| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2024/0007/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/10 |
| Огноо | 2024-02-20 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Н.Амаржаргал |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 2024/ШЦТ/10
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж, шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ
Улсын яллагч Н.Амаржаргал
Шүүгдэгч Б.Энхболдын өмгөөлөгч Б.Болортунгалаг
Шүүгдэгч Б.Энхболд нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б-ын Энхболдод холбогдох эрүүгийн 2340000000062 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1967 оны .... дугаар сарын ...-ны өдөр ... аймгийн ... суманд төрсөн, 56 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл .., ... хамт Хэнтий аймгийн .... сумын ... багт оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Б овогт Б-ын Энхболд /РД:..../
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Энхболд нь 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Хэнтий аймгийн Галшар сумын ... баг, ... тоотод оршин суух Т.Мишаагийн байшингийн цонхыг нь хагалан орж, гэрээс нь Маделейн вино 1 ширхэг, Кинг роберт виски 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт: “Би орсон, авснаа санахгүй байгаа. Би урд өдөр нь архи уусан байсан. Өмнөх өдөр нь хохирогч надаар мал хийлгээд 5000 төгрөг өгсөн. Гэртээ оруулаад нэг архи задалж өгсөн. Би архи уусандаа нэвтэрч орсон гэж бодож байна. Би орсноо сайн ойлгохгүй байгаа. Миний мөр байсан. Сумын төлөөлөгчид үнэн юм байна гэж мэдүүлгээ өгөөд хүлээн зөвшөөрсөн” гэв.
2340000000062 дугаартай эрүүгийн хэргээс
1.Хохирогч Т.Мишаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Эхнэр бид хоёр 2023 оны 10 дугаар сард хөдөө мал дээрээ малчнаа үлдээгээд сумын төвийн гэртээ байж байгаад 10 дугаар сарын 22-ны өдөр хувийн ажлаар Хэнтий аймгийн төв рүү явсан тухайн үед байшингаа түгжээд орхисон юм. Эхнэр бид хоёр Хэнтий аймгийн төвд очоод ажлаа амжуулаад 2023 оны 10 дугаар сарын 23-ны орой 22 цагийн орчимд сумын төвд гэртээ ирсэн тэгтэл байшингийн маань унтлагын өрөөний хойд талын вакум цонхыг хагалан хулгай орж байшингийн том өрөөнд баруун хананд байдаг шилэн хаалгатай шүүгээнд дээрээсээ хоёр дахь тавиур дээр байсан "MANDELEINE" вино мөн "KING ROBERT" нэртэй виски байсан алга болсон байсан тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан юм. ... Би алдсан зүйлээ зах зээлийн хашгаар үнэлнэ. Хулгайч нь олдвол цонхны хөшиг болон орны бүтээлэг цус болсон байсан учраас төлүүлмээр байна. Өмнө нь манай байшинд хулгай орж байгаагүй хааяа эзгүй орхиод явдаг эргээд ирэхэд зүгээр л байдаг байсан. Надад гомдолтой байна. Уг асуудлыг хуулийн дагуу шийдэж өгнө үү" гэх мэдүүлэг (хх-ийн 18-19 дугаар хуудас)
2.Гэрч Б.Оюунтуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "Би 2023 оны 10 дугаар сарын 23-ны өглөө 09 цагийн үед ээжийнх рүүгээ гэрийг нь дулаалж өгөхөөр явсан юм. Тухайн үед гэрт нөхөр маань ганцаараа үлдсэн хүүхдүүд маань байгаагүй юм. Тэгээд би өдөр 13 цагийн орчимд гэртээ ирсэн чинь нөхөр маань ганцаараа согтуу хэвтэж байсан. ...Мишаа гуай тэр орой 22 цагийн орчимд манайхаар орж ирээд манайд хулгай орчихсон байна гээд явж байсан. ... Намайг өглөө 09 цагт гэрээсээ гарахад гэртээ ганцаараа хэвтээд үлдсэн тэгээд 13 цагийн үед эргээд эрэхэд гэртээ ганцаараа согтуу хэвтэж байсан. Манай нөхөр Энхболд нь одоогоос хоёр жилийн өмнө архи уудаггүй байсан одоо архины хамааралтай болоод удаж байна хэлээд нэмэргүй болоод байна өдөр болгон архи уудаг болсон. Зан байдлын хувьд төлөв даруу үг дуу цөөнтэй хүн байгаа юм." гэх мэдүүлэг (хх-ийн 27-28 дугаар хуудас)
