Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 101/ШШ2021/00242

 

 

 

 

 

 

 

 

 2021          01          22                                         101/ШШ2021/00242

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Болормаа даргалж,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, тоот, РД:, Л.О-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, тоотод оршин суух, РД:, Э.Н-д холбогдох 3.353.152 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.О, хариуцагч Э.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Шинэцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.О шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүрэг тоот 2 өрөө орон сууцыг 2019-09-18-ны өдөр Э.Н-д нэг сарын 1.000.000 төгрөгөөр, 6 сарын хугацаатай түрээслэсэн. 2020 оны 1-3 сарын түрээсийн төлбөр 3.000.000 төгрөг, амьдарч байсан хугацааны СӨХ, ус, дулаан, цахилгаан, юнивишний төлбөр 353.152 төгрөг, нийт 3.353.152 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2019-09-18-ны өдөр түрээсийн гэрээ байгуулахдаа барьцаа 500.000 төгрөг, түрээсийн төлбөр 1.000.000 төгрөг, 2019 оны 10-р сард 1.000.000 төгрөг, 11-р сард 1.000.000 төгрөг, 12-р сард 1.000.000 төгрөг авсан. 1 сарын түрээсийн төлбөр 1.000.000 төгрөгийг илүү бодож нэхэмжилсэн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаасаа 1 сарын түрээсийн төлбөр 1.000.000 төгрөг, барьцаа 500.000 төгрөгийг хасч 1.853.152 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна гэв.  

Хариуцагч Э.Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.О тэй 2018-08-18-ны өдөр Ремакс компаниар зуучлуулж Баянзүрх дүүргийн 26-р хороонд байрлах тоот байрыг сард 1.000.000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцож нэг сарын түрээсийн төлбөр дээр  барьцаа мөнгө 1.000.000 төгрөг, нийт 2.000.000 төгрөгийг түрээслэгчид төлж байсан. 2019-01-06-ны өдрийг хүртэл амьдраад байрнаас гарахдаа барьцаа төлбөр 1.000.000 төгрөгийг авч чадалгүй гарсан.

Дахин 2019-09-18-ны өдөр түрээсийн гэрээ байгуулан 1 сарын түрээсийн төлбөр 1.000.000 төгрөг, барьцаа 500.000 төгрөг, нийт 1.500.000 төгрөгийг төлж байранд орж 2020-03-18-ны өдрийг хүртэл амьдарсан. Уг байранд амьдарч байх хугацаандаа сар бүр түрээсийн төлбөрөө тогтмол төлж байсан. Анх 2018 онд түрээсийн гэрээ байгуулж байранд орохдоо төлсөн барьцаа 1.000.000 төгрөг, уг хугацаанд түрээсийн гэрээний хугацаа дуусах болоогүй байхад 17 хоног дутуу амьдарсан зөрүү 456.000 төгрөг, 2019 оны түрээсийн гэрээний барьцаа 500.000 төгрөг, нийт 1.956.000 төгрөгт тооцон 2020-01-18-ны өдрөөс 2020-03-18-ны өдөр хүртэл амьдраад байрнаас гарсан. Дэлхий нийтээрээ “ковид-19” цар тахлын улмаас эдийн засгийн хямралтай байгаа. 2020 оны 01 сарын 26-ны өдрөөс эхлэн ажилгүй орлогогүй болсон тул байр түрээслэхээ больсон. Уг байранд амьдарч байсан хугацааны СӨХ-ны төлбөр, урсгал зардлын төлбөр 353.152 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Л.О  нь хариуцагч Э.Н-с 2019 оны 09 сарын 18-ны өдрийн түрээсийн гэрээний төлбөрт 3.000.000 төгрөг, хэрэглээний зардал 353.152 төгрөг, нийт 3.353.152 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Л.О  шүүх хуралдаанд шатанд хариуцагч Э.Н-с 3.353.152 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас түрээсийн төлбөр буруу тооцоолсон 1 сарын төлбөр 1.000.000 төгрөг, 2019-09-18-ны өдөр авсан барьцаа 500.000 төгрөг, нийт 1.500.000 төгрөгийг хасч, түрээсийн төлбөрт 1.500.000 төгрөг, хэрэглээний зардалд 353.152 төгрөг, нийт 1.853.152 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн.

Хариуцагч Э.Н нь нэхэмжлэлийн шаардлагаас орон сууцыг түрээслэн амьдрах хугацааны хэрэглээний зардал 353.152 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, 2018 оны түрээсийн гэрээний барьцаа 1.000.000 төгрөг, 17 хоногийн хоног дутуу амьдарсан 456.000 төгрөг, 2019 оны түрээсийн гэрээний барьцаа 500.000 төгрөг, нийт 1.945.600 төгрөгийг 2 сарын түрээсэнд тооцож буюу 2020-03-18-ны өдрийг хүртэл амьдарсан. Тиймээс үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй, учир нь халдварт өвчнөөс шалтгаалан ажилгүй, орлогогүй болсон гэж маргасан.

Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт зааснаар “Орон сууц хөлслөх гэрээгээр хөлсүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэжээ.

Хариуцагч Э.Н-с 2020-01-18-ны өдрөөс 2020-03-18-ны өдрийг хүртэл 2 сарын хугацааны орон сууцны түрээсийн төлбөр 2.000.000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй байна. 2019 оны 09 сарын 18-ны өдөр хийгдсэн түрээсийн гэрээнд 2018 онд түрээслэн суухад барьцаалсан 1 сая төгрөг, 17 хоногийн түрээсийн төлбөр 456.000 төгрөг, нийт 1.945.600 төгрөгийг суутгана гэж тайлбарлаж байгаа боловч гэрээнд энэ талаар тохиролцоогүй байх тул төлбөрт тооцох үндэслэл тогтоогдохгүй байна. /хх-ийн 6-8 тал/

Мөн нөгөөтэйгүүр хариуцагч түрээсийн төлбөрийг “ковид-19” хөл хорионы улмаас ажилгүй болж төлөх боломжгүй байсан гэж тайлбарлаж байгаа нь төлбөрөөс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.

Нэхэмжлэгч Л.О  түрээсийн төлбөр 2.000.000 төгрөгнөөс барьцааны 500.000 төгрөгийг хасч тооцно гэсэн тайлбарыг гаргасан тул хариуцагч Э.Н-с 2020-01-18-ны өдрөөс 2020-03-18-ны өдрийг хүртэл 2 сарын хугацааны орон сууцны түрээсийн төлбөр 1.500.000 төгрөг, хэрэглээний зардал 353.152 төгрөг, нийт 1.853.152 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.   

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 68.600 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Э.Н-с 1.853.152 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 44600 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Э.Н-с 1.853.152 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.О-д олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 68.600 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Э.Н-с 44.600 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.О-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                          Т.БОЛОРМАА