| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржбалын Янжиндулам |
| Хэргийн индекс | 101/2020/05437/и |
| Дугаар | 101/ШШ2021/00412 |
| Огноо | 2021-02-02 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 101/ШШ2021/00412
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
нэхэмжлэгч- Г.Д-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч- Б.С-д холбогдох,
38.208.220 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлд 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, гэрч С.О, Т.Г, Б.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дөлгөөн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2020-05-19-ний өдөр “Э ү” XXK-ийн захирал Б.С-тэй Төв аймгийн Эрдэнэ сум, 1-р баг, Баян давааны ард өөрийн эзэмшлийн газарт эрчим хүчний эх үүсвэр татуулахаар нийт 110 сая төгрөгийн гэрээ байгуулсан. Гэрээ байгуулахаас 4 хоногийн өмнө буюу 5/15-нд нийт мөнгөний 70% болох урьдчилгааг гүйцэтгэгчийн хүсэлтээр 70 сая төгрөг шилжүүлсэн. Тухайн үед гэрээ хийхэд надад бүх төрлийн зөвшөөрөл байгаа, таны ажлыг наадам гэхэд жин тан болгоно гэж хэлсэн. Үүнээс хойш 14 хоногийн дараа 2 ш шон босгоод ажлаа орхисон. Түүнээс хойш 9 сарын 15 хүртэл юу ч хийлгүй зунжингаа муур хулгана болж араас нь хөөцөлдөж, бөөн хэрүүл болж байж 9/15-нд зарим ажлаа хийж эхэлсэн. Гэхдээ мөн л мөнгө нэхэж, элдвээр дарамталсаар байгаад 20.000.000 төгрөг авсан ба нийт надаас 90.000.000 төгрөг авсан.
Ажлаа хэзээ дуусгах талаар асуухад цаг хугацаа хэлж чадахгүй гээд гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй учраас захиалагчид ноцтой хохирол учирсан гэрээний 4.3-т заасан үндэслэлээр гомдол гаргаж байна. Мөн өнгөрсөн 10 дугаар сард А д ХХК-ийн нэр дээр гэрээ хийчихсэн дахиад надаар гарын үсэг зуруулахаар ирсэн. Анх надтай Э ү ХХК-ийн захирал Б.С гэж гэрээ хийсэн хэрнээ 10 дугаар сард нь “А д” ХХК-ийн инженер болчихсон байсан. Энэ ямар учиртай талаар асуухад Б.С нь 35 вольтын өндөр хүчдэлийн ажил хийх тусгай зөвшөөрөлгүй хэрнээ надаа л худлаа хэлж мөнгө авах зорилготой байсан. Өндөр хүчдэлийн ажил хийх зөвшөөрөлгүй мөртлөө намайг хуурч гэрээ хийж мөнгө авсан, өнөөдрийг хүртэл худалдаж авсан бараа материалын жагсаалт болон үнийн дүнг гаргаж өгөөгүй, захиалагч миний 70 сая төгрөгийг 4 сарын турш хүнд зээлж мөнгө угаасан, гэрээ хийхдээ наадмын үед ашиглалтад өгнө гэж ярьж байсан бөгөөд аргагүйн эрхэнд бусад ажлаа явуулахын тулд генератор худалдаж авсан, үүний улмаас бензин их хэмжээний мөнгө дэмий алдсан. Маркийн генератор нь цагт 2,2 л түлш зарцуулах бөгөөд өдөрт 10 цаг ажиллуулахад 22 л түлш буюу 31.900 төгрөг, наадмаас хойш дунджаар 95 хоногоор тооцоход 3.030.500 төгрөг, анх гэрээ хийж тохирохдоо наадмаар буюу 7-р сарын 12 гэхэд ашиглалтад оруулна гэж тохирсон. Энэ хугацаандаа багтаагүй учир үүнээс болж их хэмжээний алдагдалд орсон.
