр гаргахыг даалгахаар шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх заалтад нийцэхгүй байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-т заасныг баримтлан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2026/0583 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ж.М-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
Гуравдагч этгээд “Д” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Ц.М давж заалдах гомдолдоо:
“...Гуравдагч этгээд “Д” ТӨХК -ийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад "иргэн Д.Ж болон нэхэмжлэгч Ж.М т олгосон газрын байршил нь гуравдагч этгээд “Д” ТӨХК -д анх түрүүлж олгосон газар дээр давхцалтай байгаа бөгөөд Ж.М т олгосон гэх 272 м.кв газар нь "Д " ТӨХК-д олгосон 106021 м2 /га/ болон шинэчлэн олгосон газрын аль хэсэгт, хэдэн м.кв, га газраар хэрхэн давхцаж байгаа талаарх лавлагаа, баримт, газрын давхцал байгаа эсэхийг тодорхой харуулсан зураглал, газрын нэгж талбарын зураг, кадастрын зураг зэргийг нотлох баримтаар гаргуулах тухай хүсэлт гаргасан. Уг хүсэлтийн дагуу Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас ирүүлсэн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2/3595 тоот албан бичиг болон кадастрын зургаар иргэн Ж.М т олгосон 272 м.кв газар, "Д " ТӨХК-д олгосон 106021 м2 /га/ болон шинэчлэн олгосон газрууд хоорондоо давхцалгүй байна гэжээ. Энэ нь үндэслэлгүй, бодит байдал дээр давхцалгүй байх боломжгүй юм...Анхан шатны шүүх "Нэхэмжлэгч Ж.М-ийн эзэмшлийн 272 м.кв газар нь гуравдагч этгээд "Д " ТӨХК-ийн хашаалсан талбайд хамаарч байгаа хэдий ч газрын кадастрын хувьд ямар нэгэн давхцалгүй" гэх агуулгаар дүгнэж, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах хүсэлтийг шийдвэрлээгүй хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус гэж үзсэн. Энэхүү дүгнэлт нь хэрэгт тогтоогдсон бодит нөхцөл байдлыг бүрэн хамраагүй, мөн хоорондоо зөрчилтэй нөхцөл байдлыг тодруулалгүй шийдвэрлэсэн байна. Тухайлбал, нэг талаас нэхэмжлэгчийн маргаж буй 272 м.кв газар нь "Д " ТӨХК-ийн бодитоор хашаалж, олон жилийн турш эзэмшиж ашиглаж ирсэн улсын онц чухал объектын нутаг дэвсгэрийн дотор байрлаж байгааг шүүх өөрөө үгүйсгээгүй атлаа нөгөө талаас зөвхөн кадастрын мэдээлэлд "давхцалгүй" гэж тэмдэглэгдсэнийг үндэслэн газрын эрхийн бодит давхцал, байршлын зөрүү байхгүй гэсэн дүгнэлт хийсэн нь учир дутагдалтай... Гэтэл анхан шатны шүүх Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын 2/3595 дугаар албан бичиг болон кадастрын зургийг бодит газар ашиглалт, хашааны хил, өмнө үүссэн газар эзэмших эрх, инженерийн байгууламжийн байршил, хамгаалалтын зурвас зэрэг бусад нөхцөл байдалтай бодитой харьцуулан үнэлээгүй байна. "Кадастрын мэдээлэлд давхцалгүй" гэх нөхцөл нь өөрөө: 1. бодит газар дээр газрын хил давхцаагүй; 2.нэхэмжлэгчид газар олгосон ажиллагаа хууль ёсны; 3. өмнөх газар эзэмшигчийн эрхийг зөрчөөгүй; 4.хамгаалалтын зурвас болон тусгай дэглэм бүхий газарт газар олгоогүй гэдгийг автоматаар нотлохгүй.”... Гэтэл анхан шатны шүүх Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 33.2 дахь хэсгийг маргааны бодит нөхцөл байдалтай холбон тайлбарлаж, хэрэглээгүй. Улсын онц чухал объектын дотор болон эрчим хүчний тоног төхөөрөмж, шугам сүлжээний хамгаалалтын бүсэд иргэнд газар эзэмшүүлэх асуудлыг зөвхөн газрын кадастрын давхцал байгаа эсэхээр шийдвэрлэх боломжгүй бөгөөд аюулгүй ажиллагаа, тусгай дэглэм, нийтийн ашиг сонирхлын асуудлыг хамтатган үнэлэх шаардлагатай. "Д ” ТӨХК-ийн объект нь улсын эрчим хүчний системийн хэвийн, найдвартай ажиллагаатай шууд холбоотой объект юм. Улсын онц чухал объектын хамгаалалтын зорилго нь тухайн объектын хэвийн, аюулгүй, тасралтгүй