| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Ганболд |
| Хэргийн индекс | 101/2020/05230/И |
| Дугаар | 101/ШШ2021/00133 |
| Огноо | 2021-01-13 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 101/ШШ2021/00133
| 2021 01 13 | 101/ШШ2021/00133 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Г.Т ХХК -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.М-д холбогдох
Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 5,499,993 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч К.Ж, хариуцагч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Д нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Т ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Б.М нь манай компанитай 2020.02.01-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Vaporetto Lecoaspiro FAV80_Turbo Steam Disinfector нэртэй yypaap цэвэрлэх, ариутгах зориулалттай бүтээгдэхүүнийг худалдсан. Худалдах, худалдан авах гэрээний 5.2-т Захиалагч урьдчилгаа төлөлт болох 323,529 төгрөгийг төлнө. Үлдсэн төлбөрийг 16 сарын хугацаанд 323,529 төгрөгөөр төлж дуусгавар болгоно. Cap бүрийн 05-нд төлбөрөө төлж байна гэж заасны дагуу cap бүр 323,529 төгрөг төлөх үүрэг хүлээсэн боловч өнөөдрийн байдлаар ямар ч төлбөр төлөөгүй байна. Урьдчилгаа төлбөр болон cap бүрийн 05-нд төлөх 323,529 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй байна. Төлбөрийг хуваарийн дагуу төлөхийг удаа дараа шаардсан боловч үүргээ биелүүлэхгүй байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Гэрээний 6.4-т Захиалагч cap бүрийн төлөлтөө байнга хоцроож 1 сарын төлбөрийн дор хаяж 1 сараар хоцроосон байгаа тохиолдолд гүйцэтгэгч Захиалагчийн зүгээс хугацаанаас нь өмнө төлбөрөө барагдуулахыг шаардах эрхтэй гэж заасны дагуу төлбөрийг төлж дуусах хугацаа болоогүй байгаа хэдий ч бүхэлд нь шаардах эрх үүссэн. Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу Бараа бүтээгдэхүүний үнэ болох 5,499,993 төгрөгийг Б.Маас гаргуулж өгнө үү. Танай шүүхийн шүүгчийн 2020 оны 11 сарын 13-ны өдрийн дугаар захирамжийн дагуу нэхэмжлэлийн дүн 5,500,000 төгрөг байсныг Худалдах, худалдан авах гэрээний 5.2-т заасны дагуу нийт 5,499,993 гаргуулахаар өөрчилж, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулсан. Барааны нийт үнэ 5,500,000 төгрөг байхаар заасан боловч 17 удаагийн төлөлтөөр нийт 5,499,993 төгрөг төлөхөөр тохирсон тул 5,499,993 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч К.Ж нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Худалдах худалдан авах гэрээний үүрэгт 5,499,993 төгрөг гаргуулна. Талууд хоорондоо 2020.02.01-нд гэрээ байгуулж бүтээгдэхүүн худалдсан. Гэрээг бичгээр байгуулсан. Энэ талаар маргаангүй. Гэрээний 5.2-д урьдчилгаа төлж, үлдэгдлийг 16 сарын хугацаанд төлөхөөр заасан. Гэтэл заасан хугацаанд хариуцагч төлбөр төлөөгүй. Нэхэмжлэгч нь удаа дараа шаардсан тул нэхэмжлэл гаргасан. Гэрээний дагуу бүтээгдэхүүн доголдолтой гэсэн ямар нэг баримтгүй тул гэрээнээс татгалзах төлбөр төлөх үндэслэлгүй. Хэрэв ийм зүйл байсан бол гэрээний 7.5-д зааснаар хүсэлт гаргах байсан. Гэтэл ийм хүсэлт гаргасан баримтгүй. Нэхэмжлэгч нь хүсэлт гаргаагүй гэдэг. Хариуцагч нь өөрийн татгалзлыг өөрөө нотлох эрхтэй. Гэтэл баримтгүй тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү. Мэдэгдсэн гэдэг нь Иргэний хуульд заасан ажиллагаа байхгүй. Хариуцагч нь өөрөө энэ бүтээгдэхүүнийг мэддэг гэж тайлбар гаргаж байна. Эвдрэлтэй, эсвэл зориулалтаар ашиглах боломжгүй гэсэн баримтгүй. Иймд тайлбар үндэслэлгүй гэв.
Хариуцагч Б.М нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бумцэрэн овогтой Мөнхжаргал миний бие Г.Т ХХК-ийн бүтээгдэхүүн болох Polti тоос сорогчийг 5,500,000 төгрөгийн үнэтэй сард 325,000 төлөх нөхцөлтэйгээр 2020.02.01-нд гэрээ хийсэн болно. Энэ тоос сорогчийг худалдан авах гол шалтгаан нь бага насны 2 хүүхэдтэй, доод давхарт амьдардаг учир хивс, шал маш их бохирдолтой байдаг. Сурталчилгааны ажилтны хэлж байсан үр дүн, бодит байдал хоёр зөрсөн учир 2020.02.04-нд утасдаж ажилтанг дуудаж бодит байдлыг өөрт нь харуулж гомдолтой байна, миний хүссэн хэмжээнд цэвэрлээгүй байгааг өөрт нь харуулсан. Ажилтан за эргээд танд хариу хэлнэ гээд 7 хоногийн дараа захирал нь гэх хүн манай нөхөр лүү залгаж ятгаж, мөнгөө нэхсээр байсан. Ингэж сард 1 юм уу 2 залгахад нь би бүх тайлбараа хэлсээр байсан. Нялх хүүхдийн баас, хивсэн дээр тогтсон толбо, шалны завсар хурсан хир арилгаж чадахгүй зүйлийг би 5,5 саяар авч чадахгүй ээ эсвэл надад өөр сайн бүтээгдэхүүнээр сольж өг гэж удаа дараа хэлж байсан. Ингээд 2-3 сар чимээгүй байж байгаад гэнэт залгаж таныг шүүхэд өгнө гэж хэлсэн. Би энэ бүтээгдэхүүнийг буцааж өгөх хүсэлтэй ба 2020.02.04-өөс хойш хэрэглээгүй болно.
Би 2020.20.01-нд гэрээ хийсэн. 2 хоногийн дараа бүтээгдэхүүнээ авсан. 2 хоногийн дараа ирэхэд нь хэлсэн. Бас утсаар бохирдол арилгахгүй байна гэсэн. Химийн бодисоор арчиж үзүүлсэн. Би өөр бүтээгдэхүүнээр сольж өгөх талаар санал хэлсэн. Зүгээр л тоос сорогч байна, бага насны хүүхэдтэй тул сайн зүйл хэрэгтэй гэсэн. Захиралтайгаа яриад эргээд хэлнэ гэсэн боловч 7 хоногийн дараа манай нөхөр уруу ярьж мөнгөө нэхсэн. Удаа дараа мөнгөө нэхэхэд нь чанаргүй байгаа тул авахгүй гэдгээ хэлдэг байсан. Тэгэхэд мөнгөө л нэхдэг байсан. Буцаах хүсэлтээ удаа дараа тавьж байсан. 5,5 сая төгрөгөөр тоос сорогч авахад харамсалтай байна. Бүтээгдэхүүнийг мэддэг байсан биш харин өмнөх бүтээгдэхүүнийг нь мэддэг байсан. Баримтаар гэж байна. Би гэрээнд зааснаар 3 хоногийн дотор хэлсэн. Захиралтайгаа яриад эргээд хэлнэ гэсэн боловч эргэж холбогдоогүй. Сард 3-4 удаа залгахад нь энэ талаар хэлдэг байсан гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Т ХХК нь худалдах худалдан авах гэрээний үүрэгт 5,499,993 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Б.М нь гэрээний зүйл нь чанарын доголдолтой байсан, энэ талаар гэрээнд заасан хугацаанд мэдэгдсэн гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргаж байна.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Зохигчид 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 5,500,000 төгрөгийн үнэ бүхий худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байна. /хэргийн 5-7 дугаар тал/
Улмаар гэрээний зүйл болох Vaporetto Lecoaspira FAV80 Turbo Steam Disinfector нэртэй бүтээгдэхүүнийг худалдан авагч буюу энэ хэргийн хариуцагч нь хүлээн авсан болох нь гэрээ байгуулсан өдөр үйлдсэн бараа хүлээлцсэн акт, зохигчийн тайлбараар тогтоогдож байна. Энэхүү үйл баримтын талаар зохигч хэн аль нь маргаагүй.
Үүнээс үзэхэд зохигчийн хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.
Нэхэмжлэлийн үнийн хувьд хэдийгээр гэрээний нийт үнэ нь 5,500,000 төгрөг боловч төлбөр төлөх хуваариас тооцсонтой холбоотойгоор 7 төгрөгөөр дутуу нэхэмжилсэн гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбарласныг дурдах нь зүйтэй.
Хариуцагч нь гэрээний зүйлийг чанарын доголдолтой, өөрөөр хэлбэл бүрэн цэвэрлэхгүй байсан гэж маргаж байна. Мөн энэ талаар гэрээний 7.5-т зааснаар 3 хоногийн дотор мэдэгдсэн гэж тайлбарласан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч өөрийн тайлбар, татгалзлыг өөрөө нотлох, холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүрэг хүлээж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцдог.
Дээрх хуульд зааснаар хариуцагч нь өөрийн тайлбарыг нотлоогүй бөгөөд энэ талаар ямар нэг баримтгүй гэж тайлбарлаж байна.
Мөн гэрээний зүйл нь ахуйн цэвэрлэгээний бүтээгдэхүүн байх тул хариуцагч нь хүлээн авах үедээ түүнийг шалгах боломжтой. Үүнээс үзэхэд хариуцагч нь Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар доголдлын талаар шаардлага гаргах эрхээ алдсан байна. Эдгээрээс хариуцагчийн тайлбар үндэслэлгүй гэж үзлээ.
Нэхэмжлэгч нь хариуцагчийг гэрээний зүйлийг хүлээн авснаас хойш ямар нэг төлбөр хийгээгүй гэж тайлбарласан бөгөөд хариуцагч нь төлбөр төлсөн эсэх талаар маргаагүй.
Харин гэрээний төлбөр гүйцэтгэх хугацаа дуусаагүй байх боловч Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний агуулгыг талууд өөрсдөө тодорхойлох тул гэрээний 6.4-т зааснаар нэхэмжлэгчид шаардах эрх үүссэн байна.
Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Б.Маас худалдах худалдан авах гэрээний үүрэгт 5,499,993 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.Т ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 102,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 102,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД