Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 2024/ШЦТ/65

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа

Улсын яллагч Д.Ганчимэг

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2421000000053 дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны 08 дугаар сарын 04-ний өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт ******* аймгийн ******* сумын дүгээр баг гудамж 12-120 тоотод оршин суух үндсэн хаягтай, одоо Дорнод аймгийн ******* сумын 4 дүгээр баг “ ” гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овогт ******* . /РД: *******/

Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг Ивээл хороололд байрлах Мустанг баарны гадна 2024 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 22 цагийн үед согтуугаар хохирогч нүүрэн тус газарт нь гараараа цохисны улмаас унахдаа төмөр хогийн сав мөргөж биед нь тархи доргилт, баруун ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, баруун хөмсөгний няцарсан шарх, баруун нүдний салстын цус харвалт, баруун нүдний дээд, доод зовхи болон баруун хацрын цус хуралт, баруун нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал, хамрын нурууны няцарсан шарх, зүүн шууны цус хуралт, зүүн өвдөгний зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

  Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.

  Шүүгдэгч ******* нь 2024 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 22 цагийн үед согтуугаар Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг Ивээл хороололд байрлах Мустанг баарны гадна хохирогч нүүрэн тус газарт нь гараараа цохисны улмаас унахдаа төмөр хогийн сав мөргөж биед нь тархи доргилт, баруун ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, баруун хөмсөгний няцарсан шарх, баруун нүдний салстын цус харвалт, баруун нүдний дээд, доод зовхи болон баруун хацрын цус хуралт, баруун нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал, хамрын нурууны няцарсан шарх, зүүн шууны цус хуралт, зүүн өвдөгний зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би 2024 оны 01 дүгээр сарын 13-ны  өдөр 20 цагийн орчимд хамаатны эгч хамт Мустанг баар руу  орж 2 шил Alex нэртэй архи уусан. Тэгээд баар халуун байсан тул сэрүүцэх гээд гадагш гарч баарны гадаа байсан хүмүүстэй үл ялих зүйлээс болж маргалдсан. Тэр хүмүүсийн дунд нэг хүүхэн байсан ба тэр хүүхэнтэй маргалдаж намайг өшиглөж, цохихоор нь цааш түлхсэн. Хажуу талаас нэг залуу барьцалдаад байхаар нь би болиулаад дотогш орсон. Тэр хүүхнийг харахад хогийн савны хажууд доош хараад хэвтэж байсан ба босох гээд хөдөлж байхаар нь гайгүй юм байх гэж бодсон. Миний бие өөрийн хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Тухайн эмэгтэйг тэгж гэмтсэн гэж бодоогүй. Хохирогчийн эмчилгээний зардалд 3,000,000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг, хохирогч “...Би 2024 оны 01 дүгээр сарын 13-ны орой 21 цаг 50 минутын орчим Хэрлэн сумын 6 дугаар баг Мустанг баар руу ганцаараа хүн хайж очиход хайж байсан хүн маань байхгүй байсан. Харин манай найз гэх залуугийн төрсөн өдөр гээд хамт 20 минут сууж, надад нэг шил пиво авч өгсөн. Авч өгсөн пивоноос нь бага зэрэг уучхаад найзтайгаа гарч тамхи татаж байхад танихгүй согтуу залуу баарнаас гарч ирээд хүн болгон руу үсчиж дайрч түлхээд байсан. Намайг 2-3 удаа түлхэхээр нь юм хэлэхгүй байж байгаад дахин түлхэхээр нь уурлаад “чи яагаад намайг түлхээд байгаа юм бэ” гээд тэр залууг түлхэхэд намайг зөрүүлээд нэг удаа цохисон юм. Би унахдаа тухайн газарт байх төмөр хогийн савыг мөргөж н алдаж унасан. Хэсэг н санаа манарсан байдалтай байж байгаад явсан. ...Намайг зодсон хүн миний эмчилгээний зардалд 3 сая төгрөг бэлнээр өгсөн. Надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, гэрч “...би хэсэг бүжиглэж байгаад ширээ рүү харахад байхгүй байхаар нь гайхаад баарны гадаа гарч хартал нэг танихгүй залуутай муудалцаад зогсож байхаар нь би юу болсон талаар асуухад нөгөө залуу нь “чамд хамаагүй” гэж хэлээд гийн цамцны захнаас бариад шатны баруун тал руу түлхээд унагачихсан. Тэгээд доош унахдаа гадаа байдаг тамхины төмөр сав руу унасан...” гэх мэдүүлэг, Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 1-ний өдрийн 81 тоот “... биед тархи доргилт, баруун ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, баруун хөмсөгний няцарсан шарх, баруун нүдний салстын цус харвалт, баруун нүдний дээд, доод зовхи болон баруун хацрын цус хуралт, баруун нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал, хамрын нурууны няцарсан шарх, зүүн шууны цус хуралт, зүүн өвдөгний зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна. Хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “хохирол төлбөрт 3,000,000 төгрөг авсан, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Иймд прокурорын саналын хүрээнд шүүгдэгч ******* овогт ******* ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нь шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрийгөө өмгөөлж оролцоно гэсэн хүсэлт гаргасан ба шүүгдэгч ******* нь бүрэн бус дунд боловсролтой бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгч оролцуулах зайлшгүй шаардлагатай биш байх тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

   4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

   5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                   Г.НАМУУНТУЯА