ажиллагааг хангах явдал бөгөөд хамгаалалтын хашааны дотор гуравдагч этгээдийн газар эзэмших, объект байрлуулах нь зөвхөн хувийн газар эзэмших эрхийн асуудал биш, нийтийн аюулгүй байдал болон эрчим хүчний найдвартай ажиллагаатай холбоотой асуудал юм. Ийм байхад нэхэмжлэгчийн эзэмшихээр маргаж буй газар бодитоор "Д” ТӨХК-ийн хамгаалалтын хашааны дотор байгааг шүүх тогтоосон атлаа энэ нөхцөл байдал нь тухайн газрын зориулалт, эзэмших боломж, хамгаалалтын дэглэмтэй нийцэж байгаа эсэх талаар огт дүгнэлт хийгээгүй. Ийм нөхцөлд нэхэмжлэгчийн хувийн газар эзэмших ашиг сонирхлыг улсын онц чухал объектын аюулгүй ажиллагаа, эрчим хүчний тасралтгүй ажиллагаатай холбоотой нийтийн ашиг сонирхлоос тусгаарлан шийдвэрлэж болохгүй. Нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах эрхийг шүүх автоматаар хамгаалах боломжгүй... Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан эрх шилжүүлэх ажиллагааг хэт явцуу тайлбарласан гэж үзэж байна. Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээдэд шилжүүлж болох эрх нь хууль ёсоор бий болсон, хүчин төгөлдөр газар эзэмших эрх байх ёстой. Өөрөөр хэлбэл, анх Д.Ж-д олгосон газар эзэмших эрх нь хууль зөрчин бий болсон, бусдын өмнө үүссэн газар эзэмших эрх, тусгай хамгаалалтын дэглэмийг зөрчсөн бол талуудын хооронд нотариатаар гэрчлүүлсэн эрх шилжүүлэх гэрээ байгуулсан гэх үндэслэлээр уг доголдлыг арилгах боломжгүй. Хууль бус буюу хуульд заасан шаардлага хангалгүй бий болсон газар эзэмших эрхийг бусдад шилжүүлснээр анхны эрхийн хууль зүйн доголдол арилахгүй. Иймд шүүх зөвхөн "талууд хүсэл зоригоо илэрхийлсэн эсэх"-ийг бус, шилжүүлж буй газар эзэмших эрх өөрөө хуульд нийцэж, хүчин төгөлдөр бий болсон эсэхийг шалгах шаардлагатай байсан... Нэхэмжлэгч нь "Д ” ТӨХК-ийн хашаан дотор байрладаг хүлэмжийн зориулалттай гэх объект болон түүний доорх газрыг миний газар, объект гэж маргадаг. Нэхэмжлэгчид дээрх захирамжаар олгосон уг газрын байршил нь “Д” ТӨХК буюу улсын онц чухал объект байрладаг газар дээр, түүний хашаан дотор байрладаг бөгөөд эдгээр газрууд нь хэн ч харсан байгууллагын хашаан дотор байрладаг, байгууллагын газар дээр давхцаж байгаа газрууд болох нь тодорхой харагдаж байгаа бөгөөд бодит байдал дээр “Д” ТӨХК -д олгосон, тус компанийн хашаан доторх газрыг миний газар гэж маргаж байхад газрын давхцалгүй байх ямар ч боломжгүй юм. Гэтэл анхан шатны шүүх дээрх нөхцөл байдалд дүгнэлт хийгээгүй бөгөөд гуравдагч этгээдийн эзэмшлийн хашаалсан хашаан доторх газар дээр нэхэмжлэгчийн гэх газар нь байрлаж байгаа нь ямар ч хүн энгийн нүдээр харахад ойлгомжтой байхад үүнд дүгнэлт хийгээгүй, мөн нэхэмжлэгчийн гэх газар нь гуравдагч этгээдийн хашаан дотор, гуравдагч этгээдийн газар дээр байгаа нь Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д "Шугам сүлжээ нь аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвастай байна. Хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно." гэж заасантай хэрхэн нийцэж, зөрчилдөж байгаад хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна. Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг үнэн зөв, бодитой тогтоож чадаагүй, шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, шүүхийн шийдвэр нь хэрэг маргааны үйл баримт, хэрэгт авагдсан нотлох баримттай нийцэхгүй, хууль зүйн үндэслэлгүй гэж үзэх үндэслэлтэй байх тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2026/0583 дугаартай шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэж өгөхийг хүсье.” гэв.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээдээс гаргасан бие даасан шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдээс гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.