Төв аймгаас ирсэн ажил эхлүүлэх зөвшөөрөл бол “А д” ХХК-ийн захирал н.О-ын нэрээр гарсан байгаа. Энэ зөвшөөрлийг О захирал хүсэлт гаргаж авсан болохоос Б.С аваагүй. Б.С бид хоёрын хийсэн гэрээн дээр ажил эхлүүлэх зөвшөөрөл гарснаас хойш 14 хоногийн дотор хүлээлгэж өгнө гэсэн байгаа. 10 дугаар сарын 26-ны өдөр ажил эхлүүлэх зөвшөөрөл гарсан. Б.С-д ажил хийх сэтгэл байгаагүй, тусгай зөвшөөрөл байгаагүй, зөвхөн мөнгө авах сонирхолтой байсан. Б.С-д өгсөн 70.000.000 төгрөгийг 4 сарын турш банкинд сарын 1.8 хувийн хүүтэй хадгалуулсан бол 5.177.000 төгрөгийн хүү авах байсан. Б.С өөрөө зугтааж байсан учир ажлаа явуулахын тулд хонда мотор авсан. Тэр моторыг ажилуулахад өдөр болгон 30.000 төгрөгийн түлш зарцуулж нийт 3.030.000 төгрөг нэхэмжилж байгаа. 2020 оны 08 дугаар сар гэхэд жуулчны баазаа ажиллуулах бизнес төлөвлөгөөтэй байсан. Дотоодын жуулчид, хурим найр, хүүхдийн даахь, хурал цуглаан гэх ажил байдаг. Тэр бүгдийг тооцоод үзэхээр сард дунджаар 30.000.000 төгрөг олох ёстой байсан. 10 сарын 26-ны өдөр ажил эхлүүлэх зөвшөөрөл гарч байхад яагаад 10 дугаар сард олох орлого нэхэж байгаа юм бэ гэж байсан. Гэтэл үнэн хэрэгтээ Б.С өөрөө ажлаа хийхгүй явсаар байгаад 10 дугаар сарын 26-ны өдөр ажил эхлүүлэх зөвшөөрөл гарснаас биш уг нь аль эрт гарчих ёстой байсан. Гэхдээ үүнийг би багаар бодоод зөвхөн нэг сарын орлогоо нэхэмжилсэн. Хэрэв гадны жуулчид ирсэн бол өшөө их мөнгө нэхэх байсан. Би аялал жуулчлалын салбарт олон жил ажилласан болохоор би олох ёстой орлогоо мэдэж байгаа.
Бид тус баазын үйл ажиллагааг цаашид санхүүжүүлэхийн тулд банкнаас зээл авахаар төлөвлөж байсан бөгөөд зээл авахын тулд тодорхой хэмжээний үйл ажиллагаа явуулж байх шаардлагатай. Гэтэл одоо болтол тог ирээгүй учир үйл ажиллагаа явуулж чадахгүй саатаж, бизнесийн ажил зогсонги байдалд ороод байна. Өнөөдрийг хүртэл ашиглалтад ороогүй, утсаар холбогдох гэхээр миний утсыг салгаад, таслаад илт зугатааж байгаа нь үндсэн хуулиар олгогдсон миний хөдөлмөрлөж, шударгаар орлого олох эрх чөлөөг хаан боогдуулсан.
Иймд гүйцэтгэгч С-ээс жуулчны бааз ажиллуулаад нэг сард олох байсан орлогод 30.000.000 төгрөг, түүнд шилжүүлсэн 70.000.000 төгрөгийг банкинд хадгалуулаад авах байсан хүүнд 5.177.720 төгрөг, генератор ажиллуулсан бензиний үнэнд 3.030.500 төгрөг, нийт 38.208.220 төгрөгийг нэхэмжилж байна гэв /хх-1-2, шүүх хуралдааны тэмдэглэл/.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие иргэн Г.Д-той Төв аймгийн Эрдэнэ сум 1-р баг, Баяндавааны ард өөрийн эзэмшилийн газарт нь 35/04 кв, цахилгааны дэд өртөө, цахилгаан дамжуулах агаарын шугам, ажлын зургийг зуруулж батлагдсан зургийн дагуу угсралтын ажлыг норм дүрмийн дагуу гүйцэтгэх гэрээг 110.000.000 төгрөгний үнийн дүнтэй, ажил эхлүүлэх зөвшөөрөл гарснаас хойш 21 хоногийн дотор захиалагчид хүлээлгэн өгнө гэсэн нөхцөлтөй гэрээ байгуулан ажилласан. Гэрээ байгуулсан өдрөөс урдчилгаа төлбөр аван эхний ээлжинд шаардагдах материалыг захиалж аван захиалагчийн ажлын талбайд аваачсан, ажлын зургийг С э и ХХК-р зуруулах болж цахилгааны техникийн нөхцөлийн дагуу инженерийн шийдлийг гаргуулсан. Ажлын зураг зурагдах явцад бид захиалагчийн өөрийн эзэмшилийн газарт дэд өртөө болох 35/0,4 кв, 250 кВа чадалтай АТП-ны угсралтын ажил, цахилгаан дамжуулах агаарын шугамын эхний цэгт байрлах тулгуурыг байрлуулж тоноглосон. Ажлын зураг батлагдан гарснаар уг ажлын гүйцэтгэл 70%-д хүрсэн тул гэрээний дагуу 2 дугаар санхүүжилтийг авч ажлаа үргэлжлүүлэн угсралтын ажлыг дуусгасан.
Г.Д-ийн намайг мөнгө угаасан гэх нь үндэслэлгүй гүтгэлэг болно. Энэ хугацаанд ажлын талбай дээр материал буусан ажил явагдаж байсан. Захиалагчийн шаардпагаар 1 удаа зарцуулсан мөнгөн дүнгийн мэдээллийг өгсөн. Уг ажлыг гүйцэтгэх дараалал нь цахилгааны техникийн нөхцөл авах, ажлын зураг зурагдаж батлагдах, ажил эхлүүлэх зөвшөөрөл авах, ажлыг комисст хүлээлгэн өгөх гэсэн дараалалтай тул гэрээнд ажил эхлүүлэх зөвшөөрөл гарснаас хойш гэж ажил дуусах хугацааг зааж өгсөн. Ажил гүйцэтгэх явцад уг ажлын гэрээг байгуулахаас өмнө ажлын хамтрагч болох н.Б-тэй ярилцан манай компаний тусгай зөвшөөрөл гараагүй байгаа тул танд тусгай зөвшөөрөлтэй компани байна уу байвал хамтарч хийе гэж санал тавин уулзаж ярилцан миний компани болох “Э Ү” ХХК дээр гэрээ байгуулж, комисст хүлээлгэн өгөхөд өөр компани дээр хүлээлгэн өгье гэсэн аман тохиролцоонд хүрж гэрээг байгуулсан. Ажлын зураг батлагдахаас өмнө н.Б зуурдаар хорвоогийн мөн бусыг үзсэн тул ажлыг гүйцэтгэхэд оролцсон найзынхаа хамааралтай компани дээр комисс ажлуулая гэж тохиролцсон. Энэ шийдвэр маань захиалагчид ямар нэгэн хүндрэл учруулаагүй болно. Уг ажлыг иргэн Г.Д санал болгосны дагуу газар дээр очиж үзхэд цахилгаан техникийн нөхцөлд заасан цэгээс захиалагчийн өөрийн газар хүртэл хоосон талбай байсан. Ажлын зураг зурагдах явцад цахилгаан дамжуулах агаарын шугам явах трассд хоосон байсан газар хүний эзэмшилийнх байгааг тогтоон техникийн нөхцөлийн холбогдох цэгийг солиулах шаардлагатай болж техникийн нөхцөлийг манай талаас хөөцөлдөн солиулсан нь гэрээний 2.2 заалтыг зөрчиж байгаа. Мөн цахилгаан дамжуулах агаарын шугамын трассд хүний газрын булан орсон тул захиалагчид мэдэгдэн уг газрын эзнийг олж өгч зөвшөөрөл авхуулсан. Дээрхи шалтгаануудыг шийдвэрлэхэд их хугацаа орсон. Ажил ямар шалтгаанаас болоод хойшилж байгааг мэдэж байсан гэсэн ч өдөр болгон шахуу залгаж согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ агсан тавьж ална гэх мэт үгээр дарамталж байсан. Г.Д нь санал тавьж ирэхдээ аль болох хямд хугацааны хувьд хурдан гэж байсан, үүнийг хүндэтгэн үзэж бид норм дүрмийн дагуу аль болох байж болох хамгийн хямд үнийн саналыг өгч, уг ажпыг хийж гүйцэтгэхэд санал зөрөлдөх үйл явц байсан ч ажил дуусч өнөөдрийн байдлаар угсралтын ажил дуусч, комисс ажиллуулж, гарын үсэг зуруулах үйл ажиллагаан дээр явж байна. Иймд Г.Д-ийн нэхэмжилж байгаа мөнгөн дүнг төлөхөөс татгалзаж байна гэжээ /хх-22-23/.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа.
