| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2017/0085/э |
| Дугаар | 2017/ШЦТ/84 |
| Огноо | 2017-03-24 |
| Зүйл хэсэг | 201.1., |
| Улсын яллагч | Л.Отгончимэг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 2017/ШЦТ/84
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу,
Улсын яллагч Л.Отгончимэг,
Шүүгдэгч Г.Б- нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 201 дүгээр зүйлийн 201.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г.Б-т холбогдох эрүүгийн 201722000151 дугаартай хэргийг 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Г.Б-,
Шүүгдэгч Г.Б- нь 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдөр орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас иргэн Б.Б- нь нохойд хазуулж гэмтсэн гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.Б- нь 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдөр орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас иргэн Б.Б-ийн бие махбодид баруун сарвуунд шарх, баруун зүүн шуу, баруун шилбэнд зулгаралт бүхий хөнгөн гэмтээсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Г...Г.Б-ын хэрэг бүртгэлтийн шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ...2017.03.07-ны орой эхнэр бид хоёр гэртээ байгаагүй. Манай эхнэр Н- “Буман агт” караоке бааранд үйлчлэгч хийдэг болохоор шөнө тардаг, би тэр өдөр Мөрөн сумын ... тоотод ээжийндээ байж байгаад 23 цагийн үед гэртээ ирсэн. Манай эхнэрийн дагавар хүүхэд Б- тэр үед гэртээ ганцаараа байсан. Орой ирэхэд нохой хүн хазсан талаар бид хоёрт хэлээгүй. Сүүлд энэ хэргийн талаар цагдаа дээр ирж уулзаад гэртээ хариад Б-аас асуухад манай нохой хүн хазсан гэж хэлсэн... гэх мэдүүлэг,
Хохирогч Б.Б-ийн хэрэг бүртгэлтэд өгсөн: ...2017.03.07-ны орой 18 цагийн үед би ажлаасаа тараад гэртээ харихаас “Өгөөж”-ийн урд талын автобусны зогсоол дээр микронд суухаар очсон. Тэнд микро хүлээж байхад шээс хүрээд байхаар нь автобусны буудлын урд шинэ баригдсан ногоон буудлын /Green gold/ зүүн талын онгорхой хашаагүй завсарлуу орж явтал урдаас бор саарал өнгийн нохой давхиад ирсэн. Би арагшаа ухарсан чинь тэр нохой бүр надруу дайрсан, тэгэхээр нь газар самардаад урагшаа болтол тэр нохой хуцаад зогссон. Тэгж байтал тэр хашаан дотор байсан монгол гэрээс нэг банди /хүү/ гарч ирсэн, нохойгоо хуцахыг сонсоод гарч ирсэн байх. Тэр залуу нохойгоо дуудах шиг болоод наашаа гүйхэд нохой нь шууд надруу дайраад урдаас үсэрсэн. Тэгэхээр нь би гараараа нүүрээ хаахад миний хоёр гарыг хазсан. Гэрээс гарч ирсэн банди нохойгоо барьж авах гээд чадахгүй байсаар байтал би хэд хэдэн удаа хазуулсан. Тэр нохой нь хүзүүвчтэй байсан. Тэгээд тэр залуу надаас нохойгоо салгаж аваад уяанаас нь уясан. Миний гарнаас цус гараад байхаар нь би тэр залууг ахдаа гар арчих юм аваад ирээч гэхэд тэр залуу гэрлүүгээ ороод нойлын цаас авчирч өгсөн. Тэгээд би гараа арччихаад таксигаар эмнэлэг орж 103 дээр очиж гарандаа 1 оёдол тавиулсан… гэх мэдүүлэг /хх-ийн 9-11 дугаар хуудас/,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны эмч, шинжээчийн 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 188 дугаартай:
1. Б.Б-ийн биед баруун сарвуунд шарх, баруун зүүн шуу, баруун шилбэнд зулгаралт бүхий гэмтэл учирсан байна.
2. Тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байна.
3. Хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайлбал хазуулахад үүсгэгдэнэ.
4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 13 дугаар хуудас/,
Хохирогч Б.Б- нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ зэрэг дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлэн авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэллээ.
Иймд шүүгдэгч Г.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 201 дүгээр зүйлийн 201.1-д заасан орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний бие махбодийг хөнгөн гэмтээсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Б-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 201 дүгээр зүйлийн 201.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж, шүүгдэгчийг 1 сар 20 хоног баривчлах ялын санал бичиж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн байх боловч хохирогч Б.Б- нь шүүгдэгч Г.Б-тай сайн дураараа эвлэрсэн талаарх 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн эвлэрлийн гэрээ, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын саналыг үндэслэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т зааснаар шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг "шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрснээр" хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 29 дүгээр хуудас/-аар тогтоогдож байна.
Эрүүгийн 201722000151 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 418 дугаар зүйлийн 418.2, 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-299 дүгээр заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.Б-ыг орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний бие махбодийг хөнгөн гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 201 дүгээр зүйлийн 201.1-д заасан гэмт хэрэгт яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Г.Б-т холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3. Эрүүгийн 201722000151 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
4. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б-т урьд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР