| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2024/0002/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/03 |
| Огноо | 2023-12-26 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | Н.Амаржаргал |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 12 сарын 26 өдөр
Дугаар 2024/ШЦТ/03
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, шүүгч Т.Энхмандах, Р.Батбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа
Улсын яллагч Н.Амаржаргал
Иргэдийн төлөөлөгч Ц.Б
Шүүгдэгч О.Батболд нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Н.Амаржаргалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овогт О-ы Батболдод холбогдох эрүүгийн 2340000000059 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1983 оны ... дугаар сарын ...-ны өдөр .... аймгийн ...суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, .............. ажилтай, ам бүл ..., Хэнтий аймгийн ... сумын .... дүгээр баг ...... тоотод оршин суух, урьд Хэнтий аймаг дахь сум дундын 2-р шүүхийн 2004 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Хэнтий аймаг дахь сум дундын 2-р шүүхийн 2008 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 06 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, .... регистрийн дугаартай Б овогт О-ны Батболд.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч О.Батболд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 10 дугаар сарын 07-ны орой 21 цагийн үед Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын ... дүгээр баг ..... тоотод оршин суух өөрийн гэртээ хохирогч Я.Азжаргалтай архи уух явцдаа маргалдаж, улмаар түүний цээжний зүүн хэсэгт хутгалж, цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч О.Батболд шүүхийн хэлэлцүүлэгт: “Би хийсэн хэрэгтээ харамсаж байна.” гэв.
2340000000059 тоот эрүүгийн хэргээс
Хохирогч Я.Азжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Тухайн өдөр буюу 2023 оны 10 сарын 07 өдөр намайг гэртээ байхад нэлээн орой О.Батболд манайхаар орж ирсэн. О.Батболд манайд орж ирэхдээ нэлээн халамцуу явж байсан урьд нь хаана хэнтэй уусан талаар нь мэдэх юм алга. Би ч мөн гэртээ сайнгүй байсан тухайн өдөр нь гэр зуур байсан учраас ганцаараа уучихсан байсан юм. О.Батболд миний ууж байсан архинаас 2-3 уусан байх. Тэр үед О.Батболд намайг гутал энэ тэрээ аятай өмс гэснээс болоод бид хоёр жоохон маргалдаад гараад яваад өгсөн. Би гарчхаад ороод ирсэн чинь эхнэр гэртээ байхгүй байхаар нь би гараад О.Батболдынд очсон чинь гэрийнх нь гэрэл асаалттай манай эхнэр О.Батболд нар гэрийн баруун орон дээр хөнжил нөмрөөд хэвтэж байсан би очоод хөнжлийг нь сөхсөн чинь хоёулаа куртик хувцастайгаа байж байсан. Би тухайн үед юу болоод байгаа талаар асуухад даараад жоохон хэвтэж байгаад явъя юунд нь хардахав дээ гэж байсан. Тэгэхээр нь би орных нь урьд байсан шилтэй архинаас явуулаач гэсэн явуулаагүй жаахан маргалдаад орны хөшигний урд манай эхнэр хойд талд О.Батболд, хамгийн хойно нь би өөрөө суугаад би Батболдод хандан за хоёулаа багын найзаа дуудаж та хоёрын байгаа байдлыг харуулъя гэх юм ярьж байхад О.