Нэгдүгээрт гэрээг иргэн Б.С-тэй биш “Э ү” ХХК-тай байгуулсан. Компани иргэн Г.Д хоёрын хооронд байгуулагдсан учир тухайн компани хариуцагчаар оролцох ёстой. Мөн гэрээний дагуу 100 хувь баригдаад дуусчихсан ажил. “Э ү” ХХК 70 хувийг гүйцэтгэж, үлдсэн 30 хувийг “А д” ХХК-иар гүйцэтгүүлсэн. Энэ компанийн захирал нь гэрчээр орох н.О байгаа. Тухайн үед энэ хүнтэй ярилцаж тохиролцсон байсан. н.О өөрийн компани дээр тусгай зөвшөөрөл гаргуулаад улсын комисст хүлээлгэх ажил явагдсан. “А д” ХХК-д хүлээлгэж өгөх хүртлээ хариуцагч талаас “С и э” ХХК-иар ажлын зураг гаргуулсан. Цахилгааны техникийн нөхцлийн дагуу инженерийн шийдлийг гаргуулсан байдаг. Ажлын зургийг гаргуулах явцад захиалагчийн өөрийн эзэмшлийн дэд өртөө буюу 35/04250 келобит чадалтай дамжуулах станцын угсралтын ажил цахилгааныг дамжуулах шугамыг эхний цэгт байрлах тулгуурыг байршуулж тоноглосон байдаг. Мөн ажлын зураг батлагдан гарсны дараа ажил 70 хувьдаа хүрсэн гэж ойлгож болно. Гэрээний дагуу дараагийн санхүүжилтийг 30.000.000 төгрөг авах байснаа 20.000.000 төгрөг аваад ажлыг нь үргэлжлүүлж байгаад А д ХХК-иар үлдэгдэл ажлыг дуусгуулсан. Тухайн үед н.Б гэдэг хүн уг компанид ажиллаж байсан ч нас барсан гэж ойлгосон. Энэ талаар тодорхой зүйлийг хэлэх ёстой хүн байсан. Үндсэндээ ийм ажлуудыг хийсэн байдаг. Ажил удсан шалтгаан гэвэл нэхэмжлэгч өөрийн зааж өгсөн газар дээр өөр айлын эзэмшдэг газар давхацсан тул тухайн газрын эзэнтэй уулзаж зөвшөөрөл авахын тулд маш их хугацаа орсон. Энэ ажлыг “Э ү” ХХК хийж гүйцэтгэсэн байдаг.
Нэхэмжлэгч талаас гурван шаардлага тавьсан байна. Уг гурван шаардлагын хувьд олох ёстой байсан орлого 30.000.000 төгрөг гэж байгаа хэдий ч уг мөнгийг олох ёстой байсан талаар ямар ч нотлох баримт хэрэгт байхгүй. Ямар нэртэй амралтын газар байсан, амралтын газар нь тусгай зөвшөөрөлтэй эсэх, сард 30.000.000 төгрөг олсон талаарх аж ахуй нэгжийн тайлан блансын баримт байхгүй байхад зүгээр ор үндэслэлгүй зүйл нэхэж байна.
