Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 142/ШШ2020/01263

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С.Х-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ш.О-д холбогдох,

Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Х, хариуцагч Ш.Огийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бадмааравдан нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие С.Х нь Ш.Отэй 2011 онд танилцсан бөгөөд 2011 оны 07 дугаар сараас хамтран амьдарч эхэлсэн. Том хүү О.Т 2012 оны 08 дугаар сарын 03-ны өдөр төрсөн. Бага охин О.Б 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдөр төрсөн. Бид хоёрын хамтын амьдрал 2020 оны 01 дүгээр сар хүртэл үргэлжилсэн боловч гэрлэлтээ батлуулаагүй. Хуримаа хийгээд гэрлэлтээ батлуулна гэдэг байсан. Намайг байнга бусадтай харддаг элдэв өө хайж хэл амаар доромжилж байнга гэр орноосоо хөөдөг бөгөөд сүүлийн үед гэртээ ирэхээ байсан ба хүүхдүүдээ тэжээн тэтгэхгүй болсон. Иймд хүү О.Т, бага охин О Б нарт хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэв.

Хариуцагч Ш.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ш.О миний бие нь С.Хтай 2011 онд танилцаж, 2011 оны сүүлээр хамтран амьдарч эхэлсэн бөгөөд хамт амьдрах хугацаандаа С.Х болон үр хүүхдүүдээ хүнээс дутуугүй сайхан амьдаруулах гэж цаг наргүй ажиллаж ирсэн билээ. Гэтэл намайг ийнхүү гэр бүлийнхээ төлөө ажиллаж хөдөлмөрлөж байхад С.Х нь үр хүүхдүүдээ орхиж наргиж цэнгэх, өөр залуучуудтай уулзаж, дотно харилцаанд орох зэргээр намайг сэтгэл санааны дарамтанд байнга оруулдаг байсан төдийгүй тухайн үед уулздаг байсан хүн нь болох П.Дашням гэх залуу, мөн уулздаг байсан У.Эрдэнэ-Очир гэх залуугийнх нь найз хүүхэн Тунгалаг гэх эмэгтэй хүртэл над руу ярьж байсан тохиолдол байгаа болно. Хамгийн сүүлд найз хүүхнийхээ дүү гэх залуутай уулзаж хүүхдүүдээ дагуулан архидан согтуурч, хонуудаар гэртээ ч ирэлгүй явсан үйлдэл гаргасан учир миний бие энэ асуудлаа зогсоохыг С.Хгаас шаардахад уурлаад гэнэт 2 хүүхдээ аваад Эрдэнэт явчихсан байсан юм. Иймд би нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурьдсан зарим үндэслэл болох хүүхдүүдээ харж ханддаггүй, бусадтай хардаж, байнга хэл амаар доромжилж гэр орноос хөөдөг гэснийг нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин хүүхдүүддээ хуулийн дагуу тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэв.

Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Х нь хариуцагч Ш.Од холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч Ш.О хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа тул шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Зохигчид 2011 онд танилцан дотно харилцаанд орсон ба тэдний дундаас хүү Одхүүгийн Т нь 2012 оны 08 дугаар сарын 03-ны өдөр, охин Одхүүгийн Б 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, одоо эрүүл өсөж бойжиж байгаа болох нь Жаргалант сумын эрүүл мэндийн төвийн эмч н.Дэлгэрмаагийн тодорхойлолт, зохигчийн тайлбар, Жаргалант сумын Жаргалант багийн Засаг даргын тодорхойлолт, хүү О.Тий 0000723145 /Г-52/ дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, охин О.Бгийн 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 112/004362 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаагаар тус тус нотлогдож байна.

            2012 оны 08 дугаар сарын 03-ны өдөр төрсөн хүү О.Т, 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдөр төрсөн охин О.Б нарын төрсөн эцэг нь хариуцагч Ш.О мөн болох нь түүний шүүхэд ирүүлсэн тайлбараар нотлогдож байх бөгөөд тэрээр хүүхдүүдийн эцэг биш эсэх асуудлаар маргаагүй.

            Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа тайлбар, хүүхдүүдийн насны байдал, бага насны хүүхдэд тавих эхийн анхаарал халамж, асаргаа зэрэг бусад нөхцөл байдлыг харгалзан эх С.Хгийн асрамжинд хүү О.Т, охин О.Б нарыг үлдээж шийдвэрлэв.

            Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д “Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй. Эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг шүүхийн шийдвэрт дурдах нь зүйтэй.

            Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй.

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасны дагуу эцэг Ш.Огээс сар бүр тэтгэлэг гаргуулан хүү О.Т, охин О.Б нарыг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрөөс хуульд зааснаар чөлөөлөгдсөн болохыг дурдаж, тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлэгээс нэг жилийн хугацаанд төлөх хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг тооцон хариуцагч Ш.Огээс 68 428 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулахаар шийдвэрт заалаа. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2012 оны 08 дугаар сарын 03-ны өдөр төрсөн хүү О.Т, 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдөр төрсөн охин О.Б нарыг эх С.Хгийн асрамжинд үлдээсүгэй.

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2012 оны 08 дугаар сарын 03-ны өдөр төрсөн хүү О.Т 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдөр төрсөн охин О.Б нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээ /100 хувь/-гээр сар бүр эцэг Ш.Огээс тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

            3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт зааснаар  эцэг, эх үр хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдлэж, адил үүрэг хүлээхийг, энэ үүргээ биелүүлэхэд нь бие биедээ саад учруулахгүй байхыг зохигчидод даалгасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1, 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрөөс хуульд зааснаар чөлөөлсөн болохыг дурдаж, хариуцагч Ш.Огээс 68 428 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

           

           

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Л.АРИУНЦЭЦЭГ