3.Гэрч Б.Оонондамдингийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "Тус сумын 1 дүгээр багийн малчин Мишаа гэдэг хүн ирж манай гэрт хулгай орсон байна гэж дуудлага өгсний дагуу Мишаагийн гэрт очиж үзсэн юм тэр үед Мишаагийн байшингийн хойд талын цонх хагарсан мөн дотор талын хөшиг болон орны бүтээлэг цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байсан. Тэгээд би тэр орой доо гадуур эргүүл шалгалт хийхэд ямар нэгэн сэжигтэй зүйл илрээгүй тэгээд би маргааш нь буюу 2023 оны 10 дугаар 24-ний өглөө гадуур гарч архины хамааралтай иргэдтэй уулзаж гэрээр нь ороход Энхболд гэх иргэн баруун гар нь цус болсон мөн дух нь шалбарсан байдалтай хэвтэж байсан тэгээд би энэ асуудлын талаар хэсгийн төлөөлөгчид танилцуулсан юм." гэх мэдүүлэг (хх-ийн 27-28 дугаар хуудас)
4.Гэрч Г.Оюуны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...Нөхөр бид хоёр 2023 оны 10 дугаар сарын 22-ны өглөө 07 цагийн үед Энхболд гэх хүнээр 1 ямаа ажиллуулаад хувийн ажлаар Хэнтий аймгийн төв явсан тухайн үед гэрт маань хүн үлдээгүй манайх байшинд амьдардаг байшингийнхаа хаалгыг цоожлоод хашааныхаа хойд урд талын хаалгыг ч мөн түгжиж орхиод явсан юм тэгээд нөхөр бид хоёр аймгийн төв ороод ажлаа амжуулаад маргааш нь буюу 2023 оны 10 дугаар сарын 23-ны орой 22 цагийн орчимд гэртээ ирэхэд байшингийн маань хойд талын унтлагын өрөөний вакум цонхыг хагалаад гэрт маань хулгай орсон байсан. Гэрээс маань нэг шил виски, нэг шил вино зэрэг эд зүйл алга болсон байсан. Цонхны маань хөшиг цус болсон мөн орны бүтээлэг цус болсон байсан. Тэгээд манай нөхөр Мишаа нь цагдаагийн байгууллагад мэдэгдээд баруун айл болох Энхболдын гэрээр сураг чимээ сонсохоор ороход Энхболд нь гэртээ зүүн орон дээрээ цаашаа хараад согтуу унтаж байна сэрээх гэсэн боловч сэрэхгүй байна гэж орж ирсэн." гэх мэдүүлэг (хх-ийн 35-36 дугаар хуудас)
5.Шүүгдэгч Б.Энхболдын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн "...Би энэ гэмт хэргийг үйлдсэн. Би өмнө нь хэсгийн мөрдөгч С.Отгонбаярт санаж, мэдэж байгаа зүйлийнхээ талаар мэдүүлэг өгсөн." гэх мэдүүлэг (хх-ийн 54 дугаар хуудас)
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 4-8 дугаар хуудас), эд мөрийн баримтыг хураан авсан тэмдэглэл (хх-ийн 11-13 дугаар хуудас) хөрөнгийн үнэлгээний "Бодит үнэлгээ" ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 2023/ШД-261 дугаартай үнэлгээний тайлан, /шинжээчийн дүгнэлт/ (хх-ийн 41-43 дугаар хуудас) шүүгдэгч Б.Энхболдын ял шийтгэл хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 72 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Мөрдөгч нь дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Б.Энхболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар дүгнэлт гаргасныг шүүгдэгч Б.Энхболд болон түүний өмгөөлөгч Б.Болортунгалаг нар хүлээн зөвшөөрч маргаагүй болно.
Шүүгдэгч Б.Энхболд нь 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Хэнтий аймгийн Галшар сумын 6 дугаар баг, Булгийн 6-7 тоотод оршин суух Т.Мишаагийн байшингийн цонхыг нь хагалан орж, гэрээс Маделейн гэх шошготой вино 1 ширхэг, Кинг роберт гэх шошготой виски 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн байна гэж дүгнэлээ.
Энэхүү үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Хохирогч Т.Мишаагийн “...Эхнэр бид хоёр Хэнтий аймгийн төвд очоод ажлаа амжуулаад 2023 оны 10 дугаар сарын 23-ны орой 22 цагийн орчимд сумын төвд гэртээ ирсэн тэгтэл байшингийн маань унтлагын өрөөний хойд талын вакум цонхыг хагалан хулгай орж байшингийн том өрөөнд баруун хананд байдаг шилэн хаалгатай шүүгээнд дээрээсээ хоёр дахь тавиур дээр байсан "MANDELEINE" вино мөн "KING ROBERT" нэртэй виски байсан алга болсон байсан тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан юм...” гэх мэдүүлэг
Гэрч Б.Оонондамдингийн "2023 оны 10 дугаар 24-ны өглөө гадуур гарч архины хамааралтай иргэдтэй уулзаж гэрээр нь ороход Энхболд гэх иргэн баруун гар нь цус болсон мөн дух нь шалбарсан байдалтай хэвтэж байсан тэгээд би энэ асуудлын талаар хэсгийн төлөөлөгчид танилцуулсан юм" гэх мэдүүлэг,
Гэрч Г.Оюуны "Нөхөр бид хоёр 2023 оны 10 дугаар сарын 22-ны өглөө 07 цагийн үед Энхболд гэх хүнээр 1 ямаа ажиллуулаад хувийн ажлаар Хэнтий аймгийн төв явсан ...маргааш нь буюу 2023 оны 10 дугаар сарын 23-ны орой 22 цагийн орчимд гэртээ ирэхэд байшингийн маань хойд талын унтлагын өрөөний вакум цонхыг хагалаад гэрт маань хулгай орсон байсан гэрээс маань нэг шил виски, нэг шил вино зэрэг эд зүйл алга болсон байсан. Цонхны маань хөшиг цус болсон мөн орны бүтээлэг цус болсон байсан. Тэгээд манай нөхөр Мишаа нь цагдаагийн байгууллагад мэдэгдээд баруун айл болох Энхболдын гэрээр сураг чимээ сонсохоор ороход Энхболд нь гэртээ зүүн орон дээрээ цаашаа хараад согтуу унтаж байна сэрээх гэсэн боловч сэрэхгүй байна гэж орж ирсэн." гэх мэдүүлэг,
Эд мөрийн баримтаар хураан авсан Маделейн, Кинг роберт гэх шошготой тус бүр нэг ширхэг шил, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчийн эзэмшилд байгааг мэдсээр байж өмчлөгч, эзэмшигчид мэдэгдэлгүйгээр авч бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулж /хүндрүүлэх нөхцөл байдалтайгаас бусад тохиолдолд/, эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.
Харин хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн бол эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх шинжтэй байхаар хуульчилсан бөгөөд “хүн байнга амьдрах орон байр” гэдэгт хүн байнга, түр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц, зочид буудал, амралт сувиллын газар, зуслангийн байр зэргийг хамааруулан ойлгохоор заасан бол “хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн” гэдэгт гэмт этгээд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрлөөр нэвтрэхээс бусад тохиолдолд түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах, буюу ашиглахгүйгээр цонх, хаалга, түгжээг эвдлэх, цуургыг сугалах, онгорхой байхад сэм орох, нуугдах зэрэг аргаар нэвтрэн орсныг ойлгох юм.
Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Б.Энхболд нь тухайн орон байранд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрөлгүй буюу цонхыг нь хагалж нэвтэрсэн талаарх нотлох баримт хангалттай авагджээ.
Шүүгдэгч Б.Энхболд нь бусдын өмчлөлд байгаа Маделейн вино 1 ширхэг, Кинг роберт виски 1 ширхгийг хувьдаа шунахайн сэдэлт, зорилгоор өөрийн эзэмшилд авч, захиран зарцуулах эрхийг бий болгосон бөгөөд дээрх гэмт хэргийг үйлдэхдээ өөрсдийн үйлдлийн үйлдлийг хууль бус болохыг мэдсээр байж, ухамсарлаж, хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзнэ.
Иймд дээр дурдсан үндэслэлээр шүүгдэгчийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирогч Т.Мишаа “...Нийт 534,000 төгрөг авсан болно. Хохирол хангалттай төлөгдсөн тул эхнэр бид хоёр гомдолгүй” гэх тайлбарыг шүүхэд гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Дээрх гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгчийн хууль, эрх зүйн мэдлэг хомс байдал, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлжээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Б.Энхболдод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дахь заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Болортунгалаг “шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо бүрэн барагдуулсан, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.
Шүүгдэгч Б.Энхболдод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүгдэгч Б.Энхболд нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцогдох бол эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ буюу бусдад бага хэмжээний хохирол учруулж уг хохирлоо барагдуулсан, шүүгдэгчийн хувийн байдал буюу анх удаа гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх яллах, өмгөөлөх талын дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгч Б.Энхболдод Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх эдлүүлэхээр шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Маделейн, Кинг роберт” гэх шошготой 2 ширхэг шилийг шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Тамгын газрын “Эд мөрийн баримт шийдвэрлэх комисс”-т даалгах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсгүүд, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Б-ын Энхболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Энхболдыг 1 (нэг) жил 1 (нэг) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Энхболдод оногдуулсан 1 жил, 1 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Энхболдын цагдан хоригдсон 5 (тав) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Маделейн, Кинг роберт” гэх шошготой 2 ширхэг шилийг шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Тамгын газрын “Эд мөрийн баримт шийдвэрлэх комисс”-т даалгасугай.
6. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл Б.Энхболдод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.БАТБАЯР