Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 2024/ШЦТ/173

 

    2024        02          28                                   2024/ШЦТ/173

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энхмаа,

улсын яллагч Б.Очгэрэл,

шүүгдэгч Э.С  /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Э.С д холбогдох эрүүгийн 2311023360112  дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

... овгийн Э.С , 1991 оны 6 дугаар сарын 9-ний өдөр, Сэлэнгэ аймгийн Баянгол суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш дасгалжуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр,4-6 насны 2 хүүхдийн хамт, Хан-Уул дүүргийн .. дугаар хороо ... тоотод оршин суух,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 731 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, регистрийн дугаар ...

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.С  нь 2023 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эрүүлжүүлэх саатуулах байрны хүлээн авах хэсэгт .... дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Нийтийн хэв журмыг хамгаалах тасгийн эргүүлийн офицер Б.Б-г албан үүргээ гүйцэтгэх явцад нь буюу согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ танхайрч нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан өөрийг нь эрүүлжүүлэн саатуулахаар хүлээлгэн өгч байхад хүч хэрэглэж биед нь халдсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Э.С  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Зарим зүйлийг би сайн санахгүй байна. Нэг мэдэхэд цагдаа ирсэн байсан. Миний буруу...” гэв.

Гэм буруугийн дүгнэлт:

Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, оролцогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч Э.С  нь албан үүргээ гүйцэтгэж байсан хууль сахиулагч Б.Б ийн эсрэг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн үйл баримт тогтоогдож байна.

Дээрх үйл баримт нь:

Хохирогч Б.Б ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өсгөн: “...Би .... дүүргийн цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасагт эргүүлийн офицерын ажил хийдэг юм. 2023 оны 11 дүгээр сарын 06-ний өдөр албан үүргээ гүйцэтгэж байх хугацаанд .... дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт ILOFT (айлофт) гэх нэртэй Диско клубийн гадна талд үл таних хүн машин цохиод явуулахгүй байна гэх дуудлагын дагуу очиход Э.С  гэх этгээд бусадтай маргаж танхайрсан зөрчил гаргасан байхаар нь Зөрчлийн тухай хуульд зааснаар торгуулийн арга хэмжээ авах зорилгоор тээврийн хэрэгсэлдээ суулгахад манай цагдаа жолооч цагдаагийн ахлах ахлагч Т.Н-тай маргаад байхаар нь .... дүүргийн 1 дүгээр хэлтсийн байранд авчирсан юм хэлтсийн байран дотор агсан согтуурч алба хаагчийн шаардлага биелүүлэхгүй байсан тул Цагдаагийн албаны тухай хуулийн 52 дугаар зүйлд зааснаар нэг бүрийн тусгай хэрэгсэл болох гав хэрэглэж тухай этгээдийг гавлаж ......... газрын Эрүүлжүүлэх саатуулах төвд эрүүлжүүлэхээр хүргэж ирсэн. 04 цаг 40 минутын орчимд санагдаж байна тухайн эрүүлжүүлэхээр авч ирсэн иргэн Э.С  гэх этгээд нь албадан саатуулах төв хүргэх замд машин дотор арын суудалд суусан явж байх үедээ чамайг ажилгүй болгоно би чамайг хутгалж алах болно гэх зэргээр заналхийлж сүрдүүлж хэлж байсан. Тэгээд албадан саатуулах төвд хүргэж ирээд саатуулах тогтоолыг нь бичээд сандал дээр сууж байх үед агсан согтуу тавьж байгаад дэргэд ирсэн байснаа гэнэт миний хамар нүүр хэсэг рүү толгойгоороо мөргөж харааны нүдний шилийг эвдсэн...” гэх мэдүүлэг /хх-12 /

Гэрч Б.Т-ны мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би ......... газрын Эрүүлжүүлэх саатуулах төвд жижүүрийн цагдаа албан тушаалтай 2023 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 20 цагт ажил дээрээ ээлж хүлээн авч үүрэг гүйцэтгэж байсан 2023 оны 11 дүгээр сарын 06-ны шөнө буюу үүрээр 04 цаг өнгөрч байхад санагдаж байна гаднаас .... дүүргийн 1-р хэлтсээс Цагдаагийн ахлах дэслэгч Б.Б жолоочийн хамт зөрчил гаргасан иргэнийг саарал цамцтай байсан санагдаж байна 30 гаран насны залууг эрүүлжүүлэх байранд хүлээлцэх үед тухайн залуу нь эргүүлийн офицер Б.Б-г ширээнд суугаад тэмдэглэл бичиж байх үед нь гэнэт босож очоод нүүрэн тус газар нь нэг удаа духаараа мөргөсөн тэгээд буцаад явчихсан эмч тухайн хүнийг үзээд эрүүлжүүлэхээр хүлээн авсан юм...” гэх мэдүүлэг /хх-19/

Гэрч С.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би ......... газрын Эрүүлжүүлэх саатуулах төвд жижүүрийн цагдаа албан тушаалтай 2023 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 20 цагт ажил дээрээ ээлж хүлээн авч үүрэг гүйцэтгэж байсан 2023 оны 11 дүгээр сарын 06-ны шөнө буюу үүрээр 04 цаг өнгөрч байхад гаднаас .... дүүргийн 1-р хэлтсээс Цагдаагийн ахлах дэслэгч Б.Б  жолоочийн хамт зөрчил гаргасан 1 иргэнийг эрүүлжүүлэхээр авч ирсэн ил харагдах шарх сорвигүй байсан санагдаж байна 30 гаран насны залууг эрүүлжүүлэх байранд хүлээлцэх хүлээлгийн хэсэгт тухайн залуу нь эргүүлийн офицер Б.Б-г ширээнд суугаад тэмдэглэл бичиж байх үед нь гавтай сууж байсан залуу урд нь очоод юм ярьж байснаа Б.Б ийн гэнэт нүүрэн тус газар нь нэг удаа духаараа мөргөсөн тэгээд буцаад явчихсан эмч тухайн хүнийг үзээд эрүүлжүүлсээр эрүүлжүүлэх байранд хүлээн авсан юм...” гэх мэдүүлэг /хх-21/

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-55-57 / зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Э.С г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

Шүүх шүүгдэгч Э.С д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хувь хүний байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Шүүгдэгч Э.С д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Шүүгдэгч Э.С д оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 3 сарын хугацаанд төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Бусад асуудлын талаар:

Хохирогч Б.Б  нь “...гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй...” /хх12/ гэх тул шүүгдэгч Э.С г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.  

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээв.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.С д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овгийн Э.С г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Э.С д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.С д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

4. Шүүгдэгч Э.С  нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээсүгэй.  

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.С д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ,

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Б.ХАЛИУН