| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Алтандөшийн Энхбаатар |
| Хэргийн индекс | 164/2024/0006/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/05 |
| Огноо | 2024-01-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Гүнжидмаа |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 2024/ШЦТ/05
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхшүр,
Улсын яллагч Х.Гүнжидмаа,
Шүүгдэгч Ө.Х нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Гүнжидмаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн шүүгдэгч Б овгийн Ө-ийн Х-т холбогдох 2316000000218 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1985 оны 8 дугаар сарын 24-ний өдөр ***** аймгийн **** сумд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт амьдардаг, **** аймгийн **** сумын **** баг *** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Говь-Алтай аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 2023/ШЦТ/99 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, **** регистрийн дугаартай, Б овгийн Ө-ийн Х,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ө.Х нь 2023 оны 10 дугаар сарын 29-ний шөнийн 23 цагийн орчим ***** аймгийн ** сумын *** багийн *-* тоотод Б-ын гэрт Д.Г-ийг сандлаар цохиж хамар ясны хугарал, хамар, зүүн хөмсөгт шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэргийн шинжтэй үйлдэлд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Ө.Хнь 2023 оны 10 дугаар сарын 29-ний шөнийн 23 цагийн орчим *** аймгийн **** сумын ** багийн 10-19 тоотод **** гэрт **** сандлаар цохисон үйл баримт тогтоогдлоо.
Дээрх үйл баримтын улмаас Ө.Х нь Д.Г-ийн эрүүл мэндэд шинжээчийн дүгнэлтээр хамар ясны хугарал, хамар, зүүн хөмсөгт шарх бүхий хөнгөн гэмтэл учруулсан бөгөөд энэ нь хүний халдашгүй байх эрхэд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.
1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Ө.Х гэм буруутай болох нь:
1.Хохирогч Д.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 10 дугаар сарын 29-ний өдөр эхнэр Л хувцсаа угаая гээд найз Б-нд очсон юм. Тэгээд тэднийд хувцсаа угаачхаад байж байтал Б, Х 2 ирсэн юм. Тэгээд бид нар нийлж мөнгө цуглуулж байгаад архи авч уусан юм. Тэгээд Б хоол хүнсний мөнгө авах гээд мотоциклио барьцаанд тавьж, хоол хүнс авч дахин нэг шил архи авсан юм. Тэгээд байж байтал Б, Бын эхнэр Аийн гар утсыг аваад явсан байна гэхээр нь би араас нь гараад утсыг нь авах гэтэл чамд ямар хамаатай юм гээд над руу чулуу аваад нүүлгэсэн юм. Тэгтэл нэг чулуу нь миний хацар дээр цохиж миний хацрыг цохиход цус гарсан. Тэгээд гэрт ороход араас Б дагаж орж ирчхээд орилж чарлаад байхаар нь цагдаа дуудсан чинь ирээд Б-ийг авч явж Х нь үлдсэн. Тэгээд би утсаар ярих гэсэн чинь манай эхнэрийн утас байхгүй болохоор Бын утсаар өөрийнхөө утас руу залгахад утас 3 дуудсанаа унтарсан юм. Тэгээд би Хыг орой болж байна харьж амар гэж хэлэхэд миний ууж идэх чамд ямар хамаа байна гээд над руу сандал барьж миний толгой руу цохиж, хөмсөг, хамар яз цохисон... Эм тарианд 1,000,000 төгрөг зарцуулсан мөнгөө төлүүлж авмаар байна ...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-р хуудас /,
2.Гэрч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... 2023 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Г, эхнэр Л хувцсаа угаая гээд манайд ирж хувцсаа угааж байтал 16 цагийн орчим Х, Б хоёр ирсэн юм. Тэгээд манайд 1 шил архи авчирч уусан юм. Тэгээд байж байтал Б нь явлаа гээд гараад явсан юм. Тэгтэл манай эхнэр А миний гар утсыг Б аваад явчихлаа гэсэн. Тэгсэн чинь Г би гараад аваад ирье гэж хэлээд гэрээс гарсан чинь намайг Б зодчихлоо гээд дээл нь урагдсан хацар чулуугаар цохисон гээд хацраас нь цус гарчихсан байсан. Манай эхнэрийн утсыг авч орж ирсэн. Б араас дагаж орж ирээд хэрүүл хийгээд байхаар нь цагдаа дуудахад цагдаа ирээд Б-ийг аваад явсан. Тэгээд байж байтал Г өөрийнхөө гар утсыг асууж хайхад Х сандал бариад Гийг толгой хэсэг рүү нь хэд хэдэн удаа цохиход духнаас нь цус гарч сандал эвдэрсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-р хуудас/,
3.Гэрч М.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд Г, Х 2 манайд гэрт хэрэлдээд байхаар би 1 нас 9 сартай хүүхэд айгаад уйлахаар нь гэрээс аваад гарч тэд нарыг гэрээс гар гэж хэлэхэд гараагүй. Тэгээд би хүүхдээ аваад гадаа байж байгаад орж иртэл манай гэрийн сандал эвдэрч хэдэн хэсэг болж салсан байсан. Гэрийн хулдаас бөөн цус болсон байсан. Гийн хаанаас нь цус гарч байгааг мэдэхгүй. Нүүр нь цус болсон гоожоод байсан. Тэгээд гэрээс гаргасан чинь гаднаас 103 машин ирээд эмнэлэг рүү аваад явсан. Тэгээд шөнө хацар, хөмсөг, хамартаа цагаан юм наасан оёо тавиулчхаад ирлээ гээд ирсэн. Маргааш өглөө нь Х, Б хоёр манайд ирчхээд Х нь Г-өөс уучлалт гуйж толгой дээр нь хүйтэн алчуур тавьж өгч, манай сандлыг хадаж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-р хуудас/,
