Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 142/ШШ2020/01202

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ц.А нэхэмжлэлтэй,

Хариуцагч: М.О

Хариуцагч: Д.Х

Хариуцагч: Д.О нарт холбогдох,

2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн газар худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр олгогдсон Орхон аймаг, Баян-Өндөр сум, Даваат баг Ундрага 7-9 тоот 7-10 тоот хашааны газар дээр олгосон Г-2101002261 улсын бүртгэлийн дугаартай гэрчилгээг хүчингүй болгох, дээрхи хаяг дээр байгаа хашааны газрыг Ц.А, М.Онарын нэр дээр 510 м.кв-р тооцож газар өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах  тухай иргэний хэргийг 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.А., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О, хариуцагч М.Оийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Гхариуцагч М.Оийн өмгөөлөгч М.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бадмааравдан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Ц.А. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ц.А миний бие Орхон аймгийн Баян-Өндөр сумын 20 дугаар багийн Даваат Ундарга 7-10 тоот гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 518.3 мкв газрыг 2010 онд Д.Эоос худалдаж авсан юм. Д.Энь 1020 мкв газартай байсныхаа талыг надад худалдсан юм. Тухайн үедээ газрыг өмчилж аваагүй, өмчилж авахаараа өмчлөгчөөр намайг тогтоож гэрчилгээг гаргаж өгнө гэж 2010 оны 8 дугаар сард гэрээ хийсэн юм. Тэгээд тэр намраа Д.Энь өөртөө үлдсэн газраа Д.Хгэдэг хүнд зарсан бөгөөд тэр үед кадастрын зураг гарах боломжгүй байна, зураг гарах үед гэрчилгээг салгаж өгнө гэж тэр 2 хоорондоо хэлцэл хийсэн. Би хүлээгээд сүүлдээ аргаа бараад тэр хоёртой уулзсан чинь Д.Хнь газрын гэрчилгээг банкны барьцаанд 5 жилийн хугацаатай тавьсан гэсэн. Би дахиад л хүлээсэн. Гэтэл Д.Хгэгч нь 2015 онд гэнэт нүүгээд явчихсан байсан бөгөөд дараа нь учрыг нь олохоор хөөцөлдсөн чинь газраа байшинтайгаа Одончимэг гэдэг хүнтэй байраар сольсон байсан. Тэгээд бас л удахгүй салгаж өгнө гэж гурвуулаа надад амласан. Би бас л хүлээсээр 2018 он гараад миний худалдаж авсан газарын гэрчилгээг салгаж өгөхгүй болохоор нь шүүхэд хандсан. Дээрхи 3 хүн шүүх дээр гурвуулаа ирээд Одончимэг бид хоёрын хооронд газар худалдах, худалдах худалдан авах гэрээ хийчих, тэгж байж л гэрчилгээ салгаж гарах юм байна гэхээр нь би итгээд гэрээ хийгээд шүүхэд эвлэрсэн гэсэн утгатай зүйл бичиж өгөөд дууссан. Тэгээд нөгөө гэрээгээ аваад Улсын бүртгэлийн газарт очсон чинь газрын гэрчилгээгээ аваад ир гэсэн. Гэрчилгээг Одончимэг бас “Бид финанс” ББСБ-ын барьцаанд тавьчихсан хугацаа нь дуусахаар гэрчилгээг өгье гэхээр нь би бас л хүлээсэн. Тэгээд би хүлээж ядаад нөгөө газар худалдах, худалдан авах гэрээгээ үндэслээд өөрийн худалдаж авсан 518 мкв газрын өмчлөгчөөр тогтоолгож Улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан. Тэгсэн чинь шүүх нэхэмжлэлийг гэрээ хүчин төгөлдөр бус байна, тиймээс шаардах эрхийн үндэслэл тогтоогдохгүй байна гээд хэрэгсэхгүй болгосон. Би давж заалдсан боловч шийдвэрийг хэвээр үлдээсэн. Өмнө нь шийдсэн шүүгчийн 2018 оны 11 сарын 6-ны өдрийн 142/ШШ2018/01120 дугаартай захирамжинд гүйцэтгэх хуудас бичүүлэх гэсэн боловч шүүгч бичиж өгөхгүй гэсэн. Ингээд би бүтэн 10 жилийн турш өөрийн эзэмшиж байгаа газраа дээрхи 3 хүмүүсийн хийсэн луйвар хууран мэхэлсэн үйлдлийн улмаас газар өмчилсөн гэрчилгээг гаргуулж авч чадахгүй өдий хүрээд байна. Иймд М.О бид хоёрын хооронд 2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр байгуулсан газар худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэрээ болохыг тогтоож өгнө үү. Энэ гэрээ нь үнэн хэрэг дээрээ газар худалдах, худалдан авахаар тохирч хийсэн гэрээ биш юм. Тэд надад газрын гэрчилгээг гаргаж өгөхийн тулд ийм гэрээ хийж байж л гэрчилгээ салж гарна гэсний үндсэн дээр хийсэн хуурамч гэрээ байсан гэв.

