Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 2020/ДШМ/09

 

Л.Б-д холбогдох 

эрүүгийн хэргийн талаар

 

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч О.Баатарсүх  даргалж, шүүгч С.Оюунтунгалаг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийв.

 

Шүүх хуралдаанд:

        прокурор Э.Хосбаяр

        шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг

        хохирогч Т.Б, түүний өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа /онлайнаар/

        нарийн бичгийн дарга Ц.Алтансүх нар оролцов.                       

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 15 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн хохирогч Т.Б, түүний өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа нарын давж заалдах гомдлоор тус аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Л.Б-д холбогдох эрүүгийн 1930003830254 дугаартай хэргийг давж заалдах шатны шүүх 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Баатарсүхийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 19.. онд Дархан-Уул аймгийн Хонгор суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаан, хийн гагнуур мэргэжилтэй, “Тс” ХХК-д ээлжийн ахлах ажилтай байсан, ам бүл .., эмээ, дүү нарын  хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар баг У-н ...... тоотод оршин суух,  ял шийтгэлгүй, Л.Б /РД:............./.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч  Л.Б нь 2019 оны 09 дүгээр сарын 04-ний шөнө 23 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Х” гэх газарт Муссо маркийн ........ УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.1-ын “а”-д заасан “тээврийн хэрэгслийн жолооч тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөлтэй байна”,  3.7-ын “а”-д заасан “жолооч тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно, 12.3-т заасан “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас онхолдож хохирогч Т.Б-ийн эрүүл мэндэд  хүнд хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаяр нь шүүгдэгч Л.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Тус аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 15 дугаар шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Л.Б-ийг согтуугаар, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан  мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1,  2.2, 2.3-т зааснаар шүүгдэгч Л.Б-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар Л.Б-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1, 2.5-т зааснаар шүүгдэгч Л.Б-д гэмт хэргийн хор уршгийг арилгах арга хэмжээ авах,  оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх  зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Сүхбаатар аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Л.Б-д мэдэгдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Л.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Т.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотойгоор гарсан зардлыг  нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Хохирогч Т.Б, түүний өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа нар давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх шүүгдэгч Л.Б-д ял оногдуулахдаа эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1-д зааснаар хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан гэх дүгнэлт хийсэн бөгөөд шүүгдэгч Б нь хуулийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй маргадаг бөгөөд түүнийг шүүх тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгслийг жолоодон явж байгаад авто осол гарган хохирогч Т.Б-ий биед хүнд хохирол учирсан. Түүний гэм хорыг арилгаагүй байхад хөнгөн төрлийн ял оногдуулсаныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн шүүгдэгч нь Дархан аймагт гэх боловч тодорхой оршин суух хаяггүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, өөрийн гэсэн тогтсон утасны дугааргүй тул хохирлыг нөхөн төлнө гэж илэрхийлсэн боловч,  түүнийг олоход хүндрэлтэй байдал үүсээд байгаа бөгөөд шүүх хуралдаанаас хойш утас нь холбогдохгүй байгаа зэргээс харахад түүнд оногдуулсан ял хөнгөдсөн бөгөөд хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлөөгүй бөгөөд төлөх хүсэл эрмэлзэлгүй байна. Иймд дээрх нөхцөл байдлыг хянан үзэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт гаргасан бөгөөд согтуугаар гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэргээ болон гэм буруугаа хүлээн зөвшөөрдөггүй, мөн шүүх хохирол төлсөн дүнг буруу дүгнэсэн зэргийг хянан үзэж шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

Прокурор дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Давж заалдах шатны шүүх хохирогч Т.Б, түүний өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа нарын давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр шүүгдэгч Л.Б-д холбогдох эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

          Хэрэгт авагдсан хохирогч Т.Б-ий: “... цаашид шүд хийлгэх, групп тогтоолгох, гоо сайханы хагалгаанд орох, сувилалд хэвтэх, ажилгүйдлийн тэтгэмж нийт 60000000 төгрөг нэхэмжилж байна. Нэг шүд хийлгэхэд хамгийн багадаа 2000000 төгрөг болно. Юм идэж чадахгүй, үнэрлэх, амтлах чадваргүй болсон” гэх,

          Хохирогчийн өмгөөлөгч Ю.Сэвлэгмаагийн шүүх хуралдаанд өгсөн: “... Энэ гэмтлийн улмаас хохирогч Т.Б нь 10 шүдээ авахуулсан. Шүдний эмчилгээний зардал нь 26000000 төгрөг болно. Олон шүд авахуулсан учраас нөхөн сэргээгдэх эмчилгээ зайлшгүй хийлгэх шаардлагатай бөгөөд эмчилгээний зардалд нийт 60000000 төгрөг нэхэмжилсэн” гэх мэдүүлгүүд,

          Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 483 дугаар: “Т.Б-ий биед титэм заадасны зүүн хэсгээс эхлэн дух яс руу үргэлжилсэн, духны хөндийн гадна болон дотор ялтас дайрч цөмөрсөн хугарал, 2 талын нүдний ухархайн дээд , дотор, доод хана, этмойд, суурийн хөндий, суурь, хамар яс, 2 талын гайморийн хөндийн урд, гадна хана, хоншоор яс хамарсан олон нийлмэл хугарал, хатуу хальсан доорх цусан хураа, тархины дарагдал няцрал, дух, нүүрний зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрт тогтмол нөлөөлөх нь эмчилгээ, эдгэрэлтийн байдлаас хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 46х/ зэрэг нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Л.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  “гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн төлөх эсхүл түүнийг бодит байдлаар нөхөн төлөхөө илэрхийлэх”  шаардлагыг хангаагүй байхад анхан шатны шүүхээс түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, эрүүгийн хуулийн зүйл, хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.  /хх-ийн 14, 162-163х/.

Иймд энэ талаар бичсэн хохирогч Т.Б, түүний өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа нарын давж заалдах гомдлыг хангаж, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

Нэг. Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 15 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Л.Б-д холбогдох эрүүгийн 1930003830254 дугаартай хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

Хоёр. Хэргийг шүүхэд очтол шүүгдэгч Л.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

Гурав. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч,  тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             О.БААТАРСҮХ

 

                       ШҮҮГЧИД                                               С.ОЮУНТУНГАЛАГ   

 

                                                                                   Д.БАЙГАЛМАА