Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 2020/ДШМ/08

 

Б.С-д холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Б.Сүхгомбо нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийв.

 

Шүүх хуралдаанд:

прокурор Э.Хосбаяр,

шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Ургаа,

нарийн бичгийн дарга Ц.Алтансүх нар оролцов.

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 26 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн хяналтын прокурор Э.Хосбаярын эсэргүүцлээр тус аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Б.С-д холбогдох эрүүгийн 1930001620272 дугаартай хэргийг давж заалдах шатны шүүх 2020 оны  01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19.. онд Сүхбаатар аймгийн Онгон суманд төрсөн, .. настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ам бүл .., нөхөр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2 дугаар баг, Цайрт хотхоны ..-р байрны ...... тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, ял шийтгүүлж байгаагүй, Б.С /РД: .........../.

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.С нь Сүхбаатар аймгийн “СНҮ” ОНӨҮГ-ын даргаар ажиллаж байхдаа буюу 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдөр байгууллагын данснаас төсвийн хөрөнгө болох 2 сая төгрөгийг иргэн Ш.М-т зээлүүлж бусдад давуу байдал бий болгосон, мөн буудлын орлогоос 10 хувийг төвлөрүүлэн зарцуулахдаа 354400 төгрөгийг хувьдаа зарцуулсан, 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр буудлын орлогоос 400000 төгрөгийг, мөн 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 300000 төгрөгийг цалингийн урьдчилгаа нэрийдлээр авсан боловч өөрийн цалингаас суутгалгүй завшиж өөртөө давуу байдал бий болгосон, мөн оны 10 дугаар сарын 15-ны өдөр төсвийн хөрөнгөөс 510000 төгрөгийг гарган авч мөн оны 07 дугаар сард Сүхбаатар аймгийн Дарьганга сумын “Алтан-Овоо”-ны тахилгын баяр наадамд оролцохдоо бензинд зарцуулсан мэтээр хуурамч санхүүгийн анхан шатны баримт бүрдүүлж, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Сүхбаатар аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаяр шүүгдэгч Б.С-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д  зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж тогтоогоогүй, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх шаардлагатай гэж үзэж, энэ хэргийг прокурорт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч Б.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ. Тухайлбал:

1/. Б.С нь “СНҮ” ОНӨҮГ-ын даргын хувьд ямар ажил, үүргийг гүйцэтгэдэг, төсөв санхүүгийн ямар эрх хэмжээ эдлэх, нийтийн албан тушаалтанд хамаарах эсэх, түүний албан тушаал, ажил үүрэг, эрх зүйн байдлыг тодорхойлох хөдөлмөрийн гэрээ хэрэгт авагдаагүй байна.

 

2/. “СНҮ” ОНӨҮГ нь ямар үйл ажиллагаа явуулах зорилгоор хэний шийдвэрээр үүсгэн байгуулагдсан, ямар дүрэм, журмаар үйл ажиллагаа явуулдаг, өөрийн үйл ажиллагаанаас орлого олох эрхтэй эсэх, олсон орлого нь төсвийн орлогод хамаарах эсэх, орлогоо ямар журмаар зарцуулах, мөн тухайн байгууллагын эрх зүйн байдлыг тодорхойлох хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, үүсгэн байгуулсан этгээдийн шийдвэр, үйл ажиллагаа явуулах дүрэм журам зэрэг баримтуудыг хэрэгт хавсаргах шаардлагатай.

 

3/.  Иргэний нэхэмжлэгч Г.Г нь тухайн байгууллагын нягтлан бодогчийн  ажлаас чөлөөлөгдсөнөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоос татгалзсан тул өөр хүнийг иргэний нэхэмжлэгчээр томилох шаардлага үүссэн.

 

4/. Тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой тул “СНҮ” ОНӨҮГ-ын дарга Б.С-гийн хариуцан төлөх улсын байцаагчийн актууд биелэгдсэн эсэхийг тодруулах шаардлагатай гэж үзжээ.

 

Сүхбаатар аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаяр эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “Нийтийн албан тушаалтан гэж энэ хуулийн 4.1 дэх хэсэгт заасан этгээдийг хэлнэ”, 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна.”, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д “төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон компанийн эрх бүхий албан тушаалтан хамаарна” гэж тус тус зааснаас үзэхэд “СНҮ” ОНӨҮГ-ын дарга Б.С нь “нийтийн албан тушаалтан” болох нь ойлгомжтой байна. Мөн Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.9, 4.1.34, 4.1.38-д тус тус хуульчилснаас үзэхэд Б.С нь төсвийн байгууллагын төсвийн шууд захирагч болох нь харагдаж байна. Харин “СНҮ”ОНӨҮГ-ыг анх үүсгэн байгуулсан шийдвэр, дүрэм, журам, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэргийг шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гарган өгч, шинжлэн судлах бүрэн боломжтой бөгөөд энэ нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн асуудалд нөлөөлөхгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  8.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Мөрдөгч, прокурор, шүүх тогтоол, шүүгч захирамж гаргаж иргэний нэхэмжлэгчээр тогтооно” гэж хуульчилжээ. Шүүхийн шатанд иргэний нэхэмжлэгч Г.Г нь ажлаасаа чөлөөлөгдсөн тул шүүгч захирамж гаргаж, энэ хэрэгт өөр хүнийг иргэний нэхэмжлэгчээр тогтоож болох тул энэ үндэслэлээр хэргийг прокурорт буцаах шаардлагагүй юм. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй учраас Б.С-д хариуцуулсан актаас хэдэн төгрөгийн акт, ямар хугацаанд хэрхэн биелэгдсэн асуудлыг шалган тогтоох шаардлагагүй юм. Иймд хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичив гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Ургаа шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 26 дугаар шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гарсан гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн зүйл байхгүй. Прокуророос Д.С-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах”, мөн энэ хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д  заасан “Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах” гэмт хэргүүдийг үйлдсэн гэж буруутгадаг. Гэтэл прокурорын хүсэлтээр шүүх хуралдаанд оролцсон гэрч Ч нь төсвийн хөрөнгө мөн, бишийг тодорхой хэлж чадахгүй байна.  Өөрөөр хэлбэл төсвийн хөрөнгө мөн эсэх нь энэ хэргийн зүйлчлэлд нөлөөлнө. Мөн хэрэгт авагдсанаар ОНӨҮГ, ОНӨААТҮГ гэсэн хоёр нэршил явж байгаа. Тэгэхээр шүүгчийн захирамжид заагдсан ажиллагаануудыг хийж байж хэргийг зөв зүйлчилж, шийдвэрлэнэ. Санхүү, аудитын актаар Д.С-д тавигдсан хохирол төлбөр  төлөгдсөн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлд нотолбол зохих зүйлийн талаар заасан. Хохирол, төлбөр төлсөн баримт хавтаст хэрэгт авагдаж байж, энэ хэрэг нэг мөр шийдэгдэх ёстой. Иргэний нэхэмжлэгч, хариуцагчийг тогтоох ажиллагаа нь мөрдөн байцаалтын ажиллагаагаар хийгдэх ёстой. Дээрх нөхцөл байдлууд нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой,  зүйлчлэлд нөлөөлөх тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр шүүгдэгч Б.С-д холбогдох эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрхийг хязгаарлаагүй байна.

         

          Шүүгдэгч Д.С нь “СНҮ” ОНӨҮГ-ын даргаар ажиллаж байхдаа “эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах”, “төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах” гэмт хэргүүдэд холбогдсон ба түүний албан тушаалын болон ажиллаж байсан байгууллагын эрх зүйн байдал, ажил үүргийн чиглэл, бүрэн эрх, эрх хэмжээг тодорхойлох хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, үүсгэн байгуулах шийдвэр, үйл ажиллагааны дүрэм, төсөв, хөрөнгөө бүрдүүлэх, зарцуулах журамтай холбоотой баримт бичгүүдийг холбогдох этгээдээс гаргуулан авах нь хэргийг эцэслэн шийдвэрлэхэд ач холбогдолтой, зүйлчлэлд нөлөөлж болзошгүй байна. Мөн иргэний нэхэмжлэгчийг тогтоох, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд түүнийг оролцуулах ажиллагааг хийж, хохирол, төлбөрийг барагдуулсан эсэхийг тодруулах шаардлагатай гэж үзлээ.

 

          Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд бүрэн гүйцэд нотлогдоогүй, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж үзэж, хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байх тул прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

         

Эрүүгийн  хэрэг  хянан  шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1,  энэ зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

Нэг. Прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 26 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсүгэй.

 

Хоёр. Шүүгдэгч Б.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ хэргийг прокурорт очтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

Гурав. Давж заалдах шатны шүүх эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч Улсын дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   С.ОЮУНТУНГАЛАГ

                             ШҮҮГЧИД                           Д.БАЙГАЛМАА 

                                                                                       Б.СҮХГОМБО