Батболд хаанаас авсан юм мэдэхгүй гарт нь хутга гялалзсан. Би арай ч дүрчихгүй байх гэтэл миний цээж рүү хутгалчихсан. Би энэ үед цамцаа сөхөөд хартал цус урсаж байсан. Энэ үед эхнэр шууд гараад гүйсэн. Энэ үед эмнэлэг цагдаа дуудсан юм билээ. Ийм л юм болсон. 21 цаг 30 минутын орчим байх гэж бодож байна. Бид хоёрын дунд өс хонзонгийн ямар нэгэн зүйл байхгүй. Батболдынд 10-20 минут л болсон байх тэгж бодож байна. Одоо биеийн байдал хэвийн байна. Миний зүүн эгэмийн доод хэсэгт хутгалчихсан” гэх мэдүүлэг /хх-ийн 16-19-р хуудас/
Хохирогч Я.Азжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “...О.Батболд яг бэлэн мөнгө алга байна 3.000.000 төгрөгт бодож мал өгнө гэж байсан одоогоор өгөөгүй байна. Ер нь бол хэрэг гарсан цагаас хойш хувиараа гагнуур хийдэг ажил маань зогсож орлогогүй болоод байна. Хэрэв О.Батболд надад хохирол төлбөрөө мал болон мөнгөн хэлбэрээр барагдуулахгүй бол би баримтаа цуглуулж байгаад хохирлоо шүүхийн шатанд нэхэмжилнэ гэж бодож байна, яг одоогоор би гэр бүлээ орхиж явж эмчилгээ сувилгаа хийлгэж чадахгүй байгаа учраас өнөөдрийн хувьд өгөх баримт алга байна. Би сэтгэл санааны хувьд хохирсон юм алга. Хойшид эмчилгээний зардлаа гаргуулна л гэж бодож байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 82-р хуудас/
Гэрч Д.У-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Өчигдөр буюу 2023 оны 10 дугаар сарын 07-ний өдөр нэлээн оройхон гэгээ тасрахаас өмнөхөн нөхөр бид хоёрыг гэртээ байхад гаднаас Батболд нэлээн халамцуу орж ирээд манай нөхрийн ууж байсан 0.33 хараа архинаас хамт уугаад нэлээн суусан юм. Тэгээд юунаас болсныг мэдэхгүй хоорондоо муудалцаад байсан. Би тэр үед энэ хоёрыг боль гэсэн боловч болихгүй хэрэлдээд муудалцаад ердөө болохгүй болохоор нь загнаж ч үзсэн. Тэгж байгаад Батболд гараад явсан. Энэ үед манай нөхөр над руу дайраад байхаар би хэрэлдээд яах вэ гээд гараад явж байтал Батболдтой гудамжинд таарсан, энэ үед Батболд Ууганхорол гэх эмэгтэйнд очих уу гээд бид хоёр залгахад утас нь болохгүй байсан юм. Энэ үед Батболд манайд очих уу гэхээр нь тэгье гээд Бор-Өндөр сумын 4 баг Жаргалантын 6-603 тоотод хашаанд байх Батболдын 4 ханатай Монгол гэрт ороод би зүүн талын ширээний хажууд сандал дээр Батболд баруун орон дээрээ суугаад Азжаргалын уур нь гайгүй болж байгаа байлгүй хоёулаа очъё доо гэсэн юм яриад байж байтал манай нөхөр гэнэт гаднаас ороод ирсэн. Тэгээд Азжаргал тэдний баруун орон дээр очиж Батболдын урд талд буюу хажууд нь очиж суугаад 10-20 минут ойр зуурын юм ярьж Батболдынд байсан 0,75 л хагас шил Хараа архинаас хамт ууж суусан би ч ганц нэг хийж өгснийг нь уусан тэгээд л удалгүй тэр хоёр бас муудалцаад эхэлсэн, тэгээд Батболд гэнэт нэг цагаан эвхдэг хутга гаргаад ирсэн байсан би хөөе гэхийн завдалгүй манай нөхрийн цээжинд дүрчихсэн тэгээд л цээжнээс нь цус гараад ирэхээр би айгаад шууд гараад эмнэлэг рүү гүйсэн, эмнэлэг дээр ирээд эмнэлгийн машин болон эмчтэй шууд очсон. Энэ үед цагдаа нар цуг шахуу очсон ийм л юм болсон. 21:20-21:30 цагийн орчим хутгалуулсан байх гэж бодож байна. Бид гурваас өөр хүн байгаагүй. Манайх л лав биш Батболдын өөрийнх нь хутга байх. Манайд байхдаа муудалцсан талаараа л хэрэлдээд байсан, анх манайд яагаад муудалцаад байсан талаар би мэдэхгүй байна. О.Батболд байнга орж гарцгаадаг, өчигдөр бол манай нөхөр нэлээн согтуу байсан гэртээ өглөөнөөс хойш ганцаараа уугаад байсан юм. Зүгээр л байцгаасан улс, яагаад муудалцаад байсныг нь мэдэхгүй байна. Батболд бас л нэлээн согтуу байсан. Аль аль нь гайгүй л ааш авиртай хүмүүс шүү дээ. Хааяа хамт архи уусан тохиолдол бол байгаа байх дандаа бол биш” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23-р хуудас/
Шүүгдэгч О.Батболдын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би 2023 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 17 цагийн орчим Бор-Өндөр сумын төвд байнга архи уугаад яваад байдаг зүс таних 2 хүнтэй 0,75 хараа архи гудамжинд хувааж уучхаад харих гээд явж байхдаа замаараа танил Я.Азжаргалынд орсон би тэднийд орох үед цаг ойролцоогоор 19 цаг өнгөрч байсан. Намайг ороход Я.Азжаргал гэртээ агсам тавиад эхнэртэйгээ хэрүүлтэй архи уугаад сууж байсан. Ууж байсан 0,33 хараа архинаас нь би мөн уусан. Энэ үед Я.Азжаргал надад хандан манайд ирж архи уулаа манайх архины оромж уу энэ тэр гэснээс болж бид хоёр хэн хэнийхээ үгийг даахгүй жаахан маргаж байгаад би гараад явсан. Тэгээд намайг гараад явж байхад түүний эхнэр Д.У нь Азжаргалыг унттал танайд жаахан сууя гээд гүйгээд очихоор нь гэр лүүгээ аваад явсан юм. Д.У манайх руу явахдаа Далан гэх дэлгүүрээс 0,75 л нэг шил Хараа архи авсан юм. Бид хоёр манайд ороод тухайн архийг уугаад нэлээн бага болсон байсан ба би баруун орон дээрээ, Д.У гэрийн зүүн талд байх ширээний хажуу талын сандал дээр сууж байтал Я.Азжаргал гаднаас орж ирээд ямар ч үгний зөрүүгүй миний нүүр лүү өшиглөсөн юм. Түүнээс болж бид хоёр нэлээн хэрэлдсэн бас гурвуулаа архинаасаа жаахан уусан, тэгээд Я.Азжаргал над руу асаад агсам тавиад байхаар нь би гэрийн зүүн урд талд байх гал зуухны шүүгээ дээр ил дэлгээтэй байсан эвхдэг хутгыг аваад Я.Азжаргалын цээж рүү жаахан чичих шиг л болсон чинь шаачихсан байсан гэнэт цус гараад эхэлсэн. Тэр үед эхнэр нь эмнэлэг дуудсан уу яасан мэдэхгүй гараад гүйсэн удалгүй эмнэлэг болон цагдаагийнхан ирсэн. Бид хоёрт урьдын өс хонзон байхгүй. Азжаргал агсам тавиад байна, унттал нь танайд жаахан байж байя гэхээр нь би дагуулаад явсан юм. Манайд очоод 10, 20 минут л болсон байх, би Я.Азжаргалыг 21:30 цагийн орчим хутгалсан байх гэж бодож байна. ...20-иод жилийн өмнө дээрэмдэх гэмт хэргээр 2 жилийн тэнсэн харгалзах ялаар шийтгүүлж байсан өөр зүйл байхгүй. Би Бор-Өндөр сумын Уулын баяжуулах үйлдвэрт авто тээврийн цехэд засварчин ажилтай сард 1.400.000 төгрөгийн цалинтай. Энэ ажилд ороод 1 жил гаран болж байна. Миний хутгалсан асуудлаас болж ийм гэмтэл авсан гэж бодож байна.” гэх мэдүүлэг. /хх-ийн 75-76-р хуудас/
Хэнтий аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 508 дугаартай
1.Я.Азжаргалын биед цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-н 28-29 хуу/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-н 13-9 хуу), О.Батболдын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.
Шүүгдэгч О.Батболд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 10 дугаар сарын 07-ны орой 21 цагийн үед Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4 дүгээр баг Жаргалантын 6-603 тоотод оршин суух өөрийн гэртээ хохирогч Я.Азжаргалтай архи уух явцдаа маргалдаж, улмаар түүний цээжний зүүн хэсэгт хутгалж, цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх бүхий гэмтэл учруулж, хүйтэн зэвсэг буюу хутга хэрэглэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь
Хохирогч Я.Азжаргалын “...юм ярьж байхад О.Батболд хаанаас авсан юм мэдэхгүй гарт нь хутга гялалзсан. Би арай ч дүрчихгүй байх гэтэл миний цээж рүү хутгалчихсан. Би энэ үед цамцаа сөхөөд хартал цус урсаж байсан....” гэх мэдүүлэг
Гэрч Д.У-н “...Тэгээд Азжаргал тэдний баруун орон дээр очиж Батболдын урд талд буюу хажууд нь очиж суугаад 10-20 минут ойр зуурын юм ярьж Батболдынд байсан 0,75 л хагас шил Хараа архинаас хамт ууж суусан би ч ганц нэг хийж өгснийг нь уусан тэгээд л удалгүй тэр хоёр бас муудалцаад эхэлсэн, тэгээд Батболд гэнэт нэг цагаан эвхдэг хутга гаргаад ирсэн байсан би хөөе гэхийн завдалгүй манай нөхрийн цээжинд дүрчихсэн тэгээд л цээжнээс нь цус гараад ирэхээр би айгаад шууд гараад эмнэлэг рүү гүйсэн...” гэх мэдүүлэг
Хэнтий аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 508 дугаартай дүгнэлт болон шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас учирсан хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хууль, зүйлийн 2-т “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт О.Батболдыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
“Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг гэж Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний “халдашгүй байх” эрхийг зөрчиж буюу хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр хүч хэрэглэн халдсаны улмаас хүнд гэмтэл учирсан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг гэж хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2-д “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж тодорхойлсон.
Шүүгдэгч О.Батболд нь зэвсэг хэрэглэн хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулж буй үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, хутгалах үед хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж биеэр үйлдсэний улмаас хохирогч Я.Азжаргалын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэж үзэхээр байна.
Ийнхүү шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэрээр, түүний гэмт үйлдлийн улмаас үүссэн үр дагавар болох хохирогчид учирсан гэмтэл хоёрын хооронд шалтгаант холбоотой гэж дүгнэж Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж дүгнэлээ.
Шүүгдэгч О.Батболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний биед хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “зэвсэг хэрэглэж” үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэсэн дүгнэлтийг улсын яллагч гаргасан бол шүүгдэгчийн зүгээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
Мөн шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч нь шүүгдэгчийн гэм буруугийн талаар “О.Батболд нь иргэн Я.Азжаргалыг мэс хэрэглэж хүнд гэмтэл учруулсан гэм буруутай” гэх дүгнэлтийг шүүх хуралдаанд гаргасан нь хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, шүүхийн дүгнэлттэй тохирч байна.
Шүүх хуралдаанд шүүгдэгч нь өмгөөлөгч авахгүй, өөрийгөө өмгөөлөх тухай хүсэлтийг бичгээр гаргасан, тус хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан өмгөөлөгч оролцуулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэл тогтоогдоогүй тул шүүгдэгчийн хүсэлтийн дагуу өмгөөлөгч оролцуулалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Я.Азжаргалын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд хохирогч өөрт учирсан хохирол, хор уршгийн талаарх баримтыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж өгөөгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэж, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн зардлыг нотлох баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч О.Батболдоос нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөл нь шүүгдэгч болон хохирогчийн согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэдэг нөхцөл байдал, шүүгдэгчийн хууль, эрх зүйн мэдлэг дутмаг, шүүгдэгч хохирогч нарын бие биеэ үйл хүндэтгэсэн харилцаа нөлөөлсөн гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч О.Батболдод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг гаргав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгч О.Батболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “зэвсэг хэрэглэж үйлдсэн” гэм буруутайд тооцсон тул тус зүйл ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Иймд шүүхээс шүүгдэгч О.Батболдод эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ажлын хэсгийн урт нь 7.5 см, нийт урт нь 19.5 см, бариул дээрээ “More” гэсэн бичигтэй эвхэгддэг хутга, 0,75 литрийн Хараа гэх архины шил зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын “Эд мөрийн баримт шийдвэрлэх” комисст шилжүүлэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй болохыг тогтоолд дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол О.Батболдод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
5. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй болохыг тус тус дурдаж, хохирогч Я.Азжаргал нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн зардлыг нотлох баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч О.Батболдоос нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл О.Батболдод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ЭНХМАНДАХ
ШҮҮГЧИД Т.ЭНХМАНДАХ
Р.БАТБАЯР