Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 00084

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу,

Улсын яллагч Л.Отгончимэг,

Шүүгдэгч Г.Болдбаатар нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 201 дүгээр зүйлийн 201.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Гачаагийн Болдбаатарт холбогдох эрүүгийн 201722000151 дугаартай хэргийг 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Тогоруутан овогт Гачаагийн Болдбаатар, 1981 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4 дүгээр багийн 26-16 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн РЮ81081776 дугаартай,

Шүүгдэгч Г.Болдбаатар нь 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдөр орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас иргэн Б.Баасандорж нь нохойд хазуулж гэмтсэн гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.Болдбаатар нь 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдөр орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас иргэн Б.Баасандоржийн бие махбодид баруун сарвуунд шарх, баруун зүүн шуу, баруун шилбэнд зулгаралт бүхий хөнгөн гэмтээсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Г...Болдбаатарын хэрэг бүртгэлтийн шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ...2017.03.07-ны орой эхнэр бид хоёр гэртээ байгаагүй. Манай эхнэр Нямсүрэн “Буман агт” караоке бааранд үйлчлэгч хийдэг болохоор шөнө тардаг, би тэр өдөр Мөрөн сумын 4-26-16 тоотод ээжийндээ байж байгаад 23 цагийн үед гэртээ ирсэн. Манай эхнэрийн дагавар хүүхэд Батням тэр үед гэртээ ганцаараа байсан. Орой ирэхэд нохой хүн хазсан талаар бид хоёрт хэлээгүй. Сүүлд энэ хэргийн талаар цагдаа дээр ирж уулзаад гэртээ хариад Батнямаас асуухад манай нохой хүн хазсан гэж хэлсэн... гэх мэдүүлэг,

Хохирогч Б.Баасандоржийн хэрэг бүртгэлтэд өгсөн: ...2017.03.07-ны орой 18 цагийн үед би ажлаасаа тараад гэртээ харихаас “Өгөөж”-ийн урд талын автобусны зогсоол дээр микронд суухаар очсон. Тэнд микро хүлээж байхад шээс хүрээд байхаар нь автобусны буудлын урд шинэ баригдсан ногоон буудлын /Green gold/ зүүн талын онгорхой хашаагүй завсарлуу орж явтал урдаас бор саарал өнгийн нохой давхиад ирсэн. Би арагшаа ухарсан чинь тэр нохой бүр надруу дайрсан, тэгэхээр нь газар самардаад урагшаа болтол тэр нохой хуцаад зогссон. Тэгж байтал тэр хашаан дотор байсан монгол гэрээс нэг банди /хүү/ гарч ирсэн, нохойгоо хуцахыг сонсоод гарч ирсэн байх. Тэр залуу нохойгоо дуудах шиг болоод наашаа гүйхэд нохой нь шууд надруу дайраад урдаас үсэрсэн. Тэгэхээр нь би гараараа нүүрээ хаахад миний хоёр гарыг хазсан. Гэрээс гарч ирсэн банди нохойгоо барьж авах гээд чадахгүй байсаар байтал би хэд хэдэн удаа хазуулсан. Тэр нохой нь хүзүүвчтэй байсан. Тэгээд тэр залуу надаас нохойгоо салгаж аваад уяанаас нь уясан. Миний гарнаас цус гараад байхаар нь би тэр залууг ахдаа гар арчих юм аваад ирээч гэхэд тэр залуу гэрлүүгээ ороод нойлын цаас авчирч өгсөн. Тэгээд би гараа арччихаад таксигаар эмнэлэг орж 103 дээр очиж гарандаа 1 оёдол тавиулсан… гэх мэдүүлэг /хх-ийн 9-11 дугаар хуудас/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны эмч, шинжээчийн 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 188 дугаартай:

1. Б.Баасандоржийн биед баруун сарвуунд шарх, баруун зүүн шуу, баруун шилбэнд зулгаралт бүхий гэмтэл учирсан байна.

2. Тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байна.

3. Хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайлбал хазуулахад үүсгэгдэнэ.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 13 дугаар хуудас/,

Хохирогч Б.Баасандорж нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ зэрэг дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлэн авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэллээ.

Иймд шүүгдэгч Г.Болдбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 201 дүгээр зүйлийн 201.1-д заасан орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний бие махбодийг хөнгөн гэмтээсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Болдбаатарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 201 дүгээр зүйлийн 201.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж, шүүгдэгчийг 1 сар 20 хоног баривчлах ялын санал бичиж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн байх боловч хохирогч Б.Баасандорж нь шүүгдэгч Г.Болдбаатартай сайн дураараа эвлэрсэн талаарх 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн эвлэрлийн гэрээ, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын саналыг үндэслэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т зааснаар шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг "шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрснээр" хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 Шүүгдэгч нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 29 дүгээр хуудас/-аар тогтоогдож байна.

Эрүүгийн 201722000151 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 418 дугаар зүйлийн 418.2, 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-299 дүгээр заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Шүүгдэгч Тогоруутан овогт Гачаагийн Болдбаатарыг орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний бие махбодийг хөнгөн гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 201 дүгээр зүйлийн 201.1-д заасан гэмт хэрэгт яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Г.Болдбаатарт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Эрүүгийн 201722000151 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

4. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Болдбаатарт урьд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               М.ЭРДЭНЭ-ОЧИР