| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Боролзойн Халиун |
| Хэргийн индекс | 186/2024/0165/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/172 |
| Огноо | 2024-02-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Очгэрэл |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 28 өдөр
Дугаар 2024/ШЦТ/172
2024 02 28 2024/ШЦТ/172
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиун даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энхмаа,
улсын яллагч Б.Очгэрэл,
хохирогч У.Б ,
шүүгдэгч Б.Т /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хөх чоно овгийн Б.Т-д холбогдох эрүүгийн 2311013070103 дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхийн 2015 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 39 дугаартай шийтгэх тогтоолоор 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 10 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан, регистрийн дугаар ....
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч У.Б руу чулуу шидэж цохисны улмаас эрүүл мэндэд нь шуунд хатгагдан шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Хохирогч У.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр нөхөр нь эхнэрийгээ зодоод, эхнэр нь туслаарай, цагдаа дуудаарай гэсэн ба манай эхнэр очоод. болиулж, цагдаа дуудтал залуу нь машинаасаа буугаад, эмэгтэй нь машинаа унаад зугтаад явсан юм. Тэгтэл нөгөө залуу дэлгүүр лүү манай эхнэрийг ална гээд хөөгөөд ороод ирсэн ба би лангууны араас гарч очоод, түлхээд ингэж болохгүй ээ, гар гээд гаргасан. Тэгтэл удалгүй манай дэлгүүрийн үүдний вакум хаалгыг тэр залуу чулуугаар хагалж, ардаас нь хэд хэдэн удаа чулуу шидсэн нь миний толгойны дагз болон гарыг оносон ба манай дэлгүүрийн вакум хаалганы цонх хагалж, гадна пассадыг өшиглөж болон чулуугаар цохиж унагааж гэмтээсэн. Өөдөөс тэр залуу чулуу шидээд байсан ба гар дахь чулуунуудаа шидэж дуусгаад, дахин чулуу авахаар цаашаа гүйсэн. Тэгэхэд би араас нь болиулахаар очиж байтал тэр залуу цээж өвдөг, нүүр хэсгээрээ явган хүний асфальтан зам дээр бүдэрч унахаар нь би болиулахаар очоод дарж автал намайг ална тална, гээд орилоод байхаар нь гарыг нь бариад мяндсан утас бүхий хэцээр хүлчихсэн юм. Би тэр залууг нэмж цохиж зодсон асуудал байхгүй ээ. Тэр залуу унахдаа өвдөг нүүр хэсгээрээ унасан байсан. Тэгээд би бариад байж байтал цагдаа нар ирсэн. Маргааш нь би Б.Т той очиж уулзаад эвдсэн зүйлээ засаад өгчих гэтэл үгүй гэхээр нь цагдаад очиж өргөдөл гаргасан. Би эмчилгээ хийлгэсэн болон вакум цонх засуулсан төлбөрөө авмаар байна. Гомдол, санал бол байхгүй...” гэв.
Гэм буруугийн дүгнэлт:
Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, оролцогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч Б.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ У.Б луу чулуу шидэж цохисны улмаас эрүүл мэндэд нь шуунд хатгагдан шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Дээрх үйл баримт нь:
Хохирогч У.Б ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Б.. дэлгүүр нэртэй дэлгүүртээ байж байтал манай дэлгүүрийн гадна Ниссан Тида маркийн тээврийн хэрэгсэл ирж зогссон ба машин дотроо эхнэр нөхөр бололтой хоёр хүн байсан ба нөхөр нь эхнэрийгээ зодоод, эхнэр нь туслаарай, цагдаа дуудаарай гэсэн ба манай эхнэр очоод. болиулж, цагдаа дуудтал залуу нь машинаасаа буугаад, эмэгтэй нь машинаа унаад зугтаад явсан юм. Тэгтэл нөгөө залуу дэлгүүр лүү манай эхнэрийг ална гээд хөөгөөд ороод ирсэн ба би лангууны араас гарч очоод, түлхээд ингэж болохгүй ээ, гар гээд гаргасан. Тэгтэл удалгүй манай дэлгүүрийн үүдний вакум хаалгыг тэр залуу чулуугаар хагалж, ардаас нь хэд хэдэн удаа чулуу шидсэн нь миний толгойны дагз болон гарыг оносон ба манай дэлгүүрийн вакум хаалганы цонх хагалж, гадна пассадыг өшиглөж болон чулуугаар цохиж унагааж гэмтээсэн. Өөдөөс тэр залуу чулуу шидээд байсан ба гар дахь чулуунуудаа шидэж дуусгаад, дахин чулуу авахаар цаашаа гүйсэн. Тэгэхэд би араас нь болиулахаар очиж байтал тэр залуу цээж өвдөг, нүүр хэсгээрээ явган хүний асфальтан зам дээр бүдэрч унахаар нь би болиулахаар очоод дарж автал намайг ална тална, гээд орилоод байхаар нь гарыг нь бариад мяндсан утас бүхий хэцээр хүлчихсэн юм. Би тэр залууг нэмж цохиж зодсон асуудал байхгүй ээ. Тэр залуу унахдаа өвдөг нүүр хэсгээрээ унасан байсан. Тэгээд би бариад байж байтал цагдаа нар ирсэн. Тухайн үед тэр залуу нь шал согтуу байдалтай байсан. Дүгнэлтэд тусгагдсан миний баруун гарын бугалга шуунд үүссэн гэмтлийг тус согтуу залуу над руу чулуу шидээд үүссэн юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-17 дахь тал/,
Гэрч Э.Н-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2023 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 19:00 цагийн орчим нөхөр хоёр хүүхдийн хамт 7 буудлаас Дарь-Эх явах зам дагуу байдаг тоглоомын талбай орж хоёр хүүхдээ тоглуулчхаад гэр рүүгээ харих замдаа нөхөр Б.Т той маргалдаж эхэлсэн тэгээд намайг жолоо бариад явж байхад хажуугаас манай нөхөр миний толгой руу гараараа 2 удаа цохиод авахаар нь би нэг дэлгүүрийн харалдаа зогсоод машинаас хүүхдээ тэврээд буусан тэгээд би машинаас буугаад цагдаа дуудаад өгөөч гэж хэлэхэд манай нөхөр машинаас бас бууж ирээд намайг дахиад цохиж зодоход дэлгүүрээс нэг эрэгтэй хүн хөөе чи болиоч гэж орилсон чинь манай нөхөр дэлгүүр рүү яваад орохоор нь би машинаа унаад цааш явсан. Тэгээд хэсэг хугацааны дараа тухайн дэлгүүрийн эгч над руу залгаад дэлгүүр дээр хүрээд ир танай нөхөр дэлгүүрийн цонх хагалчихлаа манай нөхрийг зодчихлоо гэж хэлэхээр нь би буцаад дэлгүүр дээр ирэхэд тухайн дэлгүүрийн шилэн хаалгыг хагалсан дэлгүүрийн эзэн гэх залуугийн гарыг шилээр зүсчихсэн байсан. Тэгээд цагдаа нар ирээд манай нөхрийг аваад явсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-17 дахь тал/,
Шүүх Шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдөр гаргасан 8232 дугаартай “...У.Б ын биед шуунд хатгагдан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн тогтонги алдагдуулахгүй. Дээрхи гэмтэлүүд нь шинэ гэмтэл байна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 32-33 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд шүүгдэгч Б.Т ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй, тус зүйл хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.
Шүүгдэгч Б.Т нь тухайн цаг хугацаанд буюу хохирогч У.Б ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах явцдаа түүний эзэмшлийн дэлгүүрийн гадна фасадны шилийг хагалсан гэх үйлдэлд 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Эрх бүхий албан тушаалтны 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр тогтоолоор Зөрчлийн хэрэг нээж, 2024 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн №0010223 дугаар шийтгэлийн хуудсаар 200.000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэжээ.
Тухайн зөрчлийн хэрэгт хохирогчийн хохирлыг барагдуулсан эсэх талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг дурдав.
Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.
Шүүх шүүгдэгч Б.Т-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хувь хүний байдал, зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв.
Шүүгдэгч Б.Т-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.
Шүүгдэгч Б.Т нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлав.
Бусад асуудлын талаар:
Яллах дүгнэлтийн хавсралтад хохирогчоос мөрдөн шалгах ажиллагааны явцад цонх хагалсны улмаас учирсан 330.000 төгрөгийн, эрүүл мэндэд учирсан хохиролд эмнэлэгт хэвтсэн 525.000 төгрөг, эмчилгээнд зориулан худалдан авсан хэрэгсэл худалдаж авсан 75.000 төгрөгийн тус тус баримт гаргасан ба үүнээс дээрх гэмт хэргийн улмаас хохирогчид 75.000 төгрөгийн хохирол учирсан гэж үзэх үндэслэлтэй байх тул яллагдагч нь хохирогчид 75.000 төгрөгийн төлөх төлбөртэй гэсэн нь ойлгомжгүй, ямар учраас баримтаар нэхэмжилсэн хохирлыг гаргуулах үндэслэлгүй гэж дүгнэснээ хууль зүйн үндэслэлтэйгээр тайлбарлаагүй.
Шүүх, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас дүгнэхэд хохирогч нь эмнэлэгт хэвтэн эмчилүүлсэн 525.000 төгрөг, эмчилгээний зардалд 75.000 төгрөг, мөн гэмт хэрэг гарах үед эвдэрч гэмтсэн хаалгыг засуулахад 330.000 төгрөг зарцуулсан баримтыг хэрэгт хавсаргаж, өөрт учирсан хохирлоо нэхэмжилсэн бөгөөд дээрх учирсан хохирол нь Б.Т ын үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршиг гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байх тул хохирогчийн нэхэмжилсэн нийт 855.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгуулахаар шийдвэрлэв.
Хэдийгээр Б.Т ыг эд зүйл гэмтээсэн гэх үйлдэлд 2024 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн №0010223 дугаар шийтгэлийн хуудсаар 200.000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулсан боловч хохирол төлбөрийн асуудлыг шийдвэрлээгүй, дүгнэлт хийгээгүй болохыг дурдав.
Шүүгдэгч Б.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хөх чоно овгийн Б.Т ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Т оос нийт 855.000 /найман зуун тавин таван мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Чингэлтэй дүүрэг ... дүгээр хороо ... тоотод оршин суух У-н У.Б т /РД:..../-д олгосугай.
5. Шүүгдэгч Б.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ХАЛИУН