4.Гэрч С.Л-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2023 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Г бид хоёр найз Б-нд очиж хувцсаа угаая гээд очсон юм. Тэгээд хувцсаа угааж дуусаад байж байтал Х, Б хоёр халамцуу хүрээд ирсэн. 2023 оны 10 дугаар сарын 29-ний шөнийн 23 цагийн орчим **** аймгийн ***сумын *** багийн ** тоотод Батбаатарын гэрт Д.Гийг сандлаар цохиж хамар ясны хугарал, хамар, зүүн хөмсөг, зүүн хацарт шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан. Тэгээд архи байна уу гэхэд байхгүй гэхэд нэг архи бөөрлөж байгаад ууя гээд 1 шил архи авчирч уусан юм. Миний бие өвдөөд орон дээр утсаар дуу сонсоод хэвтэж байсан. Тэгээд Б мотоциклио О гэх хүнд барьцаанд тавьж байгаад хоол ундны юм авмаар байна гэхэд Х, Б хоёр мотоциклийг авч явж 100000 /нэг зуун мянган/ төгрөгөөр барьцаанд тавьчхаад ирэхдээ 2 шил архи, бууз, ундаа, хуурай идэх юм авчирч өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-р хуудас/,
5.Говь-Алтай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 11 сарын 09-ны өдрийн 290 дугаартай “Д.Гийн биед хамар ясны хугарал, хамар, зүүн хөмсөг, зүүн хацарт шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 37-38-р хуудас/,
6.Иргэний нэхэмжлэгч Д.Эийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 10 сарын 29-ний өдрийн **** аймгийн Нэгдсэн эмнэлэгт ойрын дуудлага 48,000 яаралтай тусламж үйлчилгээний тархины өнгөц гэмтэл 90,000 төгрөг, 2023 оны 10 сарын 31-ний өдөр яаралтай тусламж тархины 30,000 төгрөг, нийт 168,000 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан байна. Иймд эрүүл мэндийн даатгалын сангаас олгосон тусламж үйлчилгээний санд учирсан хохирол 168,000 төгрөгийг төлүүлэх саналтай байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Ө.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.
Шүүгдэгч Ө.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх
үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал түүнчлэн шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 86 дугаар хуудас/, Говь-Алтай аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 2023/ШЦТ/99 дугаартай шийтгэх тогтоол /хх 89-92-р хуудас/ нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.
Шүүгдэгч Ө.Хын энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Ө.Хт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 (Найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800,000 (Найман зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Х-т оногдуулсан 800 (Найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800,000 (Найман зуун мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 (Гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (Арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Ө.Х-т мэдэгдэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Х-ын цагдан хоригдсон 3 (Гурав) хоногийн 1 (Нэг) хоногийг торгох ялын 15 (Арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг тооцож 45,000 (Дөчин таван мянга) төгрөгийг торгох ялд оруулан тооцох нь зүйтэй байна.,
3.Гэм хор, хохирлын талаар:
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.Г-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч хохирол нэхэмжилсэн нотлох баримт мөрдөн байцаалтын шатанд гаргаж өгөөгүй байна.
Гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 168,000 төгрөгийг шүүгдэгч Ө.Х-с гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгож, хохирогч нь холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн бие махбод болон сэтгэл санаанд учирсан хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
4.Бусад асуудлаар:
Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан модон сандлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогчид буцаан олгох, шүүгдэгч 3 хоног цагдан хоригдсон, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36,10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овгийн Ө-ийн Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Х-ыг 800 (Найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800,000 (Найман зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Х-т оногдуулсан 800 (Найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800,000 (Найман зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (Арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (Нэг) хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгчид Ө.Х-т мэдэгдсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Х-ын цагдан хоригдсон 3 (Гурав) хоногийн 1 (Нэг) хоногийг торгох ялын 15 (Арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг тооцож 45,000 (Дөчин таван мянга) төгрөгийг торгох ялд оруулан тооцсугай.
6.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.Х-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Гэмт хэргийн улмаас хохирогчийн эмчилгээний зардалд Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан 168,000 (Нэг зуун жаран найман мянга) төгрөгийг шүүгдэгч Ө.Х-с гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгож, хохирогч Д.Г нь холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн бие махбод болон сэтгэл санаанд учирсан хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
8.Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан модон сандлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогчид буцаан олгох, шүүгдэгч 3 хоног цагдан хоригдсон, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10.Шүүгдэгч Ө.Х-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ө.Х-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХБААТАР