| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 184/2020/03049/И |
| Дугаар | 142/ШШ2020/01370 |
| Огноо | 2020-12-07 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 12 сарын 07 өдөр
Дугаар 142/ШШ2020/01370
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн хаалттай шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: О.Э нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х.М-д холбогдох,
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тэтгэлэг тогтоолгох болон 25 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч О.Э /Өмнөговь аймгаас онлайнаар/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А/Улаанбаатар хотоос онлайнаар/, хариуцагч Х.М/Улаанбаатар хотоос онлайнаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бадмааравдан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: О.Э миний бие нь 2005 онд Х.Мөнх-Очиртой танилцаж, 2006 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр гэрлэлтийн 2340 тоот баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2006 оны 02 дугаар сарын 14-ний өдөр охин М.О, 2009 оны 12 дугаар сарын 10-ны өдөр охин М.О нар төрсөн. Бидний зан харилцаа таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2016 оны 07 дугаар сараас хойш салж тус тусдаа амьдрах болсон. Тэр үеэс хойш хоёр охин маань миний асрамжинд амьдарч өсч торнисон. Х.Мнь өөр амьдралтай болж цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж, 2 охиноо өөрийн асрамжинд авч, эцгээс нь тэтгэлэг гаргуулж өгнө үү. Х.Мын хаяг тодорхойгүй байсны улмаас шүүхэд хандаж чадалгүй удсан гэв.
Нэхэмжлэгч О.Э нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: Миний бие нь 2005 оноос Х.Мтой гэр бүл болж амьдарсан. Энэ хугацаанд 2 охин төрүүлж өсгөж байсан боловч 2016 оны 7 дугаар сараас нөхөр Мнь өөр хүнтэй гэр бүл болж тусдаа амьдрах болсон. Бага охин О нь 3 настайгаасаа унаж татдаг өвчтэй эмчийн хяналтанд байдаг. Иймд:
1. Дөрвөн жилийн турш эмчилгээний зардал нийт 1 800 000 /нэг сая найман зуун мянга/ төгрөг гаргасан.
2. Том охин Оийн МХО-ны сургалт дугуйлангийн төлбөр болох 2 880 000 / хоёр сая найман зуун наян мянга/ төгрөг
3. 2019 онд Германы улсын мастерын хөглөсөн мэргэжлийн хөгжмийн хийлийг 2 500 000 /хоёр сая таван зуун мянган/ төгрөгөөр худалдан авсан.
4. 2020 онд АНУ-ийн New York хотод зохион байгуулагддаг Крешендо ОУ-ын өсвөрийн хийлчдийн уралдаанд оролцсон нийт зардал 10 000 000 /арван сая/ төгрөг гаргасан.
5. 2020 оны 9 дүгээр сарын 15-наас хувиараа Г.Отгонжаргал багш дээр хичээл авахад 1 200 000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийг төлсөн.
6. Хас банкнаас 2015-2017 он хүртлэх хугацаанд нийт 6 500 000 /зургаан сая таван зуун мянга/ төгрөгний зээлийг 24 хувийн хүүгийн хамт миний бие төлж барагдуулсан болно.
Энэ бүгдийг өөрийн төрсөн эцгээсээ зээлсэн. Эдгээр бүх баримтыг хавсаргасан болно. Энэ бүх 25 000 000 /хорин таван сая/ төгрөгийг 2 охины эцэг Х.Моос нэхэмжилж байна.
7. 2017-2019 оны хооронд том охин М.О нь “Мөрөөдөл” зусланд амрахад шаардагдах зардал 825 000 /найман зуун хорин таван мянга/ төгрөг зарцуулсан.
8. 2008 онд Х.Мтой гэр бүл болоход Миний төрсөн эцэг эх Ж.Отгондорж Б.Баянсайхан нар нь Голомт банкны хадгаламж дахь мөнгөөрөө 2 давхар мансаартай байшин хашаа барьж өгсөн. Тухайн үед Х.Моос нэг ч төгрөг гараагүй болно. Банкны хуулга хавсаргасан болно
9. 2000 онд үйлдвэрлэсэн приус 11 маркийн 8557 УНХ улсын дугаартай машин 2013 онд худалдаж авсан ба 2015 оноос хойш техникийн бүрэн бүтэн байдал алдагдаж, замын хөдөлгөөнд оролцох боломж муутай болсон ба гэрчилгээг хавсаргасан. Байр машины талаар нотлох баримтыг хавсаргасан болно гэв.
Хариуцагч Х.Мшүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Хөхөө овогтой Мнь Отгондорж овогтой Этэй 2006 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр гэрлэж 10 жил хамт амьдарч 2 охинтой болсон. Гэтэл зан харилцааны болон гэр бүлийн зөрчлөөс болж 2016 онд би Эээс тусдаа амьдрах болсон. Би гэр орноосоо явахдаа хамаг, эд хөрөнгөө үлдээгээд өмссөн хувцастайгаа явсан тул одоогоор 2 хүүхдийн тэтгэмж өгөх боломжгүй байна. Миний бие зүрхний өвчтэй бөгөөд хэзээ ч зүрх зогсож болзошгүй байгаа. Эмчлүүлэх гэхээр маш их үнэтэй юм билээ. Хамт амьдарч байх хугацаанд гэр орон, 2 охины хувцас хунарыг би л болгож байсан. Хэдэн төгрөг олдвол охиндоо өгдөг байсан. Хүүхдүүдтэй минь уулзуулдаггүй, утсаар ч яриулдаггүй. О.Э өөр хүнтэй нийлээд Цагаанхаданд байхад нь би очиж байсан. Намайг өвчтэй байхад хаяад өөрөө алга болсон 2016 онд Орхон аймгийн Медипас эмнэлэгт хэвтэж байсан. Өвлийн хашаа байшин, машин гаражийн хамт хамаг бүхнээ л үлээгээд явсан. Миний хувцас хунарыг өгөөгүй байж шатаасан гэсэн. Иймд 25 000 000 төгрөг төлөхгүй гэв.
Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.Э нь хариуцагч Х.Мт холбогдуулан гэрлэлт цуцлуулах, охин М.О, М.О нарын асрамж тэтгэлэг тогтоолгох, хүүхдүүдийн хэрэглээнд гарсан зардал, банкны зээлийн төлбөр нийт 25 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагч Х.Мгэрлэлт цуцлуулах болон хүүхдүүдийн асрамжийн асуудлаар маргаагүй, биеийн эрүүл мэндийн байдал сайнгүй тул тэтгэлэг төлөх боломжгүй, өмссөн хувцастайгаа гэрээс гарсан, бүх эд хөрөнгөө орхиод явсан тул 25 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэтгэлцэж байна.
Зохигчид 2005 онд танилцаж, хамт амьдран 2006 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр гэрлэлтээ эрх бүхий байгууллагад 2340 дугаарт бүртгүүлэн гэрлэлтийн гэрчилгээ авсан бөгөөд гэрлэгсдийн дундаас охин М.О 2006 оны 02 дугаар сарын 14-ний өдөр, охин М.О 2009 оны 12 дугаар сарын 10-ны өдөр тус тус төрсөн болох нь зохигчдын тайлбар мэдүүлэг, Улаанбаатар хот Баянгол дүүргийн 5 дугаар хорооны багийн Засаг даргын тодорхойлолт, хүүхэд эрүүл бойжиж байгаа талаар “Дэшиг дун БГБХН” өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, охид “Эрдмийн өргөө” цогцолбор сургуульд суралцдаг тухай сургалтын менежерүүдийн тодорхойлолт, гэрлэгсдийн 0045644, 2340 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, охин М.Оийн 0000786461 /Г-888/ дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, охин М.Оийн 0342507 /Г-6051/ дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тус тус нотлогдож байна.
Гэрлэгчид хамтран амьдрах хугацаандаа хоорондын таарамжгүй харилцаа, үл ойлголцлоос хэрүүл маргаантай амьдарч байсан бөгөөд тэд тусдаа амьдраад 4 жил болсон, хэн аль нь гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байгаа, шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмын дагуу эвлэрүүлэн зуучлагчаас хуулийн дагуу зохих ажиллагаа явагдсан боловч амжилтгүй болсон зэргийг харгалзан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, эвлэрүүлэх хугацаа олголгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж дүгнэв.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-д Хүүхэд долоо ба түүнээс дээш настай бол асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд түүний саналыг харгалзан үзнэ гэж заасан боловч Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 178 дугаар тогтоолоор бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, хөл хорио тогтоосонтой холбогдуулан Улаанбаатар хотод амьдарч байгаа хүүхдүүдийн саналыг авахаар эрсдэл бүхий газарт /шүүхэд/ дуудан ирүүлэх шаардлагагүй гэж дүгнэсэн бөгөөд хүүхдүүдийн асрамжийн асуудлаар маргаан гараагүй, охид төрсөн цагаасаа хойш эхийн асрамжинд байгаа зэрэг бусад нөхцөл байдлыг харгалзан эхийн асрамжинд үлдээж шийдвэрлэсэн болно.
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д “Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй. Эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг зохигчдод даалгах нь зүйтэй.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж заасан байх бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасны дагуу эцэг Х.Моос хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан охин М.О, М.О нарыг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч О.Э хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн бөгөөд бага охин М.О нь 3 настайгаасаа унаж татдаг өвчний улмаас эмчийн хяналтанд байдаг. Түүний дөрвөн жилийн эмчилгээний зардал нийт 1 800 000 төгрөг, том охин М.Оийн МХО-ны сургалт дугуйлангийн төлбөр 2 880 000 төгрөг, 2019 онд Германы улсын мастерын хөглөсөн мэргэжлийн хийл хөгжмийн үнэ 2 500 000 төгрөг, 2020 онд АНУ-ийн New York хотод зохион байгуулагддаг Крешендо ОУ-ын өсвөрийн хийлчдийн уралдаанд оролцсон нийт зардал 10 000 000 төгрөг, 2020 оны 9 дүгээр сарын 15-наас хувиараа Г.Отгонжаргал багш дээр хичээл авахад 1 200 000 төгрөг, 2017-2019 оны хооронд охин М.О нь “Мөрөөдөл” зусланд амарсан зардал 825 000 төгрөг, Хас банкнаас 2015-2017 он хүртлэх хугацаанд нийт 6 500 000 төгрөгний зээлийг 24 хувийн хүүгийн хамт төлж барагдуулсан тул 25 000 000 төгрөгийг Х.Моос гаргуулна, харин хашаа байшин, машины талаар бодит байдлыг дурдаж, нотлох баримтаар ирүүлсэн гэж тайлбарлаж байна.
Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар Тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон /хүндээр өвчилсөн, тахир дутуу болсон, эмчлүүлсэн, сургуульд орсон гэх мэт/ үед түүнд нэмэлт тэтгэлэг гаргуулах, эсхүл гарсан зардлыг хариуцуулахаар энэ хуулийн 47.2-т заасан этгээд шүүхэд нэхэмжлэл гаргаж болно гэж заасны дагуу нэхэмжлэгч О.Э нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагаас нотлох баримтын шаардлага хангасан баримтыг үндэслэн шүүх хэсэгчилэн хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Охин М.О нь хийл хөгжмөөр дагнан хичээллэж амжилт гаргасан болох нь түүнд эрх бүхий байгууллагаас олгосон өргөмжлөл, сертификатаар, бага охин М.О өвчний улмаас эмнэлгийн хяналтанд байнгын шинжилгээ оношлогоо хийлгэсэн, Хас банкны дансны хуулга зэрэг баримтууд хэрэгт авагдсан боловч хуульд заасан шаардлагыг хангасан баримт ирүүлээгүйтэй холбогдуулан нэмэгдүүлсэн шаардлагын зарим хэсгийг хэсэгчилэн хангаж шийдвэрлэв.
Охин М.О АНУ-д өсвөрийн хийлчдийн уралдаанд амжилттай оролцсон болох нь уг уралдаанд оролцоход гарсан зардал болох визний хураамжийн төлбөр /440 000 төгрөг/, нислэгийн тийзний баримт /2 717 100 төгрөг/-ыг эх хувиар нь шүүхэд ирүүлсэн байх бөгөөд охиныг амжилттай сурч боловсроход зориулан авч өгсөн хийл хөгжим /2 500 000 төгрөг/, ганцаарчилсан сургалт авахад зарцуулсан багшийн төлбөр /1 200 000 төгрөг/ зэргийг төлсөн талаарх дансны гүйлгээний хуулга, багш Г.Отгонжаргалын тодорхойлолтыг үндэслэн эдгээр төлбөрийн 50 хувийг буюу 3 428 550 төгрөгийг эцэг Х.Мхариуцах үндэслэлтэй. Харин бага охин М.Оийн эмчилгээний зардалд төлсөн баримтууд байхгүй, Хүүхдийн ордоны дугуйлангийн төлбөр төлсөн баримт байхгүй, зусланд амарсан гэх тодорхойлолтыг нэг өдөрт нөхөн олгосон Е баримтыг үндэслэн дүгнэх боломжгүй байх бөгөөд Хас банкны зээлийн гэрээг ирүүлээгүй, уг зээлийн зориулалт нь тодорхойгүй тул үлдэх шаардлага болох 21 571 450 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Монгол улсад үүссэн коронавируст цар тахалын нөхцөл байдал, Монгол улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 178 дугаар тогтоолоор коронавируст халдварын цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг эрчимжүүлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор бүх нийтийн бэлэн байдлын зэрэг тогтоосон, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2020 оны 11 дүгээр сарын 24-ны өдрийн 116 дугаартай тогтоолын 2 дугаар хавсралтаар “Иргэний хэргийн хөдөлгөөний түр аргачлал” батлагдсан бөгөөд хэргийн зохигчид Улаанбаатар хот, Өмнөговь аймагт байгаа зэрэг нөхцөл байдлын улмаас шүүх хуралдааныг онлайн хэлбэрээр зохион байгуулсан болно.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд заасны дагуу нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 471 370 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Моос 258 227 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.Эт олгохоор заалаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Э М нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2006 оны 02 дугаар сарын 14-ний өдөр төрсөн охин Мын О 2009 оны 12 дугаар сарын 10-ны өдөр төрсөн Мын О нарыг эх О.Эийн асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар охин М.О, М.О нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээ /100 хувь/-гээр сар бүр эцэг Х.Моос тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар хариуцагч Х.Моос 3 428 550 /гурван сая дөрвөн зуун хорин найман мянга таван зуун тавь/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.Эт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 21 571 450 /хорин нэгэн сая таван зуун далан нэгэн мянга дөрвөн зуун тавь/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч эцэг, эх үр хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдлэж, адил үүрэг хүлээхийг, энэ үүргээ биелүүлэхэд нь бие биедээ саад учруулахгүй байхыг зохигчидод даалгасугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болмогц шийдвэрийн хувийг Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Ж.Халиунаад даалгасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 471 370 /дөрвөн зуун далан нэгэн мянга гурван зуун дал/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Моос 258 227 /хоёр зуун тавин найман мянга хоёр зуун хорин долоо/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.Эт олгосугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