| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2020/04908/и |
| Дугаар | 101/ШШ202004119 |
| Огноо | 2020-12-17 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 101/ШШ202004119
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Э.Э /-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ч.Э /-д холбогдох,
1 251 500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Я, хариуцагч Ч.Э шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Р.Энхзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
“Нэхэмжлэгч Э.Э би 2019 оны 08 сарын 26-ны өдөр Ч.Э гөөс ******* ******* улсын дугаартай, ******* тоот арлын дугаартай, Тоёота Кроун маркийн автомашиныг 4 200 000 төгрөгөөр худалдан авсан. Машинаа аваад 2 хоног унахад ямар ч асуудал байгаагүй. 3 дахь өдрийн өглөө машинаа асаахад масло үнэртэх болсон. Тэгээд автомашины засварын Старт центер, Авто жим, Мон бет, Гранд сервис гэх мэт газруудад үзүүлэхэд мотор нь ажиллагаагүй болсон байна, солихоос өөр аргагүй гэж хэлсэн. Тэгээд энэ талаар Ч.Э д хэлтэл хуруувч солиод болно гэж хэлсэн. Тэгээд дахин засварын газруудаар үзүүлэхэд мотор солихгүй л бол болохгүй, засрахгүй гэж хэлсэн. Тэгээд дахин Ч.Э д мотор солихгүй л бол болохгүй гэж байна, мотор нь 1 сая орчим төгрөг гэнэ, чи бидэнд моторыг нь авч өг гэж хэлсэн. Тэгсэн Ч.Э одоогоор надад мөнгө байхгүй байна. Би төлнө. Та энэ газраас моторыг нь авчих, арай хямдхан байдаг юм гээд мотор зардаг хүний утасны дугаар, хаягийг мессежээр явуулсан. Тэгээд 2019 оны 10 сарын 11-ний өдөр зааж өгсөн газраас нь 780 000 төгрөгөөр мотор аваад, тэр өдрөө Гранд сервис гэдэг засварын газарт моторыг нь солиулсан. Мотор солиход нийт 401 300 төгрөгийн зардал гарсан. Мөн эрэн сурвалжлахад төлсөн тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийн зардал гарсан. Ч.Э нь эвдэрхий мотортой машинаа надад хэлэлгүй зарж, 1 251 500 төгрөгийн хохирол учруулсан. Иймд Ч.Э өөс 1 251 500 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
“Иргэн Ч овогтой Э миний бие 2019 оны 08 сарын 26-ны өдөр иргэн Э.Э тай автомашин худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Toyota crown загварын, арлын дугаар *******, моторын доголдолгүй автомашинаа зарсан. Тухайн үед миний зарсан автомашинд ямар нэгэн гэмтэл байгаагүй бөгөөд Э.Э нь автомашиныг асааж, унаж үзээд мотор болон бусад гэмтэлгүйг шалгаад авсан. Иймд шүүхэд гаргасан нэхэмжлэхэд дурдсан асуудал нь үндэслэлгүй юм. Хэрэв автомашины мотор ямар нэгэн гэмтэлтэй байсан бол шалгах үед илрэх байсан. Өөрөөр хэлбэл эхний хоёр хоногт зүгээр байсан гэж өөрөө бичсэн байна. Тус хоёр хоногт Э.Э нь автомашиныг хэрхэн ашигласан, моторын гэмтэл учруулах хэмжээнд явсан эсэхийг би мэдэхгүй тул моторын гэмтлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Миний бие моторын эвдрэлгүй машин зарсан тул хүлээн зөвшөөрөхгүй, моторын төлбөр өгөхгүй гэдгийг удаа дараа хэлсэн бөгөөд, одоогоор мөнгөгүй байна, би төлнө гэсэн нь худлаа юм. Мөн автомашин худалдах, худалдан авах гэрээнд миний хаяг, утас тодорхой байгаа бөгөөд ямар учраас эрэн сурвалжлуулсан нь ойлгомжгүй байна. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Солонгод өөрийн биеэр очиж одоо амьдарч буй иргэний үнэмлэхэд бичигдсэн хаяг дээр амьдарч буйгаа нотолсон болно. Худалдан авагч Э.Э ын нэхэмжилсэн 1 251 500 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна” гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан болон хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.Э нь хариуцагч Ч.Э д холбогдуулан автомашины моторын үнэ 780 000 төгрөг, засварын зардал 401 300 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжлуулахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөг, нийт 1 251 500 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.
Хариуцагч нь өөрийн автомашиныг худалдах зарыг үнэгүй.мн сайт дээр байршуулсны дагуу нэхэмжлэгч Э.Э эхнэр, хүүхдийн хамт ирж унаж үзээд гэрээ байгуулан худалдаж авсан, нэхэмжлэгч хуучин автомашиныг байгаа байдлаар нь үнэ тохиролцож худалдан авсан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Э.Э нь үнэгүй.мн цахим мэдээллийн сайтад тавьсан зарын дагуу хариуцагч Ч.Э тэй уулзаж, 2019 оны 08 сарын 26-ны өдөр автомашин худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулан 2003 онд үйлдвэрлэгдсэн, 2009 оны 05 сарын 12-ны өдөр Япон улсаас Монгол улсад импортлогдсон Toyota Crown маркийн ******* ******* улсын дугаартай суудлын зориулалттай автомашиныг 4 200 000 төгрөгөөр худалдан авсан болох нь тогтоогдож байна. /хх-2/ Гэрээ байгуулсан асуудлаар зохигчид маргаагүй.
Хариуцагч Ч.Э нь өөрийн автомашиныг бусдад худалдан борлуулах зорилгоор гэрээний гол зүйл буюу тухайн автомашины талаар дурьдаж, худалдан авах санал гаргасан этгээдтэй үнийг харилцан тохиролцсон тохиолдолд түүнд худалдахаар цахим мэдээллийн сайтаар нийтэд саналын дуудлага гаргасан байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь ******* ******* улсын дугаартай автомашиныг шууд нэхэмжлэгч Э.Э ад худалдах саналыг гаргаагүй ба харин тодорхой бус этгээдүүдэд хандан гагцхүү үнэ болон бусад зүйлийн талаар тохиролцсон тохиолдолд түүнтэй гэрээ байгуулах хүсэл зоригийг илэрхийлсэн бөгөөд үүнийг хүлээн авч, зөвшөөрсөн этгээдийн хариу саналыг сонсохоор нийтэд ханджээ.
Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзвэл дээр дурьдснаар хариуцагчийн энэхүү тодорхой бус этгээдэд хандсан саналын дуудлагыг нэхэмжлэгч тал хүлээн авч, улмаар автомашиныг худалдан авах саналыг гаргаж, талууд үнэ болон бусад нөхцлийг харилцан тохирч, 2019 оны 08 сарын 26-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан. Тодруулбал, худалдагч буюу хариуцагч нь гэрээний зүйлийг аливаа эрхийн болон биет байдлын доголдолгүйгээр худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээх бол худалдан авагч болох нэхэмжлэгч тал үнийг тохирсон хугацаанд бүрэн төлсөн тохиолдолд тэдгээрийг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж үзнэ.
Зохигчид шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа автомашины үнэ 4 200 000 төгрөгийг өгсөн, авсан үйл баримтын талаар маргаагүй бөгөөд гагцхүү гэрээний зүйл доголдолтой байсан эсэх талаар маргаж байна.
Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1.-д “Гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ” гэж, мөн 254 дүгээр зүйлийн 254.1.-д “Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй” гэж зааснаас гадна 254.6.-д “Худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1.-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй” гэж заасан.
Зохигчдын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээнд тухайн автомашины тоо хэмжээ, чанарын талаар тусгайлан тохиролцоогүй байгаагаас гадна гэрээний зүйлийн ашиглалттай холбоотойгоор ямар нэгэн баталгаат хугацаа тогтоогоогүй байна. Мөн автомашиныг шилжүүлэхдээ биет байдлын талаар баримт үйлдээгүй, эд хөрөнгийн доголдлын асуудлаар шаардлага гаргах баталгаат хугацаа тогтоогоогүй байна.
Хэдийгээр зохигчид уг худалдах, худалдан авах гэрээнд автомашины тоо хэмжээ, чанарын талаар тохиролцоогүй боловч худалдагч буюу хариуцагч Ч.Э нь Иргэний хуулийн 214 дүгээр зүйлийн 214.1.-д “Үүргийн гүйцэтгэлийн чанарын талаар гэрээнд тодорхой заагаагүй бол үүрэг гүйцэтгэгч нь ердийн шаардлагад нийцүүлэн үүргээ гүйцэтгэж, дундаас доошгүй чанарын эд хөрөнгө шилжүүлэх үүрэгтэй” гэж заасны дагуу зориулалтын дагуу ашиглах боломжтой автомашиныг худалдах үүрэгтэй.
Нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт дурьдснаар тэрээр хариуцагчийн автомашины шинж чанар, Монгол Улсад импортолсон болон ашиглагдаж байсан нөхцөл байдлыг тус тус үндэслэн нийт 4 200 000 төгрөгөөр худалдан авсан ба гэрээний 1 дүгээр зүйлд заасан, талуудын автомашиныг худалдах, худалдан авах үеийн тохиролцоо зэргээс тус тус үзвэл нэхэмжлэгч нь маргааны зүйл болох ******* ******* улсын дугаартай автомашиныг байгаа байдлаар нь худалдаж авчээ.
Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1, 256.4.-т тус тус зааснаар худалдан авагч нь худалдан авсан тухайн автомашиныг доголдолтой гэдгийг илрүүлсэн тохиолдолд худалдах, худалдан авах гэрээг цуцлах талаар нөгөө талдаа гомдлын шаардлага гаргах эрхтэй бөгөөд эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан гэрээг цуцалсан тохиолдолд талууд өгсөн, авсан зүйлээ харилцан буцаах буюу гэрээнээс татгалзах үр дагавар үүсч болно.
Нэхэмжлэгч Э.Э нь худалдан авсан автомашины мотор ажиллагаагүй байсан гэж тайлбарлаж байх боловч автомашиныг хариуцагч Ч.Э д буцаан өгч, төлбөрт төлсөн мөнгийг буцаан гаргуулахаар шаардаагүй байх бөгөөд автомашиныг ашиглаж байгаа талаар маргаагүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй. Тодруулбал, тухайн хэрэг маргааны талууд нотлох үүргийн хуваарилалтын хувьд өөрт ашигтай тайлбар, татгалзлаа баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон автомашиныг доголдолтой байсан гэдгийг тодорхой баримтаар нотлоогүй, гэрээний зүйл болох ******* ******* улсын дугаартай автомашиныг ердийн зориулалтын дагуу ашиглаж болохгүй тийм хэмжээний доголдолтой байсан гэх тайлбараа нотлохгүй байна.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримт, талуудын тайлбараар нэхэмжлэгч тал автомашины шинж чанар, одоогийн байгаа байдлыг харгалзан байгаа байдлаар нь худалдан авсан тохиолдолд гэрээний зүйлийг тэрхүү байдлаар тодорхойлж, тохирсон гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч тал тус автомашиныг 2003 онд үйлдвэрлэсэн, Монгол Улсад 2009 оны 05 сард импортолж, эзэмшиж, ашиглаж байсан талаар мэдэж байсан бөгөөд Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2.-т заасны дагуу гэрээний зүйлийг ийнхүү байгаа байдлаар хүлээн авсанд тооцох бөгөөд хожим таамаглаагүй доголдол илэрсэн бол үүнийг нотлох ёстой.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан мотор худалдан авсан болон солиулж холбогдох засвар үйлчилгээ хийлгэсэн гэх Grand service засварын газрын 2019 оны 10 сарын 11-ний өдрийн зарлагын баримтыг ирүүлсэн бөгөөд уг баримтад тухайн автомашиныг цаашид зориулалтын дагуу ашиглах боломжгүй гэж оношлоогүй, харин автомашины мотор, түүнтэй холбоотой эд анги солих, цэвэрлэх ажлын хөлсний талаар бичсэн байна.
Нэхэмжлэгч Э.Э нь автомашиныг асаахад масло үнэртэх болсон тул засварын газруудад үзүүлэхэд мотор нь ажиллагаагүй болсон байна, солихоос өөр аргагүй гэж оношилсон, холбогдох төлбөрийг төлсөн гэх тайлбараа баримтаар нотлоогүй, нэхэмжлэгчийн тайлбар нь нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул зөвхөн нэхэмжлэгчийн доголдолтой байсан гэх тайлбарыг үндэслэн хариуцагч буюу худалдагч Ч.Э г эд хөрөнгийг доголдолтой байдлаар худалдаагүй гэдгээ нотлох ёстой хэмээн буруутгах боломжгүй юм.
Нэхэмжлэгч нь хариуцагчийн хаяг тодорхойгүй байсны улмаас шүүхэд хандан хариуцагчийг эрэн сурвалжлуулахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн.
Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т “Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй олох байсан орлогыг хохиролд тооцно” гэж тодорхойлсон.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 09 сарын 01-ний өдрийн “Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийн 35 100 төгрөгийг улсын орлогоос гаргуулан нэхэмжлэгч Э.Э ад олгохоор шийдвэрлэсэн байх тул хариуцагчийг эрэн сурвалжлуулахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг хохиролд тооцон хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй. /хх-14-15/
Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч Ч.Э д холбогдох автомашины моторын үнэ 780 000 төгрөг, засварын зардал 401 300 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжлуулахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөг, нийт 1 251 500 төгрөгийг гаргуулах нэхэмжлэгч Э.Э ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1, 227 дугаар зүйлийн 227.3-т заасныг баримтлан хариуцагч Ч.Э д холбогдох автомашины моторын үнэ 780 000 төгрөг, засварын зардал 401 300 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжлуулахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөг, нийт 1 251 500 төгрөгийг гаргуулах нэхэмжлэгч Э.Э ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34 586 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдаж, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР