Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 18

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,

нарийн бичгийн дарга А.Энхбаяр,

     улсын яллагч Э.Нэргүй,

     хохирогч Б.Янжинсүрэн,

шүүгдэгч Н.Мөнхжаргал, түүний өмгөөлөгч Б.Батчимэг нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн шүүгдэгч Хотгойд овогт Намнангийн Мөнхжаргалд холбогдох эрүүгийн 201708000021 дугаартай хэргийг 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч Монгол улсын иргэн, Хотгойд овогт Намнангийн Мөнхжаргал /РД:ЕЙ81011514/, Дорноговь аймгийн Сүмбэр суманд 1981 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, эхийн хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4 дүгээр багт оршин суух хаягийн бүртгэлтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх

 

Холбогдсон хэргийн талаар: /яллагдагчаар татах тогтоолд тэмдэглэснээр/

 

Шүүгдэгч Н.Мөнхжаргал нь хамтран амьдрагч Б.Янжинсүрэнг 2017 оны 01 дүгээр сарын 29-ний шөнө орондоо унтаж байхдаа бусадтай хардан мөрөн тус газарт нь хазсан, 01 дүгээр сарын 30-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүмбэр сумын 2 дугаар баг, Төгрөгийн 2-6 тоотод хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Н.Мөнхжаргал нь 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр согтуугаар Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Төгрөгийн 2-6 тоотод хамтран амьдрагч Б.Янжинсүрэнтэй эр эмийн хардалтын улмаас маргалдан улмаар түүнийг зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:

 

1. Шүүгдэгч Н.Мөнхжаргал хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 01 дүгээр сарын 29-ний орой найз ирэхээр нь дагаад гарч яваад эргээд гэрт ирэхэд Янжинсүрэн гэрт байгаагүй. Утас руу нь залгаж асуухад хүн эргэх гээд явж байна гэхээр нь харанхуй шөнөөр юун хүн эргэх гээд явдаг юм бэ гэж хэлсэн. Янжинсүрэнг гэрт ирэхээс нь өмнө Энхтөр гэдэг хүнтэй утсаар ярьж шөнө орой дуудаад гэсэн чинь чи ямар сонин гар вэ, бацаан минь би танай эхнэрийг тоож шаахгүй гэсэн утгатай үг хэлээд утсаа тасалсан. Би гараад Янжинсүрэнг тосоод гудамжинд байж байтал Янжинсүрэн ганцаараа ирсэн. Бид хоёр уулзаад хэрэлдсэн. Гэрт орж ирээд маргаж байгаад унтсан. Унтаж байхдаа би Янжинсүрэнд салаа хуруу өгсөн чинь хуруун дээрээс хазсан. Тэгэхээр нь би зөрүүлээд мөрөн дээрээс нь хазсан. Шөнөжингөө хэрэлдэж хоносон. Өглөө босоод Янжинсүрэн хуралтай гэхээр нь би хамт явж хуралд чинь сууя, шөнө дуудаад байсан хүмүүстэй чинь уулзъя гэсэн. Янжинсүрэн явахгүй болохоор нь би гэрээс гарч яваад найзындаа очиж гурвуулаа 1 шил 750 граммын Ерөөл архи авч уусан. Тэр архиа ууж дуусгаад 13 цагийн үед САА-н 6 байшин ороод буцаад гэр рүүгээ алхаж явтал Янжинсүрэнг жижиг хар машинтай хүн өмнүүр нь орж зогсоод хориод байж байхаар нь би очиж машины жолооч залуутай зууралдаад чи яагаад энэ хүнийг хоргоогоод байгаа юм бэ гэсэн. Би нөгөө машины жолоочоос түлхүүрийг нь булааж аваад Янжинсүрэнгийн араас гүйсэн. Янжинсүрэн САА-н 6 байшингийн голын гудамжаар баруун тийш чиглэлтэй явж байсан. Араас нь хүрч очоод Янжинсүрэнг барьж аваад хашаа руу шахаж энэ машинтай хүн юун хүн болоод чамайг машинаараа хоргоогоод байгаа юм бэ гэж асуусан. Тэгсэн өөдөөс Янжинсүрэн би мэдэхгүй чи өөрөөс нь асуу гэсэн. Тэр үед би уурласан уурандаа Янжинсүрэнг нэг удаа зүүн хацар шанаа хавьд нь алгадсан. Би Янжинсүрэнг гэрт оръё гэсэн орохгүй гэж орилоод гудамжинд явсан 1 эгчийг цагдаа дуудаад өгчих гэж хэлсэн байсан. Янжинсүрэнтэй зууралдаж байгаад чирээд хашаанд оруулсан. Хашаанд орж ирсэн хойно орилж чарлаад байхаар нь гэрт ор гээд нуруун тус газарт нь 1 удаа өшиглөсөн. Гэрт ороод удаагүй байхад цагдаагийн хүмүүс ирж намайг авч явсан. Би Янжинсүрэнтэй эвлэрсэн. Одоо хамт амьдарч байгаа. Ийм хэрэг хийсэндээ гэмшиж байна. Дахин ийм хэрэг хийхгүй гэв.

