| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Алтандөшийн Энхбаатар |
| Хэргийн индекс | 164/2024/0007/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/07 |
| Огноо | 2024-01-22 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Х.Гүнжидмаа |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 2024/ШЦТ/07
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхшүр,
Улсын яллагч Х.Гүнжидмаа,
Хохирогчийн өмгөөлөгч Х.Энхбат,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан,
Хохирогч А.Т ,
Орчуулагч Б.Аманжан,
Шүүгдэгч Н.О нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Гүнжидмаагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Б овогт Н-н О-д холбогдох 2316000000215 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1953 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Б аймгийн Б сумд төрсөн, 70 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 2 эхнэрийн хамт Б аймгийн Ө сумын ** багт оршин суух, урьд Б аймгийн Сум дундын шүүхийн 1997 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 13 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялаар, Б аймгийн Сум дундын шүүхийн 2009 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 41 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах тус тус ял эдэлж байсан, **** регистрийн дугаартай, Б овгийн Н-н О,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.О нь 2022 оны 5 дугаар сарын 04-05-ны өдрийн орчим Говь-Алтай аймгийн Х сумын нутагт бариа хийж явахдаа хохирогч А.Т ын өвөг эцгээсээ өвлөн авсан мөнгөн тоногтой, ясан хяртай, монгол эмээлийг Б аймагт болох үзэсгэлэн худалдаанд тавьчхаад өгнө гэж авч яваад улмаар С.Д-т 2,000,000 төгрөгөөр худалдаж бусдын итгэмжлэн хариуцсан эд хөрөнгийг завшсаны улмаас 12,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэргийн шинжтэй үйлдэлд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Н.О нь 2022 оны 05 дугаар сарын 04-05-ны өдрийн орчим *** аймгийн *** сумын нутагт бариа хийж явахдаа хохирогч А.Т ын өвөг эцгээсээ өвлөн авсан мөнгөн тоногтой, ясан хяртай, монгол эмээлийг **** аймагт болох үзэсгэлэн худалдаанд тавьчхаад өгнө гэж авч яваад улмаар С.Д-т 2,000,000 төгрөгөөр худалдаж бусдын итгэмжлэн хариуцсан эд хөрөнгийг завшсан үйл баримт тогтоогдлоо.
Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Н.О гэм буруутай болох нь:
1.Хохирогч А.Т ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би О гоор эхнэрээ бариулсан учир сайн танина. Түүнээс хойш 7 хоногийн дараа манай төрсөн ах А.Ц-н хамт ирээд гэрт байсан өвөг эцгээс өвлүүлсэн мөнгөн тоногтой нанжин гахай гөлөмтэй, хайрцаган хяртай эмээлийг үзэсгэлэн худалдаанд моринд тохчхоод буцаагаад өгье гэхээр нь би өгөөд явуулсан. Манай гэрийн гадаа байсан пургон машины эд ангиуд болох мотор, кроп, урд хойд тэнхлэг, 4 нум зэргийг авсан. Машины эд ангиудыг 2,500,000 төгрөгөөр тохирч өгсөн. Эмээлийг миний өвөг эцгээс өвлөгдсөн тул 10,000,000 төгрөгөөр үнэлнэ. Миний эмээлийг үзэсгэлэн худалдаанд хэрэглэчхээд өгнө гээд аваад явсан. Эмээлээ асууж ярихад танай сумын Д-т өгөөд явуулсан. Очоод авчих гэж хэлсэн. 2022 оны 12 сард Даваажав ахын утас руу залгаад эмээлээ авъя гэтэл би О гаас 2,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Юу яриад байгаа юм. Би мөнгө төгрөгөө авч байж өгнө гээд өгөөгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 56-57 дугаар хуудас/,
2.Иргэний нэхэмжлэгч С.Д-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би О гэх хүнээс 2,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Худалдан авсны дараа Улаанбаатар хотод 2,500,000 төгрөгөөр сэргээн засварлуулсан. Тус эмээл нь хуванцар хяртай, боронзон хээтэй, гахай гөлөмтэй, мөнгөн баавартай эмээл байсан. О гаас худалдаж авсан. Надад эмээл худалдаж авсан 2,000,000 төгрөг, сэргээн засварлуулсан 2,500,000 төгрөг нийт 4,500,000 төгрөгийн хохирол учирсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 66-67-р хуудас/,
3.Гэрч Т.О-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 07 сарын 28-ны өдөр Сулин дэнж хоршоонд жил дээрээ сууж байтал С.Д ах миний утас руу залгаад ХААН банкны ***** дугаарын дансыг хэлээд энэ данс руу 2,000,000 төгрөг хийгээд өг гэхээр нь тухайн мөнгийг шилжүүлсэн. Би өөрийн гар утасны ХААН банкны интернэт банкаар шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 77-р хуудас/,
4.Гэрч А.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 05 сарын 15-ны өдөр манай хадам аавын хамт ***** аймгийн **** сумаас 2 эрэгтэй, 1 эмэгтэй, 1 хүүхэд ирсэн. Манай хадам аавын байшинд байрлаад 3 хоноод 3 гүүгээ зараад мөнгийг нь аваад явахаар болсон. Адуунууд нь манай хашаанд үлдсэн ба үлдэгдэл адуунуудыг манай хадам аавд үлдээсэн. 2022 оны 06 сард ***** аймгийн **** сумаас 2 хүн ирж манай хадам аавд үзүүлсэн. Тэгээд хадам ааваас нөгөө монгол эмээлийг 2,000,000 төгрөгөөр худалдаж авсан. 2022 оны 07 сарын 28-ны өдөр миний данс руу мөнгийг нь шилжүүлсэн. Тухайн үед хадам ээжид мөнгийг нь өгсөн. Хадам ээж гэр бүлийн хэрэгцээнд зарцуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 81-р хуудас/,
5.Т.О ХААН банкны ***** дугаарын данснаас *** дугаарын данс руу 2,000,000 төгрөг шилжүүлсэн талаарх хуулга /хх-ийн 32, 33-р хуудас/,
6.Ашид билгүүн ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ний өдрийн №-ТХҮ-921/4733 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 97-99-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн улсын яллах өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, иргэний нэхэмжлэгч, гэрч, яллагдагч нараас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан итгэмжлэгдэн хариуцсан этгээд гэж аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгоно.
Өмчлөгчийн эд хөрөнгийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээд өмчлөгчөөс зохих зөвшөөрөл авалгүйгээр дур мэдэн бүрэн бүтэн байдлаас зарим нэгэн хэсгийг тасдаж бусдад өгч үрэгдүүлсэн, эсхүл өөрөө авч завшсан идэвхтэй үйлдлээр хөрөнгө завших гэмт хэрэг илэрдэг ба энэ гэмт хэргийн бүрдэл нь хохирогчийн итгэмжлэн өгсөн эд хөрөнгө юмсыг завшсанаар төгсөнө.
Хэргийн байдлыг авч үзвэл шүүгдэгч Н.О нь 2022 оны 5 дугаар сарын 04-05-ны өдрийн орчим **** аймгийн *** сумын нутагт бариа хийж явахдаа хохирогч А.Т ын өвөг эцгээсээ өвлөн авсан мөнгөн тоногтой, ясан хяртай, монгол эмээлийг Баян-Өлгий аймагт болох үзэсгэлэн худалдаанд тавьчхаад өгнө гэж авч яваад улмаар С.Д-т 2,000,000 төгрөгөөр худалдаж бусдын итгэмжлэн хариуцсан эд хөрөнгийг завшсан нь уг гэмт хэргийн субъектив шинжийг, түүний дээрх шууд санаатай үйлдлийн улмаас бага хэмжээнээс дээш хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив шинжийг тус тус хангаж байна.
Иймд шүүгдэгч Н.О г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж Хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Хохирогчийн өмгөөлөгч Х.Энхбатаас шүүх хуралдаанд: “...Хавтаст хэргийн материалаас харахад А.Ц-той ямар нэгэн байдлаар иргэний эрх зүйн харилцаа үүсгэсэн талаарх баримт байдаггүй. 14 тонны адууг үлдээсэн. Үлдээсэн гэдгийг гэрч нараас мэдүүлдэг. Н.О гаас бэлнээр 10,000,000 төгрөгийг өгсөн гэдэг... 14 тонны адууг өгөөд 2 жил болж байна гэдэг... Адууны хувьд бусдын эд зүйлийг хариуцан авч үлдсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэдэн адуу хаана байгаа талаар ямар ч баримт байхгүй. 10,000,000 төгрөгийг өгсөн талаар ямар ч баримт байхгүй. А.Ц-н адууг завшиж, эмээлийг залилсан гэж ойлгож байгаа...” гэх дүгнэлт гаргаж оролцсон байна.
Шүүх хохирогчийн өмгөөлөгч Х.Энхбатын дээрх хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болно.”, 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж тус тус заасны дагуу хэрэгт авагдсан нотлох баримт, улсын яллагчийн дүгнэлтэд дурдсан үйл баримтын хүрээнд шүүгдэгч Н.О д холбогдох эрүүгийн 2316000600215 дугаартай хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна.
Улсын яллагчаас яллах дүгнэлтдээ: “...Харин Н.О нь А.Т тай гэрийнх нь гадаа байсан пургон машины эд ангиуд болох мотор, кроп, урд хойд тэнхлэг, 4 нум зэргийг 2,500,000 төгрөгөөр тохирч өгсөн гэх мэдүүлэг, мөн А.Цийн 1 адууг 2,000,000 төгрөгөөр борлуулж өгнө гэж хэлж 7 морь, 3 азарга, 5 унагатай гүү нийт 20 тооны адууг О н хамт *** аймаг руу авч явсан. Авч ирсэн адуунаас 3 унагатай гүүгээ би өөрөө зарж 4,500,000 төгрөгийг нь өөрөө авсан. Үлдсэн 14 адууг О д зараад өг гэж үлдээсэн гэж мэдүүлжээ. Иймд А.Т , А.Ц нар нь өөрийн эд хөрөнгө буюу эд зүйл болох адуугаа худалдах худалдан авах гэрээг амаар хийж иргэний эрх зүйн харилцааны шинжтэй үйлдэл хийсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдлоо...” гэж дээрх харилцааг иргэний эрх зүйн харилцаа байх бөгөөд гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий байна гэж шүүх үзлээ.
2.Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс шүүгдэгч Н.О г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал түүнчлэн шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 140 дугаар хуудас/, Б аймгийн Сум дундын шүүхийн 1997 оны 9 дүгээр сарын 09-ны өдрийн 13 дугаартай шийтгэх тогтоол, Б аймгийн Сум дундын шүүхийн 2009 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоол /хх 142-152 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.
Шүүгдэгч Н.О н үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3000 (Гурван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3,000,000 (Гурван сая) төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.О д оногдуулсан 3000 (Гурван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3,000,000 (Гурван сая) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 (Нэг) жил 6 (Зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (Арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (Нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Н.О д мэдэгдлээ.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч А.Т т шинжээчийн дүгнэлтээр 12,000,000 (Арван хоёр сая) төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь эд зүйлийг биет байдлаар буцаан хүлээлгэн өгсөн байна.
Энэ хэрэгт иргэний нэхэмжлэгч С.Д 2,500,000 (Хоёр сая таван зуун мянга) төгрөг нэхэмжилсэн бөгөөд энэ талаар нотлох баримт шүүхэд гаргаж өгөөгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгч С.Дын нэхэмжилсэн 2,500,000 (Хоёр сая таван зуун мянга) төгрөгийн нэхэмжлэлийн шүүх хэлэлцэхгүй орхиж, холбогдох нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
4.Бусад асуудлын талаар:
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Н.О цагдан хоригдоогүй, 12,000,000 (Арван хоёр сая) төгрөгийн үнэлгээ бүхий эмээлийг хохирогч А.Т т биет байдлаар хүлээлгэж өгсөн, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овгийн Н-н О г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж Хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч Н.О д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3000 (Гурван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3,000,000 (Гурван сая) төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.О д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 (Нэг) жил 6 (Зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (Арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (Нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Н.О д мэдэгдсүгэй.
5.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгч С.Дын нэхэмжилсэн 2,500,000 (Хоёр сая таван зуун мянга) төгрөгийг шүүх хэлэлцэхгүй орхиж, холбогдох нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
7.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Н.О цагдан хоригдоогүй, 12,000,000 (Арван хоёр сая) төгрөгийн үнэлгээ бүхий эмээлийг хохирогч А.Т т биет байдлаар хүлээлгэж өгсөн, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсгүүдэд зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан эсвэл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд бусад тохиолдолд гомдол эсэргүүцэл гаргахгүй болохыг тайлбарласугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Н.О д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХБААТАР