Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 101/ШШ2021/00272

 

 

 

 

 

 

 

 

2021           01          26                                        101/ШШ2021/00272

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Болормаа  даргалж,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн  тоот,  М сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүргийн тоот, РД:, Ү.Б-д холбогдох 913.230 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О, Г.Э, хариуцагч Ү.Б , хариуцагчийн өмгөөлөгч Н.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Шинэцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч  М сууц өмчлөгчдийн холбооноос шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О, Г.Э нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн байрны  М сууц өмчлөгчдийн холбоо 2015 онд байгуулагдсан ба тус холбоо нь 25 дугаар байрны дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах зорилготой ба дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээ, бусад нийтлэг зардалд зориулан тус байрны оршин суугч айл өрхүүдээс сар бүр тодорхой хэмжээний төлбөр төвлөрүүлэн санхүүгийн эх үүсвэрээ бүрдүүлдэг. Уг төлбөрийн хэмжээг СӨХ-ийн нийт гишүүдийн хурлын 2015 оны хурлын шийдвэрээр тогтоосон. Гэтэл тус байрны 18 тоотод оршин суугч Ү.Б  нь СӨХ-ны гишүүний үүргээ биелүүлэлгүй, дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээ, бусад нийтлэг зардлыг 2019 оны 5-р сараас хойш төлөөгүйгээс манай СӨХ-ны санхүүгийн үйл ажиллагаанд доголдол учруулаад байгаа тул Баянзүрх дүүргийн тоотод оршин суугч Ү.Б гээс СӨХ-ны төлбөр 913.230 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Ү.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь Иргэний хуулийн 149 дүгээр зүнлийн 149.2 дахь хэсэг Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.4 дэх заалтад нийцэхгүй байгаа тул нэхэмжпэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Өөрөөр хэлбэл СӨХ-ийн гүйцэтгэх захирал шүүхэд нэхэмжлэл гаргах үндэслэл нь Иргэний хууль болон СӨХ-ийн хуулийн дээрх заалтууд юм. Ү.Б  миний бие тус Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 12 дугаар хорооллын 25 дугаар байрны 18 тоотод оршин суудаг бөгөөд 2019 оны 5 дугаар сараас хойш СӨХ-ийн төлбөрөө төлөөгүй нь үнэн. СӨХ-ийн төлбөрөө төлөх нь миний үүрэг, гэхдээ ямар ч шалтгаан, үндэслэлгүйгээр төлөхөөс зайлсхийсэн, төлөхгүй байх тийм ухамсар, ойлголт надад байхгүй, миний бие СӨХ-ийн төлбөрөө төлөөгүй нь дараах учир шалтгаантай.

Үүнд: Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, 11.3, 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасны дагуу сууц өмчлөгч иргэний болон хяналтын зөвлөлийн гишүүний хувьд өөрийн болон оршин суугчдын СӨХ-д төлж буй мөнгийг зориулаптын дагуу зарцуулагдаж байгаа эсэхэд хяналт тавьж, “М" СӨХ-ийн гүйцэтгэх захирал Н.М-с 2019-04-18-ны өдөр СӨХ-ийн удирдах зөвлөлийн дарга Ё.Э-г байлцуулан СӨХ-ийн 2017, 2018 оны санхүүгийн тайланг хүлээн авч, СӨХ-ийн үйл ажиллагаа болон 2017, 2018 оны санхүүгийн тайланд хяналт шалгалт хийсэн. Гүйцэтгэх захирал Н.М нь СӨХ-ийн тухай хуулийн 12 дугаар зүйпмйн 12.4.3 дахь заалт, 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсгийг тус тус зөрчиж, сууц өмчлөгчдийн төлсөн мөнгийг ямар ч баримтгүйгээр авч ашигласан, зориулалтын бусаар 3.6 сая төгрөгийн зөрчил гаргасан болохыг илрүүлсэн. Уг хяналтаар илэрсэн 15 зөрчил бүхий шалгалтын тайланг 2019-06-30-ны өдөр захирал Н.Мт өгсөн бөгөөд СӨХ-ийн тухай хуулийн 11.3.5 дахь заалт; 11.7 дахъ хэсэгт заасны дагуу зөрчлийг арилгах, харилцах данс болон кассын баримтаар нотлогдсон нийт 3.6 сая төгрөгийг төлж барагдуулан дансанд буцаан төвлөрүүлэх, сууц өмчлөгчдийг хохиролгүй болгох шаардлагыг хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл хохирлыг барагдуулах талаар ямар ч арга хэмжээ аваагүй, гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрөхгүй байгаа. 2019-06-30-ны өдөр СӨХ-ны гүйцэтгэх захирал Н.Мт хүлээлгэн өгсөн шалгалтын тайландаа түүнийг гаргасан зөрчлөө арилгах хүртэл миний бие СӨХ-ийн төлбөр төлөхийг түр хугацаанд татгалзаж буйгаа албан ёсоор мэдэгдсэн. Мөн шалгалтын тайланг “ М” СӨХ-ийн Удирдах болон Хяналтын зөвлөлд танилцуулсан бөгөөд бүх гишүүдийн хуралд танилцуулах нь зүйтэй гэсэн боловч СӨХ-ны гүйцэттэх захирал Н.М нь хурал хийхээс татгалзсан. Тайланг оршин суугчдад тараах гэсэн боловч СӨХ-ийн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4 дэх хэсэгт “..шалгалтын баримт бичиг, тайлангийн нууцыг хадгалах”; мөн Иргэний хуулийн 21 дүгээр зүйлд “иргэний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг хамгаалах” гэж тус тус заасны дагуу

Н.М-ийн байр суурийг хүндэтгэж, бидний тавьсан шаардлагыг ухамсараараа хэрэгжүүлнэ гэж итгэн өдийг хүртэл хүлээсэн. Нэхэмжлэгч нь өөрийнхөө хийсэн буруутай үйлдлийг нуун дарах, оршин суугчдын СӨХ-д төлсөн мөнгийг авч ашигласан, хувьдаа завшсан өөрийн буруутай үйлдлээ замхаруулах зорилготой “намайг, зүгээр л СӨХ-ийн мөнгөө төлөхгүй байна" гэсэн ойлголт өгөхөөр нэхэмжлэл гаргажээ. Н.М нь СӨХ-ийн хохирлыг барагдуулсан үед миний бие СӨХ-ийн төлбөрөө төлөхөд бэлэн.

Бид анх “М” СӨХ-ийг үүсгэн байгуулахдаа оршин суугчдаас сар бүр хурааж авах мөнгөөрөө дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээ, бусад нийтлэг зардлыг санхүүжүүлээд үлдсэнээр нь хуримтлал үүсгэхээр тохиролцсон. Гэтэл хуримтлал үүсгэх мөнгийг оршин суугчдад мэдэгдэхгүйгээр хувьдаа авч ашиглачихаад буцаагаад данс руу нь хийдэг зөрчлийг нь илрүүлсэний төлөө өнөөдөр намайг шүүхэд өгөөд явж байна. Иймд Иргэний хуулийн 149 дүгээр зүйлийн 149.2, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.4 дэх заалтуудыг хангаагүй нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд нэхэмжлэл нь зөвхөн нэг талыг буруутгасан, өөрийн буруутай үйлдлээ нуун далдалсан, бодит үнэнд нийцэхгүй байгаа тул бодит нөхцөл байдал, үндэслэлийг хянан үзэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,                                                

 ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч Ү.Б д холбогдуулан дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээний төлбөрт 2019 оны 05 дугаар сараас 2020 оны 10-р сарыг дуусталхи хугацааны төлбөр 913.230 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 М сууц өмчлөгчдийн холбоог 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн Сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгэж, 0 тоот гэрчилгээ олгожээ. /хх-ийн 4 тал/

 Тус сууц өмчлөгчдийн холбоо нь Баянзүрх дүүрэг байрны сууц өмчлөгчдийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, орон сууцны ашиглалтын хэвийн байдлыг хангах чиг үүргийг хэрэгжүүлж, Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2, 148.2.3, Сууц Өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 13.2.2, 13.2.3, 16 дугаар зүйлийн 16.4, 16.5-д тус тус зааснаас үзэхэд дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээтэй холбогдсон зардал хуваарилах асуудлыг бүх гишүүдийн хурлаар шийдвэрлэж ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд орон сууцны өмчлөгч нь тогтоосон хэмжээгээр оролцох, бүх гишүүдийн болон удирдах зөвлөлийн хурлын шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй.

Хариуцагч Ү.Б нь Баянзүрх дүүргийн тоот орон сууцыг ашиглаж, эзэмшдэг дээр маргаагүй, 2019 оны 05 дугаар сараас 2020 оны 10-р сарыг дуусталхи хугацааны дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээтэй холбогдсон зардлыг төлөөгүй болох нь тогтоогдож байх тул Иргэний хууль, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн дагуу дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал /хогны төлбөрт 3500 төгрөг, завсвар үйлчилгээ 3000 төгрөг, жижүүрийн төлбөрт 10000 төгрөг, цэвэрлэгээ 7000 төгрөг лифтний төлбөр 4000 төгрөг, баримтын үнэ 150 төгрөг, нийт 27650 төгрөгийг сар бүр орон сууц өмчлөгчийн хувьд төлөх үндэслэлтэй.

Харин нэхэмжлэгч дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлаас тусад нь 23085 төгрөгийг СӨХ-ийн төлбөр гэж шаардсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэлийн үндэслэл шаардлага нотлож чадаагүй, холбогдох нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, юунд зарцуулдаг зардал болох талаар мэдэхгүй гэсэн тайлбарыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О, Г.Э нар шүүх хуралдаанд гаргасан.

Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг нотлох үүргээ хэрэгжүүлэхгүй байх тул нэхэмжлэлээс 415.530 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Ү.Б гээс 2019 оны 5-р сараас 2020 оны 10-р сарыг дуусталхи хугацааны дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээтэй холбогдох зардал 497.700 төгрөгийг гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 26467,52 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Ү.Б гээс 15581 төгрөгийг нэхэмжлэгчид олгох.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн

115.1, 115.2.2, 116, 118-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

           1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар хариуцагч Ү.Б гээс 497.700 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч  М сууц өмчлөгчдийн холбоонд олгож, нэхэмжлэлээс 415.530 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26467,52 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Ү.Б гээс 15581 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг зохигч 14 хоногийн дотор өөрөө гардан авах үүрэгтэй, үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                          Т.БОЛОРМАА