 

2. Хохирогч Б.Янжинсүрэн шүүхийн шатанд мэдүүлэхдээ: 2017 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Энхтөр ах над руу утсаар ярьж хүн эргэхээр хамт явъя гэсэн. Би хөл, гараа угаагаад унтах гэж байсан болохоор оймсгүй гутлаа өмсөөд гараад явсан. Үүнд л Мөнхжаргал хөл нүцгэн хүний араас хөл алдаж гүйлээ гээд их уурласан. Энхтөр ахтай уулзаад явж байтал араас утсаар ярихаар нь Энхтөр ахад учраа хэлээд буцаад ирсэн. Мөнхжаргал харанхуй шөнөөр хаашаа яваад ирэв гээд заамдаж аваад, чирээд гэр рүүгээ оруулсан. Тухайн үед 11 цаг биш, дөнгөж 9 цаг өнгөрч байсан. Зүгээр айлд очоод ирэхийн хооронд гэж бодоод уурлаад гал тогооны өрөөнд сууж байтал унт гэхээр нь хувцасаа тайлаад орондоо орсон. Оронд байхад цамцнаас татаад, толгой руу няслаад байсан. Унтуулахгүй татаж босгоод би уурлаж байж нэг унтсан. Гэтэл шөнө 4 цагийн үед гэнэт цээж рүү цохиж сэрээгээд, одоо чи нөгөө өвгөчүүлтэйгээ уулзахгүй юм уу гээд байсан. Өглөө нь би сургалтандаа суугаад, эргээд ирж байтал гай болж нэг хар машин намайг дагасан.  Би тэр таксины жолоочтой уулзаагүй. Мөнхжаргал нөгөө таксины жолоочийн түлхүүрийг аваад, зууралдаад байхаар нь орхиод явтал араас ирээд заамдаж аваад шанаа руу цохьсон. Мөн тортой зүйлийг булааж аваад нүүр рүү савсан. Гэтэл нөгөө таксины жолооч түлхүүрээ авъя гээд ирсэн. Энэ хооронд би гудамжинд алуулж байхаар ээжийнх нь дэргэд алалцъя гээд гэрт нь очсон. Гэртээ ирээд намайг дахиж заамдаж цохьсон. Тэгээд би урдаас нь зодолдоод нүүрийг нь самардаж, сандлаар цохьсон. Гэрээс нь гараад ахлаж байтал араас такситай ирээд хаачих гэж байгаа юм бэ гээд заамдаад намайг чирээд гэр рүүгээ оръё гэхээр нь би орохгүй гэтэл миний араас хүчтэй өшиглөсөн. Би газарт унаап уур хүрээд, гүрийгээд хэвтээд байсан. Шинжээчийн дүгнэлтээр надад учирсан гэмтлүүд нь 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр учирсан. 2017 оны 01 дүгээр сарын 29-ний шөнө Мөнхжаргал миний зүүн мөрөнд хазсан. Үүний улмаас гэмтэл учраагүй. Мөнхжаргал надаас уучлалт гуйж бид сайн дураараа эвлэрч хамтран амьдарч байгаа. Мөн эвлэрлийн гэрээ байгуулсан. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

 

3. Гэрч Б.Энхтөр хэрэг бүртгэлтэнд мэдүүлэхдээ: Тэр өдөр ажил төрлийн холбоотой байдаг Хасын Чулуунбаатар ах хагалгаанд орж гарсан гэж дуулаад Янжинсүрэн бид хоёр таньдаг болохоор ойр зуурын юм авч эргэхээр утсаар ярилцаж тохиролцсон юм. Тэр өдөр ажил ихтэй орой 22 цагийн үед Чулуунбаатар ах дээр очихоор таньдаг мэддэг хэдэн хүмүүс мөнгө нийлүүлж эргэх үедээ Янжинсүрэнг дуудсан. Янжинсүрэн ажил дээр ирээд цаашид хийх ажлаа яриад мөн Чука ахыг эргэх тухайгаа ярьж байтал нөхөр нь гэх хүн утсаар залгаад байх шиг байсан. Янжинсүрэн харилаа гээд гарч явсны дараа нөхөр нь гэх хүн над руу залгаад чи шөнийн цагаар хүний эхнэр дууддаг хэн бэ гэхээр нь би таныг танихгүй, Янжинсүрэн бид хоёрт янз бүрийн харьцаа байхгүй гэдгээ хэлсэн гэсэн мэдүүлэг /х.х-ийн 14 дүгээр хуудас/

 

4. Гэрч Ц.Батмөнх хэрэг бүртгэлтэнд мэдүүлэхдээ: 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Чойрт ирээд таксины зогсоол дээр зогсож байтал Төгрөгийн 2 дугаар эгнээний зүүн үзүүрийн айл хот руу юм өгч явуулах гэсэн юм гэж ярихаар нь очиж тухайн айлаас юмыг нь аваад эргээд явж байтал уг эгнээний үзүүр хавьцаа тортой, цүнхтэй зүйл барьсан хүн явж байхаар нь замаас гарч өмнө нь очиж зогсоод хот явах уу гэсэн. Нөгөө хүн дуулахгүй машины хажуугаар гараад явахаар нь ахин очиж өмнүүр нь ортол Боржигон чуулганд ажилладаг зүс таних Янжинсүрэн гэдэг хүүхэн байсан. Би хот явах уу гэхэд юу ч дуугарахгүй машин тойрох үед 1 залуу гүйж ирээд чи манай авгайг хоргоож уулздаг хэн бэ гэхээр нь би таксигаар явах гэж байгаа хүн юм болов уу гэж өмнүүр нь зогссон юм гэж хэлтэл миний машины түлхүүрийг аваад яваад өгөхөөр нь би араас нь гарч хөөе түлхүүрээ авъя гэсэн нөгөө залуу гүйсээр 6 байшингийн дундуур ороод явсан. Араас нь хүрч очиход нөгөө залуу эхнэрээ заамдчихсан хашаанд шахаад зогсож байсан. Миний дэргэд зодож цохьсон зүйл байхгүй. Тэр залуу тухайн үед согтуу байсан гэсэн мэдүүлэг /х.х-ийн 15, 52 дугаар хуудас/

 

5. Шинжээч Ж.Жаргалан хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлэхдээ: Магадлуулагч Б.Янжинсүрэнгийн биед гэмтлийн зэрэг тогтоох зорилгоор 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр шүүх эмнэлэгт үзлэг хийсэн. Үзлэгээр тогтоогдсон гэмтлүүд нь 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс өмнө 72 цагийн дотор үүссэн байх боломжтой. Энэ гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн үү, аль эсвэл өөр өөр цаг хугацаанд үүссэн үү гэдгийг тогтоох боломжгүй. Дээрх гэмтлүүдийн зүүн шанааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн бугалганы цус хуралт, зүүн гуяны цус хуралт гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хүзүүний цус хуралт болон зулгаралт, цээжний ард зүүн талын цус хуралт, баруун өгзөгний дээд хэсгийн цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 53 дугаар хуудас/

  

6. Шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 66 тоот дүгнэлтэнд: Б.Янжинсүрэнгийн биед зүүн шанааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүүний цус хуралт болон зулгаралт, зүүн бугалганы цус хуралт, цээжний ард зүүн талын цус хуралт, баруун өгзөгний дээд хэсгийн цус хуралт, зүүн гуяны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй.

Шинжээч эмч, ахлах дэслэгч Ж.Жаргалан  гэжээ. /х.х-ийн 20 дугаар хуудас/

 

7. Шүүгдэгч Н.Мөнхжаргалын хувийн байдлыг тодруулсан гэрч Л.Эвшин, Н.Оюунчимэг нарын мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/

 

8. Согтуурлын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл /х.х-ийн 4 дүгээр хуудас/

 

9. Бичиг баримтанд үзлэг хийж хэрэгт ач холбогдол бүхий хуудсыг хуулбарлан авсан тухайн тэмдэглэл /х.х-ийн 36 дугаар хуудас/

 

10. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /х.х-ийн 32 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Иймд шүүгдэгч Н.Мөнхжаргалыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан, өөрөөр хэлбэл эрүүл мэндийг нь түр хугацаагаар сарниулсан буюу хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр алдагдуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

Гэвч хохирогч Б.Янжинсүрэн нь шүүгдэгч Н.Мөнхжаргалтай шүүхийн шатанд сайн дураар эвлэрч нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлт гаргаж эвлэрлийн гэрээг бичгээр үйлдсэн байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-т заасныг журамлан Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн эрүүгийн 201708000021 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Н.Мөнхжаргалыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь үндэслэлтэй байна. 

 

Шүүгдэгч Н.Мөнхжаргал нь цагдан хоригдоогүй, энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284,  286,  294, 295-297, 298, 299 дүгээр  зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Хотгойд овогт Намнангийн Мөнхжаргалыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-т заасныг журамлан Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн эрүүгийн 201708000021 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Н.Мөнхжаргалыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

3. Шүүгдэгч Н.Мөнхжаргал нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар  шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1.1-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Мөнхжаргалд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                    Б.БАТТУЛГА