Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 2024/ШЦТ/76

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баяржаргал, 

Улсын яллагч Ц.Чингүүн,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Доржпагма,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цогтбаяр,

Шүүгдэгч Б.Д*******т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б*******ын Д*******тад холбогдох эрүүгийн ***********  дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Д*******т нь “Ник” ХХК-ийн Хөвсгөл аймаг дахь нефть хангамжийн салбарын нефть хангамжийн ахлах операторчноор ажиллаж байх хугацаандаа 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн хооронд байгууллагын борлуулалтын орлогоос 11,630,524.22 төгрөгийг албан тушаалын байдлаа ашиглаж завшсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Д*******т нь “Ник” ХХК-ийн Хөвсгөл аймаг дахь нефть хангамжийн салбарын нефть хангамжийн ахлах операторчноор ажиллаж байх хугацаандаа 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн хооронд байгууллагын борлуулалтын орлогоос 11,630,524 төгрөгийг албан тушаалын байдлаа ашиглаж завшсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн *********** дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Д*******тын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Хөвсгөл аймгийн Тариалан сумын НИК шатахуун түгээхийн эрхлэгч, түгээгчээр ажилд орсон. Ажилд орсноос хойш 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд 11,630,524.22 төгрөг буюу аудитын дүгнэлтээр гаргасан хохирол тооцсон мөнгийг хувьдаа ашигласнаас Лундаажамцад нийт 4,682,000 төгрөгийг зээлсэн. Үлдэгдэл мөнгийг бол өөртөө хувьдаа ашигласнаа хүлээн зөвшөөрч байна... гэм буруугийн тал дээр маргаан байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...хохирлоо төлж барагдуулна...” гэх мэдүүлэг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Доржпагмын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Хөвсгөл аймгийн Тариалан сумын “Ник” ХХК-ийн шатахуун түгээх станцад 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр тус сумын иргэн Б.Д*******тыг шатахуун түгээх станцын эрхлэгчээр ажилд авсан. Б.Д*******т нь 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын эхэн хүртэл ажилласан. Дээрх ажилласан хугацаанд манай төв байгууллагын дотоод хяналтын баг ирж Тариалан сумын “Ник” ХХК-ийн шатахуун түгээх станцад тооллого хийхэд Б.Д*******т дээр 11,690,011 төгрөгийн дутагдал гарсан...Бид шүүгдэгчтэй 2023 оны 7 дугаар сард уулзсан. Тэгээд маргааш нь бид нартай ирээд уулзсан бол өнөөдрийн байдалд хүрэхгүй байх байсан. Цалин, ээлжийн амралтаасаа өр авлагаа барагдуулаад явах боломжтой байсан. Гэтэл өөрөө алга болчихсон. Шүүгдэгч нь нэхэмжилсэн мөнгө болох 6,948,524.22 төгрөг, үүн дээр шинжээчийн дүгнэлт гаргуулсны хөлс 1,000,000 нийт 7,948,524.22 төгрөгийг төлж барагдуулбал гомдол саналгүй...Манай зүгээс ял эдлүүлэх хүсэл байхгүй. Манай хохирлыг барагдуулахад л болох учраас торгох ялаар шийтгэж өгнө үү...” гэх мэдүүлэг,

Гэрч Б.Бөхбаатарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Б.Д*******ттай Тариалан сумын “Ник” шатахуун түгээх станцад хамт ажилладаг байсан, өөр харилцаа хамаарал байхгүй. Д*******т нь ажиллаж байх хугацаандаа Тариалан сумын “Ник” шатахуун түгээх станцад орсон бэлэн мөнгөний орлогоос зөвшөөрөлгүй хувьдаа 7,008,011 төгрөг аваад өөрөө хэрэглэсэн байсан. Манайх тухайн байгууллагын өдөрт орсон бэлэн мөнгөний орлогыг бүртгэж өдөр болгон банкаар дамжуулан төв компани болох “Ник” хувьцаат компанийн данс руу Хаан банкаар дамжуулан оруулдаг. Тухайн үед Д*******т өдөр болгон бүртгэдэг орлогоо бүртгээгүй хувьдаа аваад тухайн мөнгө нь аудитын тооллогоор гарч ирсэн. ...Манай “Ник” шатахуун түгээх станц нь нэг өдөр ойролцоогоор 2-3 сая төгрөгийн бэлэн мөнгөний орлоготой ажилладаг. Манай төв компаниас 2022 оны 06 дугаар сарын 10-нд дотоод аудитын шалгалт ороод тооллогоор 11,690,011 төгрөг дутаад тооллогын үед би ээлжид гарч байсан. Тэгээд Д*******тыг дуудсан чинь зугтаад олдоогүй. Тэр үед Д*******т Тариалан салбарыг хариуцаж байсан болохоор өөрөө авсан талаараа хүлээн зөвшөөрөөд ажлаасаа гарсан. Д*******т өдрийн орлогоос авахдаа хүнд мэдэгдэж хэлдэггүй байсан. Авсан мөнгөө юунд ашигласан талаар сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 36-38-р хуудас),

Гэрч Ч.Лувсанжамцын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Д*******тыг Тариалан сумын “Ник” шатахуун түгээх станцын орлогоос хувьдаа мөнгө авч хохирол учруулсан талаар нь мэднэ. Д*******т надад ярихдаа чамд зээлсэн 4,600,000 төгрөг, мөн 7 сая гаран төгрөгийн өртэй ажлаасаа гарлаа. Мөнгө төгрөгийн боломжтой үедээ мөнгөө цуглуулж байгаад тухайн мөнгөө дарж барагдуулна гэж ярьж байсан. Би найз Д*******тыг Тариалан сумын “Ник” шатахуун түгээх станцад ажиллаж байх үед нь өөрийн охин Хуланзаяагийн бие муудаад хагалгаанд орох болоод эмчилгээний мөнгийг Д*******таас зээлээд явуулсан юм...Би тухайн зээлсэн мөнгөө бэлнээр 2,000,000 төгрөгийг аваад, үлдсэнийг нь өөрийн Хаан банкны 5098115387 тоот данс руугаа 2,600,000 төгрөг шилжүүлж авсан. Би Д*******таас мөнгө зээлээч гэж асуухдаа Д*******тыг өөрийн мөнгөнөөсөө зээлж байгаа юм байна гэж бодсон. Ник шатахуун түгээх станцын мөнгөнөөс надад зээлж байгаа гэдгийг нь мэдээгүй. Дараа нь Д*******т ажлаасаа гараад надтай уулзаад колонкоос 11 сая гаран төгрөгийн өртэй гарчихлаа. Тэр мөнгөнөөс 4,600,000 төгрөгийг нь чи төлөөрэй. Чиний зээлсэн мөнгө шүү, үлдэгдэл мөнгийг нь би төлнө гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 40-42, 45-р хуудас),

Хөвсгөл аймгийн Тариалан сумын Шатахуун түгээх станцын борлуулалтын тооцооны Шинжээчийн тайлан (хх-ийн 60-75-р хуудас),

Чүлтэмжамцын Лувсанжамцын Хаан банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хх-ийн 108-112-р хуудас),

Ажилд орохыг хүсэгчийн анкетын хуулбар (хх-ийн 119-120-р хуудас),

Хөвсгөл аймаг дахь Нефте хангамжийн салбарын даргын 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 23 дугаартай: “...Ажилд авах тухай” тушаалын хуулбар (хх-ийн 121-р хуудас),

Хөвсгөл аймаг дахь Нефте хангамжийн салбарын даргын 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 116 дугаартай: “...Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай” тушаалын хуулбар (хх-ийн 122-р хуудас),

Хөдөлмөрийн гэрээ (хх-ийн 123-125-р хуудас),

Ажлын байрны тодорхойлолт (хх-ийн 126-128-р хуудас),

Шатахуун тосолгооны материалын тайлангийн хуулбар (хх-ийн 129, 132-135-р хуудас),

Банканд тушаасан мөнгөний жагсаалт (хх-ийн 130, 139-р хуудас),

Тосолгооны материалын тайлан ба тооцоо бодсон актын хуулбар (хх-ийн 131, 140-141-р хуудас),

Шатахуун, тослох материалын тооллогын бүртгэлийн хуулбар (хх-ийн 136-138, 142-148-р хуудас),

Хаан банкны орлогын мэдүүлгийн хуулбар (хх-ийн 149-165-р хуудас),

Б*******ын Д*******тын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хх-ийн 216-217-р хуудас),

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон:

ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 100-р хуудас), иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 102, 213-р хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хх-ийн 103-р хуудас), үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа (хх-ийн 104-р хуудас), Хөвсгөл аймгийн Тариалан сумын Сэлэнгэ багийн Засаг даргын тодорхойлолт (хх-ийн 212-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн *********** дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Улсын яллагч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.Д*******т нь “Ник” ХХК-ийн Хөвсгөл аймаг дахь нефть хангамжийн салбарын нефть хангамжийн ахлах операторчноор ажиллаж байх хугацаандаа 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн хооронд байгууллагын борлуулалтын орлогоос 11,630,524.22 төгрөгийг албан тушаалын байдлаа ашиглаж завшсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар гэм буруутайд тооцох саналтай байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Миний үйлчлүүлэгч гэм буруугаа болон хохирлын хэмжээг хүлээн зөвшөөрч хохирол төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлсэн. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн. ...Учруулсан хохирлын тухайд 6,948,524.22 төгрөгийн үлдэгдэлтэй гарсан...Эрүүгийн хуулийн зорилго нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршдог. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлсэн болон хувийн байдлыг харгалзан үзэж заавал хорих ял оногдуулахгүй байж болно...” гэв.

Шүүгдэгч нь хэргийн үйл баримт, гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаангүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.

Шүүгдэгч Б.Д*******т нь “Ник” ХХК-ийн Хөвсгөл аймаг дахь нефть хангамжийн салбарын нефть хангамжийн ахлах операторчноор ажиллаж байх хугацаандаа 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн хооронд байгууллагын борлуулалтын орлогоос 11,630,524.22 төгрөгийг албан тушаалын байдлаа ашиглаж завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Б.Д*******тын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Доржпагмын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Гэрч Б.Бөхбаатарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 36-38-р хуудас),

Гэрч Ч.Лувсанжамцын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 40-42, 45-р хуудас),

Хөвсгөл аймгийн Тариалан сумын Шатахуун түгээх станцын борлуулалтын тооцооны Шинжээчийн тайлан (хх-ийн 60-75-р хуудас),

 Чүлтэмжамцын Лувсанжамцын Хаан банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хх-ийн 108-112-р хуудас),

Ажилд орохыг хүсэгчийн анкетын хуулбар (хх-ийн 119-120-р хуудас),

Хөвсгөл аймаг дахь Нефте хангамжийн салбарын даргын 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 23 дугаартай: “...Ажилд авах тухай” тушаалын хуулбар (хх-ийн 121-р хуудас),

Хөвсгөл аймаг дахь Нефте хангамжийн салбарын даргын 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 116 дугаартай: “...Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай” тушаалын хуулбар (хх-ийн 122-р хуудас),

Хөдөлмөрийн гэрээ (хх-ийн 123-125-р хуудас),

Ажлын байрны тодорхойлолт (хх-ийн 126-128-р хуудас),

Шатахуун тосолгооны материалын тайлангийн хуулбар (хх-ийн 129, 132-135-р хуудас),

Банканд тушаасан мөнгөний жагсаалт (хх-ийн 130, 139-р хуудас),

Тосолгооны материалын тайлан ба тооцоо бодсон актын хуулбар (хх-ийн 131, 140-141-р хуудас),

Шатахуун, тослох материалын тооллогын бүртгэлийн хуулбар (хх-ийн 136-138, 142-148-р хуудас),

Хаан банкны орлогын мэдүүлгийн хуулбар (хх-ийн 149-165-р хуудас),

Б*******ын Д*******тын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хх-ийн 216-217-р хуудас) зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт заавал байх шинжид хамаардаг.

Шүүгдэгч Д*******т нь “Ник” ХХК-ийн Хөвсгөл аймаг дахь нефть хангамжийн салбарын нефть хангамжийн ахлах операторчноор ажиллаж байх хугацаандаа 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн хооронд байгууллагын борлуулалтын орлогоос 11,630,524.22 төгрөгийг албан тушаалын байдлаа ашиглаж завшсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд өмчлөх эрхэд хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч М.Д*******тын үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч нь бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж өөрт ашиг хонжоо олох зорилгоор, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгөнд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал /Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал/ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Д*******тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцов.

      Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг шүүгдэгч Б.Д*******т нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Шүүгдэгч Б.Д*******т нь хохирогч “Ник” ХХК-ийн Хөвсгөл аймаг дахь нефть хангамжийн салбарт 11,630,524.22 төгрөгийн хохирлыг учруулсан байна.

Шүүгдэгч Б.Д*******т нь 11,630,524.22 төгрөгийн хохирлоос 4,682,000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн, 7,948,524.22 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлж байх тул шүүгдэгч Б.Д*******таас нөхөн төлөгдөөгүй хохирол 6,948,524.22 төгрөгийг, мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “...шинжээчид төлөх зардал” гэж хуульд заасан зардал буюу шинжээчийн төлбөр 1,000,000 төгрөг нийт 7,948,524.22 төгрөгийг гаргуулж “Ник” ХХК-ийн Хөвсгөл аймаг дахь нефть хангамжийн салбарт олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 2 жил, 6 сарын хугацаагаар  хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч өнөөдрийн шүүх хуралдаан дээр Б.Д*******ттай заавал шүүгдэгч гэсэн байр сууринаас болон түүнийг яллах гэсэн байр сууринаас оролцоогүй. Учирсан хохирлоо нөхөн төлүүлэх л зорилготой орж ирсэн гэдгээ тайлбарлаж байгаа учраас хорих ял оногдуулахгүйгээр торгох ялаар шийтгэж өгнө үү. Торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна...” гэв.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Д*******тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Д*******т нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас  (хх-ийн 100-р хуудас)-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Д*******т нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлын зарим хэсгийг нөхөн төлсөн, хохирлоос үлдэх хэсгээ нөхөн төлөхөө илэрхийлсэн, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэж мал маллаж амьдардаг зэрэг хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулж, уг торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Б.Д*******тын цагдан хоригдсон 13 хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу нийт 195 нэгжээр тооцож 195,000 төгрөгийг торгох ялаас нь хасаж тооцлоо.

Эрүүгийн *********** дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Онход овогт Б*******ын Д*******тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Б*******ын Д*******тыг 10,000 (арван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 (арван сая) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д*******тад оногдуулсан 10,000 (арван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 (арван сая) төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д*******тын цагдан хоригдсон 13 (арван гурав) хоногийг торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу нийт 195 (нэг зуун ерэн тав) нэгжээр тооцож 195,000 (нэг зуун ерэн таван мянга) төгрөгийг торгох ялаас хассугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Б.Д*******таас хохирол 6,948,524.22 (зургаан сая есөн зуун дөчин найман мянга таван зуун хорин дөрвөн төгрөг хорин хоёр мөнгө) төгрөг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шинжээчийн төлбөр 1,000,000 (нэг сая) төгрөг нийт 7,948,524.22 (долоон сая есөн зуун дөчин найман мянга таван зуун хорин дөрвөн төгрөг хорин хоёр мөнгө) төгрөгийг гаргуулж хохирогч “Ник” ХХК-ийн Хөвсгөл аймаг дахь нефть хангамжийн салбарт олгосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Д*******т нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

7. Эрүүгийн *********** дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

      8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

      9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Д*******тад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

 

 

      ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Т.ХҮРЭЛБААТАР