Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 2024/ШЦТ/17

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхшүр,

Улсын яллагч Ө.Манзушир,

Шүүгдэгч А.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ө.Манзуширын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г овогт Аийн Б-д холбогдох 2316001540009 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1999 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Говь-Алтай аймгийн Тонхил суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, 1 хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн Тонхил сум, ** дугаар багт оршин суух хаягтай, урьд Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 2019/ШЦТ/04 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цаг нийтэд тустай ажил хийх ялаар, Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 2021/ШЦТ/67 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсон, Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 2022/ШЦТ/29 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зааснаар 1 жил, 11 сар, 23 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 56 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эдлээгүй үлдсэн 3 сар 17 хоногийн хорих ялын хугацаанаас өмнө суллаж, мөн хугацаагаар хяналт тогтоосон, улсаас авсан гавьяа шагналгүй, *** регистрийн дугаартай, Г* овгийн А-н Б,

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч А.Б нь 2023 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн 22 цагийн үед Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил багийн нутаг дэвсгэр “Кайф” караокены гаднаас хохирогч Т.Бийн өмчлөлийн самсунг-А12 маркийн гар утсыг олж улмаар түүний мобайл банкийг ашиглан түүний Хаан банкны **** тоот харилцах данснаас 2023 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн 17 цаг 49 минутад 210.000 төгрөгийг 11 гэсэн гүйлгээний утгаар Хаан банкны **** дугаарын данс руу, Мөн өдрийн 19 цаг 10 минутад 20,000 /хорин мянга/ төгрөгийг 11 гэсэн гүйлгээний утгаар Хаан банкны ***** дугаарын данс руу,

Мөн өдрийн 20 цаг 02 минутад 33,000 /гучин гурван мянга/ төгрөгийг 11 гэсэн гүйлгээний утгаар Хаан банкны **** дугаарын данс руу,

Мөн өдрийн 21 цаг 17 минутад нийт 250,000 /хоёр зуун тавин мянга/ төгрөгийг 11 гэсэн гүйлгээний утгаар Хаан банкны ***** дугаарын данс руу, Мөн өдрийн 23 цаг 56 минутад 5,000 /таван мянга/ төгрөгийг 11 гэсэн гүйлгээний утгаар Хаан банкны **** дугаарын данс руу,

2023 оны 07 дугаар сарын 14-ний шөнийн 03 цаг 01 минутад 2.500 /хоёр мянга таван зуу/ төгрөгийг 91142776 журналын дугаараар USDD-PRETOP 2500 гэсэн гүйлгээний утгаар зарлагын гүйлгээ хийж 7 удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Т.Б-д 523,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэргийн шинжтэй үйлдэлд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Шүүгдэгч А.Б нь 2023 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн 22 цагийн үед Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил багийн нутаг дэвсгэр “Кайф” караокены гаднаас хохирогч Т.Б-н өмчлөлийн самсунг-А12 маркийн гар утсыг олж улмаар түүний мобайл банкийг ашиглан түүний Хаан банкны **** тоот харилцах данснаас,

2023 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн 17 цаг 49 минутад 210.000 төгрөгийг 11 гэсэн гүйлгээний утгаар Хаан банкны **** дугаарын данс руу, Мөн өдрийн 19 цаг 10 минутад 20,000 /хорин мянга/ төгрөгийг 11 гэсэн гүйлгээний утгаар Хаан банкны **** дугаарын данс руу,

Мөн өдрийн 20 цаг 02 минутад 33,000 /гучин гурван мянга/ төгрөгийг 11 гэсэн гүйлгээний утгаар Хаан банкны **** дугаарын данс руу,

Мөн өдрийн 21 цаг 17 минутад нийт 250,000 /хоёр зуун тавин мянга/ төгрөгийг 11 гэсэн гүйлгээний утгаар Хаан банкны **** дугаарын данс руу, Мөн өдрийн 23 цаг 56 минутад 5,000 /таван мянга/ төгрөгийг 11 гэсэн гүйлгээний утгаар Хаан банкны **** дугаарын данс руу,

2023 оны 07 дугаар сарын 14-ний шөнийн 03 цаг 01 минутад 2.500 /хоёр мянга таван зуу/ төгрөгийг **** журналын дугаараар USDD-PRETOP 2500 гэсэн гүйлгээний утгаар зарлагын гүйлгээ хийсэн үйл баримт тогтоогдлоо.

Уг үйл баримт нь бусдын өмчлөх эрхэнд халдаж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн гэж шүүх үзлээ.

 

Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч А.Б гэм буруутай болох нь:

 

Хохирогч Б.Өлзийсайханы мөрдөн байцаалтад өгсөн

 

  1. Хохирогч Т.Бийн мөрдөн байцаалтад өгсөн “...2023 оны 07 сарын 12-ны орой Говь-Алтай аймгийн төвд кайф караокед ороод 3-н найзын хамт 2 шил архи хувааж уугаад гэртээ харьсан. Маргааш өглөө нь өөрийн А12 маркийн гар утсыг хайгаад олоогүй. Гар утсанд байсан 99919831 дугаар луу залгахад дуудаад авахгүй байсан. Өдөр 15-н цагийн үед утас унтарсан, холбогдохгүй болсон. Хамт гарсан найз нараасаа асуугаад гар утас гарч ирээгүй. Хаана байгаа нь тодорхойгүй байсан. 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр өөрийн гар утсанд байсан *** дугаарыг сэргээлгэж үзэхэд миний өөрийн хаан банкны **** дугаарын дансанд байсан 523.000 төгрөгийг өөр өөр данс руу 7 удаагийн гүйлгээгээр шилжүүлж авсан байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан юм...2023 оны 04 дүгээр сард хүний барьж байсан хуучин гар утсыг 250.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Цэнхэр өнгийн гэртэй, цэнхэр өнгийн самсунг А-12 маркийн гар утас. Гар утасны дэлгэцийн шилэн наалт нь гол хэсгээрээ цуурсан, гадна талын гэр нь цагаан өнгийн будаг болсон байгаа. Өөр содон шинж тэмдэг байхгүй. Эвдрэл гэмтэл байхгүй. Би 2023 оны 07 дугаар сарын 12-ны орой 22 цагийн үед 28.000 төгрөгийн тооцоо хийхдээ гар утсаа ашиглаж мобайл банкаар гүйлгээ хийсэн. Дахиж гар утсаа ашиглаагүй. Маргааш нь гар утсаа хайгаад олоогүй. Есөнбулаг сумын төвд кайф караокед Б, Г, Э гэх 3-н найзтайгаа уулзаад 2 шил 0.5 литрийн хэмжээтэй архи хувааж уугаад би түрүүлээд гарч яваад ээжийн гэр лүү алхаж очоод унтсан...Өөрийн гар утсыг хар өнгийн бэлтгэлийн өмдний халаасанд хийсэн байсан. Кайф караокеноос өөр газарт очоогүй. Шууд гэртээ харьсан. Би тухайн өдөр нэлээн их согтсон байсан. Кайф караокед болсон үйл явдлыг санаж байна...Хаан банк **** дугаарын дансанд хамтран эзэмшигч байхгүй. Миний эзэмшлийн хаан банк ***** дугаарын дансанд виза карт, интернэт банк байхгүй. Би өөрөө тухайн дансыг мобайл банкаар гүйлгээ хийж ашигладаг. Мобайл банк нууц кодтой. Миний мобайл банкны нууц кодыг надаас өөр хүн мэдэхгүй, ашигладаггүй. Гэхдээ миний мобайл банкны нууц код нь тааж хийхэд амархан 1 ижил төрлийн 4-н оронтой тоо байдаг юм.” гэх мэдүүлэг, /хх-ийн 43-45 дугаар тал/,

 

2. Хохирогч Т.Б-н мөрдөн байцаалтад дахин өгсөн “ Дараа нь нэг шил архи, нэг ундаа авч 28.000 төгрөгийн тооцоог би өөрийн гар утаснаасаа мобайл банкаар шилжүүлсэн. Хамгийн сүүлд гар утсаа Кайф караокед нэг шил архи, нэг ундааны тооцоо болох 28.000 төгрөгийг мобайл банкаар шилжүүлэхдээ ашигласан. Миний гар утас кодтой. Сүүлд А.Б гэх залуугаас гар утсаа хүлээж аваад үзэхэд миний гар утсыг ашиглаагүй байсан. Мобиком, юнителийн сим нь байхгүй байсан. Нэг танихгүй хүнтэй жаахан маргалдсан. Тухайн үед миний өмсөж явсан өмдний халаас маш сул байсан. Кайф караокены гадна байхад гар утас маань халааснаас унасан байх гэж бодож байна...А.Б гэх хүнээс өөрийн эзэмшлийн А-12 маркийн гар утсаа хүлээж авсан. Эвдэрч хэмхэрсэн зүйлгүй бүрэн бүтэн байсан. Гар утасны үнэлгээг гаргуулах шаардлагагүй. Мөн А.Б нь миний дансанд байсан мөнгийг өөрөө хэрэглэсэн гэдгээ хэлсэн. Удахгүй буцааж өгнө гэсэн боловч гар утсаа авахгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй, надтай уулзахгүй байгаа. Би банк бус санхүүгийн байгууллагад машины зээлтэй. Тухайн зээл маань нэхэгдээд миний машиныг хураагаад явсан. Бийн миний данснаас авсан 523.000 төгрөгөөр зээлээ төлөх гэж байсан боловч одоог хүртэл төлж чадаагүй хүү нь нэхэгдээд байгаа.” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49 дүгээр тал/,

 

3. Хохирогч Т.Бийн мөрдөн байцаалтад өгсөн 3 дахь удаа өгсөн “ Би өөрийн эзэмшлийн Самсунг А-12 маркийн гар утсыг 2023 оны 07 дугаар сарын 30-ны орой А.Б гэх хүнээс хүлээж авсан. Тухайн гар утас одоо надад байгаа хэвийн ашиглаж байгаа. А.Б гэх хүнээс гар утас хүлээж авах үед гар утсанд ямар нэг эвдрэл гэмтэл байгаагүй. Би тухайн гар утсыг 2023 онд нэг найзаасаа хуучин гар утас 250,000 төгрөгөөр худалдаж авч байсан...Гар утас авч ирж өгсөн А.Б гэх залуу өөрөө миний дансанд байсан мөнгийг авч ашигласан, удахгүй мөнгийг буцааж өгнө гэж байсан боловч одоог хүртэл өгөлгүй гар утсаа салгаад алга болсон. Хохирлоо яаралтай барагдуулж авмаар байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэх мэдүүлэг, /хх-ийн 51-52 дугаар тал/,

 

          3. Иргэний нэхэмжлэгч С.С-н мөрдөн байцаалтад өгсөн “...Цагдаагийн газар Захиргаа удирдлагын тасагт нярав цагдаагаар ажилладаг. Аийн Бг эрэн сурвалжилж Улаанбаатар хотоос хэсгийн мөрдөгч цагдаагийн ахлах дэслэг Ж.Б, жолооч цагдаагийн ахлагч Б.Н нар нь албаны 46-96 улсын дугаартай НIАСЕ маркийн тээврийн хэрэгслээр явж тухайн хүнийг авч ирэхэд нийт 1350 км явсан ба тухайн замд зарцуулагдах А-92 бензин нь 186 литр болж байгаа. 1 литр бензин нь 2.800 төгрөгөөр бодож нийт 521,793 төгрөг болж байгаа. Тухайн мөнгийг гэм буруутай этгээдээс нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 55 дугаар тал/,

 

          4. Гэрч Я.Гийн мөрдөн байцаалтад өгсөн “ ...Би Т.Б гэх хүн танина. Манай ээжийн эгчийн хүүхэд байгаа юм. Би 2023 оны 07 дугаар сарын 12-ны өдөр хөдөө гэртээ байж байгаад орой аймгийн төвд орж ирсэн. Кайф караокед Бын хамт Т.Б, Эрка нартай уулзаад хэсэг сууж байгаад хөдөө гэр лүүгээ гараад явсан. Би тухайн өдөр архи дарс уугаагүй. Би архи дарс уудаггүй юм. Б бид 2-ыг кайф караокед ирэх үед Эрка, Б 2 нэг шил архи уугаад сууж байсан. Дахиж нэг шил архи аваад Т.Б тооцоог нь хийж байсан. Эхний архины тооцоог хэн хийснийг сайн мэдэхгүй байна. Т.Б архины тооцоо хийхдээ гар утсаараа хийж байсан. 28.000 мобайл банкаар гүйлгээ хийсэн гэж Б өөрөө хэлж байсан. Би удалгүй кайф караокеноос гараад хөдөө мал руугаа явсан. Намайг байх хугацаанд Т.Б гар утсаараа архины тооцоо хийснээс өөрөөр ашиглаагүй. Дахиж гар утсаа оролдоогүй. Т.Б өөр хүмүүстэй маргалдсан зүйл байхгүй. Тухайн өдөр Т.Б нэг их согтоогүй байсан. Т.Б архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусад хүмүүстэй маргалдаж байхыг нь би харж байгаагүй юм байна. Би А.Б гэж хүн танихгүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 61-63 дугаар тал/,

 

          5. Гэрч Л.Бын мөрдөн байцаалтад өгсөн “...Би хаан банканд 5315494076 дугаарын данс эзэмшдэг. Тухайн дансыг ашиглаад удаагүй байна. Миний 5315494076 дугаарын дансанд хамтран эзэмшигч байхгүй. Дансыг ашиглаад удаагүй байна. 2023 оны 07 дугаар 13-ны орой намайг таксинд явж байхад нэгдсэн эмнэлгийн доод талаас нэг залуу суугаад карт байвал таны данс руу мөнгө шилжүүлээд бэлэн авах гэсэн юм гэж хэлсэн. Тэгээд миний данс руу 210.000 төгрөг шилжүүлээд гудамжинд байх АТМ бэлэн мөнгөний машинаас би өөрөө авч өгсөн. Тухайн хүн нь талбайн зүүн хойд булан дээр байдаг дэлгүүрийн орчимд бууж үлдсэн. Би тухайн хүнийг танихгүй. Өмнө нь харж байгаагүй хүн байсан. 20-25 орчим насны дунд зэргийн нуруутай улаандуу царайтай эрэгтэй хүн байсан. Саарал, бараан өнгийн хувцастай байсан санагдаж байна. Ганцаараа явж байсан. Хэсэг утсаар нэг хүнтэй ярьж байгаад буугаад явсан. Өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэх мэдүүлэг, /хх-ийн 61-63 дугаар тал/,

 

          6. Т.Бийн Хаан банк дахь **** тоот депозит дансны хуулга, харилцах дансны хуулга, ***** тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-ийн 13-15 дугаар тал/,

 

   7. Л.Бын Хаан банк дахь ***** тоот депозит дансны хуулга, /хх-ийн 21 дүгээр тал/, 

 

               8. Д.Гийн Хаан банк дахь ***** тоот депозит дансны хуулга, /хх-ийн 25 дугаар тал/,

 

               9. С.Б-Өийн Хаан банк дахь ***** тоот депозит дансны хуулга, /хх- ийн 23 дугаар тал/,

 

               10. Ц.Мын Хаан банк дахь ****** тоот депозит дансны хуулга, /хх-ийн 26 дугаар тал/,

 

                 11. Ц.Нн Хаан банк дахь ***** тоот депозит дансны хуулга /хх-ийн 24 дүгээр тал/,

 

                 12. Иргэний нэхэмжлэгч С.Сс хавтаст хэрэгт тусгуулахаар гаргаж өгсөн шатахууны ебаримтууд, /хх-ийн 35-37 дугаар тал/,

 

                 13. “Ашид Билгүүн” ХХК-ны мэргэшсэн үнэлгээчин Ч.Ж 2024 оны 01 сарын 17-ны өдрийн ТХҮ-921/4754 дугаартай “А-12 маркийн гар утас 200.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 75-77 дугаар тал/

 

                 14. А.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. 2023 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Жаргалант *** тоотод үл ах Анд байж байгаад орой 20 цагийн үед Цогцолборт зааланд тоглох гээд очоод тоглочхоод 22 цаг өнгөрөөгөөд заалнаас гарсан. Кайф караокены урдуур уруудаж байсан чинь замд хүмүүс зодолдож байсан. Тэгээд тухайн хүмүүсийг өнгөрөөд алхаж байхад нэлээн зайтай цэнхэр хавтастай гар утас хэвтэж байсан. Тэгээд утсыг аваад асаагаад үзсэн чинь зүгээр ажилладаг утас байсан. Тэр утасны сим картыг авахад мобикомын логотой сим карт байсан. Тухайн үед би өөрөө мобикомын дугаар барьдаг байсан учир тэр утаснаас гаргаж авсан сим картыг өөрийнхөө утсанд хийгээд нэгж байвал авъя гэж бодоод утсандаа хийтэл тухайн симэнд хаан банкны мэдэгдэл ирсэн. Тэгэхээр нь *1917# гэж ороход мобайл банкны нууц үг гарч ирэхээр нь 1111 гэсэн кодыг хийгээд дарсан чинь нууц үг нь тайлагдсан. Тэгэхээр нь би мобайл банкаар таксины хүн рүү 210.000 төгрөг шилжүүлж картаас нь авсан. Надад карт байхгүй байсан. Ану дэлгүүрээс 70.000 төгрөгөөр нь юм авсан. Дараа нь 180.000 төгрөг гаргуулж авсан. Ажаа ээжид хоолонд орж 20.000 төгрөг шилжүүлсэн. Хангай супермаркетаас 33.000 төгрөгөөр юм авсан. Мөст-Алтай буудалд хонож байгаад 5000 төгрөгөөр бэлэн гоймон авч идсэн. Мобайл банкаар 2500 нэгж авсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 100-102 дугаар тал/,

зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн улсын яллах өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчийн эзэмшилд байгааг мэдсээр байж өмчлөгч, эзэмшигчид мэдэгдэлгүйгээр далд аргаар авч, бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулж, эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг бүрэлдэхүүний шинжтэй гэмт хэрэг юм.

 

Шүүгдэгч А.Бийн үйлдэл нь “Бусдын 523,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч хохирогчид материаллаг хохирол учруулсан” нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг хангасан байна.

 

Хууль зүйн хувьд шүүгдэгч А.Б нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул уг гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн ... бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэж заасан гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлттэй үйлджээ.

 

Иймд Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл үндэслэлтэй байх тул шүүгдэгч А.Батзоригийг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар талуудаас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй бөгөөд шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар талуудаас хүсэлт гаргаагүй, шүүгдэгч түүний өмгөөлөгч нар гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

 

Шүүхээс шүүгдэгч А.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч А.Бн урьд Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 2019/ШЦТ/04 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цаг нийтэд тустай ажил хийх ялаар, Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 2021/ШЦТ/67 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсон, Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 2022/ШЦТ/29 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зааснаар 1 жил, 11 сар, 23 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

 

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч А.Бийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг нь тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч А.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 (Зургаа) сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч А.Б нь Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 2022/ШЦТ/29 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зааснаар 1 жил, 11 сар, 23 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 56 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эдлээгүй үлдсэн 3 сар 17 хоногийн хорих ялын хугацаанаас өмнө суллаж хяналт тогтоосон хугацаанд дахин гэмт хэрэг үйлсэн байх тул хугацааны өмнө тэнсэн суллаж хяналт тогтоосон Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 56 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, үлдсэн 3 сар 17 хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 (Зургаа) сарын хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн, шүүгдэгч А.Бийн нийт эдлэх ялыг 9 (Ес) сар 17 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоолоо.

 

          3.Гэм хор, хохирлын талаар:

 

          Гэмт хэргийн улмаас Т.Б-д 523,000  төгрөгийн хохирол учирсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал буюу А.Бг эрэн сурвалжилж Улаанбаатар хотоос гарсан зардал 521,793 төгрөг гарсан бөгөөд шүүгдэгч нь хохирол, иргэний нэхэмжлэлийг төлөөгүй байна.

 

          Иймд Монгол улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 479.1 дэх хэсэг, 517 дугаар зүйлийн 517.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.Боос 523,000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Бд, 521,793 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Цагдаагийн газарт олгох нь зүйтэй байна.

 

          4.Бусад асуудлаар:

 

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36,10, 37.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Г овгийн Аийн Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бийг 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар хяналт тогтоосон хугацааны эдлээгүй үлдсэн 3 сар 17 хоногийн хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч А.Бийн нийт эдлэх хорих ялыг  9 сар 17 хоногийн хорих ялаар тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бт оногдуулсан 9 сар 17 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Шүүгдэгч А.Бт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол үргэлжлүүлж, түүний ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

6. Монгол улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.Бс 523,000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Бд, 521,793 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Цагдаагийн газарт тус тус олгосугай.

 

7.Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай. 

 

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх  тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        А.ЭНХБААТАР