Нэхэмжлэгч Ц.А. нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр олгогдсон Орхон аймгийн Баян-Өндөр сумын Даваат баг, Ундарга 7-9, 10 тоот хашааны газар дээр олгосон газар өмчлөх Улсын бүртгэлийн Г-2101002261 дугаартай гэрчилгээг хүчингүй болгох, дээрх хоёр хаяг дээр байгаа хашааны газрыг Ц.А. М.О нарын нэр дээр тус тусад нь 510 м.кв-аар тооцон газар өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах тухай шаардлага гаргаж шүүх хуралдаанд дэмжиж оролцож байна гэв.

Хариуцагч М.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ц.А.ийн Д.Х, Д.Эболон намайг хариуцагчаар татаж, газар худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэрээ болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг гардаж аваад нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Миний бие иргэн Хгаас дээрх газар болон хашаа, байшинг худалдаж авсан. Ц.А. нь бидний хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бус гэж тогтоолгосноор миний газрыг авах боломжгүй юм. Нөгөө талаас саяхан хүртэл өөрөө мөнгөө төлөөд газар худалдаж авъя гэж гуйж байсан атлаа шүүхэд биелэх боломжгүй нэхэмжлэл гаргаад байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн өмчлөлийн газарт түүний байшин байсаар байгаа ба одоо би өөрийн өмчлөлийн газраа албадан чөлөөлүүлэх болно. Хэрэв эвлэрвэл 2 500 000 төгрөг өгөөд, байшингийн араар хашаагаа татаад тэр хэмжээнд газрыг шилжүүлэхэд татгалзах зүйлгүй гэв.

Хариуцагч Д.Хшүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон хүсэлтдээ: Миний бие Д.Хнь иргэн Д.Эоос 2010 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Орхон аймаг, Баян-Өндөр сум, Шанд багийн 49-5 тоот хашаа байшин газрыг /Одоогийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын 20 дугаар баг Двааат Ундарга 7-10 тоот/ худалдан авсан бөгөөд анх 1020 мкв газрын өмчлөлийг 1 500 000 төгрөгөнд шилжүүлсэн. Ингээд уг газар хашаа байшинг худалдан авах үед тус хашаанд 2 байшин байсан бөгөөд нэг байшинг өөр хүний өмчлөлтэй тул хэсэг газрыг энэ байшинтай хүнд өгөх юм гэдгийг хэлсэн. Энэ үйл явдал газраа надад зарах үед болсон. Ингээд уг газар хашаа байшинд очиж би гэр бүлийн хамт амьдрах болсон. Энэ хугацаанд уг айлын эзэн гэх хүн газраа шилжүүлж авах хүсэлт гаргаагүй ба иргэн Э, Ц.А. нарын хооронд газар зарсан эсэх нь тодорхойгүй гэрээ хэлцэл огт мэдэгдэхгүй байсаар 2015 онд газар хашаагаа бусдад зарах үед энэ газар миний газар, газраа авмаар байна гэж надад уг гэрийн эзэн Бамбага гэх хүний эхнэр Ц.А. хэлсэн ба ямар ч баримт үзүүлээгүй. Үүнээс хойш чимээгүй байсан. 2015 оны 02 дугаар сарын 09-ний үед иргэн М.От газар хашаа байшингаа зарах үедээ мөн энэ хашаа байшинтай газар энэ айлынх гэсэн. Одоо болтол шилжүүлж аваагүй. Авах эсэх мэдэгдэхгүй байгаа. Хэрвээ авах бол тал газар гэж Эхэлсэн байгаа. Газраа зарсан гэх ямар ч баримт үгүй байгаа. Тодорхойгүй гэж хэлсэн. Ингээд М.О тухайн хүнтэй өөрөө учраа олно гэж хэлсний дагуу би газрыг худалдах, худалдан авах гэрээг 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хийсэн бөгөөд газраа би 1 000 000 төгрөгөөр зарсан. Анх газрын талыг 800 000 төгрөгөөр худалдсан гэж Э, Ц.А. нар амаар хэлсэн боловч ямар ч баримт үзүүлдэггүй, тэдний хэлсний дагуу надад газрыг хувааж зарсан гэх ойлголтыг авсан бөгөөд газрын хэмжээний талаар би мэдэхгүй байсан. Иймээс Ц.А.т газрыг зарахдаа тэдний хэлсний дагуу тал газар нь энэ айлынх гэсэн ойлголтойгоор би тал газраа 1 000 000 төгрөгөөр зарна гэсний дагуу М.Отээ худалдах, худалдан авах гэрээг хийсэн. Ц.А., Энарын хооронд ямар гэрээ хийсэн нь мэдэгдэхгүй учир би мөн л амаар М.От хэлсэн. Энэхүү маргаантай асуудал 2018 онд үүсч Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн шүүхэд хариуцагчаар дуудагдсан ба уг хурал дээр М.О, Ц.А. нар газрыг хуваасан гэрээ нотариатаар орж хийсэн гээд талууд эвлэрлээ гээд нэхэмжлэлээсээ татгалзсан. Талууд гэрээг ногариатаар байгуулах үед би хажууд нь байсан ба үйлчилгээний төв байрлах нотариат дээр гэрээг байгуулж байсан. Ингээд Ц.А. гэрчилгээг хөөцөлдөн авна гээд үлдсэн. Үүнээс хойш би мэдэх зүйл байхгүй. Энэ бүгдийн учрыг сайн мэдэх иргэн Э, Ц.А. нарын хоорондох асуудлыг эхэлж шийдвэрлэх нь зөв болов уу. Миний хувьд газрыг хувааж худалдан авсан гэж ойлгож байгаа. Ийм хэмжээний газраа бусдад зарсан гэх ойлголтоор явж байгаа. Ямар хэмжээний газар худалдсан болох газрын хэмжээг тусгаарласан хашаа зэрэг байхгүй өдий хүргэсэн. Би байхдаа нэг жижиг хашаа барьсан. Үүнийг тухайн хүн буулгаагүй байсан. Талууд тохиролцсон бол дахин дахин шүүхээр хэргээ шийдвэрлүүлэх үндэслэл байхгүй талаар Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 142/ШШ2018/01120 тоот шийдвэр гарахдаа тодорхой хэлж шийдвэрт заасан учир нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Э, Ц.А. нарын хооронд хэдий хэмжээний газар зарсан нь тодорхойгүй энэ олон жил болсон бөгөөд хариуцлагыг Д.Хби хүлээх үндэслэлгүй. Намайг газрын өмчлөгч байхад ч өөрийн өмчлөлд авна гэх газартаа хайнга хандсан тоодоггүй, өмчлөх эрхийнхээ араас хөөцөлдөггүй, тусдаа кадастрын зураг, шон ч байхгүй. Энэ асуудлаа хөөцөлдөж газраа өөрийн болгоё гэж явдаггүй байсаар олон жил болсон бөгөөд хэдий хэмжээний газар өмчлөх гээд байгаа нь тодорхойгүй хүмүүс байсан. Би газраа зарахдаа Эын захисны дагуу дараагийн хүнд хэлээд өмчлөлөө шилжүүлж байсан. Уг нэхэмжлэлийг шүүх хүлээн авч шийдвэрлэхдээ Х, Энарт ямар нэхэмжлэлийн шаардлага холбогдуулан гаргасныг тодруулахгүй байгаад гайхаж байна гэжээ.

Хариуцагч Д.Эшүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Орхон аймаг, Баян-Өндөр сум Даваат баг Ундрага 7-9 тоотод оршин суугч Доржсүрэн овогтой Эминий бие нь 2008 онд Баян-Өндөр Шанд 49-05 тоот 1020 мкв талбай бүхий хашаагаа хувааж 510 мкв талбайг Ц.А.т зарсан нь үнэн. Мөн 2008 оны 10 дугаар сард үлдсэн хашаа байшингаа Орхон аймаг, Баян-Өндөр сум, Зэст баг 1-6-87 тоотод суугч Давааням овогтой Хд зарахаар тохиролцож өгсөн. Х нь бэлэн мөнгөгүй тул хашаа байшинг банкинд тавиад мөнгийг нь маргааш нь өгсөн. Уг хашааны гэрчилгээ нь 1020 мкв талбай гэсэн нэг байсан тул Хтай гэрчилгээг салгаж 510 мкв талбай худалдаж авахаар тохиролцож,бичгээр гэрээ хийж гарын үсэг зуралцсан. Мөн Х, А хоёр хашааны 1020 мкв талбайг хувааж гэрчилгээ гаргахаар тохиролцсон тул хашаагаа дундуур нь хувааж барьсан. Тэгээд Х нь гэрчилгээ салгаж хуваалгүй хүнд зарсан байна. Энэ хоёр хүн хашаа байшингаа авахдаа газар хувааж авна гэж 510 мкв хэлцэл хийж гарын үсэг зуралцаж хүлээн зөвшөөрсөн.А гэрчилгээгээ гаргаж авъя гэхээр банкинд тавьсан гэрээ дуусахаар аваад солиулъя гэсэн боловч хэлэлгүй шууд зарсан байдаг юм. Х тэгэж хүний газар зарах ёсгүй. Авсан Огэдэг хүн дундуураа хашаа бариад байшин барьсан хамар хашаа байсаар байтал цуг авсан гэрчилгээг салгахгүй гэж байгаа нь үндэслэлгүй хэрэг юм гэжээ.

 Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.А. нь хариуцагч М.О, Д.Х, Д.Энарт холбогдуулан 2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн газар худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр олгогдсон Орхон аймаг, Баян-Өндөр сум, Даваат баг Ундрага 7-9 тоот 7-10 тоот хашааны газар дээр олгосон Г-2101002261 улсын бүртгэлийн дугаартай гэрчилгээг хүчингүй болгох, дээрхи хаяг дээр байгаа хашааны газрыг Ц.А., М.О нарын нэр дээр 510 м.кв-р тооцож газар өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч М.О: иргэн Д.Хгаас дээрх газар болон хашаа, байшинг худалдаж авсан. Ц.А.тэй байгуулсан 2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн газар худалдах худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бус гэрээ, харин уг гэрээг үндэслэж Ц.А. газар өмчлөх эрхтэй болно гэвэл хүлээн зөвшөөрөхгүй гэж,

Хариуцагч Д.Х: анх Орхон аймаг, Баян-Өндөр сум, Шанд баг 49-5 тоот 1020 мкв газрыг байшингийн хамт Д.Эоос худалдаж авсан. Уг газар дээр байшин баригдсан байсан ба хагас газар нь айлынх гэдгийг хэлж байсан. Намайг амьдарч байх хугацаанд газраа авъя гэж нэг ч хэлж байгаагүй тул би хашаа байшингаа зарах болоход энэ тухайгаа мөн л хэлээд М.От шилжүүлсэн. Ц.А., Д.Энарын хоорондын асуудлыг эхлээд шийдвэрлэвэл зүгээр байх, 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1120 дугаартай шийдвэрээр энэ асуудал шийдэгдсэн тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж,

Хариуцагч Д.Э2008 онд тухайн үеийн Шанд 49-05 тоот одоогийн Даваат баг Ундрага 7-9 тоот 1020 мкв талбай бүхий хашаагаа хувааж 510 мкв талбайг Ц.А.т зарсан нь үнэн. 2008 оны 10 дугаар сард Д.Хд үлдсэн газраа байшингийн хамт зарахаар тохиролцсон боловч Д.Хбэлэн мөнгөгүй тул хашаа байшинг банкинд тавиад мөнгийг нь маргааш нь өгсөн. Д.Х, Ц.А. хоёр хашааны 1020 мкв талбайг хувааж гэрчилгээ гаргуулахаар тохиролцсон тул хашаагаа дундуур нь хувааж барьсан. Д.Ххүний газар зарах ёсгүй, М.О дундуураа хашаатай байшин барьсан байхад гэрчилгээг салгахгүй гэж байгаа нь үндэслэлгүй гэж тайлбар ирүүлсэн байна.

2008 оны 8 дугаар сард хариуцагч Д.Энь өөрийн өмчлөлд байсан Орхон аймгийн Баян-Өндөр сум, Шанд багийн 49-05 тоот хаягт байрлах /одоогийн Орхон аймаг, Баян-Өндөр сум, Даваат баг Ундрага 7-9 тоот/ 1020 мкв талбай бүхий газрын талыг буюу 510 мкв газрыг иргэн Ц.А.т худалдахаар аман хэлцэл байгуулан газрын төлбөрт Ц.А. 800 000 төгрөг өгч, нэхэмжлэгч Ц.А. нь одоогийн Орхон аймаг, Баян-Өндөр сум, Даваат баг Ундрага 7-10 тоот газарт байшингаа барьсан байна.

2008 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Д.Э, Д.Хнар маргаан бүхий 1020 мкв газрыг 1 500 000 төгрөгөөр газар худалдах худалдан авах гэрээ байгуулж өмчлөх эрх Д.Хд шилжсэн. Д.Хбэлэн мөнгөгүйн улмаас банкны зээлийн барьцаанд газрын өмчлөх эрхийг бариулж 5 жилийн дараа зээлээ дуусахаар газрын талыг Ц.А.т шилжүүлэхээр тохирсон гэж нэхэмжлэгч Ц.А., хариуцагч Д.Энар тайлбар ирүүлсэн. 

Хариуцагч Д.Х2015 онд өөрийн өмчлөлийн хашаа байшингаа бусдад зарах үед газраа авмаар байна гэж Бамбага гэдэг хүний эхнэр Ц.А. хэлсэн бөгөөд ямар нэгэн баримт үзүүлээгүй, худалдан авсан газартаа хайнга хандсан, өмчлөх эрхийнхээ араас хөөцөлдөөгүй, газраа өөрийн болгоё гэж явдаггүй байсан тул М.От энэ талаар хэлээд өмчлөх эрхээ 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдөр газар худалдах худалдан авах гэрээ байгуулан шилжүүлсэн гэж тайлбарладаг.

Нэхэмжлэгч Ц.А. 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр газрын гэрчилгээ гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Д.Э, Д.Хнарт холбогдуулан гаргасан бөгөөд газрын гэрчилгээгээ гаргаж авсан тул нэхэмжлэлээсээ татгалзсан тухай хүсэлтийг шүүхэд ирүүлсний дагуу тус шүүхийн шүүгчийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 142/ШШ2018/01120 дугаартай захирамжаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Уг захирамжийг албадан биелүүлэх тухай хүсэлтийг Ц.А. 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр шүүхэд гаргасан ба шүүх хүсэлтийг хангахаас татгалзсан.

            Нэхэмжлэгч Ц.А. нь 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хариуцагч М.От холбогдуулан газрын өмчлөгчөөр тогтоолгож, улсын бүртгэлд бүртгэж, улсын бүртгэлийн гэрчилгээ олгохыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 142/ШШ2019/01294 дугаартай шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч Ц.А. давж заалдах гомдол гаргасан. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 05 дугаартай магадлалаар шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.  

Зохигчдын хооронд байгуулагдсан 2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн газар худалдах худалдан авах гэрээнд  газрын үнийг 1 500 000 төгрөг байхаар тохирч төлбөр тооцоо дууссан гэж гол нөхцлийг тодорхойлсон байна. Гэтэл бодит байдал дээр талууд өөр хэлцлийг халхавчлах зорилгоор уг хэлцлийг хийсэн болох нь талуудын тайлбараар нотлогддог.

            Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байдаг бөгөөд өмнөх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр энэ талаар хууль зүйн дүгнэлт хийсэн байдаг.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан тул Ц.А., М.О нарын хооронд байгуулагдсан 2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн газар худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох нь зүйтэй.

Нэхэмжлэгч Ц.А., хариуцагч Д.Энарын хооронд байгуулагдсан газар худалдах худалдан авах гэрээ нь хуульд заасан хэлбэрийг зөрчсөн бөгөөд Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх бөгөөд хэрэв талуудын аль нэг нь төлөөлөгчөөр дамжуулан уг харилцаанд оролцож байвал төлөөлөгч болон түүний итгэмжлэлийг дээрх баримт бичигт тэмдэглэх буюу хавсаргана гэж заасныг зөрчсөн байна.

            Д.Э, Д.Хнарын хооронд байгуулагдсан 2010 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн газар худалдах худалдан авах тухай гэрээ, Д.Х, М.О нарын хооронд байгуулагдсан 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээ хүчин төгөлдөр эсэх талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй тохиолдолд хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр олгогдсон Орхон аймаг, Баян-Өндөр сум, Даваат баг Ундрага 7-9 тоот 7-10 тоот хашааны газар дээр олгосон Г-2101002261 улсын бүртгэлийн дугаартай гэрчилгээг хүчингүй болгох, дээрхи хаяг дээр байгаа хашааны газрыг Ц.А., М.О нарын нэр дээр 510 м.кв хэмжээгээр тооцож газар өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй юм. Өөрөөр хэлбэл дээрхи гэрээнүүдтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хальж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй.

            Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч Ц.А. нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа ...518.3 мкв газрыг 2010 онд Д.Эоос худалдаж авсан гэсэн атлаа нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа ...510 мкв газрын өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг...шаардаж байгаа нь ойлгомжгүй байна. 

            Улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 140 400 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Оээс 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.А.т олгохоор заалаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 109 дүгээр зүйлийн 109.2, 106 дугаар зүйлийн 106.1.-д зааснаар Ц.А., М.О нарын хооронд байгуулагдсан 2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн газар худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, нэхэмжлэлийн шаардлагаас хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр олгогдсон Орхон аймаг, Баян-Өндөр сум, Даваат баг Ундрага 7-9 тоот 7-10 тоот хашааны газар дээр олгосон Г-2101002261 улсын бүртгэлийн дугаартай гэрчилгээг хүчингүй болгох, дээрхи хаяг дээр байгаа хашааны газрыг Ц.А., М.О нарын нэр дээр 510 м.кв хэмжээгээр тооцож газар өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140 400 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Оээс 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.А.т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

           

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Л.АРИУНЦЭЦЭГ