Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 2024/ШЦТ/15

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар би даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхшүр,

Улсын яллагч Б.Түвшинтөр,

Шүүгдэгч М.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч У овгийн Мийн М-д холбогдох 2416000030006 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2000 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр ****** аймгийн ***** суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт ****** аймгийн **** сум * багт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь Говь- Алтай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 115 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар, Мөн шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 129 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэгдэж байсан, *** регистрийн дугаартай, У овгийн Мийн М,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.М нь согтуурсан үедээ 2023 оны 11 дүгээр сарын 27- ноос 28-нд шилжих шөнө **** аймгийн **** сум *** тоотод байрлах өөрийн гэртээ эхнэр Д.С-тай хэрүүл маргаан үүсгэж салгахаар ирсэн Г.Г-тэй маргалдаж түүний умдаг руу нэг удаа хутгалж биед нь умдагийн зүүн талд шарх гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч М.Мнь согтуурсан үедээ 2023 оны 11 дүгээр сарын 27-28-нд шилжих шөнө ***** аймгийн **** сум *** тоотод байрлах өөрийн гэртээ эхнэр *** хэрүүл маргаан үүсгэж салгахаар ирсэн Г.Г-тэй маргалдаж түүний умдаг руу нэг удаа хутгалсан үйл баримт тогтоогдож байна.

Дээрх үйл баримтын улмаас М.Мнь Г.Гийн эрүүл мэндэд шинжээчийн дүгнэлтээр умдагийн зүүн талд шарх бүхий хөнгөн гэмтэл учруулсан бөгөөд энэ нь хүний халдашгүй байх эрхэд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.

1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч М.Мгэм буруутай болох нь:

        1. Хохирогч Г.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2023 оны 11 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө 04 цаг 35 минутын үед манай эхнэр бид хоёр гэртээ унтаж амарч байсан чинь манай хүр дүү С манай эхнэрийн утас руу залгаад та хурдан хүрээл ир гэж хэлсэн. Эхнэр бид хоёр очоод юу болсон талаар асуухад машинаа унагаасан гэж хэлсэн. Тэгээд байж байтал манай баз М та нар цагдаа дуудаж өгдөг шүү дээ цагдаагаа дуудаж өгөөч гээд орилох янзтай хэлсэн....Би гэрт ороод баз М-г унтаж амар гэж хэлсэн. Тэгсэн чинь М би архи уусан байна та нар цагдаагаа дуудаж өгөөч гэж орилсон. Тэгээд та нарыг бүгдийг чинь ална гээд гал тогоо руугаа явсан. Чинь хутга бариад иргээд хүрээд ирсэн. Би хорьсон чинь миний өмнөөс хойшоо бол ална шүү гээд 2-3 удаа айлгаж далайж сүрдүүлсэн. Тэгж байгаад миний давсаг хавьцаа хатгасан тэгсэн чинь миний давсаг хавьцаанаас цус гарсан. Тэгээд би жоохон холдох үед эхнэр хүүхэд рүүгээ хутгатайгаа ороод жоохон айлгасан. Би М-г жоохон тайвшруулж байгаад гэрт нь эргүүлж оруулж унтуулж амраасан. Надад одоо гомдол санал байхгүй ***-гаас нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх- ийн 78-79 дүгээр хуудас/,

2. Гэрч Д.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 11 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө 04 цаг 30 минутын үед намайг гэртээ нөхөр Г-ийн хамт унтаж амарч байхад миний төрсөн дүү С миний гар утас руу залгаад М гэртээ согтуу ирчхээд агсам тавиад байна хурдан ирээч гэж хэлсэн. Би нөхөртэйгөө явж очиход манай хүргэн миний өмнөөс гэрээс гарч ирсэн...М манай нөхөртэй гаднаас орж ирээд орилж царлаад агсам тавиад байсан. Орилж хашхирч байгаад манай дүү Сийн толгой руу тамхи асаадаг асаагуур авч шидэж толгойг нь цохисон...Тэгээд та нарыг ална гэж хэлээд гар тогоо руугаа орсон. Би хүүхдийг нь С-д өгчхөөд хойноос нь явж орсон чинь манай нөхрийг хутгаар нимгэн цавь хавьцаа нь хатгасан. Тухайн үед М хутгаа дээгүүр хий далайгаад сүрдүүлэх маягтай байж байгаад санаандгүй хатгачих шиг болсон...” гэх мэдүүлэг/хх-ийн 17-19 дүгээр хуудас/,

З. Говь-Алтай аймаг шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Д.Даваахүүгийн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн “...1.2 Г.Гийн биед умдагын зүүн талд шарх гэмтэл тогтоогдлоо. 3 дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүснэ. 4 Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх 09 дугаартай шинжээчийн дүгнэлт/хх-ийн 33-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч М.Мнь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

           Иймд М.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

          2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

Шүүхээс шүүгдэгч М.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 600 (Зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 (Зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч М.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 (Зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 (Зургаан зуун мянга) төгрөгөөр торгож, торгуулийг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч М.Мг шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж,  шүүгдэгч Ө.Х-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхийг мэдэгдэв.

          3.Гэм хор, хохирлын талаар:

          Энэ гэмт хэргийн улмаас хохирогч М.М-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч хохирол нэхэмжлээгүй байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

4.Бусад асуудлаар:

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36,10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч У овгийн Мийн М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мд 600 (Зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 (Зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мд оногдуулсан 600 (Зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 (Зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4.Шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (Арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (Нэг) хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч М.Мд мэдэгдсүгэй.

5. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж шүүхэд ирүүлсэн нийт урт 19,5 см, ажлын хэсэг 9,5 см, бариулын урт 10 см бор шаргал хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст устгахыг даалгаж, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарласугай.

8. Шийтгэх тогтоолыг гардаж авсан өдрөөс хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

             9.Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч М.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     А.ЭНХБААТАР