Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 2020/ДШМ/07

 

Т.Г-д холбогдох 

эрүүгийн хэргийн талаар

 

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунтунгалаг даргалж, шүүгч О.Баатарсүх, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийв.

 

Шүүх хуралдаанд:

прокурор Э.Хосбаяр,

өсвөр насны шүүгдэгч Т.Г,

шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б,

шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар,

нарийн бичгийн дарга Ц.Алтансүх нар оролцов.       

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 51 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч Т.Г-н өмгөөлөгч Х.Эрдэнэбаатарын давж заалдах гомдлоор тус аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Т.Г-д холбогдох эрүүгийн 1930005470042 дугаартай хэргийг давж заалдах шатны шүүх 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2002 оны 05 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, 17 нас 10 сар 21 хоногтой, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Мөнххаан сумын ерөнхий боловсролын дунд сургуулийн ... ангийн сурагч, ам бүл 5, эцэг, эх, эгч, дүү нарын хамт Мөнххаан сумын 3 дугаар баг “Оц”-ын ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Т.Г  /РД: .........../.

 

Холбогдсон хэргийн талаар:

Өсвөр насны шүүгдэгч Т.Г нь 2019 оны 12 дугаар сарын 11-ний орой 19 цагийн үед  Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын ерөнхий боловсролын дунд сургуулийн дотуур байрны үүдэнд хохирогч Б.О-ыг зодож, эрүүл мэндэд нь хамрын ясны хугарал, хамрын баруун таславчны муруйлт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний буланд цус хуралт, эрүүний зүүн доод буланд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугар нь шүүгдэгч Т.Г-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 51 дүгээр шийтгэх тогтоолоор: Өсвөр насны шүүгдэгч  Т.Г-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д  заасныг журамлан, тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар  шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Э.Г-д оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг хоёр дахин багасгаж, 120 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож,  Эрүүгийн хуулийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Э.Г-н нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт гурваас дээшгүй цагаар  тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Э.Г-г зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамруулахыг Хүүхэд гэр бүл, залуучуудын хөгжлийн газарт даалгаж,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.О нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотойгоор гарсан зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, шүүгдэгч Т.Г энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.О-т эмчилгээний зардалд 200 000 төгрөг төлсөн  болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбар, саналдаа: Миний үйлчлүүлэгч анх удаа, насанд хүрээгүй байхдаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа болон хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн зүгээс хохирлын баримт гаргаж өгөөгүй байхад түүний нэхэмжилсэн 200000 төгрөгийг төлсөн, тухайн хэргийн улмаас Г нь өөрийн биедээ гэмтэл авсан /гэмтлийн зэрэгт хамаараагүй/ зэрэг нөхцөл байдлууд тогтоогдож байхад шүүхээс түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь өсвөр насны хүний хувийн байдал, хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл зэрэгт бодитой дүгнэлт хийгээгүй, эрүүгийн хариуцлага хүндэдсэн. Г нь хэрэгт холбогдох үедээ 17 настай ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагч байсан юм. Тэрээр сургуулиа төгсөх, цаашид сонгосон мэргэжлээрээ суралцах боломж нөхцөлийг нь хангаж, анхан шатны шүүхийн 51 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3, 4-т заасныг өөрчилж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж өгнө үү гэжээ.

 

Прокурор шүүх хуралдаанд хэлсэн тайлбар, дүгнэлтдээ: Шүүгдэгч Т.Г нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон. Эрүүгийн хуульд өсвөр насны хүнд зорчих эрхийг хязгаарлах, хорих ял оногдуулахдаа эдлэх ялыг хоёр дахин багасгахаар хуульчилсан. Харин нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахдаа хоёр дахин багасгах зохицуулалт байхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн З дахь хэсэгт өөрчлөлт оруулах саналтай байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр өсвөр насны шүүгдэгч Т.Г-д холбогдох эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Өсвөр насны шүүгдэгч Т.Г нь 2019 оны 12 дугаар сарын 11-ний орой 19 цагийн үед Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны үүдэнд хохирогч Б.О-ыг зодож, эрүүл мэндэд нь хамрын ясны хугарал, хамрын баруун таславчны муруйлт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний буланд цус хуралт, эрүүний зүүн доод буланд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Б.О, яллагдагч Т.Г, гэрч Э.А, Б.О, У.Б нарын мэдүүлэг, шинжээчийн 25, 26 тоот дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцжээ. /хх 5-15, 21-24, 37-38/

 

          Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон журам, шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Прокуророос Т.Г-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зөв зүйлчилж, шүүх гэм буруутайд тооцсон нь үндэслэл бүхий болжээ.

 

Түүнчлэн хэрэгт авагдсан шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, нас тоолсон тэмдэглэл, сурлага хүмүүжил зан байдлын талаарх сургуулийн захирал, нийгмийн ажилтан, багийн Засаг дарга нарын тодорхойлолт, хохирогчид 200000 төгрөг шилжүүлсэн баримтуудаас үзэхэд шүүгдэгч Т.Г нь ерөнхий боловсролын дунд сургуулийн төгсөх ангид суралцдаг, 18 насанд хүрээгүй, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчийн эмчилгээний зардалд 440000 төгрөг төлсөн, хохирогч гомдолгүй гэсэн байна. /хх 39-42, 45, 64/

 

Өсвөр насны шүүгдэгчийг цаашид нийгэмд өөрийн байр суурийг олох, дунд сургуулиа төгсөж, боловсрол эзэмшихэд туслах, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах, гэмт хэрэг дахин үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 3, 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг нэг жилийн хугацаатай хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, шийтгэх тогтоолд холбогдох өөрчлөлтийг оруулав.

         

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

Нэг. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 51 дүгээр шийтгэх тогтоолд дараах өөрчлөлтийг оруулсугай:

1/. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3, 4 дэх заалтуудыг тус тус хүчингүй болгосугай. 

2/. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  8.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, энэ хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Э.Гд ял оногдуулахгүйгээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг нэг жилийн хугацаатай хэрэглэсүгэй.” гэх, “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5 дахь заалтууд, 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар өсвөр насны шүүгдэгч Э.Г-д зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.” гэсэн заалтуудыг тус тус нэмсүгэй.

3/. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

Хоёр. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч Т.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

Гурав. Давж заалдах шатны шүүх эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч Улсын дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         С.ОЮУНТУНГАЛАГ

 

                            ШҮҮГЧИД                                     О.БААТАРСҮХ   

 

                                                                                                Д.БАЙГАЛМАА