2.1. Нийслэлийн Засаг даргын 1996 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/140 дүгээр захирамжаар[1] “Д” ТӨХК -д Баянгол дүүргийн 5 дугаар хороонд байрлах 10,6 га газрыг 9 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж, гэрээ байгуулж[2], 2003 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 395 дугаар захирамжаар[3] Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах 106,021 м.кв газрыг дулааны үйлдвэрийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмших эрх олгож, гэрчилгээ олгон гэрээ байгуулжээ.[4]
2.2. Улмаар нийслэлийн Засаг даргын 2010 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 204 дүгээр захирамжаар “Д” ТӨХК -ийн дээрх газрын талбайн хэмжээг 134,730 м.кв өөрчилж,[5] гэрчилгээ олгож, гэрээ байгуулж, мөн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/1604 дүгээр захирамжаар[6] 148,473 м.кв болгож талбайн хэмжээг өөрчилсөн байна.
2.3. Нийслэлийн Засаг даргын 1998 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/240 дугаар захирамжаар[7] “Х” ХЭАА-д Баянгол дүүргийн 5 дугаар хороонд байрлах 0,05 га хэмжээ бүхий газрыг хүлэмжийн зориулалтаар 3 жилийн хугацаагаар ашиглуулах эрх олгож, нийслэлийн Засаг даргын 2004 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 455 дугаар захирамжаар[8] “Х” ХЭАА-д Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах 432 м.кв хэмжээ бүхий газрыг хүлэмжийн зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэх эрх олгож, тус газрыг нийслэлийн Засаг даргын 2007 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 63 дугаар захирамжаар[9] иргэн Д.Ж-нд шилжүүлжээ.
2.4. Нийслэлийн Засаг даргын 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/977 дугаар захирамжаар[10] иргэн Д.Ж-ийн Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах хүлэмжийн зориулалттай 272 м.кв газрын эзэмших эрхийн хугацааг 5 жилээр сунгаж газар эзэмших эрхийн гэрчилгээ[11] олгож, гэрээ байгуулсан байна.[12]
2.5. Маргаан бүхий газрын эзэмших эрхийг нийслэлийн Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн А/111 дүгээр захирамжаар иргэн Д.Ж-ээс нэхэмжлэгч Ж.М т шилжүүлж,[13] Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах хүлэмжийн зориулалттай 272 м.кв газрыг 3,9 жилийн хугацаатайгаар эзэмших эрхийн гэрчилгээ олгож,[14] гэрээ[15] байгуулсан.
2.6. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна.”, 35 дугаар зүйлийн 35.1.4-т “газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгөөр эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх”, 35.1.6 “газар эзэмшигч нь газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгөөр тухайн газраа бүгдийг нь буюу зарим хэсгийг бусдад ашиглуулж болно”, 35 дугаар зүйлийн 35.2-т “Энэ хуулийн 35.1.4, 35.1.6-д заасан эрх төрийн байгууллагад хамаарахгүй.”, Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Шугам сүлжээ нь аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвастай байна. Хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно.”, 33.2-т “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга шугам сүлжээг хамгаалах дүрмийн дагуу хамгаалалтын зурвасын хэмжээг баталгаажуулна.” гэж тус тус заасан.
2.7. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, нийслэлийн Засаг даргын 1996 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/140 дүгээр захирамжаар “Д” ТӨХК -д эзэмших эрх олгосон Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах 106,021 м.кв хэмжээ бүхий газартай нэхэмжлэгч Ж.М-ийн нийслэлийн Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн А/111 дүгээр захирамжаар эзэмших эрх олгосон газар нь бодит байдал дээр давхцалтай буюу өөрөөр хэлбэл гуравдагч этгээдийн хашаалсан эзэмшлийн газар дээр нэхэмжлэгчийн хүлэмж байгаа нь шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогддог.
2.8. Хэдийгээр Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн ерөнхий газрын 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2/3218 дугаар албан бичгээр[16] “...кадастрын зургийн солбицлын утгатай давхцалгүй...” гэх боловч энэ нь нэхэмжлэгч Ж.М т газар эзэмших эрх олгосон нийслэлийн Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн А/111 дүгээр захирамжийг илт хууль бус захиргааны акт болохыг үгүйсгэх үндэслэл болохгүй.
2.9. Учир нь, нэхэмжлэгч Ж.М-ийн эзэмшлийн хүлэмжийн доорх маргаан бүхий 272 м.кв газар нь “Д” ТӨХК -ийн шугам сүлжээний дотор зэргэлдээ буюу дулааны төв магистрал шугамтай шууд залгаа, хамгаалалтын зурвасын дотор байгаа нь шүүхээс маргаан бүхий газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл[17], кадастрын зургуудаар тогтоогдох бөгөөд илэрхий үйл баримт байна.
2.10. Гуравдагч этгээд “Д” ТӨХК -ийн Баянгол дүүргийн 5 дугаар хороонд байрлах 105,595 м.кв талбайн 1996 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн гараар зурсан схем зураг[18], 106,021 м.кв талбайн 2003 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн экспликацаас[19] үзвэл нэхэмжлэгчийн маргаан бүхий газар тусгагдаагүй байх ба тус газар нь гуравдагч этгээдийн эзэмшлийн талбайд хамаарч байсан байх бөгөөд өмнөх эзэмшигчийн 480 м.кв хэмжээ бүхий талбайн 1998 оны схем зураг[20], 272 м.кв газрын 2013 оны кадастрын зураг[21], 272 м.кв газрын 2015 оны кадастрын зураг,[22] гуравдагч этгээдийн 105,023 м.кв талбайн 2010 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн схем зургаас үзвэл “Д” ТӨХК -ийн эзэмшлийн газартай давхцуулан буюу шугам сүлжээг дайруулан хамгаалалтын зурвас дотор нэхэмжлэгчид газар эзэмшүүлэх эрх олгосон нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна.”, 35 дугаар зүйлийн 35.2-т заасан төрийн байгууллага өөрийн эзэмшлийн газрыг бусдад шилжүүлэх эрхгүй болох заалттай тус тус нийцэхгүй.
2.11. Нэхэмжлэгчийн маргаан бүхий газар дээр байрлах хүлэмж гэж тайлбарлах төмөр каркас нь /үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ[23]/ бодит байдал дээр ашиглах боломжгүй гуравдагч этгээд “Д” ТӨХК -ийн эзэмшлийн газрын ертөнцийн зүгээр баруун хойд талдаа буюу шугам сүлжээний доор, хамгаалалтын зурвас дотор байрласан байгаа нь Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д заасныг ноцтойгоор зөрчиж байна.
2.12. Тодруулбал, Нийслэлийн Засаг дарга нь 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн А/111 дүгээр захирамжаар нэхэмжлэгч Ж.М т газар эзэмших эрх олгохдоо Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 35 дугаар зүйлийн 35.2 дахь заалтыг зөрчиж, анхнаасаа төрийн байгууллагын эзэмшлийн газраас бусдад шилжүүлэн, өөрөөр хэлбэл шугам сүлжээний аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвас дотор иргэнд газар эзэмших эрх олгосон нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэх шинжийг агуулж байна.
2.13. Нэгэнт нэхэмжлэгчид газар эзэмших эрх олгосон нийслэлийн Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн А/111 дүгээр захирамж нь илт хууль бус захиргааны акт буюу Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т “Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна.” гэж заасны дагуу түүнийг үндэслэж хийгдсэн Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын “газрын мэдээллийн санд” бүртгэгдсэн Ж.М т холбогдох газрын мэдээлэл, кадастрын бүртгэл нь мөн илт хууль бус захиргааны акт болно.
2.14. Түүнчлэн нэхэмжлэгч Ж.М т олгосон нийслэлийн Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн А/111 дүгээр захирамж нь гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй учраас нэхэмжлэгчээс гаргасан “нэхэмжлэгч Ж.М-ийн газар эзэмших эрхийн хугацааг сунгуулахаар 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн гаргасан хүсэлтийг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба болон нийслэлийн Засаг дарга нар нь хуульд заасан журмаар шийдвэрлээгүй буюу захиргааны акт гаргахаас татгалзсан шийдвэр нь хууль бус болохыг тогтоолгож, газар эзэмших эрхийн хугацааг сунгуулах хүсэлтийг шийдвэрлэх буюу холбогдох захиргааны акт гаргахыг нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд тус тус даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдээс гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дугаар зүйлийн 121.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2026/0583 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 35 дугаар зүйлийн 35.2, Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, 47.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж.М-ээс нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдуулан гаргасан “Нэхэмжлэгч Ж.М-ийн газар эзэмших эрхийн хугацааг сунгуулахаар 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн гаргасан хүсэлтийг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба болон нийслэлийн Засаг дарга нар нь хуульд заасан журмаар шийдвэрлээгүй буюу захиргааны акт гаргахаас татгалзсан шийдвэр нь хууль бус болохыг тогтоолгож, газар эзэмших эрхийн хугацааг сунгуулах хүсэлтийг шийдвэрлэх буюу холбогдох захиргааны акт гаргахыг нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд тус тус даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээд “Д” ТӨХК -иас гаргасан бие даасан шаардлагыг бүхэлд нь хангаж, нийслэлийн Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн А/111 дүгээр захирамжийн Ж.М т холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын “газрын мэдээллийн санд” бүртгэгдсэн нийслэлийн Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн А/111 дүгээр захирамжаар Ж.М т холбогдох газрын мэдээлэл, кадастрын бүртгэл нь илт хууль бус захиргааны акт болохыг тогтоон, хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, гуравдагч этгээд компанийн гүйцэтгэх захирал Ц.М нарын давж заалдах гомдлыг хангасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, гуравдагч этгээдээс анх бие даасан шаардлага гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж гуравдагч этгээдэд олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Ц.ОДМАА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
[1] 3 хавтаст хэргийн 240-241 хуудас
[2] 2 хавтаст хэргийн 214-215 хуудас
[3] 3 хавтаст хэргийн 98-100 хуудас
[4] 2 хавтаст хэргийн 164-166 хуудас
[5] 3 хавтаст хэргийн 102-104 хуудас
[6] 3 хавтаст хэргийн 105-106 хуудас
[7] 3 хавтаст хэргийн 173-174 хуудас
[8] 3 хавтаст хэргийн 244-245 хуудас
[9] 3 хавтаст хэргийн 248-249 хуудас
[10] 1 хавтаст хэргийн 129-130 хуудас
[11] 1 хавтаст хэргийн 105 дахь тал
[12] 1 хавтаст хэргийн 109-111 хуудас
[13] 1 хавтаст хэргийн 131-133 хуудас
[14] 1 хавтаст хэргийн 107 дахь тал
[15] 1 хавтаст хэргийн 112-114 хуудас
[16] 4 хавтаст хэргийн 26-27 хуудас
[17] 1 хавтаст хэргийн 154-165 хуудас
[18] 3 хавтаст хэргийн 242 дахь тал
[19] 2 хавтаст хэргийн 213 дахь тал
[20] 3 хавтаст хэргийн 174 дэх тал
[21] 3 хавтаст хэргийн 73 дахь тал
[22] 3 хавтаст хэргийн 74 дэх тал
[23] 1 хавтаст хэргийн 104 дэх тал