Хоёрдугаарт олох ёстой байсан хүү, орлого гэж байгаа. Банкны хүү янз бүр байдаг. Ямар банкны ямар ханшийг үндэслэн 1,8 хувиар тооцоод байгаа нь тодорхойгүй, Б.С ямар хүнд мөнгө зээлдүүлж хүү, ашиг олсон талаар хэрэгт ямар ч баримт байхгүй. Гуравдугаарт бензин авсан гэж байгаа ч үүнтэй холбоотой баримтууд хэрэгт байхгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, гэрчүүдийн мэдүүлэг зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Д нь хариуцагчаар иргэн Б.С тодорхойлон татаж, түүнд холбогдуулан 2020-05-19-ний өдөр “Э ү” ХХК-тай байгуулсан 06 дугаартай ажил гүйцэтгэх гэрээний үүргийг зөрчснөөс учирсан хохирол буюу жуулчны бааз ажиллуулаад олох байсан орлогод 30.000.000 төгрөг, 70.000.000 төгрөгийг банкинд хадгалуулаад авах байсан хүүд 5.177.720 төгрөг, генератор /цахилгаан мотор/ ажиллуулсан шатахууны зардалд 3.030.500 төгрөг, нийт 38.208.220 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ /хх-1-2/.
Хариуцагч Б.С хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгөө бүрэн төлөөлөн оролцох эрхийг 2020-01-19-ний өдрийн итгэмжлэлээр Б.Г-д гурван жилийн хугацаатай олгосон байна /хх-80/.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар “...хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй...” тул нэхэмжлэгч хэнээс, ямар үндэслэлээр, юуг шаардахаа өөрөө тодорхойлох эрхтэй тул нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой байх учиртай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.4-т нэхэмжлэлийн бүрдүүлбэрт нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг нэхэмжлэгч нэхэмжлэлдээ тодорхой тусгасан байхыг шаарддаг нь шүүх хөндлөнгийн байх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчимтай холбоотой бөгөөд нэхэмжлэгчийн хүсээгүй зүйлийг шүүх шийдвэрлэх эрх хэмжээ хуулиар байхгүй.
Шүүх нэхэмжлэлийн үндэслэл гэдэгт нэхэмжлэгчийн шүүхэд хандах болсон бодит нөхцөл ба түүний шаардлага ямар учир шалтгаантай болохыг нэхэмжлэгчийн зүгээс тодорхойлсон байдаг тул нэхэмжлэлийн шаардлага нь тухайн үндэслэлд тулгуурлан нэхэмжлэгч шүүхээс юу хүсэж байгааг илэрхийлдэг тул нэхэмжлэлд нэхэмжлэлийн үндэслэл шаардлагыг нотлох баримтын талаар тусгасан байхыг шаардахаас заавал хавсаргаж ирүүлэхийг шүүх шаардахгүй. Учир нь хэргийн оролцогчидод нотлох баримтыг цуглуулах, бүрдүүлэхийн тулд хуулиар хугацаа тогтоогдсон бөгөөд уг хугацааны дотор буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоногийн дотор хэрэг маргааныг шийдвэрлэх журамтай.
Тиймээс иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгжиж, нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргадаг тул хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримт, зохигчдын тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг зэргийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Учир нь нэхэмжлэгч Г.Д нь “Э ү” ХХК-тай 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээгээр Төв аймаг, Эрдэнэ сум, 1-р баг Баяндавааны ард хийгдэх 35/0,4 кв, 250 кв дэд өртөө ЦДАШ-ийг модон анкераар хийх ажлын зураг угсралтыг хийж гүйцэтгэх, уг ажлыг угсралтын ажил эхлүүлэх зөвшөөрөл гарснаас хойш ажлын 14 хоногийн дотор захиалагчид хүлээлгэн өгөх, гэрээний нийт үнийн дүн 110.000.000 төгрөг байхаар харилцан тохиролцжээ /хх-7-8/.
Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгчээс 2020-05-15-ны өдөр Б.С-ийн данс руу 70.000.000 төгрөгийг тогны урьдчилгаа гэж /хх-11/, 2020-09-08-ны өдөр 18.000.000 төгрөгийг тог татуулах үйлчилгээний төлбөр гэсэн /хх-9/ гүйлгээний утгаар шилжүүлсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул уг гэрээнд оролцогч талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна.
Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг бөгөөд талуудын байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 4.3-т хариуцсан үүргээ биелүүлээгүйгээс шалтгаалан нөгөө талд хохирол учруулбал буруутай тал бүрэн хариуцан хохиролгүй болгоно гэжээ.
Харин гэрээний зүйл болох ажлын үр дүнг угсралтын ажлыг эхлүүлэх зөвшөөрөл гарснаас хойш ажлын 14 хоногийн дотор захиалагчид хүлээлгэн өгөхөөр гэрээнд оролцогч талууд тохирсон байх боловч хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлсэн Төв аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас ирүүлсэн 2020-10-26-ны өдрийн огноотой БЭЗ-96/20 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ нь “А д” ХХК-ийн нэр дээр гарсан байна /хх-75-76/.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Б.С “Э ү” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхийн талаар болон нэхэмжлэгчээс шилжүүлсэн мөнгийг авсан үйл баримтын талаар маргаагүй боловч иргэн Б.С хариуцагч биш гэж маргаж, “Э ү” ХХК-ийн инженер Т.Г-оос гэрчийн мэдүүлэг авахуулахаар, Төв аймгийн газрын харилцаа, барилга хот байгууллалтын газраас барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг нотлох баримтаар гаргуулах хүсэлтийг гаргасан.
Нэхэмжлэгч Г.Дж нь “эрчим хүчний ажил гүйцэтгэх” гэрээг 2020-10-07-ны өдөр “А д” ХХК-ийн захирал С.О-тай байгуулсан байх бөгөөд уг гэрээний талууд хавсралт 1-ээр гүйцэтгэх ажлын жагсаалт, хавсралт 2-р гүйцэтгэх ажлын графикийн дагуу гэрээт ажлыг хийхээр тохирсон талаар гэрээний 1.4-т заасан байх боловч ямар ажлыг хийж гүйцэтгэхээр нэхэмжлэгчээс захиалга өгсөн болох нь тодорхойгүй буюу гэрээний хавсралтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна /хх-68-73/.
Харин нэхэмжлэгчээс “Э ү” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу ажлын үр дүнг хугацаанд нь хүлээлгэн өгөх үүргээ гүйцэтгээгүйгээс үүссэн хохиролын талаарх шаардлагыг иргэн Б.С-д холбогдуулан гаргасан боловч тухайн иргэнтэй гэрээний харилцаанд оролцсон гэх байдал, ямар нэртэй жуулчны бааз ажиллуулсан, цахилгаа мотор ажиллуулахад гарсан зардал, банкинд мөнгөө хадгалуулах гэрээ байгуулсан эсэх хүү авахаар тохирсон гэх байдал хэргийн үйл баримтаар нотлогдон тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч хэнд холбогдуулан нэхэмжлэл гаргахыг өөрөө шийдвэрлэдэг тул шүүх нэхэмжлэгчийн хүсээгүй этгээдэд хариуцлага ногдуулах үндэслэлгүй.
Тиймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “нэхэмжлэгч уг нэхэмжлэлийг гаргах эрхгүй, эсхүл хариуцагч уг нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч биш болох нь нотлох баримтаар тогтоогдвол шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр, эсхүл түүний зөвшөөрснөөр нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдийг жинхэнэ нэхэмжлэгчээр, хариуцагч биш этгээдийг жинхэнэ хариуцагчаар тус тус сольж болно” гэж, мөн хуулийн 28.3-т “нэхэмжлэгч хариуцагчийг өөр этгээдээр солих тухай хүсэлт гаргаагүй, эсхүл зөвшөөрөөгүй бол шүүх хариуцагчийг сольж болохгүй” гэж тус тус заасан.
Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судалж, зохигчид мэтгэлцснээр нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийг солих талаар хүсэлт гаргаагүй бөгөөд хариуцагчийг солих эсэхийг шүүх зөвхөн нэхэмжлэгчийн зөвшөөрөлтэйгээр гүйцэтгэнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар “зохигч гагцхүү бодит үнэнд нийцсэн тайлбар гаргах, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах үүрэгтэй” бөгөөд зохигчийн тайлбар нь нотолгооны хэрэгсэлд хамаарах тул “Э ү” ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд иргэн Б.С хариуцлага хүлээнэ гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, тайлбараа нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох, нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй болно.
Зохигчийн хүсэлтээр шүүх хуралдаанд оролцсон гэрч С.О нь барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ гарсан “А д” ХХК-ийн захирал байх бөгөөд компаний краныг С хөлслөн авч явсан байгаад техникээ авахаар очсоны дараа нэхэмжлэгч Г.Д-той уулзаж, гэрээ байгуулж ажилласан, ажилтан Г-с С ийм ажлын талаар санал гаргаж байна гэснээр гэрээнд гарын үсэг зурж, тамга дарж өгсөн талаар,
гэрч Т.Г нь цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн Улаанбаатар салбарт инженерээр ажилладаг байх бөгөөд Э ү ХХК-ийн захирал С-тэй найз нөхдийн харилцаатай, цахилгаан дамжуулах агаарын шугам АТП-г угсарч бүх ажлыг хийсэн, Сэргэлэнтэй 2020 оны 5-р сард тохиролцож түүний хүсэлтээр нийт ажлын 50 хувийг гүйцэтгэсэн, “А д” ХХК-ийн захирал О-тай 2020 оны 9-р сард тохиролцож ажилласан талаар,
гэрч Б.Г нь “А д” ХХК-д жолоочоор ажилладаг байх бөгөөд Г.Д-ийн захиалсан ажлыг Э ү ХХК-ийн захирал С авснаар шугам суурилуулж, утас татах ажил явагдаж байхад С-ийн “Э ү” ХХК нь эрчим хүчний 10 кв-тын зөвшөөрөлтэй байгаад 35 кв-ын зөвшөөрөл хэрэгтэй болсон. Энэ үед С алга болсон тул би захиралд танилцуулж, нэхэмжлэгчийг хүсэлтээр уг ажлыг манай компани гүйцэтгэсэн талаар тус тус мэдүүлсэн.
Иймд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх бичгийн нотлох баримтууд болон зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг зэргээс үзэхэд нэхэмжлэгч нь “Э ү” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байх бөгөөд гэрээний үүргээ гүйцэтгээгүйгээс учирсан хохирлыг иргэн Б.С хариуцах үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Компанийн гүйцэтгэх удирдлага нь компанийн дүрэм болон төлөөлөн удирдах зөвлөл байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хуралтай байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний дотор компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, хувь хүн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж байгаа тохиолдолд уг этгээд компанийн гүйцэтгэх захирал байх, гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулахаар Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, 83.3, 83.8-д тус тус заасан.
Зохигчдын хооронд тодорхой эрх, үүргийг үүсгэсэн, энэхүү шаардах эрх, хүлээх үүргийн агуулгыг тодорхойлсон, шүүхэд нэхэмжлэл гаргах үндэслэл болж буй харилцаа нь маргаантай эрх зүйн харилцаа гэж үзэх бөгөөд аливаа нэхэмжлэлийн шаардлага тодорхой үндэслэлтэй байдаг ба энэхүү үндэслэл нь маргаантай харилцааг тодорхойлох учиртай.
Тиймээс Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгжиж, нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргадаг ба иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа нь хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол болон бусад байдал, хуулийн этгээдийг өмчийн хэлбэр, эрх хэмжээгээр нь ялгаварлахгүй эрх тэгш байх зарчимд үндэслэн явагддаг тул нэхэмжлэгчээс шүүх хуралдаанд тодруулан гаргасан Э ү ХХК-ийн захирал Б.С-тэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан, гэрээгээр тохирсон хугацаанд ажлаа хүлээлгэн өгөөгүйгээс олох байсан орлого, ажлын үр дүнг гүйцэтгээгүйгээс цахилгаан генератар ажиллуулахад гарсан зардлыг иргэн Б.С-ээс гаргуулна гэж тодорхойлон тайлбарласан шаардлагын хүрээнд хэрэг маргааныг хянан шийдвэрлэсэн болно.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 353.325 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 227 дугаар зүйлийн 227.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Б.С-д холбогдуулан гаргасан жуулчны бааз ажиллуулан олох байсан орлогод 30.000.000 төгрөг, 70.000.000 төгрөгийг банкинд хадгалуулаад авах байсан хүүд 5.177.720 төгрөг, генератор цахилгаан мотор ажиллуулсан шатахууны зардалд 3.030.500 төгрөг, нийт 38.208.220 төгрөг гаргуулахыг хүссэн Г.Д-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 353.325 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЯНЖИНДУЛАМ