Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2026/0729

 

 

М.Б-ны нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Б.Тунгалагсайхан

Бүрэлдэхүүн: Шүүгч Н.Долгорсүрэн

Илтгэгч: Шүүгч О.Оюунгэрэл  

Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгч М.Б

Нэхэмжлэгч: М.Б

Хариуцагч: Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Засаг дарга, Өмнөговь аймаг дахь Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор Ц.Ө, аудитор Т.Б, хамтран хариуцагч Ю.Э

Нэхэмжлэлийн шаардлага: “Өмнөговь аймаг дахь Төрийн аудитын газрын 2025 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 414/А167117 дугаартай албан шаардлагыг хүчингүй болгуулах, Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Б/28 дугаар захирамжийг хүчингүй болгож, урьд ажиллаж байсан Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлэх”

Давж заалдах журмаар гомдол гаргасан шүүхийн шийдвэр:

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 52 дугаар шийдвэр

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгч М.Б , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Н, Л.А, хариуцагч Т.Н, түүний өмгөөлөгч Б.О, хариуцагч Т.Б, хамтран хариуцагч хариуцагч Ю.Э-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н болон өмгөөлөгч О.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр

Хэргийн индекс: 120/2025/0023/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч М.Б-аас Өмнөговь аймаг дахь Төрийн аудитын газрын 2025 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 414/А167117 дугаартай албан шаардлагыг хүчингүй болгуулах, Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Б/28 дугаар захирамжийг хүчингүй болгож, урьд ажиллаж байсан Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлэх”-аар маргасан байна.

2. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 52 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч М.Б-ы Өмнөговь аймаг дахь Төрийн аудитын газрын 2025 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 414/А167117 дугаартай албан шаардлагыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, Өмнөговь аймаг дахь Төрийн аудитын газрын тэргүүлэх аудитор Ц.Ө, аудитор Т.Б, хамтран хариуцагч Ю.Э нарт холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож,

2 дахь заалтаар Төрийн албаны тухай 39 дүгээр зүйлийн 39.1.2, 48 дугаар зүйлийн 48.1.4 дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч М.Б-ы Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Б/28 дугаар захирамжийг хүчингүй болгож, урьд ажиллаж байсан Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

3.1. Миний хувьд  сумын Засаг даргын А/93 дугаар захирамжаар байгуулсан “Жижиг, дунд үйлдвэрлэлийн барилга өргөтгөх, хөдөө аж ахуйн машин, тоног төхөөрөмж суурилуулах, хадгалах агуулах барих ажил”-ын Үнэлгээний хорооны даргаар ажиллахдаа тус ажлын тендерт шалгарсан “Н” ХХК-тай гэрээ байгуулах зөвлөмжийг захиалагчид хүргүүлсэн, захиалагчийг төлөөлж эрх олгох тухай мэдэгдлийг шалгарсан компанид хүргүүлсэн үйлдэл хийсэн нь үнэн. Миний бие албан шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь миний бие ингэж ажиллах  болсон шалтгаан үүргээ хэрэгжүүлэх ёстой Засаг дарга Б.Б эзгүй ажил үүргээ гүйцэтгэхгүйгээр ажлаа орхин явсан, манай сумын 100 жилийн ой болох гээд ажил ихтэй, сумын бүх ажил гацсан байсан тул миний бие төрийн ажлыг үргэлжүүлэхийн тулд энэхүү үйлдлийг хийсэн. Ингэхдээ уг тендерийн материалд өөрийн ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлж гарын үсэг зурсан байдаг. Гэтэл энэ байдлыг шүүх үнэлэлгүй ашиг сонирхлын эсрэг мэдүүлэг хөтлөөгүй гэж дүгнэн хэргийг шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

3.2. Мөн миний бие уг албан шаардлагыг сумын Засаг даргаас 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр мэдсэн. Гэтэл хариуцагч Т.Б нь 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдөр гардуулсан гэж худал нотлох баримтыг хэрэгт өгсөн байсан.

Өмнөговь аймаг дахь Төрийн аудитын газрын 414/А167117 дугаартай үндэслэлгүй албан шаардлагыг үндэслэж гарсан Ханхонгор сумын Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Б/28 дугаар тушаал гарч М.Б надад сахилгын шийтгэл оногдуулж, ажлаас халсан. Уг сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалд намайг албаны эрх мэдлээ хэтрүүлсэн гэж үзсэн. Дээрх албан шаардлагад энэ талаар огт дурдаагүй байхад албан шаардлагад зааснаас өөр үндэслэлээр намайг ажлаас халсныг үндэслэлгүй гэж үзэж байна. Албан шаардлагыг үндэслэн сумын Засаг дарга нь шууд ажлаас халах тушаал гаргасан байсан тул миний бие хууль ёсны эрх, ашиг сонирхлоо хамгаалуулахаар тус шүүхэд хандсан болно.

Надад албан шаардлагыг мэдэгдэж 2025 оны 09 дүгээр сард сонсох ажиллагаа хийсэн боловч зөвхөн нэг сонсох ажиллагааны тэмдэглэлийг хариуцагч тал шүүхэд гаргаж өгсөн байсан.

3.3. Сумын Засаг даргын ажлаас халсан захирамж нь хуулийг буруу үндэслэсэн, хамааралгүй заалт авсан, сумын Засаг дарга нь өөрийн бүрэн эрхийн заалтыг бус аудитын бүрэн эрхийн заалт авч илтэд хууль бус захирамж гаргаж, албан томиололтын хугацаа дуусаагүй байхад ажлаас чөлөөлснийг миний бие хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул дараах үндэслэлээр хэвээр үлдээж шийдвэрлэв.

3. Нэхэмжлэгч М.Б-аас Өмнөговь аймаг дахь Төрийн аудитын газрын 2025 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 414/А167117 дугаартай албан шаардлагыг хүчингүй болгуулах, Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Б/28 дугаар захирамжийг хүчингүй болгож, урьд ажиллаж байсан Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...миний бие Үнэлгээний хорооны даргаар ажиллахдаа ашиг сонирхлын ямар нэг зөрчил гаргаагүй , ашиг сонирхлын зөрчилтэй байдлаа худал мэдүүлсэн зүйл байхгүй, Төрийн аудитын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т “Төрийн аудитын байгууллага санхүүгийн тайланд дүгнэлт өгөхөөс татгалзсан, энэ хуулийн 20.5-д заасан төлөвлөгөөг ирүүлээгүй нь тухайн албан хаагчийг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болно” гэж заасан бөгөөд Өмнөговь аймаг дахь Төрийн аудитын газраас дүгнэлт өгөхөөс татгалзсан, зөвлөмж хүргүүлсэн зүйл байхгүй учир өөрт олгогдоогүй эрх хэмжээнд надад сахилгын шийтгэл ногдуулахаар үндэслэлгүй албан шаардлага гаргасан” гэж тайлбарлан маргажээ.

4. Миний бие төрийн аудитын газрын албан шаардлагыг 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр мэдсэн” гэх гомдлын тухайд:,

4.1. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан Өмнөговь аймаг дахь Төрийн аудитын газрын 2025 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 414/А167117 дугаартай албан шаардлагыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг Монгол Улсын Ерөнхий аудиторын баталсан 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/95 дугаар журамд заасны дагуу 414/А167117 дугаар албан шаардлагыг эс зөвшөөрвөл Ерөнхий аудиторт гомдол гаргах зохицуулалттай байна гээд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-т “Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой;” гэж заасныг баримтлан хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.

4.2. Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д “Иргэн, хуулийн этгээд гомдлоо тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана” гэж зааснаар захиргааны хэргийн шүүхэд захиргааны байгууллагын шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэл гаргахад дээд шатны байгууллага эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа хийсэн байхыг шаардана.

4.3. Хэдийгээр хариуцагч талаас тус албан шаардлагыг 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдөр М.Б-д утсаар мэдэгдсэн, нэхэмжлэгчээс уг албан шаардлагыг 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр мэдсэн гэж хэзээ мэдсэн талаар цаг хугацааны хувьд маргах боловч маргаан бүхий актыг хэзээ мэдсэн эсэхээс үл хамааран Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлсний үндсэн дээр шүүхэд нэхэмжлэл гаргахаар байна.

4.4. Учир нь Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-д “Албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтоох журмыг Монгол Улсын Ерөнхий аудитор батална”, Монгол улсын ерөнхий аудиторын 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/95 дугаар тушаалаар батлагдсан “Албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтоох журам”-ын 10.1-д “Албан шаардлага, төлбөрийн акттай холбоотой хүсэлт, гомдол, мэдээллийг зохих журмын дагуу хянан үзэх бөгөөд илт хууль бус болон зөрчилтэй болох нь холбогдох нотлох баримтаар тогтоогдсон бол уг албан шаардлага, төлбөрийн актыг Монгол Улсын Ерөнхий аудиторын шийдвэрээр бүхэлд нь эсхүл хэсэгчлэн хүчингүй болгоно” гэж зааснаас үзвэл, Монгол Улсын Ерөнхий аудитор нь нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахыг хүсэж буй албан шаардлагыг хянан үзэх, хүчингүй болгох эрхтэй байх тул “...урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба хэрэглэх боломжтой...” гэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн дүгнэлт үндэслэлтэй тул нэхэмжлэгчийн “албан шаардлагыг надад мэдэгдээгүй, хүргүүлээгүй” гэж тайлбарлан шууд шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй.

5. 414/А167117 дугаар албан шаардлагад албаны эрх мэдлээ хэтрүүлсэн гэж дурдаагүй байхад Ханхонгор сумын Засаг даргын А/93 дугаар захирамжид албан шаардлагад дурдаагүй үндэслэлийг зааж ажлаас халсан” гэх гомдлын тухайд:,

5.1. Нэхэмжлэгч сумын Засаг даргын Тамгын газрын дарга М.Б нь сумын Засаг даргын А/93 дугаар захирамжаар “Жижиг дунд  үйлдвэрлэлийн барилга өргөтгөх, хөдөө аж ахуйн машин, тоног төхөөрөмж суурилуулах, хадгалах агуулах барих ажил”-ын Үнэлгээний хорооны даргаар томилогдсон бөгөөд ийнхүү Үнэлгээний хорооны даргаар ажиллахдаа тус ажлын тендерт шалгарсан “Н” ХХК-д гэрээ байгуулах зөвлөмжийг захиалагчид хүргүүлэн, улмаар захиалагчийг төлөөлж эрх олгох тухай мэдэгдлийг шалгарсан компанид хүргүүлсэн нь хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбар болон нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд “...захиалагчийг төлөөлж эрх олгох тухай мэдэгдлийг шалгарсан компанид хүргүүлсэн үйлдэл хийсэн нь үнэн” гэсэн тайлбараар тогтоогдож байх бөгөөд талууд энэ талаар маргаагүй.

5.2. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т “Үнэлгээний хороо байнгын бус ажиллагаатай байх бөгөөд дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:” гээд 50.2.1-д “тендер шалгаруулалтын баримт бичиг, зарлал, урилга боловсруулах, тендер хүлээн авах;”, 50.2.2-т “тендерийг нээх, хянан үзэх, үнэлэх;”, 50.2.3-т “захиалагчид энэ хуулийн 28 дугаар зүйлд заасан шийдвэр гаргах зөвлөмж хүргүүлэх” гэж заасан.

5.3. Маргаан бүхий 414/А167117 дугаар албан шаардлагад “...сумын Засаг даргын А/93 дугаар захирамжаар байгуулагдсан Үнэлгээний хорооны дарга буюу сумын Засаг даргын Тамгын газрын дарга нь “Жижиг дунд  үйлдвэрлэлийн барилга өргөтгөх, хөдөө аж ахуйн машин, тоног төхөөрөмж суурилуулах, хадгалах агуулах барих ажил”-ын Үнэлгээний хорооны даргаар ажиллахдаа тус ажлын тендерт шалгарсан “Н” ХХК-тай гэрээ байгуулах зөвлөмжийг захиалагчид хүргүүлэн...” гэж дүгнэсэн бөгөөд сумын Засаг даргын Б/28 дугаар захирамжид дээрх нөхцөл байдлыг албаны эрх мэдлээ хэтрүүлсэн гэж дүгнэснээс үзэхэд нэхэмжлэгчийн тендерийн материалд өөрийн ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлж гарын үсэг зурсан нь түүний албаны эрх мэдлээ хэтрүүлсэн зөрчлийг зөвтгөхгүй.

5.4. Өөрөөр хэлбэл, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 48 дугаар зүйлд зааснаар шалгарсан компанид гэрээ байгуулах мэдэгдэл хүргүүлэх, гэрээ байгуулах эрх нь тендер захиалагчийн бүрэн эрхэд хамаарч байх бөгөөд сумын Засаг даргаас дээрх эрхээ нэхэмжлэгчид шилжүүлээгүй энэ тохиолдолд тендер захиалагчийг эзгүй байсан гэх үндэслэлээр энэхүү эрхийг Үнэлгээний хорооны дарга хэрэгжүүлснийг өөрт хуулиар олгогдоогүй эрхийг хэрэгжүүлсэн байна гэж дүгнэв.

6. “Би тендерийн материалд өөрийн ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлж гарын үсэг зурсан, шүүх үүнийг үнэлэлгүй, ашиг сонирхлын мэдүүлэг хөтлөөгүй” гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэх гомдлын тухайд:, 

6.1. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Энэ хуулийн 23.8-д заасан журамд заасны дагуу албан тушаалтан захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцохын өмнө тус бүр ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн мэдэгдэл гаргана” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь Үнэлгээний хорооны даргаар ажиллахдаа дээрх хуульд зааснаар ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх мэдэгдэлд гарын үсэг зурсан байх боловч энэ нь Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Засаг даргын Тамгын газрын 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 03/123 дугаар албан бичгээр “Н” ХХК-д гэрээ байгуулах санал хүргүүлж, улмаар захиалагчийг  төлөөлж “Жижиг, дунд үйлдвэрийн барилга өргөтгөх, хөдөө аж ахуйн машин тоног төхөөрөмж суурилуулах, хадгалах, агуулах барих ажил”-ын 2024/11 тоот гэрээ байгуулж, Ханхонгор сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн “Хөрөнгө оруулалтын ажил хүлээлцэх комисс томилох тухай” А/24 дүгээр тушаалаар “Жижиг, дунд үйлдвэрийн барилга өргөтгөх, хөдөө аж ахуйн машин тоног төхөөрөмж суурилуулах, хадгалах, агуулах барих ажил”-ын хүлээж авах комиссын бүрэлдэхүүн томилсон хуулиар өөрт олгогдоогүй эрхийг эдэлсэн зөрчлийг үгүйсгэхгүй.

6.2. Өөрөөр хэлбэл, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан ашиг сонирхлын зөрчилгүйг илэрхийлсэн мэдэгдэл нь “Жижиг, дунд үйлдвэрийн барилга өргөтгөх, хөдөө аж ахуйн машин тоног төхөөрөмж суурилуулах, хадгалах, агуулах барих ажил”-ын Үнэлгээний хорооны даргаар ажиллахдаа тухайн тендер шалгаруулалтад оролцогч талуудтай ашиг сонирхлын зөрчилгүй, хэрэв ашиг сонирхлын зөрчил бий болох нөхцөл үүссэн тохиолдолд шударгаар мэдэгдэх тухай баталгаа бөгөөд маргаан сумын Засаг даргын Б/28 дугаар захирамжаар нэхэмжлэгч М.Б-ы гаргасан дээр дурдсан зөрчлүүдэд хариуцлага тооцож түүнийг үүрэгт ажлаас чөлөөлсөн нь Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2, 48 дугаар зүйлийн 48.1.4-т заасантай нийцжээ.

7. Түүнчлэн Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын цэргийн штабын 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 210 дугаар албан бичгээр сумдын Засаг даргын Тамгын газрын дарга нарыг 2025 оны 08 дугаар сарын 16-наас 18-ны өдрүүдэд Даланзадгад суманд зохион байгуулагдах “Цэргийн бэлтгэл сургалт”-д оролцуулахаар мэдэгдсэн бөгөөд нэхэмжлэгч М.Б нь 09 дүгээр сарын 14-ний өдрөөс 09 дүгээр сарын 19-ний өдрүүдэд Даланзадгад суманд томилолтоор ажилласан томилолтын хуудас хэрэгт авагдсан байна.

7.1. Хэдийгээр маргаан бүхий акт болох Засаг даргын Б/28 дугаар захирамж нь 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр гарсан бөгөөд “Цэргийн бэлтгэл сургалт”-ын 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн хөтөлбөр 14 цагт дуусахаар төлөвлөгдсөн байх тул нэхэмжлэгч М.Б ыг томилолттой байх хугацаанд ажлаас чөлөөлсөнийг маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлгүй гэж үзэхгүй.

7.2. Өөрөөр хэлбэл, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж заасны дагуу Ханхонгор сумын Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 01/372 дугаар албан бичгээр сонсох ажиллагаа явуулах талаар мэдэгдсэн бөгөөд 09 дүгээр сарын 15-ны өдрийн сонсох ажиллагааны тэмдэглэлд М.Б гарын үсэг зурсан байгаагаас дүгнэхэд тэрээр ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах талаар мэдэж байсан төдийгүй хариуцагч сумын Засаг дарга “Цэргийн бэлтгэл сургалт”-ын сүүлийн өдөр ажлаас халах захирамж гаргасан нь нэхэмжлэгчийн гаргасан дээрх эрх хэмжээгээ хэтрүүлсэн үйлдлийг зөвтгөх, маргаан бүхий Б/28 дугаар тушаалыг бүхэлд нь хүчингүй болгох үндэслэл болохгүй.

8. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 52 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг үндэслэн нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

               ШҮҮГЧ                                                        Б.ТУНГАЛАГСАЙХАН

               ШҮҮГЧ                                                         Н.ДОЛГОРСҮРЭН

               ШҮҮГЧ                                                          О.ОЮУНГЭРЭЛ