| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунбатын Оюунгэрэл |
| Хэргийн индекс | 128/2026/0339/З |
| Дугаар | 221/МА2026/0727 |
| Огноо | 2026-10-22 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 10 сарын 22 өдөр
Дугаар 221/МА2026/0727
М.Г-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч З.Ганзориг
Бүрэлдэхүүн: Шүүгч Д.Баатархүү
Илтгэгч: Шүүгч О.Оюунгэрэл
Давж заалдах гомдол гаргасан:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.М, хариуцагч Монгол Улсын ерөнхий прокурорын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О, хариуцагч Прокурорын ёс зүйн зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э, Б.Б
Нэхэмжлэгч: М.Г
Хариуцагч: Монгол Улсын ерөнхий прокурор, Прокурорын ёс зүйн зөвлөл
Нэхэмжлэлийн шаардлага:
“Монгол Улсын ерөнхий прокурорын 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Б/96 дугаар Ажлаас халах тушаалын 1 дэх заалт болон Прокурорын ёс зүйн зөвлөлийн 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 07 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах”
Давж заалдах журмаар гомдол гаргасан шүүхийн шийдвэр:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 706 дугаар шийдвэр
Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгч М.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.М, хариуцагч Монгол Улсын ерөнхий прокурорын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О, хариуцагч Прокурорын ёс зүйн зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э, Б.Б
Хэргийн индекс: 128/2026/0339/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч М.Г-аас Монгол Улсын ерөнхий прокурор, Прокурорын ёс зүйн зөвлөлд тус тус холбогдуулан “Монгол Улсын ерөнхий прокурорын 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн “Ажлаас халах тухай” Б/96 дугаар тушаалын 1 дэх заалт болон Прокурорын ёс зүйн зөвлөлийн 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 07 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 706 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар Прокурорын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 67 дугаар зүйлийн 67.1.5, 68 дугаар зүйлийн 68.2, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасныг тус тус баримтлан Монгол Улсын ерөнхий прокурорын 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Б/96 дугаар Ажлаас халах тушаалын 1 дэх заалт болон Прокурорын ёс зүйн зөвлөлийн 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 07 дугаар дүгнэлтийг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл хоёр сарын хугацаагаар түдгэлзүүлж, 2 дахь заалтаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий актууд хүчингүй болохыг дурджээ.
3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:
Шүүх уг захиргааны хэргийг шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11-д заасныг баримтлан Монгол Улсын ерөнхий прокурорын 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн “Ажлаас халах” Б/96 дугаар тушаалын 1 дэх заалт болон Прокурорын ёс зүйн зөвлөлийн 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 07 дугаар дүгнэлтийг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл хоёр сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Үүнд:
3.1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 498 дугаар шийдвэр гарч хуулийн хүчин төгөлдөр болсон. Уг шүүхийн шийдвэрээр “...Нэхэмжлэгч М.Г-ыг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хүний биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон гэж үзсэн хариуцагчийн шийдвэр үндэслэлгүй...нэхэмжлэгчийг ямар зөрчил гаргасан гэж үзсэн, тухайн зөрчил нь хэрхэн тогтоогдсон, гаргасан гэх зөрчилд авсан арга хэмжээ нь Прокурорын тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журамтай хэрхэн нийцэж байгаа нь тодорхойгүй байна...” гэж дүгнэж “Ажлаас чөлөөлөх” Б/292 дугаар актын биелэлтийг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлэн шийдвэрлэж, уг шийдвэрийн үндсэн дээр хариуцагч нар дахин шинэ акт гаргасан байхад шүүх уг шинэ актыг дахин 2 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь илтэд үндэслэл муутай болсон тул хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Өмнөх шүүхийн шийдвэрээр хариуцагч ямар нэгэн сахилгын арга хэмжээ авах эсхүл ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байхад нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан нь хууль бус байна гэж дүгнэн, энэ зөрчлөө арилгуулах 3 сарын хугацааг хариуцагч захиргааны байгууллагад олгосон. Гэтэл шүүхээс зөрчлөө арилгасан гэх шинэ актыг дахин 2 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг улам дордууллаа.
Улсын ерөнхий прокурорын гаргасан “Ажлаас халах тухай” Б/96 дугаар тушаал хууль зөрчиж гарсан ба хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хэрхэн биелүүлсэн нь тодорхойгүй, маргаан бүхий тушаалаар нэхэмжлэгч М.Г-ыг сахилгын зөрчил гаргасан гэж Прокурорын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.5-д заасан ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулахдаа Прокурорын ёс зүйн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.4.18-д заасан хэм хэмжээг зөрчсөн гэж дүгнэн ажлаас халах шийдвэр гаргасан нь хууль бус болсон байхад энэ талаар шүүхээс үндэслэлтэй дүгнэлт огт хийгээгүй.
Прокурорын тухай хуулийн 68 дугаар зүйлд прокурорыг албан тушаалаас чөлөөлөх, халах үндэслэлийг нарийвчлан зааж, хуулийн 68.1-т чөлөөлөх үндэслэлийг, 68.2-т төрийн албаны тухай хууль, энэ хуульд заасан үндэслэлээр прокурорыг албан тушаалаас нь халахаар хуульчилсан. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “...хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна...” гэж заасан ба нэхэмжлэгч нь Төрийн албаны тухай хууль, прокурорын тухай хууль, прокурорын ёс зүйн дүрэмд заасан аливаа зөрчил гаргаагүй байхад төрийн албанаас халах сахилгын шийтгэл хүлээлгэсэн нь хууль зүйн хувьд үндэслэлгүй юм.
Төрийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д зааснаар төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халахыг хориглоно гэж заасан. Улсын ерөнхий прокурор нэхэмжлэгчийг ажлаас халах хууль зүйн үндэслэл бүрдээгүй байхад зориуд, илтэд үндэслэлгүйгээр ажлаас халах тушаал гаргасан нь нотлогдож байхад шүүх энэ тохиолдолд хэрэглэх ёстой хуулийн заалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй, шийдвэр хууль бус болсон байна.
3.2. Нэхэмжлэгч М.Г нь 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн прокурорын ажил, албан тушаалыг хашилгүй 6 жил гаруй хугацаа өнгөрсөн бөгөөд түүнийг гэмт хэрэгт сэрдэгдэн шалгагдаж байгаа гэсэн үндэслэлээр анх ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан гэх өдрөөс хойш 4 сарын дараа хариуцагч нэхэмжлэгчээс прокурорын ажлыг нь хүлээн авсан. Гэвч 2026 оны 01 дүгээр сард бүтэн 6 жилийн өмнө шалгаж шийдвэрлэсэн асуудлаар дахин шалгах болсноо нэхэмжлэгчид мэдэгдэж ирж тайлбар өг гэж прокурор биш этгээдийг дуудсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арвандөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь заалт, Арванзургаадугаар зүйлийн 4, 12, Арванесдүгээр зүйлийн 1-т заасныг, Төрийн албаны тухай хуулийн 46, 47, 48 дүгээр зүйл, 62 дугаар зүйлийн 62.1.1-т заасныг ноцтой зөрчиж маргаан бүхий шинэ акт гаргасан байхад энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, хэргийн нотлогдон тогтоогдож буй үйл баримтын талаар буруу дүгнэлт хийж, нотлох баримтыг буруу, дутуу үнэлсэн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэж байна.
Хариуцагч Прокурорын ёс зүйн зөвлөл маргаан бүхий 07 дугаар дүгнэлт, Монгол Улсын ерөнхий прокурор уг дүгнэлтийг үндэслэн маргаан бүхий “Ажлаас халах тухай” Б/96 дугаар тушаал гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан “...зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх...”, 4.2.6-д заасан “...бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах...” гэсэн зарчимыг зөрчиж нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхэнд халдсан бөгөөд тэдгээрийг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх сэргэнэ гэж бид үзэж байгаа.
3.3. Анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацааны талаар дүгнэлт хийхдээ өмнөх шүүхийн шийдвэрт заасан 3 сарын хугацааг хэтрүүлээгүй байх тул сахилгын шийтгэл ногдуулах хугацаа хэтэрсэн гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй, энэ талаар гаргасан тайлбарыг хүлээн авах боломжгүй гэсэн дүгнэлт хийснийг бид хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Прокурорын сахилгын дүрмийн 6 дугаар зүйлийн 6.1-т “...сахилгын зөрчлийг илрүүлсэнээс хойш 1 сар, сахилгын зөрчил гаргасанаас хойш 6 сар өнгөрсөн бол сахилгын шийтгэл оногдуулахгүй...” гэж, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5-д “...Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 6 сар, зөрчил гаргаснаас хойш 12 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй...” гэж, Прокурорын сахилгын дүрмийн 5 дугаар зүйлийн 5.1, 6 дугаар зүйлийн 6.1-д энэ талаар нарийвчлан зохицуулсан.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийг ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэх тохиолдолд 6 жилийн өмнө ёс зүйн зөрчлийг шалгаж нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх шийдвэр гаргаж байсан атлаа дахин уг зөрчлийг шалгаж, шийдвэрлэх хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөнийг мэдсээр байж шалгалтын ажиллагаа явуулж дүгнэлт гарган, уг гаргасан дүгнэлтээ үндэслэн “Ажлаас халах” сахилгын шийтгэл оногдуулсан нь хууль бус юм.
Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэж,
4. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдөөс шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:
4.1. Прокурорын ёс зүйн зөвлөлийн дүгнэлтийн тухайд:
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 655 дугаар магадлалаар “...нэхэмжлэгчийг ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэхдээ түүний гаргасан яг ямар зөрчлийг ёс зүйн зөрчил гэж үзсэн болох, тухайн зөрчлийг холбогдох журамд зааснаар шалгаж тогтоох үүрэг захиргааны байгууллагад хадгалагдах тул уг зөрчлийг шалган тогтоох, захиргааны шийдвэр гаргах ажиллагааг холбогдох журмын дагуу явуулах нь зүйтэй...” гэсэн үндэслэлээр захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий захиргааны актыг 3 сараар түдгэлзүүлж шийдвэрлэсэн.
Үүний дагуу Прокурорын ёс зүйн зөвлөлөөс Улсын ерөнхий прокурорын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, сургалтын хэлтсийн Сургалтын албаны ахлах прокуророор ажиллаж байсан М.Г-ын ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн эсэх асуудлыг зохих журмын дагуу хянан хэлэлцэж, Прокурорын ёс зүйн дүрмийн 2.4 дэх хэсгийн 2.4.18-д заасан “прокурор нь өөрийн бүхий л үйл ажиллагаа, хувцаслалт, биеэ авч явах байдлаараа прокурорын байгууллагын нэр хүндийг хамгаалж, олон нийтийн итгэл, хүндэтгэлийг хүлээж байна” гэсэн хэм хэмжээг зөрчсөн гэх дүгнэлтийг гаргасан.
Анхан шатны шүүх шийдвэрийнхээ Үндэслэх хэсгийн 3.9-д “...нэхэмжлэгч нь аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан гэж дүгнэсэн нь үндэслэлтэй бөгөөд прокурор нь ёс зүйн зөрчил гаргах, ийм нөхцөл бий болохоос урьдчилан сэргийлэх үүргээ хэрэгжүүлээгүй тул зөрчил гаргасан гэж үзнэ...”, 3.11-т “...прокурор хүчирхийлэл үйлдсэн тухай агуулгатай мэдээлэл олон нийтийн сүлжээ болон нэр бүхий цахим хуудсуудад нийтлэгдсэн, тэдгээрт олон нийтээс үлдээсэн сэтгэгдлүүдийг баримтжуулан авчээ.” 3.13-т “Эдгээр мэдээлэл болон олон нийтээс үлдээсэн сэтгэгдлүүдэд прокурорын байгууллагын нэр хүндийг унагасан, үүссэн нөхцөлд хамааруулан доромжилсон агуулга ихээр байна” гэж үндэслэл бүхий дүгнэлт хийсэн.
Гэвч уг үйл баримтыг нэхэмжлэгчийн гаргасан үйлдэлтэй холбон үнэлэхдээ “тухайн мэдээлэл, сэтгэгдлүүдийг нэхэмжлэгч нийтлээгүй, зураг, дуу дүрсний бичлэг мэдээллийг байршуулаагүй, түүний оролцоогүй байхад бусдын гаргасан мэдээлэл, сэтгэгдэлд нэхэмжлэгчийг хамааруулан шууд буруутгах үндэслэлгүй” гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн гаргасан үйлдэлтэй холбоотой мэдээлэл олон нийтийн цахим сүлжээнд өргөнөөр тархаж, прокурорын байгууллагын нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн нөхцөл байдал бий болсон үйл баримтыг нэгэнт тогтоосон атлаа тухайн үйл явдал үүсэхэд хүргэсэн нэхэмжлэгчийн үйлдэл, түүнээс бий болсон үр дагаврын хоорондын хамаарлыг үгүйсгэж, харилцан зөрүүтэй хууль зүйн дүгнэлт хийсэн гэж үзэхээр байна.
Прокурорын ёс зүйн дүрмийн 2.4 дэх хэсгийн 2.4.18-д заасан “прокурор нь өөрийн бүхий л үйл ажиллагаа, хувцаслалт, биеэ авч явах байдлаараа прокурорын байгууллагын нэр хүндийг хамгаалж, олон нийтийн итгэл, хүндэтгэлийг хүлээж байна” гэсэн хэм хэмжээ нь прокурор өөрөө олон нийтийн цахим сүлжээнд мэдээлэл, санал, сэтгэгдэл нийтэлсэн эсэхээр хязгаарлагдахгүй, прокурорын өөрийн үйл ажиллагаа, биеэ авч явах байдал нь прокурорын байгууллагын нэр хүнд, олон нийтийн итгэл, хүндэтгэлд хэрхэн нөлөөлсөн эсэхийг бүхэлд нь үнэлэх агуулгатай.
Харин прокурорын олон нийтийн цахим сүлжээнд баримтлах ёс зүйн хэм хэмжээний талаар 2.4.11-т “прокурор олон нийтийн цахим мэдээ, мэдээллийн сүлжээ ашиглахдаа прокурорын нэр хүндэд харшилсан, эсхүл прокурорын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх санал, сэтгэгдэл, зураг, дуу, дүрс бичлэг болон бусад хэлбэрийн мэдээ, мэдээлэл байршуулах, уг төрлийн мэдээллийг дэмжсэн хандлага илэрхийлэхийг хориглоно” гэж тусгайлан зохицуулсан.
Гэтэл шүүхээс Прокурорын ёс зүйн дүрмийн 2.4 дэх хэсгийн 2.4.18-д заасан хэм хэмжээний зөрчил нь зөвхөн тухайн прокурорын нийтэлсэн мэдээ, сэтгэгдлээр хязгаарлагдах мэтээр буруу тайлбарлаж, улмаар “нэхэмжлэгч прокурорын байгууллагын нэр төрийг цэвэр ариун байлгах, өөрийн ажил албан тушаалтдаа хүндэтгэлтэй хандах зарчмыг зөрчсөн гэж үзсэн нь хууль тогтоомжид нийцээгүй” гэх дүгнэлт хийсэн нь шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна.
Прокурорын ёс зүйн дүрмээр тодорхойлсон хэм хэмжээ нь прокурорын ёс зүй, хариуцлагатай байдлыг бэхжүүлэх, прокурорт итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх, прокурорын байгууллагын нэр хүндийг бууруулах сөрөг үр дагавраас урьдчилан сэргийлэх зорилгыг агуулдаг. Нэхэмжлэгчийн гаргасан үйлдэлтэй холбоотойгоор олон нийтийн цахим мэдээ, мэдээллийн сүлжээнд “прокурор хүчирхийлэл үйлдсэн” гэх агуулга бүхий мэдээ, мэдээлэл тархаж, улмаар тухайн мэдээлэлтэй холбоотойгоор прокурорын байгууллагын нэр хүндэд сөргөөр нөлөөлөхүйц агуулга бүхий олон тооны санал, сэтгэгдэл нийтлэгдсэн нөхцөл байдал тогтоогдсон.
Нэхэмжлэгчийн үйлдэл, түүнтэй холбоотойгоор үүссэн нөхцөл байдал, прокурорын байгууллагын нэр хүндэд бий болсон сөрөг үр дагаврын хоорондын уялдаа холбоог үгүйсгэх үндэслэлгүй тул нэхэмжлэгчийг ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн гэж үзсэн Прокурорын ёс зүйн зөвлөлийн дүгнэлт нь үндэслэл бүхий юм.
Түүнчлэн шүүхээс ямар үндэслэлээр Прокурорын ёс зүйн зөвлөлд дахин шинэ акт гаргахыг даалгаж, маргаан бүхий дүгнэлтийг түдгэлзүүлсэн нь ойлгомжгүй байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх хэсэгт заасан шийдвэрийг гаргахад шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх урьдчилсан нөхцөлийг шаарддаг. Тодруулбал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үр дүнд маргаан бүхий захиргааны акт хууль бус болох нь тогтоогдсон боловч тухайн акт нь хууль ёсны байж болохуйц байх, тэрхүү өөр бусад үндэслэлийг шүүхээс тогтооход ихээхэн хэмжээний ажиллагаа шаардсан, шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байхыг шаардана.
Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 3.16 дахь хэсэгт “...шүүхээс өөр төрлийн сахилгын шийтгэл ногдуулах боломжгүй тул захиргааны байгууллагад бүрэн эрхийнхээ хүрээнд дахин шийдвэр гаргах боломжийг олгох үүднээс маргаан бүхий актуудыг түдгэлзүүлж шийдвэрлэнэ” гэж зөвхөн Улсын ерөнхий прокурорын тушаалтай холбогдуулан дүгнэлт хийсэн. Харин Прокурорын ёс зүйн зөвлөлийн дүгнэлтийг хууль бус гэж дүгнээгүй, нэхэмжлэгч ёс зүйн зөрчил гаргасныг хүлээн зөвшөөрсөн агуулгатай байх тул шүүхийн шийдвэрийг хуульд нийцээгүй гэж үзэх үндэслэлтэй.
Иймд дээрх үндэслэлээр Прокурорын ёс зүйн зөвлөлийн 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 07 дугаар дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй, анхан шатны шүүхийн шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
4.2. Улсын ерөнхий прокурорын тушаалын тухайд:
Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 3.15-д “Дээрхээс дүгнэхэд, маргаан бүхий захиргааны актуудад заасан ёс зүйн зөрчлүүдээс тогтоогдсон зөрчил нэг ба нөгөө зөрчлийг гаргасан гэж үзэхээргүй байх тул мөн хуулийн 67 дутаар зүйлийн 67.1.5-д заасан “ажлаас халах” сахилгын шийтгэл ногдуулсан нь түүний гаргасан зөрчилд хүндэдсэн, шинж байдалд тохироогүй” гэж дүгнэжээ.
Гэвч шүүхээс сахилгын шийтгэл хүндэдсэн буюу шинж байдалд тохироогүй талаарх хууль зүйн үндэслэлээ бүрэн тодорхойлоогүй буюу сахилгын шийтгэлийн төрөл, зөрчлийн шинж байдал, шалтгаан, нөхцөл, үр дагавар болон зөрчил гаргагчийн хувийн байдлыг хэрхэн харьцуулан үнэлсэн талаар дурдаагүй, ажил олгогчийн хуулиар олгогдсон эрх хэмжээнд халдсан гэж үзэх үндэслэлийг бий болгож байна.
Прокурорын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт “Прокурор ёс зүйн дүрэм зөрчсөн бол дараах сахилгын шийтгэл оногдуулна”, 67.1.5 дахь хэсэгт “Ажлаас халах” гэж, Прокурорын сахилгын дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.3.2 дахь хэсэгт “Прокурорын ёс зүйн дүрмийг зөрчсөн” бол сахилгын шийтгэл оногдуулна, 4.8 дахь хэсэгт “Прокурорт сахилгын шийтгэлийг Улсын ерөнхий прокурор, аймаг, нийслэл, дагнасан, дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурорын тушаалаар оногдуулна” гэж тус тус зааснаас үзвэл, прокурор ёс зүйн зөрчил гарга тохиолдолд сахилгын шийтгэл ногдуулах эрх хэмжээ нь Улсын ерөнхий прокурорын бүрэн эрхэд хамаарна.
Прокурорын сахилгын дүрмийн 4.7 дахь хэсэгт “Прокурорт сахилгын шийтгэл оногдуулахдаа гаргасан зөрчлийн шинж байдал, шалтгаан, нөхцөл, зөрчил гаргагчийн хувийн байдал зэргийг харгалзана” гэж, маргаан бүхий захиргааны акт гарах үед хэрэгжиж байсан Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 36/32 дугаартай тушаалаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 6.1 дэх хэсэгт “Албан хаагч сахилгын зөрчил удаа дараа гаргаж шийтгэл хүлээсэн, эсхүл зөрчлийн шинж байдал нь тухайн албан хаагчийг төрийн албанд цаашид ажиллуулах боломжгүй гэж үзэх үндэслэлтэй бол албан хаагчид төрийн албанаас халах шийтгэлийг ногдуулна” гэж тус тус заасан.
Прокурор нь биеэ авч явах байдлаараа буюу өөрийн бүхий л үйл ажиллагаанд ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, нийгмийн үнэт зүйл болох олон нийтийн итгэл үнэмшил, найдварыг хүлээх, үнэлэмжийг өсгөх, аливаа зохисгүй үйлдэл хийхээс зайлсхийж мэргэжпийн нэр хүндийг сэвтүүлэхгүй байх, прокурорын байгууллагын нэр хүндийг хамгаалахад үлгэр дуурайлал үзүүлж, олон нийтийн итгэл, хүндэтгэлийг хүлээж байх учиртай.
Нэхэмжлэгчийн гаргасан үйлдэл, ёс зүйн зөрчил нь прокурорын байгууллагын нэр хүндэд сөргөөр нөлөөлөх үр дагаврыг бий болгосон төдийгүй олон нийтийн итгэл, хүндэтгэлийг бууруулсан гэж үзэх үндэслэлтэй бөгөөд анхан шатны шүүхээс мөн уг үйл баримтыг тогтоосон.
Иймд нэхэмжлэгчид оногдуулсан сахилгын шийтгэл нь бодит нөхцөл байдалд нийцсэн буюу зөрчлийн шинж байдалд тохирсон, Прокурорын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасан бүрэн эрхийн хүрээнд гаргасан шийдвэр гэж үзэх үндэслэлтэй.
Нөгөөтээгүүр, шүүхээс нэхэмжлэгчийг ёс зүйн зөрчил гаргасныг хүлээн зөвшөөрч дүгнэсэн атлаа Прокурорын ёс зүйн дүрэмд заасан ёс зүйн зөрчлүүдийг шинж байдлаар нь ангилж, түүнд оногдуулах сахилгын шийтгэлийг хүнд, хөнгөн гэж ялгаж шийдвэрлэж байгаа нь шүүх хуулиар олгогдсон эрх хэмжээгээ хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлийг бий болгож байна.
Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д зааснаар захиргааны актыг дахин шинэ акт гаргах хүртэл түдгэлзүүлэхийн тулд хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх нөхцөл бүрдсэн байх шаардлагатай.
Гэтэл анхан шатны шүүхээс ямар үндэслэлээр Улсын ерөнхий прокурорын 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн “Ажлаас халах тухай” Б/96 дугаар тушаалыг хууль бус гэж үзэж байгаа нь тодорхойгүй, захиргааны байгууллагыг ямар ажиллагаа хийсний үндсэн дээр дахин захиргааны акт гаргахыг даалгаж шийдвэрлэж байгаа нь ойлгомжгүй буюу хуульд нийцээгүй байна.
4.3. Шүүхийн шийдвэрийг хуульд заасан шаардлагын дагуу үйлдэж, албажуулсан эсэх тухайд:
Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцсэн шүүх хуралдаан 2026 оны 07 дугаар сарын 30-ны өдөр болсон байхад шүүхийн шийдвэрийг 2026 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөр огноолсон нь шүүхийн шийдвэрийг хуульд заасан журмын дагуу үйлдэж, албажуулах шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйпийн 106 2-т “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж, мөн 108 дугаар зүйлийн 108.1-д шүүх хуралдаан даргалагч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулгыг танилцуулж, шаардлагатай бусад асуудлыг тайлбарлан шүүх хуралдааныг хаахаар, 108.2-т шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болохоор, 108.3-т шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг 107 дугаар зүйлд заасан шаардлагын дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүгч, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурахаар тус тус зохицуулсан байна.
Анхан шатны шүүхийн шийдвэрийн огноо нь шүүх хуралдаан болсон бодит огноотой нийцэхгүй байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага, мөн 108 дугаар зүйлд заасан шүүхийн шийдвэрийг танилцуулах, хүчин төгөлдөр болгох, бичгээр үйлдэж албажуулах журмыг зөрчсөн байна.
Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасан “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэх шаардлагыг хангаагүй, хууль зүйн хувьд үндэслэлгүй шийдвэр байх тул мөн хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2026/0706 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор хэргийг бүхэлд нь хянаад шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
2. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч М.Г нь Улсын Ерөнхий прокурорын 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/97 дугаар тушаалаар Улсын Ерөнхий прокурорын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, сургалтын хэлтсийн Сургалтын албанд ахлах прокуророор томилсон байх бөгөөд М.Г-ыг дээрх албан тушаалд ажиллаж байх хугацаандаа “согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэх үндэслэлээр прокуророос эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан шалгасан.
2.1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 337 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 692 дугаар магадлалаар “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр М.Г-д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгагдаж, Монгол Улсын Дээд шүүхээс 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 678 дугаар тогтоолоор прокурорын гаргасан эсэргүүцлийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсанаар М.Г-ыг цагаатгасан шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон.
2.2 Нэхэмжлэгч М.Г эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй гэх үндэслэлээр түүнд холбогдох эрүүгийн хэргийг цагаатгасан шүүхийн шийдвэр гарсантай холбогдуулан 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр, 2023 оны 10 дугаар сарын 19-ны өдрүүдэд Улсын Ерөнхий прокурорт хандаж “урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” хүсэлт гаргасныг Улсын ерөнхий прокурорын газраас “Тус прокурорын газрын дэргэдэх Сургалт судалгааны хүрээлэнд хяналтын прокурорын сул орон тоонд томилох” боломж байгаа болохыг мэдэгдье гэх, Баянзүрх дүүргийн прокурорын газарт хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан ахлах прокурорын сул орон тоо байгаа талаар” мэдэгдсэнээс өөрөөр бодит байдал дээр нэхэмжлэгчийг ажилд авахаар тушаал гаргаж байгаагүй болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна.
2.3. Улмаар нэхэмжлэгч М.Г нь 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Монгол Улсын Ерөнхий прокурорт холбогдуулан “урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, ахлах прокурорын ажилд эгүүлэн томилохыг даалгаж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, ахлах прокурорын ажилд эгүүлэн томилохыг даалгаж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, Улсын ерөнхий прокурорын 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/292 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох” гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн.
2.4. Дээрх нэхэмжлэлийн шаардлагыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 784 дүгээр шийдвэрээр М.Г-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болсныг Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхээс 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 0765 дугаар магадлалаар хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцээд 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 498 дугаар шийдвэрээр “...нэхэмжлэгч М.Г-ын гаргасан ..согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хүний биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдон шалгагдсан мөн үүнтэй холбоотой мэдээлэл олон нийтэд цацагдсан” гэх асуудал нь зөрчил мөн эсэх зөрчил мөн бол тухайн зөрчлийн шинж байдалд нь тохирсон ямар сахилгын шийтгэл оногдуулах эсэх нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн асуудал байх тул захиргааны байгууллагаас дахин шинэ акт гарах хүртэл 3 /гурван/ сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн.
2.5. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар “...Прокурорын байгууллагын нэр хүндийг олон нийтийн дунд унагасан үйлдлийг гаргасан, энэ нь өөрөө ёс зүйн зөрчилд тооцох үндэслэл болсон гэх хариуцагчийн тайлбарыг шүүхийн зүгээс үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй, энэ асуудлыг захиргааны байгууллага шийдвэрлээгүй байхад өмнөх ажил, албан тушаалд нь томилох боломжгүй байна гээд 3 /гурван/ сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.
2.6. Дээрх шүүхийн шийдвэр болон магадлалын үндсэн дээр хариуцагч нар дахин шинэ акт гаргахдаа анхан шатны шүүхийн шийдвэр болон магадлалд дурдсан ажиллагааг хийлгүйгээр 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн үйл баримтад үндэслэн “Прокурорын ёс зүйн дүрмийн 2.4 дэх хэсгийн 2.4.18-д заасан “прокурор нь өөрийн бүхий л үйл ажиллагаа, хувцаслалт, биеэ авч явах байдлаараа прокурорын байгууллагын нэр хүндийг хамгаалж, олон нийтийн итгэл, хүндлэлийг хүлээж байна” гэсэн хэм хэмжээг зөрчсөн гэж үзэж Прокурорын ёс зүйн зөвлөлийн 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 07 дугаар дүгнэлт гаргаж улмаар уг дүгнэлтэд үндэслэн Монгол Улсын Ерөнхий Прокурорын 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн “Ажлаас халах” Б/96 дугаар тушаал гаргасан нь хуульд нийцээгүй байхад анхан шатны шүүх “...захиргааны актуудад заасан ёс зүйн зөрчлүүдээс тогтоогдсон зөрчил нэг ба нөгөө зөрчлийг гаргасан гэж үзэхээргүй байх тул мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.5-д заасан “ажлаас халах” сахилгын шийтгэл ногдуулсан нь түүний гаргасан зөрчилд хүндэдсэн, шинж байдалд тохироогүй бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан “захиргааны үйл ажиллагаа бодит нөхцөлд тохирсон байх” зарчимд нийцэхгүй гэж үзэхээр байна. Иймд нэхэмжлэгчийн гаргасан зөрчилд тохирсон сахилгын шийтгэлийг ногдуулах нь захиргааны байгууллагын хуулиар олгогдсон бүрэн эрх тул шүүхийн шинжлэн судлах боломжийн хүрээнээс хэтэрсэн гэж үзэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасны дагуу маргаан бүхий Монгол Улсын ерөнхий прокурорын 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Б/96 дугаар “Ажлаас халах” тушаалын 1 дэх заалтыг болон Прокурорын ёс зүйн зөвлөлийн 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 07 дугаар дүгнэлтийг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 2 /хоёр/ сарын хугацаагаар тус тус түдгэлзүүлж шийдвэрлэсэн” нь учир дутагдалтай гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
2.7. Учир нь хэргийн бодит нөхцөл байдал шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтрээгүй, шүүхээс хэргийн нөхцөл байдлыг дахин нэмж тодруулах зүйлгүй байхад шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т зааснаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.
2.8. Өөрөөр хэлбэл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэсэн заалт нь хэргийн нөхцөл байдлыг шинжлэн судлах нь шүүхийн боломжоос хэтэрсэн буюу уг нөхцөл байдлыг тодруулах үүргийг захиргаанд өгсөн агуулгатай, харин маргаан бүхий актын алдааг залруулах боломж олгосон зохицуулалт биш юм.
2.9. Гэтэл хариуцагчаас дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүдийг биелүүлж Б/96 дугаар тушаалыг гаргахдаа өмнө нь хэрэгжүүлэх ёстой байсан үүргээ нөхөн биелүүлж буюу захиргааны актын алдааг залруулах агуулгаар Прокурорын ёс зүйн зөвлөлийн 07 дугаар дүгнэлт гаргаж Улсын ерөнхий прокурорын тушаалыг зөвтгөж байгаа нь дээрх хуульд нийцэхгүй төдийгүй маргаан бүхий актыг шүүх дахин түдгэлзүүлсэн нь үндэслэлгүй байна.
2.10. Прокурорын тухай хуулийн 68 дугаар зүйлд Прокурорыг албан тушаалаас чөлөөлөх, халах үндэслэлийг нарийвчлан зааж өгсөн бөгөөд 68 дугаар зүйлийн 68.1-д чөлөөлөх үндэслэлийг, 68.2-т “Төрийн албаны тухай хууль, энэ хуульд заасан үндэслэлээр прокурорыг албан тушаалаас нь хална”, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “...хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна...”, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “...хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна...”, гэж тус тус хуульчилсан бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5-д “...Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, сахилгын зөрчил гаргаснаас хойш 6 сар өнгөрсөн бол сахилгын шийтгэл оногдуулахгүй...” гэж, Прокурорын сахилгын дүрмийн 6 дугаар зүйлийн 6.1-т “...сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, сахилгын зөрчил гаргаснаас хойш 6 сар өнгөрсөн бол сахилгын шийтгэл оногдуулахгүй...” гэж тус тус хуульчилсан байна.
2.11 Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл зөрчлийг илрүүлснээс хойш 1 сарын дотор, зөрчил гаргаснаас хойш 6 сарын дотор шийтгэл ногдуулахаар байхад хариуцагч байгууллага маргаан бүхий актыг гаргахдаа 6 жилийн дараа буюу 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн үйл баримтыг мэдээд, илрүүлээд М.Г-ыг ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэж нөхөн сахилгын арга хэмжээ авч байгаа нь үндэслэлгүй бөгөөд хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхад хариуцагчаас маргаан бүхий актуудыг гаргасан нь шийдвэр хууль ёсны байх шаардлагад нийцэхгүй байна.
3. Иймд Улсын ерөнхий прокурорын 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн “Ажлаас халах” Б/96 дугаар тушаалын 1 дэх заалт болон Прокурорын ёс зүйн зөвлөлийн 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 07 дугаар дүгнэлтийг тус тус хууль зөрчиж гаргаснаар нэхэмжлэгч М.Г-ын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байна гэж үзэж дээрх дүгнэлт болон тушаалын холбогдох заалтыг хүчингүй болгож, нэхэмжлэгч М.Г-ыг түүний өмнө эрхэлж байсан ажил, албан тушаал болох Улсын ерөнхий прокурорын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, сургалтын хэлтсийн сургалтын албаны ахлах прокурорын албан тушаалд эгүүлэн тогтоож, түүний хууль бусаар ажилгүй байсан хугацааны цалинг Монгол Улсын ерөнхий прокурорын газраас гаргуулан нэхэмжлэгчид олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр тус тус шийдвэрлэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй байна гэж дүгнэв.
4. Түүнчлэн “нэхэмжлэгч М.Г нь дээрх асуудлаар тасралтгүй 6 жил шүүхийн журмаар маргаж байсан учир сахилгын арга хэмжээ авах хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан” гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
5. Мөн Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай болон бусад хуулиар зохицуулна”, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-т “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно.” гэж заасны дагуу М.Г-ын ажилгүй байсан хугацааг тооцож, тухайн хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг хариуцагч Улсын ерөнхий прокурор газраас гаргуулж нэхэмжлэгчид олгох, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т “Ажил олгогч дараах үндсэн үүрэгтэй:”, 43.2.7-т “ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах;” гэж зааснаар ажил олгогч нь нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган авч нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах үүрэгтэй байх тул нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулах нь зүйтэй байна.
6. Нөгөөтээгүүр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “анхан шатны шүүх хуралдаан 2026 оны 07 дугаар сарын 30-ны өдөр болсон байхад шүүхийн шийдвэрийг 2026 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөр огноолсон нь шүүхийн шийдвэрийг хуульд заасан журмын дагуу үйлдэж, албажуулах шаардлага хангаагүй” хэмээн гомдол гаргасан боловч энэ нь маргааны үйл баримтад шууд нөлөөлөхгүй, техникийн шинжтэй алдаа байх тул шийдвэрийн огноо зөрүүтэй гэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй гэж үзлээ.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 706 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, 48 дугаар зүйлийн 48.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.1-д заасныг тус тус баримтлан М.Г-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Улсын ерөнхий прокурорын 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн “Ажлаас халах” Б/96 дугаар тушаалын 1 дэх заалт болон Прокурорын ёс зүйн зөвлөлийн 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 07 дугаар дүгнэлтийг тус тус хүчингүй болгож, М.Г-ыг түүний өмнө эрхэлж байсан ажил, албан тушаал болох Улсын ерөнхий прокурорын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, сургалтын хэлтсийн сургалтын албаны ахлах прокурорын албан тушаалд эгүүлэн тогтоож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, түүний хууль бусаар ажилгүй байсан хугацааны цалинг Монгол Улсын ерөнхий прокурорын газраас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.” гэж, 3 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.” гэж, 2 дахь заалтыг хасч, 3 дахь заалтыг “2” гэж тус тус өөрчилж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, хариуцагч Монгол Улсын ерөнхий прокурорын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг үндэслэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасныг үндэслэн хариуцагч төсвийн байгууллагуудаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