Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 2024/ШЦТ/10

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхшүр,

Улсын яллагч Б.Түвшинтөр,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Х.Энхбат

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм, М.Энхзаяа,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Ж ,

Иргэний хариуцагч Ц.Б-О,

Шүүгдэгч Д.Б  нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Түвшинтөрийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн шүүгдэгч З овгийн Д-н Б-д холбогдох 2316001690211 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1982 оны 5 дугаар сарын 13-ны өдөр *** аймгийн *** суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, А-д жолоочоор ажиллаж байсан, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт **** аймгийн *** сум Б баг *** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, *** регистрийн дугаартай, З овгийн Д-ийн Б,  

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Д.Б  нь *** аймгийн **** сумын нутаг дэвсгэрт байрлах Х бөөний төвийн гаднах хогийн цэг дээр хог ачихаар ажиллаж байхдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөн дүрмийн 10.14. “Бусдад саад уруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсэн заалтыг зөрчсөний улмаас анхаарал болгоомжгүй байдлаар *** ГАО улсын дугаартай тээврийн хэрэгслээр ухрах үйлдэл хийж Ж.Т-ын хүзүү, толгой хэсэгт нь мөргөж түүний биед гавал тархины битүү гэмтэл, тархины суурь хэсгийн тархмал цус харвалт, нугасны хальсны цус харвалт аксоны тархмал гэмтэл, хүзүүнд зулгаралт, хүзүүний арын булчинд цус хуралт үүсгэж эрүүл мэндэд нь хүнд гэмтэл учруулсан бөгөөд Ж.Т нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад уг гэмтлийн улмаас 2023 оны 8 дугаар сарын 24-ний өдөр нас барсан гэх гэмт хэргийн шинжтэй үйлдэлд холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Д.Б  нь 2023 оны 8 дугаар сарын 17-ны өдөр **** аймгийн **** сумын нутаг дэвсгэрт байрлах *** бөөний төвийн гаднах хогийн цэг дээр хог ачихаар ажиллаж байхдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөн дүрмийн 10.14. “Бусдад саад уруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсэн заалтыг зөрчсөний улмаас анхаарал болгоомжгүй байдлаар *** ГАО улсын дугаартай тээврийн хэрэгслээр ухрах үйлдэл хийж Ж.Т-ын хүзүү, толгой хэсэгт нь мөргөж түүний биед гавал тархины битүү гэмтэл, тархины суурь хэсгийн тархмал цус харвалт, нугасны хальсны цус харвалт аксоны тархмал гэмтэл, хүзүүнд зулгаралт, хүзүүний арын булчинд цус хуралт үүсгэж эрүүл мэндэд нь хүнд гэмтэл учруулсан бөгөөд Ж.Т нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад уг гэмтлийн улмаас 2023 оны 8 дугаар сарын 24-ний өдөр нас барсан үйл баримт тогтоогдлоо.

 

Дээрх үйл баримт нь тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн гэж шүүх үзлээ.

 

Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Д.Б  гэм буруутай болох нь:

 

1.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ш-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай нөхөр Ж.Т бид хоёр 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Алтай хотын тохижилт үйлчилгээний газарт ажилд орох анкет хүсэлт авч очиж өгсөн тухайн өдрийн орой манай нөхөр Т руу Алтай хот тохижилтоос утсаар яриад маргааш нь буюу 2023 оны 08 дугаар сарын 17-ний өдөр ажилдаа орох талаар хэлж ярьсан. Тэгээд манай нөхөр Ж.Т 2023 оны 08 дугаар сарын 17-ны өглөө ажилдаа явсан юм. тэгээд орой 16 цагийн үед над руу **** газраас танай нөхөр Ж.Т *** худалдааны төвийн гадна ухаан алдаад уначихлаа гэж хэлсэн. Би тухайн үед очоогүй юм. Орой манай нөхрийн нагац эгч Ж над руу утсаар яриад танай хүн ухаан орохгүй сэхээн амьдруулах тасагт хэвтсэн гэж хэлсэн тэгээд би очоод өөрийн нөхөр болох Ж.Т-ыг эмнэлэгт сахиад 7 хоносон. Тухайн үед эмчилгээ хийгдэж байсан яг ямар оноштой байсан талаар мэдээгүй тэгээд манай нөхөр Ж.Т нь 2023 оны 08 дугаар сарын 24-нд эмнэлэгт нас барсан. Амь хохирогч эмнэлэгт байхдаа ухаангүй хоол унд идэж ууж чадахгүй байнга эмийн эмчилгээтэй байсан. Би талийгаач нь ямар шалтгааны улмаас нас барсан мөн ажил үүргээ гүйцэтгэж байгаад нас барсан тул гомдолтой байна. Тухайн асуудлыг хуулийн дагуу шийдэж өгнө үү..” гэх мэдүүлэг /хх-ийн 74-р хуудас/,

 

2.Гэрч Л.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 08 дугаар сарын 17-ний өглөө ажил дээрээ ирээд байж байсан чинь нярав Н нэг тушаал барчихсан Ж.Т нь өнөөдрөөс эхэлж ажилд орж байгаа юм байна гэж хэлж байсан. Тэгээд 09 цагт ажилчдадаа зааварчилгаа өгөөд байж байсан чинь өрөөнд нэг танихгүй залуу орж ирсэн. Тухайн үед би шинээр ачигчаар ажилд орж байгаа хүн мөн үү гэж асуусан чинь мөн байна гэж хэлсэн. Нэрийг нь асуухад Т гэсэн тэгээд би аюулгүй байдлын зааварчилгаан дээр нэрийн гараараа бичээд зааварчилгааг танилцуулаад жолооч Д.Б тай хамт ажилд гарах талаар хэлээд зааварчилгаан дээр гарын үсэг зуруулаад ажилд нь гаргасан. Ж.Т нь манай байгууллагад 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдөр ажилд ороод эхний өдөр ажиллаж байсан. Би хог нягтаршуулах үйлдвэр дээр байж байсан чинь 14 цагийн үед над руу манай нярав Нацагдорж утсаар залгаад Б жолоочтой ажиллаж байсан ачигч **** бөөний төвийн гадна ухаан алдсан гэж хэлсэн. Би тухайн газарт яваад очиход **** бөөний төвийн ертөнцийн зүгээр зүүн талын хойд буланд газарт хэвтэж байсан тэгээд түргэн тусламжийн машин орж ирээд үзээд эмнэлэг рүү авч явсан. Жолооч Б-аас юу болсон талаар асуухад Т, Б нар Хантайшир бөөний төвийн зүүн талын хойд хэсэгт байрлах хогийн цэгээс хог ачиж байгаад эхлээд гадна байсан хогийн хамж хийчхээд хогийн саванд байсан хогийг авах гээд ухрах үйлдэл хийхдээ ачигч Т-ыг ард зайгаа хараад машины толинд үзэгдэхээр зогсоод хэлээрэй гэж хэлчхээд машиндаа ороод ухрах үйлдэл хийсэн тухайн үед толинд Т харагдахгүй байсан тэгээд машинаа зогсоогоод бууж ирээд харсан чинь Тын малгай машины хажууд унасан байхаар нь очоод үзсэн чинь Т газарт унасан байсан гэж Б хэлсэн би тухайн үед хараагүй болохоор мэдэхгүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 85-р хуудас/,

       

   3.Иргэний хариуцагч байгууллагын төлөөлөгч Ц.Б-Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Алтай хотны тохижилт үйлчилгээний газар аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын даргаар ажилладаг. Тухайн албан тушаалд 2021 оны 11 дүгээр сарын 03-ний өдрөөс эхэлж ажиллаж байгаа. Би 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдөр манай байгууллагад нэг ачигчийн орон тоо гарсан байсан. Би тухайн үед ээлжийн амралттай байсан боловч ажил дээр очоод Ж.Т-ыг дуудаж уулзаад манай байгууллагад анкет өгсөн байна одоо ажилд орох боломжтой эсэх талаар асуухад би боломжтой гэж хэлсэн. Тухайн үед эхнэртэйгээ хамт ирсэн. Тэгээд би туршилтын хугацаанд ажлын хувцас олгох боломжгүй өөрийнхөө хувцастай ирнэ бээлий маскийг албанаас өнгө гэж хэлээд өнөөдөр бичиг баримт болон бусад шаардлагатай материалуудаа өгөөд маргааш нь ажилдаа гарна гэж хэлээд Ж.Т нь манай байгууллагад 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс тушаал гаргаад ажилд орсон юм. Тухайн өдөр жолооч Ц.Б-тай хамт ачигчаар ажиллаж байсан. Т нь өөрийн ажлын байран дээрээ байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 77-р хуудас/,

 

4.Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл /хх-ийн 04-07 дугаар хуудас/,

 

5.Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 08 дугаар хуудас/,

 

6.Говь-Алтай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн ахмад Д.Даваахүүгийн 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн “...1. талийгаач Ж.Т-ын цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гавал тархины битүү гэмтэл, тархины суурь хэсгийн тархмал цус харвалт, нугасны хальсны цус харвалт, аксоны тархмал гэмтэл, хүзүүнд зулгаралт, хүзүүний арын булчинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. 3.Дээрх гэмтлүүдээс тархины суурь хэсгийн тархмал цус харвалт, нугасны хальсны цус харвалт, аксоны тархмал гэмтэл нь амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй шинэ гэмтлүүд болно. 4.Талийгаач Ж.Т нэгдсэн эмнэлгийн мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний тасгийн №4126 тоот өвчний түүхийг үзэхэд оношилгоо эмчилгээ зөв хийгдсэн байна. 5.Талийгаач Ж.Т нь тархины суурь хэсгийн тархмал цус харвалт, аксоны тархмал гэмтлийн улмаас уушгины зогсонгишилын хатгалгаагаар хүндэрч нас баржээ. 6.Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр ямар нэгэн архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 7.Талийгаачийн цусанд Шүүх химийн шинжилгээгээр спиртийн зүйл илэрсэнгүй...” гэх 35 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 92-97-р хуудас/,

 

7.Говь-Алтай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн ахмад Д.Даваахүүгийн 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн “...1.Ж.Тын биед хүзүүний түвшинд тодорхойгүй нугасны мэдрэлийн гэмтэл, гэмтлийн дайрлага, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.3.1-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 3 Дээрх гэмтлийн тухайн цаг хугацаанд авсан байх боломжтой болно...” гэх 227 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 197-199-р хуудас/,

 

8.Шинжээч М.Дашдоржийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн “...1 0921 ГАО улсын дугаартай, тээврийн хэрэгслийг жолоодож явсан Д-н Б нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.14. Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй гэсэн заалтыг зөрчсөний улмаас уг осол болсон байна. 2.Энэ буруутай үйлдэл нь осол үйлдэгдэхэд нөлөөлсөн байна. 3.Хэргийн материалд авагдсан нотлох баримтуудаар Д-н Б нь жолоодох эрхийн ВСD ангиллын *** дугаарын хүчинтэй жолоодох эрхийн үнэмлэхтэй байна. 4. Амь хохирогч Жийн Т нь Монгол улсын Замын хөдөлгөөний хууль, дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчөөгүй байна. 6. Шинжилгээний явцад шинээр тогтоогдсон зүйл байхгүй болно...” гэх 05 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 192-194-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн улсын яллагч болон өмгөөлөгч талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Д.Б  нь тээврийн хэрэгсэл жолоодон ухрах үйлдэл хийхдээ Ж.Т-ын хүзүү толгой хэсэгт мөргөсөн нь Монгол улсын замын хөдөлгөөн дүрмийн 10.14. “Бусдад саад уруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй.” гэсэн заалтыг зөрчсөн байна.

 

“Зам тээврийн осол” гэж Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д “заасан зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж, эвдэрч, гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг ойлгоно.” гэж хуульчилжээ.

 

Хууль зүйн хувьд Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Засгийн газраас баталсан “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм” нь бүх нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ бөгөөд үүнийг зөрчсөн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ажиглалтын журам зөрчих” гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.

 

Дээрх гэмт хэргийн үндсэн шинж нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэсэн тохиолдолд хангагдах ба уг гэмт хэргийн улмаас хор уршиг учруулсан буюу хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулснаар төгсдөг материаллаг шинжтэй хэрэг бөгөөд харин энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан байна.

 

Энэ гэмт хэргийн объектив тал нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн идэвхтэй үйлдэл бөгөөд энэ хэргийн объект нь хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрх байдаг.

 

Прокуророос шүүгдэгч Д.Б ын замын хөдөлгөөний дүрэм зөрчин зам тээврийн осол гаргасны улмаас хүний амь насыг хохироосон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн, улсын яллагчаас шүүх хуралдаанд түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд нийцсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул  шүүгдэгч Д.Б ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Б аас дээрх үйл баримтуудыг үгүйсгээгүй, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

          Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэгт үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг ойлгоно. Тухайн хэргийн хувьд шүүгдэгч Д.Б ын зам тээврийн осол гаргасан гэм буруутай үйлдлийн улмаас Ж.Т-ын эрүүл мэндэд хүнд гэмтэл учирч амь нас хохирсон нь шууд шалтгаант холбоотой юм.

 

Шүүгдэгч Д.Б ын хувьд хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх боломжтой байсан боловч осол гарган хүний амь нас хохироосныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй юм.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.

 

2.Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүхээс шүүгдэгч Д.Б ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Д.Б ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2, 5.7 дугаар зүйлийн 2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (Гурав) жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 (Гурав) жилийн хугацаагаар тэнсэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авч шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4,5 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт тус тус зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, албадлагын арга хэмжээг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйл, 6.9 дүгээр зүйлд зааснаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдлээ.

 

3.Гэм хор, хохирлын талаар:

 

          Шүүгдэгч Д.Б ын болгоомжгүй гэм буруутай үйлдлийн улмаас иргэн Ж.Тын амь нас хохирсон байна.

         

          Амь хохирогчийн оршуулгын зан үйлд холбогдуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Ж гээс шүүхэд гаргаж өгсөн 6,959,050 (Зургаан сая есөн зуун тавин есөн мянга тав) төгрөгийн баримтаас 428,800 (Дөрвөн зуун хорин найман мянга найман зуу) төгрөгийн шатахууны зардлын баримтыг нотлох баримтаар үнэлэх боломжтой, бусад баримт нь нотлох баримтыг шаардлага хангахгүй байх туул дээрх нэхэмжлэлийг шүүх хэлэлцэхгүй орхиж холбогдох нотлох баримтаа хуулийн шаардлага хангуулан бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээлээ. Шүүгдэгч Д.Б аас амь хохирогчийн эмчилгээний зардалд 1,836,000 (Нэг сая найман зуун гучин зургаан мянга) төгрөг, оршуулгын зан үйлийн зардалд 2,000,000 (Хоёр) төгрөг тус тус төлсөн бөгөөд талууд энэ талаар маргаагүй болно.

 

          Энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барснаас түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорын хохирлын асуудлын тухайд улсын яллагчаас шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, амь хохирогчийн төрсөн эх Х.Ж гийн гарын үсэг бүхий Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/267 дугаар тушаалын 6-р хавсралтаар баталсан “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт”-ыг гаргаж өгснийг шүүх сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг нэхэмжлэхээ илэрхийлсэн баримт гэж үзсэн. Мөн шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн зүгээс сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг нэхэмжилнэ гэж тайлбар гаргаж оролцсон.

 

          Шүүгдэгч Д.Б ын үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Ж  нь сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг нэхэмжлэх эрхтэй байх тул Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-ын 2.5-д “Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хүн нас барсан бол хохирогчоор тогтоогдсон гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан хор уршгийг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.4, 511.5-д  заасны дагуу арилгана.” гэсний дагуу хохирлыг гаргуулах нь зүйтэй байна.

 

          Хохирлын хэмжээг Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх жишиг аргачлал”-ын 3.3-т “Хохирогч нас барсан бол Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д заасны дагуу гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөөр үржүүлэн хохирогчид ашигтайгаар шүүхээр тогтооно.” гэж заажээ.

 

          Уг аргачлалаар тооцоход 2022 онд эрэгтэй хүний дундаж наслалтыг Үндэсний статистикийн хорооноос 67,3 нас гэж тогтоосон. Амь хохирогч нь 25 настай байсан тул зөрүү 42 нас үүнийг гэмт хэрэг үйлдэгдсэн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 550,000 төгрөгийг 5 дахин үржүүлсэнтэй /550,000х5=2,750,000/  тэнцэх байдлаар үржүүлэхэд 2.750.000х42=115,500,000 (Нэг зуун арван таван сая таван зуун мянга) төгрөг байна.

 

          Гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, хэргийн бодит байдлыг тал бүрээс харгалзан үзэж сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг шүүгдэгч болон иргэний хариуцагчаас дараах байдлаар хувьчилж гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

         

Учир нь Иргэний хариуцагч байгууллага буюу ***** газар нь хөдөлмөрийн аюулгүй байдлын дотоод дүрэм журмыг мөрдүүлэх батлах тал дээр учир дутагдалтай, мөн сүүлийн 5 жилд гарсан осол гэмтлийг ямар нэгэн байдлаар бууруулах, эрсдэлийн үнэлгээ хийлгэх талаар ажил зохион байгуулаагүй талаар хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Н.Гэрэлтуяагийн дүгнэлт /хх-ийн 113-116 дугаар хуудаст “…***** газар нь хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн аюулгүй ажиллагааны холбогдох хууль, дүрэм, журмыг биелүүлээгүйгээс хүний амь нас эрсдэхэд нөлөөлсөн гэж үзэж байна. 1/ **** газар дээр гарсан үйлдвэрийн ослуудыг судалж үзэхэд дийлэнх үйлдвэрийн осол нь хог тээврийн ачигч, хог ачиж байгаа үед осолдох тохиолдлууд 2018, 2019, 2020, 2023 онуудад жил дараалан гарч ажилтнууд хүнд, хөнгөн хэлбэрээр гэмтэж үйлдвэрийн осолд өртсөн судалгаа байдаг. Тус байгууллагын ажил олгогчийн зүгээс осол аваар гараад байгаа тохиолдлуудад ослын шалтгаан нөхцөлийг судалж, эрсдэлийг тогтоож байгаагүй эрсдэлийн үнэлгээг хийж аюул эрсдэлийг бууруулах, арга хэмжээг зохион байгуулаагүй, шаардлагатай хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн урьдчилан сэргийлэх арга хэмжээний төсвийг батлаагүй байгаа нь “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийн 28.2.2, 26.2 ,26.5, 28.1.14 дэх заалтуудыг зөрчиж хүний амь нас эрсдэхэд нөлөөлсөн гэж үзлээ. /Дүгнэлтэд ослын судалгааг хавсаргав./ 2/Мөн ажил олгогч нь ажилтнуудын үйлдвэрлэлийн орчинд болон ажлын байранд учирч болох аюулыг илрүүлэх тогтоох, үнэлэх, зорилгоор ажлын байрны эрсдэлд үнэлэлт егөх ажлын байрны эрсдэлийн үнэлгээгээр тогтоогдсон аюул эрсдэлийг бууруулах арилгах арга хэмжээг зохион байгуулж үр дүнг тооцон тайлагнаагүй ажиллаж байгаа нь осол аваар гарах хүний ам нас эрсдэхэд нөлөөлж байна.”/ хэрэгт авагдсан байна.

 

Иймд энэ гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, хэргийн бодит байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг 115,500,000 (Нэг зуун арван таван сая таван зуун мянга) төгрөгөөр тогтоож үүний 20 (Хорь) хувь буюу 23,100,000 (Хорин гурван сая нэг зуун мянга) төгрөгийг шүүгдэгч Д.Б аас, 80 (Ная) хувь буюу 92,400,000 (Ерэн хоёр сая дөрвөн зуун мянга) төгрөгийг иргэний хариуцагч Алтай хотын тохижилт үйлчилгээний газраас гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, төрсөн эх Х.Ж д олгуулж шийдвэрлэх нь хууль болон шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.

 

          4.Бусад асуудлын талаар:

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Д.Б  нь хохирогчийн эмчилгээ сувилгаа болон зан үйлийн зардалд 3,836,000 (Гурван сая найман зуун гучин зургаан мянга) төгрөг төлсөн, хэрэгт хавсаргасан 1 (Нэг) ширхэг CD, улсын яллагчаас шүүх хуралдаанд гаргаж өгсөн 2 (Хорс) хуудас, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргаж өгсөн 10 (Арав) хуудас баримтуудыг тус тус хэргийн хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргахыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч З овгийн Дийн Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Шүүгдэгч Д.Б ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2, 5.7 дугаар зүйлийн 2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (Гурав) жилийн хугацаагаар хасаж хорих ял оногдуулахгүйгээр 3 (Гурав) жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4,5 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, албадлагын арга хэмжээг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйл, 6.9 дүгээр зүйлд зааснаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан эрх хасах ялыг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэсэн үеэс эхлэн тоолсугай.

 

6.Шүүгдэгч Д.Б д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт тус тус зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршгийн хохирлын хэмжээг 115,500,000 (Нэг зуун арван таван сая таван зуун мянга) төгрөгөөр тогтоож, үүнээс шүүгдэгч Д.Б аас 23,100,000 (Хорин гурван сая нэг зуун мянга) төгрөгийг, иргэний хариуцагч буюу Алтай хотын тохижилт үйлчилгээний газраас 92,400,000 (Ерэн хоёр сая дөрвөн зуун мянга) төгрөгийг тус тус гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Ж д олгосугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Ж гээс зан үйлийн зардалд 6,959,050 (Зургаан сая есөн зуун тавин есөн мянга тав) төгрөг нэхэмжилснийг хэлэлцэхгүй орхиж холбогдох нотлох баримтаа хуулийн шаардлага хангуулан бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

9.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Д.Б  нь амь хохирогчийн эмчилгээ, сувилгаа болон зан үйлийн зардалд нийт 3,836,000 (Гурван сая найман зуун гучин зургаан мянга) төгрөг төлсөн, хэрэгт хавсаргасан 1 (Нэг) ширхэг CD, улсын яллагчаас шүүх хуралдаанд гаргаж өгсөн 2 (Хоёр) хуудас, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргаж өгсөн 10 (Арав) хуудас баримтуудыг тус тус хэргийн хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргахыг дурдсугай.

 

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсгүүдэд зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан эсвэл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд бусад тохиолдолд гомдол эсэргүүцэл гаргахгүй болохыг тайлбарласугай.

 

12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.ЭНХБААТАР